| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00156/И |
| Дугаар | 313/ШШ2025/00262 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 313/ШШ2025/00262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******н ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Булган сум
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.******* нь 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өөрийн аав болох Н.*******тэй мал маллан амьдарч байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болтол малын А данс өрхийн тэргүүн болох аав Н.*******н нэр дээр тоологдсон бөгөөд тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байгаа тул 1997-1999 он дуустал аав Н.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгож, өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна.
Иймд Т.******* миний биеийг аав болох Н.*******тэй хамт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1974 онд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. 1982 онд Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр сургуульд суралцахаар элсэж орсон. 1990 онд Булган сумын найман жилийн сургуулийг төгссөн. 1990 оноос 1992 он хүртэл Өмнөговь аймгийн Хөдөө, аж ахуйн Техник мэргэжлийн сургууль /ТМС/-д хоёр жил сураад эргээд малчин болсон. Тэгээд Булган суманд 1992 оноос хойш одоог хүртэл мал маллаж байна. 2000 он хүртэл аав, ээж болон дүү нартайгаа хамт байсан. 2000 оноос хойш нөхөртэйгөө хамт мал маллаж байгаа. 1989 онд сургуульд сурч байх үедээ сумандаа сургуулийн дотуур байранд, амралтаар хөдөө гэртээ аав, ээжтэйгээ байсан. 2000 онд айл болоод нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулаад манай нөхөр Өвөрхангай аймгаас шилжиж ирээгүй байсан. 1994 онд танилцаж, анхны хүүхдээ 1995 онд төрүүлсэн. Дараагийн хүүхдээ 1996 онд, гурав дахь хүүхдээ 2002 онд төрүүлсэн. Яг нэр гэрт орж хамт амьдраагүй. Би гэртээ, манай нөхөр ирж, очин байсан. 2000 онд нэг гэрт ороод шилжиж ирээгүй гээд малын тоо нь миний нэр дээр явдаг байсан. Одоо би 1997 оноос 1999 он хүртэл тогтоолгох хүсэлтэй байгаа. Малчнаар ажилласан жил хүрэхгүй байгаа учир аав, ээжтэйгээ хамт байсан жилийг тооцуулах гэж байгаа гэв.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г.*******, Г.******* нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, 1989 болон 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-08/1705 дугаартай лавлагаа, Н.*******гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай лавлагааны хуулбар,
гэрч О.*******, Н.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч О.*******, Н.******* нарын гараар бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр О.*******, Н.******* нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.******* нь 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Н.*******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа,
2. Ж., Т.******* нар 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлийн 83 дугаарт бүртгэв гэх гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
3. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-08/1705 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: Өмнөговь аймгийн Булган сумын 1989 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж холбогдох баримт байхгүй болно гэж бичигджээ.
4. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03-08/1508 дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: Өмнөговь аймгийн Булган сум, Дэн баг, хөдөө: Өрхийн тэргүүлэгч: *******н ******* 25 настай, гийн 68 настай, гийн 31 настай, *******ийн ******* 2 настай гэж бүртгэгдсэн байна.
5. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн малчин Н.*******н мал маллаж байсан хугацаа 1997-1999, Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн малчин Ж.ын мал маллаж байсан 2015-2023 онуудын жилийн эцсийн А дансанд бүртгэгдсэн малын тооны талаарх архивын лавлагааны хуулбар,
6. 1996 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Г.*******, 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Г.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар,
7. Н.******* нь 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар,
8. Гэрч О.*******гийн 1990 онд 8 дугаар анги, 1992 онд ТМС төгсөөд хөдөө гарч аав, ээжтэйгээ мал малласан. Тэгээд гэдэг хүнтэй гэр бүл болтлоо аав ээжтэйгээ мал маллаж байсан гэх мэдүүлэг,
9. Гэрч Н.*******ийн 1990 онд Булган суманд 8 дугаар анги, 1992 онд Өмнөговь аймагт ТМС төгсөөд, түүнээс хойш Өмнөговь аймгийн Булган сумын Дэн бригдад аав, ээжтэйгээ мал малладаг байсан. Тэгээд 2000 онд тусдаа гарч гэдэг хүнтэй гэр бүл болсон. Тэр хүртэл аав ээжтэйгээ мал маллаж нэг гэрт хамт амьдардаг байсан гэх мэдүүлэг,
10. Гэрч О.*******, Н.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* овогт *******н ******* нь 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аав Н.*******тэй хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******н *******ийг 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ын *******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН