| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0057/З |
| Дугаар | 110/ШШ2025/0074 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 110/ШШ2025/0074
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Е
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж нарын хоорондын хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох асуудалтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Х.Ед өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Х.Ед 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан.
2. Нэхэмжлэгч нь “анх 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор баримт бичгүүдээ хүлээлгэн өгсөн боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан” гэж нэхэмжлэлийн агуулгад тайлбарласан байх ба маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлөөс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар тогтоолоор тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэр гаргаснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай шаардлагыг аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд өргөдөл гаргасан өдрөөс буюу 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, багасгасан.
4. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
“Х.Ед өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, Х.Ед 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай шаардлага дэмжиж байна. Нэхэмжлэгч Х.Е 54 настай, улсад 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд буюу цэнэглэгч болон технологийн машины жолоочоор шатахуун түгээгчээр 10-иас доошгүй жил ажилласан. Ажил олгогч 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Х.Еыг ажлаас чөлөөлсөн. Тус газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан тул шүүхэд хандаж байгаа. Хуульд хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан тохиолдолд 50 насанд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжтой байна. Тухайн шаардлагыг хангаж байгаа, мөн 20-иос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаж байгаа. Энэ талаар холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 тоот жагсаалт журам батлах тухай тушаал байна. Энэхүү тушаалын хавсралтын 2.19 дэх хэсэгт “цэнэглэгч машины жолооч” гэдэг тушаалаар ажилд ороод, цэнэглэгч машины жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Энэ ажлыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулсан байна. Цэнэглэгч машины жолоочоор 10-иос доошгүй ажилласан учраас Х.Е өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоолгох эрх нь үүссэн гэж ойлгож байна. Анх Нийгмийн даатгалын газарт биелэн очиж хандахад боломжгүй гэсэн хариу өгч байсан байна. Бид 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах шаардлагыг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай гэж шаардлагыг өөрчилж, багасгаж байна
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.А хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
“Нэхэмжлэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт анх бичгийн хэлбэрээр өргөдөл гаргаагүй. Харин Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “НИК” ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн газарт цэнэглэгч болон технологийн машины жолоочоор ажилласан байдал нь хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зөвлөлийн хуралд оруулж, холбогдох материалыг судалж “Н” ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн газарт цэнэглэгч болон технологийн машины жолоочоор ажилласан байдал нь хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар батлагдсан жагсаалтад нэхэмжлэгчийн мэргэжил хамаагүй, уг журмын 2.19 дэх хэсэгт заасан нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй.
Тиймээс хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
1. Нэхэмжлэгчийн “Х.Ед өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Х.Ед 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 1971 онд төрсөн, 54 настай, улсад 20-оос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах үндэслэл бүрдсэн” гэж тайлбарлан тодорхойлжээ.
4. Нэхэмжлэгч нь 1971 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 54 настай болох нь түүний ...... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбараар, 1992 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл нь түүний НДД № .... дугаар нийгмийн даатгалын дэвтрийн .... дугаар баталгаажилтын хуудсаар, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 0165 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан нь Хил хамгаалах ерөнхий хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0/831 дүгээр лавлагаагаар, 1995 оны 01 дүгээр сараас 1999 оны 8 дугаар сар дуустал, 2000 оны 01 дүгээр сараас 2010 оны 10 дугаар сар дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь түүний №251928 НДД №.... дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн баталгаат хуулбаруудаар тус тус тогтоогджээ.
5. Мөн нэхэмжлэгч Х.Е нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ээс эхлэн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Н” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт цэнэглэгч болон технологийн машины жолоочоор ажилласан, энэхүү хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох “Н” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарын даргын 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаар, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №12 дугаар тушаалууд, 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №29/0012 дугаартай хөдөлмөрийн гэрээ, уг гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолт, ..... дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн огноотой, даатгуулагч Х.Еы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
6. Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х.Еы нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, “Н” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт цэнэглэгч болон технологийн машины жолоочоор ажиллаж, шимтгэл төлсөн хугацаа 14 жил, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /2012 он/-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул нөхөн тооцсон хугацаа 2 жил 6 сар, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т “Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа;”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж тус тус заасны дагуу цэргийн алба хаасан 1 жил 9 сарыг тооцоход 2 жил 3 сар, 1995 оны 01 дүгээр сараас 2010 оны 12 дугаар сар хүртэл “Улаан” жолооны сургууль болон “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагад жолоочоор ажиллаж шимтэл төлсөн хугацаа 14 жил 9 сар, нийт 33 жил 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр байна.
7. Хариуцагч талаас нэхэмжлэгч Х.Ед хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ “Х.Еы ажиллаж байсан ажил, мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”–ын 2.19-д заасан “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй” гэж тодорхойлон маргасан ба харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох бусад болзлыг хангасан эсэх талаар маргаагүй болно.
8. Цэнэглэгч болон технологийн машины жолоочийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг “хэвийн бус” гэж тодорхойлсон нь хэрэгт авагдсан “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн салбарын дарга болон нэхэмжлэгч Х.Еы хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 01-ний, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрүүдийн Хөдөлмөрийн гэрээний хавсралтын “1.6 Ажлын байрны нөхцөл” хэсгээр батлагдаж байх тул ажиллах нөхцөлийг “хэвийн” гэж үзэх боломжгүй байна.
9. Тодруулбал, Монгол Улсад бий болоогүй, зөвхөн төслийн шатанд явж буй “нефть боловсруулах үйлдвэр”, эсхүл Монгол Улсад одоогийн байдлаар “нефть”-ийн төрлийн бодистой байнга харьцдаг, хамгийн түгээмэл, нийтэд илэрхий нефть хангамжийн газрын шатахуун түгээх цэнэглэгч болон технологийн машины жолоочийн ажил мэргэжлийн чиг үүрэг, онцлог нь бензин шатахуунтай, тэсэрч дэлбэрэх бодистой байнга ойр харьцдаг, түүнийг зөөвөрлөх, шатахуун түгээх станцуудад хүргэх замаар хортой нөхцөлд ажилладаг тул хөдөлмөрийн “хэвийн бус” нөхцөлд хамааруулан ойлгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
10. Нэхэмжлэгч Х.Е нь 2011 оны 4 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сар хүртэл “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт цэнэглэгч болон технологийн машины жолоочоор ажилласан нь тогтоогдож байгаа ба энэхүү ажил нь тэтгэврийг “хөнгөлөлттэй” нөхцөлөөр тогтоох ажил, мэргэжилд хамаарах эсэх нь одоогийн дагаж мөрдөж байгаа болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон уг хуулиудыг дагуу гарсан эрх зүйн хэм хэмжээний актуудаар тус тус зохицуулагдана.
11. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ.
12. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан.
13. Мөн 2023 онд баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг баталжээ.
Уг жагсаалтын ““2.Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 2.19.-д “Нефть боловсруулах үйлдвэрийн: 9.Жолооч, цистерний /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/; 9.Цэнэглэх машины жолооч /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/” гэж тус тус заасан байна.
14. Өөрөөр хэлбэл, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн болон өмнө нь үйлчилж байсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын аль алинд нь зааснаар цэнэглэх машины жолоочийн мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байна.
Харин дээрх 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын 2.19-өөс бусад хэсэгт нефть буюу шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.
Үүнээс үзвэл, уг тушаалуудаар Монгол улсад “нефть”-ийн төрлийн бүтгэгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий “Шатахуун түгээх станц”-ын бүх ажлын байрны ажил, мэргэжлийг “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тухайн тушаалуудаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалуудаар “нефть буюу шатахуун” гэх “хортой” нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 14, 2.19-т зааснаар тус тус зохицуулсан гэж үзнэ.
15. Дээрх үйл баримтуудыг холбогдох хууль , захиргааны хэм хэмжээний актуудтай холбож үзэхэд, Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд шатахуун цэнэглэх машины жолоочийн ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог болох “бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой байнга, ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг” нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлмөрийн “хортой” нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн цэнэглэх машины жолооч хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
16. Иймд нэхэмжлэгч Х.Е нь “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” гэх болзлыг хангасан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчийн “Зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн шатахуун цэнэглэх машины жолоочийн ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.
17. Дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Ед өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг зөрчсөн, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
18. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан.
Нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох эрх бүхий байгууллагад өргөдөл гаргасан гэх боловч энэ нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдуулан багасгаж гаргасан огноогоор буюу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд өргөдөл гаргасан 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Ед өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША