Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/624

 

 

   

 

 

 

    2024           5             29                                        2024/ДШМ/624           

 

 

А.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор П.Итгэл,

           яллагдагч А.З, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/730 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлээр А.Зд холбогдох эрүүгийн 2303004300027  дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн А.З, 1996 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ландбридж ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

Яллагдагч А.З нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын ордны баруун талын замд 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг 45 минутын орчим “Subaru Forester” маркийн 38-03 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч Т.Аийг мөргөж эрүүл мэндэд нь баруун сүүжний дэлбээ, умдаг ясны салааны сэлтэрсэн хугарал, баруун, зүүн алга, нуруунд зулгаралт баруун тохойнд цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 777 дугаар мөрдөгчийн магадалгаанд “Хохирогч Т.Аь нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Жолооч А.З нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэжээ.

Харин цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр мөрдөгчийн магадалгаанд “Жолооч А.З нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна” гэжээ. Гэтэл прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллах нотлох баримтын жагсаалт хэсэгт “2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр мөрдөгчийн магадалгаа”-г дурдсан байгаа нь нэг асуудлын талаар хоёр өөр агуулгаар гарсан хоёр мөрдөгчийн магадалгааны алийг нь хэрхэн үнэн, зөв гэж үнэлсэн, 777 дугаар магадалгааг ямар үндэслэлээр үндэслэлгүй гэж үзсэн, мөрдөгчийн магадалгааг магадлах тусгай мэдлэг хяналтын прокурорт байгаа эсэх нь баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Иймд аль магадалгаа үнэн зөв болохыг тогтоолгох шаардлагатай.

2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2715 дугаар дүгнэлтэд “3803 УНХ улсын дугаартай суудлын автомашинаас үүссэн тоормосны мөрөөр тооцооллын арга ашиглан хурд тогтооход 53,35 км/цаг болохыг тогтоосон байна. Харин 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3758 дугаар дүгнэлтэд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд тооцоогоор 53,35 км/цаг гарсан нь суурины доторх хөдөлгөөний зөвшөөрөгдөх дээд хурд болох 60 км/цаг-аас хэтрээгүй боловч хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс жолооч аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явах ёстой. Тухайн нөхцөлд тээврийн хэрэгслийн хурд тохиромжгүй байна. Жолооч аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явах ёстой үүргээ биелүүлээгүй байх үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийн “тээврийн хэрэгслийн хурд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй боловч жолооч аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явах ёстой, тухайн нөхцөлд хурд тохиромжгүй” гэсэн хэсэг нь ойлгомжгүй, “тухайн нөхцөлд” гэсэн тодорхойлолтод ямар нөхцөл хамаарах, хэрэв хурд зөвшөөрөгдсөн хэмжээндээ байсан үед тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч эсрэг урсгалаас харагдахгүй гэнэт гарч ирвэл жолооч тэрхүү аюул саадыг өнгөрөхийн /зогсохын/ тулд ямар хурдтай явахыг тодорхойлох боломж бүрдэх эргэлзээ төрлөө. Өөрөөр хэлбэл дүгнэлтийн дээрх хэсэг хоёрдмол салаа утгыг илэрхийлсэн, ослын гол шалтгаан нөхцөлийг эргэлзээгүй, нэг мөр тогтоогоогүй, явган зорчигчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудалд дүгнэлт өгөөгүй нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэх үндэслэлд хамаарч байна. “Хурд хэтрүүлээгүй”, “тохиромжтой хурдыг сонгож явах”, “явган зорчигч явган хүний гарц, гармаар зам хөндлөн гарна” гэсэн хэм хэмжээний ойлголтуудын өрсөлдөх чадвар, аль хэм хэмжээ нь ослын шалтгаан нөхцөл, хэн нэгний бурууг нотлоход нэгнээ үгүйсгэж эсхүл батлах хэмжүүр болох эсэхийг үндэслэл бүхий мөрдөгчийн магадалгаа болон дахин шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай.

            Яллагдагч А.Згийн өмгөөлөгч А.Даваахүү 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр прокурор П.Итгэлд хандан “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг /хх-166/ ерөнхий прокурор Б.Одгэрэл 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор /хх 169/ хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Улмаар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газарт гомдол /хх 175/ гаргахад 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 4/263 дугаар прокурорын тогтоолоор /хх 178/ гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Гэтэл өмгөөлөгчөөс Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байсан цаг хугацаанд буюу 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 40 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан байна.

Иймд яллагдагч А.Зд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг бүрэн хянаагүй, дээрх ажиллагаанууд нь шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хяналт тавьж буй прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзсэн учир шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэрэг бүртгэлтэд буцааж Инженер-техникийн шинжилгээний газарт “Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох” шинжилгээ хийлгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно.” гэж заасан байдаг тул дүгнэлт гаргуулахдаа тухайн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалт зөрчсөн талаар шинжээчид асуулт тавих боломжгүй юм. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хуульд заасан хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Иймд жолооч Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалт зөрчсөн болохыг тодорхойлох шаардлага үүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалт зөрчсөн болохыг ахлах дэслэгч Г.Баяраа нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр магадалгаа гаргаж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр магадалгаа үндэслэлтэй гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шинжээчийн дүгнэлтээр жолооч уулзвар дээрээс баруун гар тийш эргээд осол болсон газар хүртэл 53.35 км/цаг хүртэл хурдалж байгаа үйлдэл нь жолооч тухайн нөхцөлд хурдаа тохируулж яваагүй гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр зам хөндлөн гарахаар тээврийн хэрэгсэл ирж байгаа эсэхийг шалгахад ямар нэг тээврийн хэрэгсэл харагдаагүй талаар мэдүүлсэн байдаг. Тухайн үед өөрөөс нь 77.7 метрийн зайтай уулзвар дээр байсан тээврийн хэрэгслийг гэнэт огцом хаазалж маш богино хугацаанд түүнийг ирж мөргөнө гэж явган зорчигч тооцоолох боломжгүй юм. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь 2 дугаар эгнээгээр явж байгаад явган зорчигч 2 дугаар эгнээг өнгөрч 1 дүгээр эгнээнд явж байхад 1 дүгээр эгнээ рүү орж мөргөсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь тухайн үед жолооч маш богино хугацаанд гэнэт огцом хурд авснаас зөв шийдвэр гаргаж чадалгүй явган зорчигчийг харж тоормос гишгэсэн боловч түүний явж байсан чиглэл рүү автомашинаа эргүүлж мөргөсөн нь түүнийг хурдаа тохируулж яваагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй юм.

Өмгөөлөгч Х.Даваахүү “яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, А.Зг гэмт буруугүйд тооцож өгнө үү” гэсэн гомдлыг Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гомдлыг хянан шийдвэрлэх албан тушаалтан шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрийн биелэлтийг гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд түр түдгэлзүүлж болно.” гэж заасан байдаг. Энэ нь тухайн шийдвэрийг заавал түдгэлзүүлэх утга агуулаагүй бөгөөд дээд шатны прокурор ийм шийдвэр гаргаагүй учир хяналтын прокурор хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад яллах дүгнэлт үйлдсэн прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнээд гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдол нь яллагдагчийг гэм буруугүйд тооцуулах агуулгатай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан байх тул яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр гомдлыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь яллагдагчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч А.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч А.Згийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч Мандах магадалгаандаа “жолооч буруугүй байна. Явган зорчигч явган хүний гарц гарамтай газраар гараагүй байна. Ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэсэн байдаг. Үүний дараагаар техникийн шинжээчийн дүгнэлт гарсан. Хурдыг 53.35 км/цаг байсан гээд тогтоосон. Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасан 60 км/цаг-с хэтрүүлэхгүй гэх заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй гэж тогтоосон. Гэтэл прокуророос Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэдэг. Тухайн үед ямар нэгэн үзэгдэх орчин хязгаарлагдсан биш өдрийн 11 цаг болж байсан. Өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслүүд түгжрэлтэй, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл байсан учраас хурдаа аваад явсан. Явган зорчигч үзэгдэл хязгаарлагдсан байхад машины дундуур зам хөндлөн гарч байсан тул зогсоох арга хэмжээ авсан. Зогсоох арга хэмжээ авсан нь тоормосны мөрөөр харагддаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзэх юм бол шинжээч томилж болно гэсэн хуулийн зохицуулалттай. Шинжээч дахин томилж болно гэсэн болохоос биш дахин мөрдөгчийн магадалгаа гаргуулна гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй. Гэтэл Баяраа гэх мөрдөгч Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гээд дурдсан. Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн газрын үзлэгээс харахад тогтоогдоогүй. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйлд “ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ” гэж заасан байгаа. 48 метрийн цаана явган хүний гарц байсан. Мөрдөгч Мандахын гаргасан магадалгаа үндэслэлтэй. Дахин мөрдөгчийн магадалгаа гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Замын хөдөлгөөний дүрэм дээр явган зорчигчийг мөргөсөн А цэг дээр явган зорчигч тээврийн хэрэгсэл хоёр яг зэрэг нэвтэрнэ гэсэн ойлголт байхгүй. Явган зорчигч тээврийн хэрэгсэл хоёр мөргөлдсөн тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хэн нь давуу эрхтэй юм бэ, хэн нь зам тавьж өгөх юм бэ гэдэг ойлголт заавал байдаг. Тухайн нөхцөлд давуу эрхтэй нь тээврийн хэрэгсэл байсан. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Мөн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гээд явж байхад хэргийг прокурор руу шилжүүлсэн. Ингээд прокуророос надад 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэх хуудас өгсөн. Энэ үед хэрэг шүүх рүү шилжсэн байсан. Иймд эрхийг хязгаарласан гэдэг асуудлыг би тавьсан. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Зд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаад;

Анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаас тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад  Э.Мандахын 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 777 дугаар /хх 66/, мөн Г.Баяраагийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр /хх 119/ гэсэн хоёр мөрдөгчийн магадалгаа гарсан байх бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр мөрдөгчийн магадалгааг дурдсан байгаа нь нэг үйл баримтын талаар өөр өөр агуулгаар гарсан хоёр мөрдөгчийн магадалгааг алийг нь үнэн зөв гэж дүгнэж, ямар үндэслэлээр нөгөөг нь үндэслэлгүй гэж үзсэн нь тодорхойгүй байх тул аль магадалгааг үнэн зөв болохыг тогтоох шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг хэвээр үлдээв.

Мөн шүүгчийн захирамжийн 2 дахь үндэслэл болох Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2715 дугаар /хх 58/, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3758 дугаар /хх 111/ шинжээчийн дүгнэлтүүд гарсан байх бөгөөд дүгнэлтэд “тээврийн хэрэгслийн хурд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй боловч аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явах ёстой, тухайн нөхцөлд хурд тохиромжгүй” гэсэн ойлгомжгүй, хоёрдмол салаа утгыг илэрхийлсэн нь ослын шалтгааны нөхцөлийг эргэлзээгүй, нэг мөр тогтоогоогүй, явган зорчигчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудалд дүгнэлт өгөөгүй нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх бөгөөд тухайн үйл баримтыг нэг мөр тогтоохын тулд мөрдөгчийн магадалгаа болон дахин шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай гэж үзсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгчийн захирамжийн 3 дахь үндэслэл болох оролцогчийн хууль заасан эрхийг хязгаарласан гэх агуулгаар бичсэн хэсгийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь өмгөөлөгч Х.Даваахүү 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр прокурор П.Итгэлд хандан “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг /хх 166/ гаргажээ.

Тухайн гомдлыг тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэл хянаад  2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар прокурорын тогтоолоор /хх 169/ өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгч Х.Даваахүү нь тус тогтоолыг эс зөвшөөрч 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасныг 2024 оны 3 дугаар сарын 12-ны 4/263 дугаар прокурорын тогтоолоор өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн зэргээс үзэхэд өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийн 1, 2 дахь үндэслэлүүдэд заасан ажиллагаануудыг мөрдөн шалгах шалгах ажиллагааны шатанд нөхөн гүйцэтгэх шалгах шаардлагатай байх тул дээрх ажиллагааг хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр прокурор П.Итгэлийн бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/730 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/730 дугаар захирамжийг хэвээр үлдээж, П.Итгэлийн бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Яллагдагч А.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ

 

               ШҮҮГЧ                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

               ШҮҮГЧ                                            Н.БАТСАЙХАН