Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2025/0075

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.Д

              Нэхэмжлэгч: Х.Б,

              Нэхэмжлэгч: А.Е

              Нэхэмжлэгч: Ж.А,

              Нэхэмжлэгч: Ж.А

              Нэхэмжлэгч: Б.А,

              Нэхэмжлэгч: М.Г,

              Нэхэмжлэгч: Ш.А,

              Нэхэмжлэгч: Д.А,

              Нэхэмжлэгч: А.А,

              Нэхэмжлэгч:  Х.Н,

              Нэхэмжлэгч:  З.О,

              Нэхэмжлэгч: А.Б,

              Нэхэмжлэгч: М.Т,

              Нэхэмжлэгч: С.Е,

              Нэхэмжлэгч: Т.Е,

              Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

              Хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А,

              Хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар Хуралдааны даргалагч: Х.А,

              Гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Засаг дарга Есентайн Зангар нарын хоорондын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаантай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, Х.Б, А.Е, Ж.А, Ж.А /цахимаар/ М.Г, Ш.А, Д.Е, Х.Н,  А.Б, А.А /цахимаар/ нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, М.Т /цахимаар/, С.Е /цахимаар/, Б.А /цахимаар/, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны даргалагч Х.Б, хариуцагч бөгөөд гуравдагч этгээдийн  өмгөөлөгч С.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

        1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 17 төлөөлөгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд төлөөлөгч Х.А,  нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Н нараас анх тус шүүхэд  Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын анхдугаар хуралдаан даргалагчид холбогдуулан    “2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бус болохыг тогтоолгох”, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” , “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх  тухай”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай”, “Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл батлах тухай”   тогтоолуудыг тус  тус хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

        2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арманаас нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг өөрчилж, “2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг болон уг хуралдааны “Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоолгох” (1), “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1 дүгээр (2) , “Хурлын даргыг сонгох   тухай” 03 дугаар (3) , “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай” 05 дугаар (4), “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл батлах тухай” 07 дугаар (5) тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан. 

        3. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Нурболат нь тус шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж байгаагаа бичгээр[1] илэрхийлсэн.

              4. Нэхэмжлэгчдийн  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

            4.1. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар "Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" тогтоол, мөн өдрийн 03 дугаар "Хурлын даргыг сонгох тухай", мөн өдрийн 05 дугаар "Хуралдааны дэг батлах тухай" тогтоол, мөн өдрийн 07 дугаар "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай" тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, тус хуралдаанаас баталсан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар "Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай,

4.2. Нэг дэх шаардлагад дурдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот "Хурлын даргыг сонгох тухай" тогтоолын 1 дэх заалтад Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар А. Б аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсонд тооцсон байх бөгөөд энэ нь хууль бус болох тухайд, Авлигатай тэмцэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/18754 тоот "Хариуцлага тооцуулах тухай" албан бичгийг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нарт хүргүүлсэн. Уг албан бичигт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулж, хурлаас Хурлын даргын сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байх бөгөөд төлөөлөгч 3.Ж, А.Б нар нь 2011 онд үүсгэн байгуулагдсан "Мөстийн ундарга" гэсэн оноосон нэртэй барилгын болон газар тариалан, мал аж ахуй  хослон эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гишүүнчлэлээр 2022 онд 50, 50 хувийн эзэмшигч болж 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл А.Б гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байжээ.

4.3. Энэхүү нөхцөл байдал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг гэсэн ойлголтод хамаарч байх бөгөөд хурлын төлөөлөгч 3.Ж өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд болох төлөөлөгч А.Б Хурлын даргаар сонгох санал хураалтад оролцохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасныг, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана" гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй байна" гэж нэр бүхий төлөөлөгч нарт хариуцлага тооцохыг үүрэг болгосноос үзвэл дээрх хуралдаанаас гаргасан шийдвэр нь хууль бус бөгөөд холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцох шаардлагатай байна.

4.4. Мөн тус өдрийн 01, 03, 05, 07 дугаар тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29.1-д “Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу “шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй” гэж заасан, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж тус тус зааснаар ард түмнээс сонгуулийн дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчид нь хуульд зааснаар тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэх бүрэн эрх, үүрэг бүхий субъект бөгөөд иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцох, Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах зэрэг нэхэмжлэгч нарын эрхийг хязгаарлаж, хууль бус бүрэлдэхүүнээр хуралдаан зохион байгуулж, чухал шийдвэрүүдийг гаргасан тул үүнийг тогтоож, гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай.

4.5.Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж зааснаар Монгол Ардын намаас сонгогдсон 18 төлөөлөгчийг оролцуулалгүй, нэг намаас сонгогдсон төлөөлөгчид хуралдааны ирц хүрээгүй байхад үргэлжлүүлэн явуулж, дээрх шийдвэрүүдийг гаргасан нь тус анхдугаар хуралдаан хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

4.6.Тус хуралдаан нэгэнт ирц хүрээгүй, нөгөө бүлгийн төлөөллийг оролцуулалгүй эрхийг хязгаарлан явуулсан хууль бус тул тус хуралдаанаас гаргасан бүх шийдвэр, тогтоол нь мөн хууль бус ба тэдгээрийг хүчингүй болгох нь зүйтэй тул нэхэмжлэгч нарын эрх ашгийг ихээр хөндөж, хязгаарлаж байгаа 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн 01 дугаар "Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" тогтоол, мөн өдрийн 03 дугаар "Хурлын даргыг сонгох тухай", мөн өдрийн 05 дугаар "Хуралдааны дэг батлах тухай" тогтоол, мөн өдрийн 07 дугаар "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай" тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах гэж шаардлагын үндэслэлээ тодруулж байна.

4.7. Хоёр дахь шаардлагын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох"-оор тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны дотор хуульд заасан үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч захиргааны актын эрх зүйн үйлчлэлийг ямар нэг байдлаар дуусгавар болгосон, эсхүл тодорхой нэг тохиолдол зохицуулагдаж эрх зүйн үр дагавар гарсан, нэг удаагийн үйлчлэл хэрэгжээд дууссан тохиолдолд, түүний хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа болох нь шүүхийн журмаар тогтоогдвол дээрх шийдвэрийг шүүх гаргах боломжтой.

4.8. Дээрх хуралдаанаас баталсан 06 дугаар "Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" тогтоол нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан, нэхэмжлэгч нар нь 2024 оны 10-р сарын 30-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний дараа Баян-Өлгий аймгийн Засаг дарга томилогдсон байна. Энэ нь дээр дурдсанаар нэхэмжлэгч хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны дотор, хуульд заасан үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой нэг тохиолдол зохицуулагдаж эрх зүйн үр дагавар гарсан тохиолдолд хамаарч байх бөгөөд түүний хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа буюу аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх эрхээ эдэлж чадаагүй, нэхэмжлэгчийн ашиг сонирхол хэвээр байх тул уг асуудлыг шүүхийн журмаар тогтоон, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 Тодруулбал, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн 06 тоот "Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" тогтоолын 1 дэх заалтад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанд оролцсон 23 төлөөлөгчдөөс санал хураалтад оролцсон 22 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Е.З Засаг даргаap томилуулахаар нэр дэвшүүлсэн байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг; 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” гэж тодорхойлсон.

 4.9. Гэтэл Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгч 3.Ж нь дээрх тогтоолоор Засаг даргад нэр дэвшүүлсэн Е.З төрсөн хүү бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан Үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана" гэж заасныг дээрх тогтоолоор тус тус зөрчсөн байна.

 Иймд маргаан бүхий захиргааны акт хэрэгжиж дуусаад, эрх зүйн үр дагавар гарсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч А.Д шүүх хуралдаанд гаргасан  тайлбарт:

5.1. Нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь дэмжиж байна.  Миний хувьд урьд нь 2020 онд бас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсны хувьд урьд өмнө бас  анхдугаар чуулганд оролцож байсан.  Тухайн үед Хурлын ажлын алба, нарийн бичгүүд нь нэг бүрчлэн утсаар мэдэгдэж, хэлэлцэх асуудлын дараалал, материалуудыг нэг бүрчлэн өгөөд, гарын үсэг зуруулж явдаг байсан. Харин энэ удаа тийм юм байсангүй. Миний хувьд фейсбүүк, олон нийтийн радио сүлжээгээр ч мэдсэн юм алга. Бид нарт 2 дугаар чуулганаас эхлээд гарын үсэг зуруулаад явж байгаа. А.С дарга  утсаар ярьсан гэж байна, надтай утсаар ярьж байгаагүй. Миний дугаарыг шалгуулж болно. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг  сайн мэдэхгүй байна. Бид нар Монгол Ардын намаас  18 төлөөлөгч сонгогдсон, нэг төлөөлөгч маань талийгаач болсон. Талийгаач Д.М сахрын хүнд өвчтэй хүн байсан.  Сонгууль гэж өдөр, шөнөгүй явсаар байгаад хүнд өвдөөд эмнэлэгт хэвтсэн юм.  Тухайн үед талийгаач Д.М “анхдугаар хуралдааны товыг сонсоогүй, мэдээгүй” гэдгийг ярьж байсан.  Хэдийгээр талийгаач болсон ч гэсэн тухайн үед төлөөлөгч байсан, сонгогдсон эрх, үүрэг нь байсан гэдгийг давхар хэлье. Тэгээд талийгаач Д.М “би 2 дахь удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдсон, та нараас ахмад нь байна, бүлэг хуралдвал надад мэдэгдээрэй, би иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргад нэр дэвшүүлмээр байна” гэж ярьж байсан гэв.

 

6. Нэхэмжлэгч Д.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Өмгөөлөгч нар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Бид нарт ямар нэгэн байдлаар анхдугаар Хуралдааны товыг утсаар мэдэгдэж, гарын үсэг зуруулаагүй.  17 төлөөлөгчийн эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж ярьж байна.  Гэхдээ 17 төлөөлөгч биш,  бид нарыг сонгосон ард түмний эрх ашиг зөрчигдөж байгаа. Тийм учраас тухайн үед гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Миний бие Мурат овогтой Галымбек байна. Бидний гаргасан нэхэмжлэлийг үнэн зөв талаас нь шийдвэрлэж өгнө үү. Анхдугаар хуралдаанд бид нарын оролцоо бүрэн хангагдаагүй учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Иргэн Д.Е хэлсэнчлэн ард түмний сонголтыг үгүйсгэж,  төлөөлөгчдийн эрх  ашиг нь 100 хувь зөрчигдсөн. Анхдугаар хуралдааны товыг мэдээгүй, урилга хүлээж аваагүй гэв.

 

8. Нэхэмжлэгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Миний хувьд анх удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Бид нар мэдээллийг  хаанаас, яаж авах ёстой гэдгийг мэдэхгүй байсан. Сүүлд “Дербес” телевизээр анхдугаар хуралдаан болсон гэдгийг мэдсэн. Бид нарт урилга өгөх ёстой юу гэдгийг тодруулсан. Урьд нь урилга өгөөд, хэлэлцэх асуудлыг танилцуулж, гарын үсэг зуруулж авах ёстой гэдгийг өмнө нь сонгогдсон төлөөлөгчид хэлж байсан. Сүүлд хоёрдугаар хуралдаанаас эхлэн  хэлэлцэх асуудлыг танилцуулж, урилга өгөөд, гарын үсэг зуруулж авч байна. Миний хувьд санаатайгаар бид нарт анхдугаар хуралдаанд оролцуулаагүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

9. Нэхэмжлэгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

9.1.  Миний хувьд  Дэлүүн сумаас анх удаа сонгогдсон төлөөлөгч юм. 2000 хүн ба 700 өрхөөр 2-3 удаа орж, өөрсдийг танилцуулж байгаад анх удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдсон. Анхдугаар хуралдааны урилгыг өгөөгүй, оролцуулаагүй. Энэ нь бид нарыг сонгосон иргэдийг доромжилсон явдал гэж ойлгож байна. Бид нарт урилга өгөөгүй, утсаар ч яриагүй.  Хурлын ажлын албанд 16 ажилтан байдаг. Гэтэл 18 төлөөлөгчид нэг нэгээр очиж урилга өгөхөд ямар ч асуудал гарахгүй байсан. Бид нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

10. Нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

10.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багаас сонгогдсон. Анх удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож байгаа тул ямар нэгэн хуралд оролцох материал болон мэдээлэл өгөөгүй. Манай төлөөлөгч нар болон өмгөөлөгч нартай санал нэг байна гэв.

 

11. Нэхэмжлэгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

11.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч юм. Анхдугаар хуралдааны талаар урилга, ямар нэгэн бичиг хүлээж аваагүй. Бидэнд хуучин мандат гэж өгч байсан. Энэ удаа бас ирэх байх гэж хүлээцтэй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

12. Нэхэмжлэгч А.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

12.1. Миний бие Толбо сумаас сонгогдсон төлөөлөгч юм. Утсаар мэдэгдсэн гэдэг тайлбартай санал нийлэхгүй байна. Надад хэн нэгэн анхдугаар Хуралдааны талаар мэдэгдээгүй, урилга өгөөгүй, гарын үсэг зуруулаагүй, бусад төлөөлөгч нарын саналтай санал нэг байна гэв.

 

13. Нэхэмжлэгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

13.1. Миний бие Алтанцөгц сумаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.А байна. Анхдугаар хуралдаан товлосон зарыг сонсоогүй. Би тухайн үед Алтанцөгц суманд явж байсан.  Дараа төлөөлөгч нараас сонссон. Бид нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

14. Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

14.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч юм.  Хоёрдугаар хуралдаанаас эхлэн бид нарт утасдаж, хаана байгааг асуугаад, яригдах асуудлуудыг танилцуулж, гарын үсэг зуруулж авсан. Анхдугаар хуралдааны ямар нэгэн товыг мэдэгдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

15. Нэхэмжлэгч Ж А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

15.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багаас сонгогдсон төлөөлөгч юм. Бид нар гаргасан нэхэмжлэлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед бид нарт анхдугаар хуралдааны товыг албан ёсоор утсаар мэдэгдсэн зүйл огт байхгүй. Урьд өмнө нь албан ёсоор мэдэгддэг байсан. Энэ удаа анхдугаар хуралдааны товыг мэдэгдсэн, ярьсан зүйл байхгүй. Бид нарын гаргасан нэхэмжлэлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

16. Нэхэмжлэгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

16.1. Миний бие Цэнгэл сумаас сонгогдсон төлөөлөгч юм. Анхдугаар хуралдааны товыг надад мэдэгдээгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар  нэр дэвшүүлэх бодолтой явж байсан. Гэхдээ надад мэдэгдээгүй тул гомдолтой байна гэв.

 

17. Нэхэмжлэгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

17.1. Бид нарт  анхдугаар хуралдааны товыг мэдэгдсэн зүйл байхгүй. Би Ногооннуур сумаас сонгогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

18. Нэхэмжлэгч С.Е шүүхэд гаргасан тайлбарт:

18.1. Миний бие Улаанхус сумаас сонгогдсон төлөөлөгч юм. Анхдугаар хуралдааны талаар надад утсаар мэдэгдээгүй. Би тухайн үед хөдөө байсан ба анхдугаар хуралдааны товыг мэдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 19. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

19.1. 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдсан. Уг хуралдаантай холбоотой нэхэмжлэл гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн иргэдийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоол,   “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох” 03 дугаар тогтоол, “иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэг батлах” 05 дугаар тогтоол, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл батлах тухай”  07 дугаар тогтоол,  мөн “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 6 дугаар тогтоолыг тус тус  хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.

19.2. З.Ж, А.Б хоёр бие биедээ санал өгөх ёсгүй байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл дээр А.Б ороход З.Ж санал өгөх ёсгүй байсан, бас З.Ж санал өгсөн. Авлигатай тэмцэх газраас шалгасан хэрэг нь зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад санал өгсөн хэсгийг л хянаад байгаа, тэрнээс гадна эрх зөвшөөрөх, зөвлөл батлах дээр З.Ж, А.Б хоёр санал хураалтад оролцох ёсгүй байсан гэдгийг тайлбарлая гэв.

 

 20. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч К.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

20.1. Орон нутгийн ээлжит сонгуулиар 2 төлөөлөгч анхдугаар хуралдаанд оролцож, хууль тогтоомж зөрчиж санал өгсөн. Нэг нь А.Б, нэг нь З.Ж гэдэг хүн, анхдугаар хуралдаанд оролцож санал өгсөн  нь хууль бус болсон. Үүнийг Авлигатай тэмцэх газар тогтоож өгсөн.

Хоёрдугаарт, анхдугаар хуралдааны товыг сонгогдсон төлөөлөгчдөд хариуцагч буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мэдэгдээгүй. Үүний улмаас төлөөлөгчдийн хуралдаанд оролцох, Засаг даргад нэр дэвшүүлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх, мөн Зөвлөлийн гишүүнээр сонгогдох, тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор санал гаргах эрх нь тус тус зөрчигдсөн. Энэ үндэслэлээр маргаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах, хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагуудыг гаргасан.

20.2. Хариуцагчаас тодорхой тайлбаруудыг ирүүлсэн. Авлигатай тэмцэх газраас тодорхой шийдвэр ч гэсэн гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцээд, цаашид хууль тогтоомж зөрчихгүй гэдэг тайлбарыг хүргүүлсэн баримтыг 6 дугаар сард ирүүлсэн. З.Ж, А.Б гэдэг 2 хүн одоогийн Засаг дарга Е.З гэдэг хүнтэй хамт бизнес хийдэг, нэг компаниас ашиг олдог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн ашиг сонирхолтой 2 хүн аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байгаа нөхцөл байдалтай байна. Засаг даргын ажлаа тайлагнадаг субъект иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юм. Засаг даргын хийж байгаа ажил нь хууль ёсны эсэх, тогтоолын биелэлт хангагдаж байгаа эсэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хяналт тавих ёстой.

20.3.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Б гэдэг хүн нэг ч удаа төрийн албаны ажил хийж үзээгүй, төрийн албаны албан хэрэг хөтлөх гэдгийг ч мэдэхгүй хүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон. Өнөөдөр тэр хүн Е.З гэдэг хүнтэй хамтарч бизнес хийдэг, тэрнийхээ ачаар нам гэж явсаар байгаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болчихсон. Өнөөдөр энд ирээд тайлбар тавих ёстой. Тэр хүн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар яаж сонгогдсон, хууль зөрчсөн юм уу, зөрчөөгүй юм уу? Авлигатай тэмцэх газраас шийдвэр гарчхаад  байхад ямар ч арга хэмжээ авдаггүй. Хурлын ажлын алба гэдэг хүмүүс нь  хуулиа мэддэг юм уу, төрийн алба гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн нийлж байгаад бизнес явуулдаг, хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлдэг  зүйл биш, бүх юм хууль журмын дагуу  явагдах ёстой.

20.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нь зөрчөөд,  нэг эдийн засгийн ашиг сонирхолтой хүмүүс томилогдчихсон. Үүнийг хууль бус болохыг тогтоолгоё, хүчингүй болгуулъя гэж маргаж байна.

Жишээлбэл, “Мөстийн Ундрага” гэдэг компаниас З.Ж, А.Б  гэдэг 2 хүн хувьцаа эзэмшдэг, хамтдаа ашиг олдог, компанийн үйл ажиллагаанд нь Засаг даргаар  ажиллаж байгаа Е.З нь санхүүгийн бүх дэмжлэг үзүүлдэг. Тэгэхээр тухайн үед ашиг сонирхлын зөрчилтэй гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлбарлаж хэлээгүй юм уу, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс бие биедээ санал өгөөд, нэр дэвшүүлсэн А.Б нь санал өгөөд, хуралдаад явсан. Тухайн үед З.Ж манай аав нэр дэвшиж байгаа учраас би татгалзаж байна гээд татгалзсан,  А.Б яагаад татгалзаагүй бэ, яагаад энэ хүн санал өгсөн бэ, “Мөстийн Ундарга” гэдэг компанийн нэрээр одоо хүртэл үйл ажиллагаа явуулдаг, тодорхой нэр бүхий иргэдээс барилгын захиалга авдаг, ашиг олдог, энэ 2 хүн өөр хүмүүсийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлчихсэн явж байгаа юм. Өнөөдөр А.Б болон Е.З гэдэг хүмүүс иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, Засаг даргын хувьд тодорхой бүрэн эрх эдэлж, барилга барих зөвшөөрөл олгох, газар эзэмшүүлэх, шилжүүлэх гээд тодорхой шийдвэрүүдийг гаргаад явдаг. Энэ компанийн эцсийн өмчлөгч нь З.Ж болон А.Б нар  юм.

20.5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээдээс тухайн нийтийн албан тушаалтнаасаа ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэгдмэл сонирхолтой этгээдэд З.Ж, Е.З, А.Б гэдэг 3 хүн гурвуулаа хамаарагдаж байгаа юм.

Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцох тухай гээд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бичиг ирсэн, үүнийг нь зөвшөөрсөн. Авлигатай тэмцэх газраас гаргасан шийдвэртэй холбоотойгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Б, З.Ж, Е.З гэдэг хүмүүс ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй, тухайн шийдвэр хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдгийг эрх бүхий байгууллага нь тогтоочихсон. Шийдвэр хүчин төгөлдөр байна, тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

20.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана” гэж заасан. Тэгэхээр энэ үүргээ ямар нэгэн байдлаар биелүүлээгүй, зөрчигдсөн байна гэдгийг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн. Энэ нь иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга болон Засаг дарга сонгохтой холбоотой энэ хурлын үйл ажиллагаанд хамаарна гэдгийг тодорхой тогтоож өгсөн.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс нийтийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй өөрсдийн хамтдаа ашиг олдог компанийн хувьцаа эзэмшигчдийг аймгийн удирдлагад буюу шийдвэр гаргах түвшний 2 албан тушаалд нь нэр дэвшүүлж томилуулахын төлөө явсан. Тэгэхээр энэ хуралдаан анхнаасаа хууль зөрчигдсөн, санал гаргах эрхгүй этгээдүүд нь оролцоод санал өгөөд, тогтоолуудыг албажуулаад явсан. Үүнийг Ерөнхий сайдад өргөн бариад, томилогдсон. Тэр ашиг сонирхлын зөрчилтэй байгаад байгаа нөхцөл байдал дээр тухайн үед зөвшөөрөхгүй гэж тайлбар  өгсөн атлаа Авлигатай тэмцэх газраас гаргасан шийдвэрийг биелүүлээд суугаад байна. Хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэдэг байдлаар тайлбарлачихсан. 

20.7. Анхдугаар хуралдааныг зарлаад, зарыг хүргэх, сонгогдсон төлөөлөгч нарт мэдэгдэх үүрэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. Анхдугаар хуралдааны товыг мэдэгдэхтэй холбоотойгоор 2 үндэслэл ярьж байна. Нэгдүгээрт, фейсбүүк дээр групп нээгээд, тэнд урилгыг оруулсан. Хоёрдугаарт,  намын бүлэг дээр урилгыг аваачиж, үлдээсэн гэж яриад байна. Тэгэхээр фейсбүүк групп дээр ямар нэгэн байдлаар зар хүргээд, албан ёсоор мэдэгдсэн гэж үзэхгүй. Өнөөдөр нэхэмжлэгчээр оролцож байгаа 17 төлөөлөгчийн хувьд  зарыг хүлээж аваагүй. Хоёрдугаарт, намын хороон дээр үлдээсэн гэх бичгийг тухайн үед ямар учиртай гэдгийг мэдээгүй гэдгийг С гэдэг гэрч мэдүүлсэн.  Төлөөлөгч тус бүрт гардуулж өгөөгүй гэдгийг мэдүүлсэн. Мөн намын хороонд төлөөлөгч болгоныг олоод, тэр урилгыг зарыг хүргэж өгөх үүрэг байхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.С гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө төлөөлөгч тус бүрд утсаар мэдэгдсэн гэж мэдүүлсэн байдаг. Ийм зүйл байхгүй, худлаа мэдүүлэг өгсөн. Өмнөх шүүх хуралдаанд А.С дахин гэрчээр шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авхуулъя гэдэг хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нүүр нүүрээ харж байгаад асуух боломжтой. Тэгэхээр мэдэгдээгүй, хуралдаанд оролцох эрхийг нь хангахгүйгээр анхдугаар хуралдааныг явуулсан.

20. 8. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон намын бүлгийн хувьд Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх эрхтэй, мөн Зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэх эрхтэй. Эдгээр эрх нь зөрчигдсөн, хуралдаанд оролцож чадаагүй, нэр дэвшүүлж чадаагүй, хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор санал гаргах хуулиар олгогдсон эрхийг эдэлж чадаагүй. Тухайн хуралдаан болох өдөр Монгол Ардын намаас сонгогдсон 3 төлөөлөгч Ардчилсан намаас сонгогдсон хүмүүстэй уулзаад, “одоо мэдэж байна, манай хүмүүс бүрэн байхгүй, хойшлуулж өгөөч” гэдэг асуудлыг тавьсан боловч хуралдааныг үргэлжлүүлж хийгээд, өөрсдийнхөө ашиг сонирхол зөрчилтэй 2 хүнийг аймгийн Засаг дарга ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилох шийдвэрийг гаргасан. Энэ дээр нам удирдаад байгаа мөнгөтэй эсвэл саналын эрх нь олон хүмүүс дарга болдог, бусад төрийн албанд насаараа ажилласан, туршлагатай, мэдлэгтэй хүмүүс нь дарга болдоггүй, сонгогдох боломжгүй нөхцөл байдал үүсгэдэг. Өнөөдөр төрийн албаны нэг ч албан хэрэг хөтөлж байгаагүй, нэг ч удаа бичиг бичиж байгаа хүн нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болчихсон, яаж Хурлын даргын ажлыг хийгээд байгаа юм.

20.9. Тухайн үед зарим төлөөлөгч нар Улаанбаатар хотод байсан, зарим нь эмнэлэгт байсан. Бүх төлөөлөгчид зар хүргэчихсэн гэж байна. Талийгаач Д.М төлөөлөгчийн хувьд тухайн үед эмнэлэгт байсан баримтыг нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Тэгээд талийгаач Д.М яаж мэдэгдсэн бэ,  үнэхээр утсаар ярьсан тэдэн сарын, тэдний өдөр ийм утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэл хөтлөөгүй юм уу, эмнэлэгт байсан Д.М төлөөлөгчид мэдэгдсэн   бол эмнэлэгт байгаа гэдгийг хэлнэ.

Жишээлбэл, бусад сумын төвд амьдардаг хүмүүс яаж мэдэгдсэн бэ, тэр хүмүүсийн ирж оролцох боломж бололцоогоор нь яаж хангасан бэ, эмчээр ажилладаг хэд хэдэн төлөөлөгч байна. Тэр төлөөлөгчид яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, хэдний өдөр мэдэгдсэн бэ, 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн юм уу,  энэ хүмүүсийн ирж оролцох боломжит хугацаа нь байсан юм уу, байгаагүй юу, 2024 оны 10  дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанаас хойш маргаан үүссэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудалтай холбоотой тооцоо судалгаа, шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдээд, албан ёсоор гарын үсэг зуруулаад авч явдаг болчихсон юм байна.

 Тэгэхээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийн төсөл, хурлын зарыг яагаад бичгээр мэдэгдэж, хүргэж болоогүй юм бэ. Телевизээр нэг ярилцлага өгсөн байна. “Дербес” гэдэг телевизийг хүн болгон хараад суухгүй, хуульд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ гэдэг зохицуулалт хаана байгаа вэ. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаатай холбоотой зохицуулалт байдаг. Тодорхой олон сонсох ажиллагаа хийх шаардлагатай тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сонингоор зар хүргэдэг. Мөн Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хурлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг.

20.10. Монгол Улсын Засгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аль заалт дээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл фейсбүүк хуудсаар нь групп нээж байгаад мэдэгддэг, тэрийгээ харсан, хараагүй, ирээгүй бол шууд хурлыг хийж болно гэдэг зохицуулалттай юм шиг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тайлбарлаж байгаа.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ  зэрэг зохицуулалт байгаа. Захиргааны байгууллага өөрөө хуулиар тодорхой үүрэг хүлээж байгаа. Энэ үүргээ биелүүлээд хэрэгжүүлээд, тодорхой шаардлагуудыг хангуулсны үндсэн дээр ч хуралдаан явуулдаг  журамтай. Тэгэхээр үүнийг зөрчөөд, хуралдааныг явуулах гэхлээр хууль бус болсон гэдэг нь тогтоогдчихсон.

20.11.  Анхдугаар хуралдаан хууль бусаар явагдсан,  нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн гэдэг нь тогтоогдож байна. Үүнийг Авлигатай тэмцэх газар тогтоож өгсөн. Засаг дарга Е.З хувьд хүүхэд нь хувьцаа эзэмшдэг, хамтдаа бизнес хийдэг хүнд санал өгдөг, энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг илэрхий баримт юм. Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. Анхдугаар хуралдааныг гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгоод, дахин явуулаад, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс нь санал өгөх  эрхгүйгээр оролцоод, хуралдааныг хуулийн дагуу явагдах ёстой. Хэн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болох нь сонин биш. Гэхдээ төрийн албан хаагч гэдэг чинь тодорхой шалгууртай, туршлагатай байх, хуулийн шаардлага хангасан байх ёстой. Тэгээд албан ёсоор анхдугаар хуралдааны товыг мэдэгдээгүй. МАН-ын төлөөлөгч нар нь орж ирээгүй байхад яаран сандран хуралдаан хийгээд,  дарга сонгоод,  Ерөнхий сайдын захирамж гаргуулаад явах ямар шаардлага байсан бэ гэж бодож байна.

Тэгэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Зөвлөлийн гишүүн, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал ба энэ шийдвэрүүдийг хүчингүй болгосны дараа дахин хэлэлцээд хуулийн дагуу хийгээд явах ёстой  гэдэг байр суурьтай байгаа гэв.

 

 21. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

21.1. Манай улс 1992 оноос хойш парламент засаглалд шилжиж, 4 жилийн хугацаагаар төрийн эрхийг барьдаг хууль  үйлчилж 30 хэдэн жил болж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн сонгууль 4 жилд нэг удаа явагддаг. Төлөөлөгч нарыг иргэдээс нууц санал хураалтаар, манай аймагт 100 мянган хүнээс дээш учраас 41 квотоор 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 41 хүн сонгогдсон гэдгийг хэлье. Тэгэхээр анхдугаар чуулган нь их онцлогтой. Тухайн аймгийн ирэх 4 жилийн амьдралыг шийддэг, хариуцлагатай анхдугаар чуулган юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгоно, Засаг даргад нэр дэвшүүлнэ, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгоно, хуралдааны дэгийг батална зэрэг бусад олон асуудлыг энэ анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр хуульчилсан. Тэгэхээр анхдугаар хуралдаан дээр төрийн эв нэгдлийг хангах нэг нам нь 23,  нэг нам нь 18 суудал авсан байгаа. Хол байсан ч гэсэн олонх суудал авсан нам нөгөө намыг  хүндэтгээд, зохих хэмжээний боломж гаргаад зөвшилцөж, асуудлыг шийдвэрлэсэн байсан бол өдийг хүртэл энэ маргаан явахгүй байсан. Тэгэхээр зарласан тогтоол нь 10 цаг гэхэд дуусгавар болж байна.

21.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хуралдааныг хэн зарлах, хуралдааны бэлтгэлийг хэн хангана, 41 төлөөлөгчид хэн мэдэгдэх ёстой талаар тодорхой заасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга дараах нийтлэг болон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан.  Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “хурлын ээлжит болон ээлжит хурлыг товлон зарлах бэлтгэлийг хангах” гэж заасан. Тэгэхээр адилхан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар чуулганы хуралдах бэлтгэлийг хангах асуудал Иргэдийн хурлын ажлын алба, иргэдийн хурлын нарийн бичгийн даргын тухайн үед бүрэн эрх нь дуусаагүй байсан Хурлын даргын бүрэн эрхийн асуудал юм.  41 төлөөлөгчдөөс 18 төлөөлөгч маргаан гаргаж байгаа. 18 төлөөлөгчид биечлэн мэдэгдэх ёстой.  Ихэнхдээ урилга хүргүүлээд, тухайн хүмүүстэй биечлэн уулзаж, заримдаа татгалзсан байж болно. Тэгвэл татгалзаж байсан гэдэг тэмдэглэл үйлдэж авах ёстой байсан. Гэтэл нам руу бичиг явуулж байгаа, намд явуулсан бичиг нь ажлын цаг дуусаад 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цагт өгчихсөн байгаа.

21.3. “09 цагийг” мэдээ, “Дербес” телевиз, фейсбүүк групп чатаар тус тус мэдэгдсэн гэж байна.  Магадгүй аймгийн төвд байгаа зарим төлөөлөгч нар чуулганы товыг мэдсэн. Жишээлбэл, талийгаач Д.М хэзээ мэдэгдсэн, А.А хэзээ, ямар журмаар хэзээ мэдэгдсэн бэ гэдэгт нэхэмжлэгч тус бүрт дүгнэлт хийх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч албан тоот явуулсан гэж байгаа. Тэр албан тоотыг хэн хүлээж авсан нь  тодорхой бус байна. Ж асуухад “миний гарын үсэг биш” гэж мэдүүлсэн. Тухайн албан тоотыг намын хороонд хүргэх ямар ч шаардлага байхгүй. Мөн урилгатай хамт хуралдааны дэгийн төслийг бас хүргүүлсэн байх ёстой,  түүнийг төлөөлөгч бүрт хүргүүлнэ. 

21.4. Ардчилсан нам яаран сандран шийдвэрлэснээс болж өнөөдөр асуудал гарч байгаа. Эцсийн эцэст энэ бол төрийн ажил юм. Талийгаач Д.М 2 удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгогдсон хүн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга эсхүл  Засаг даргар  нэр дэвшүүлэх эрхтэй. 17 нэр бүхий төлөөлөгчид хуралдааны товыг хэдэн сарын хэдний өдөр ямар журмаар мэдсэн гэдгийг нотолсон нотолгоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх ёстой.

 Авлигатай тэмцэх газарт байгаа зөрчлүүд бүгд эрүүгийн  хэргээр явахгүй. Авлигатай тэмцэх газар олон зөрчил тогтоож байгаа. Шүүх өөрийн үзэмжээр нотлох баримтыг үнэлэх байх. Хамгийн гол нь төлөөлөгч бүрт хуралдааны товыг мэдэгдэх ёстой. Энэ нь төрийн ажил, хүндэтгэлийн арга хэмжээ. Тухайн анхдугаар хуралдааныг сайхан элэг бүтэн хийвэл, манай аймгийн түүхэнд ийм асуудал урьд өмнө гарч байгаагүй. Төлөөлөгч нарт мэдэгдсэн эсэхийг тодруулж байгаад зохих хэмжээний сар хугацаа өгөөд, 2 тал зөвшилцөөд асуудлыг шийдвэрлэх ёстой байсан.

Тийм учраас төлөөлөгч нарын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвших, Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох, Засаг даргад нэр дэвших  санал өгөх зэрэг үндсэн бүрэн эрх ноцтой хөндөгдөж байгаа тул шүүхэд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрх хамгаалахаар явж байгаа гэдгийг хэлье гэв.

 

22. Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шүүхэд гаргасан хариу тайлбарт:

22.1. Нэхэмжлэлийн шаардлага 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас баталсан нийт Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, аймгийн ИТХ-ын даргыг сонгох, чөлөөлөх тухай, аймгийн ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай дурджээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 "аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх", 73 дугаар зүйлийн 73.4 "Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай албан бичгээр аймгийн ИТХ-д "аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн Сонгуулийн хорооны 34 дүгээр тогтоолыг өргөн мэдүүлсэн байна.

22.2. Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 "Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна" гэж заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн Сонгуулийн хорооны 33 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн өглөө 10 цагт Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 давхрын хурлын танхимд зарлан хуралдуулахаар тогтоосон байна. Энэхүү шийдвэрээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд суудал авсан намууд болох аймгийн Монгол Ардын нам, Ардчилсан намуудад аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаартай албан бичгээр тус бүр хүргүүлсэн байна. Мөн түүнчлэн, төлөөлөгчид тус бүрээр урилга хэвлүүлж, аймгийн ИТХ-ын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/222 тоот албан бичгээр хуралдаанаар хэлэлцэх дэгийн төслийн хамт аймгийн Монгол Ардын Намын Хороо, аймгийн Ардчилсан намын хороонд тус тус хүргүүлсэн байна.

22.3. Гэтэл нэхэмжлэгчид нэхэмжлэлдээ аймгийн ИТХ-д сонгогдсон нийт 41 төлөөлөгчөөс 31-ээс доошгүй төлөөлөгч анхдугаар хуралдаанд биечлэн оролцсоноор Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзэж байгаа ба аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд АН-аас сонгогдсон 23 төлөөлөгч оролцож, МАН-ын 18 төлөөлөгч оролцоогүй байхад бидний нэрийн өмнөөс эчнээгээр бидний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасанд гомдолтой байна гэжээ.

22.4.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д "Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно" гэж заасан нь аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, иргэдээс хамгийн олон санал авсан 41 нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож 34 дүгээр тогтоолыг баталснаар аймгийн ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүн 100% бүрдсэн байна.

 22.5. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлогдсон байсан ба тухайн өдөр 10 цагт аймгийн АН-аас сонгогдсон 23 төлөөлөгч хүрэлцэн ирсэн боловч аймгийн МАН-аас сонгогдсон 18 төлөөлөгч ирээгүй байсан тул төлөөлөгчдийг хуралдаанд оролцох боломжоор хангаж, аймгийн МАН-ын хороонд аймгийн Сонгуулийн Хорооноос 96 дугаартай албан бичиг хүргүүлж тухайн өдрийн 14 цагт хуралдаанд хүрэлцэн ирэхийг хүссэн байна.

Гэвч аймгийн МАН-аас ямар нэг хариу ирүүлээгүй ба сонгогдсон 18 төлөөлөгчид ирээгүй тул анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 25 минутад эхлүүлсэн билээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 "Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно" гэж заасан байх ба аймгийн МАН-аас сонгогдсон 18 төлөөлөгчийн бүлгийн хурал давхацсан гэх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй юм.

22.6. Аймгийн Сонгуулийн Хорооноос анхдугаар хуралдааныг зарласнаас хойших хугацаанд аймгийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулж өгөх асуудлаар ямар нэг албан ёсны хүсэлт ирүүлээгүй байна. Аймгийн МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийн хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй ба аймгийн Сонгуулийн хороо болон аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчдийг хуралдаанд оролцуулах бүх талын арга хэмжээ авсан гэж үзэж байгаа болно.

 Иймд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.  

23. Хариуцагч иргэдийн Төлөөлөгчийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

23.1 Өмнө нь нэр бүхий 18 нэхэмжлэгч байсан, одоо 17  төлөөлөгч болж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсанаар бүх юм хуулийн дагуу явагдах ёстой гэсэн зарчимтай санал нийлж байгаа, бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Гэхдээ манай нэхэмжлэгчид өөрсдөө хууль бус шаардлагыг тавиад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад тайлбарласан 2 агуулгын хувьд  нэгдүгээрт, сонгуулийн дүнгээр оролцсон 2 төлөөлөгч хууль бус оролцсон. Хоёрдугаарт, анхдугаар хуралдааны талаар мэдээлэл өгөхгүй, төлөөлөгчдийг оролцох эрхийг нь зөрчсөн гэсэн агуулгатай нэхэмжлэлийг тайлбарлаж байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01266 дугаартай албан бичгээр шүүхэд тайлбар хүргүүлсэн. Энэ тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна.

23.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль байна. Манай аймагт сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан. Энэ хуулиар сонгууль явагдсанаас хойш 7 хоногийн дотор Сонгуулийн хороо дүнг нийтэд мэдээлэх, хуулийн хугацаатай байдаг. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь хэсэгт “аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан, мөн хуулийн  73 дугаар зүйлийн 73.4  дэх хэсэгт “тухайн шатын сонгуулийн хороо сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 7 хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан учраас аймгийн Сонгуулийн хороо сонгууль дууссанаас хойш 7 хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Сонгуулийн хорооны 34 дүгээр тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн. Тэгээд өргөн мэдүүлснээс хойш аймгийн Сонгуулийн хороо нь 14 хоногийн дотор ээлжит хуралдааныг зарлах тухай хуульд тусгасан. Тэгэхээр 10 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлээд, 14 хоногийн дотор анхдугаар хуралдааныг зарлана гэж хууль тогтоогч нар хуульчлаад өгсөн байхад тэр хуулийн хугацааг аймгийн Сонгуулийн хороо 14 хоногийг нь тулгаад, 14 хоног дээр анхдугаар хуралдааныг зарласан буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт анхдугаар хуралдааныг товлосон. Хуралдаан товлогдсон  14 дэх хоног дээр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр өглөө 10:00 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд  Монгол Ардын намаас сонгогдсон нэр бүхий 18 төлөөлөгч ирээгүй.

23.4. Тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас тухайн сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулах бүх  боломжийг бүрдүүлсэн гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нар болон өмгөөлөгч нь фейсбүүк хаяг групп нээгээд мэдээлэл хүргэнэ гэсэн хуулийн зүйл заалт хаана байна гэж хэлж байгаа. Манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны зүгээс ямар боломжит хэлбэрээр төлөөлөгчид мэдээлэл хүргэх боломжтой гэдэг дээр өөрсдийн ажлын зохион байгуулалтын хэлбэрээр сонгогдсон төлөөлөгчид тодорхой байгаа учраас бүгдийнх нь хаягаар фейсбүүк групп үүсгээд дотор нь мэдээллүүдийг хүргэсэн.

23.5. Хоёрдугаарт, манай аймгийн онцлогтой холбоотойгоор “9 цагийн” мэдээ байдаг. Энэ мэдээг хүн болгон сонсдог гэж ойлгож байна. Энэ мэдээгээр 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өргөн барьсны дараа аймгийн Сонгуулийн хорооны дарга А.С мэдээлэл өгсөн. Тэр “9 цагийн” мэдээ мэдээлэл дээр нэр дэвшсэн 41 төлөөлөгчийг овог, нэртэй нь нэр дурдаж нийтэд мэдээлж дурдсан.

23.6. Гуравдугаарт, аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслахаар ажиллаж байсан Жгэдэг залуу байсан. Тэр хүн тухайн үед сонгогдсон бүх төлөөлөгч нарт хуралдааны товыг утсаар мэдэгдсэн. Тэр үед холбогдох боломжгүй байсан, утсаа аваагүй, ямар нэгэн байдлаар сонсоогүй асуудлыг би мэдэхгүй. Гэхдээ тухайн үед эмнэлэгт хэвтэж байна, утсаа аваагүй гэдэг асуудлаар Хурлын нарийн бичгийн даргад мэдэгдсэн хүн нь ямар тайлбар өгч байсныг би мэдэхгүй байна.  Хавтаст хэрэгт утсаар мэдэгдсэн эсэх асуудлаар Жамбылаас гэрчийн мэдүүлэг авч, хавсарсан байсныг би сайн санахгүй байна. “9 цагийн” мэдээгээр нийтэд мэдээллээ, групп чат үүсгэсэн, “Дербес” телевизээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Серикболат  ярилцлага өгч бас нэр дурдаж бүгдийг нь тодорхой өгсөн.

 Манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэсэн цахим хуудас байдаг. Үүнд, жишээлбэл, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мэдээлэл тавьсан хуудас байна. Мэдээлэл тавьсан хуудас дээр зураг, Сонгуулийн хорооны өргөн мэдүүлсэн тогтоолын эх хувь, хавсралт 41 төлөөлөгчийн нэр утастай сонгогдсон тойргийн тухай мэдээлэл гээд албажуулж авах үед 95 хүн лайк дараад, 21 хүн хуваалцсан гэсэн мэдээлэлтэй байна. Энэ цахим хуудас, телевизийн нэвтрүүлэг, радиогоор мэдээлэл өгөөд байхад манай төлөөлөгч нар мэдээгүй гэсэн үндэслэлээрээ хуралдаанд ирээгүй байгаа нь үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан биш.  

23.7. Бид нар иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ажлын алба аль нэг намын талд ажилладаггүй. Бид нар төрийн жинхэнэ албан хаагч гэдэг утгаараа төрийн үйлчилгээг иргэдэд хуулийн хүрээнд хүргэх, тангараг өргөсөн албан хаагч нар байдаг.  Миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ажилд ороод 13 дахь жилд ажиллаж байна. Энэ хугацаанд 4, 4 жилээр сонгуулийн үр дүнгээр төлөөлөгч нар сонгогдож ирдэг, аль болох боломжтой хэлбэрээр төлөөлөгч нарт мэдээлэл хүргэж ажиллаж байсан. Энэ удаагийн шиг гарт маань урилга өгөөгүй, мэдээгүй гэсэн шалтгаанаар анхдугаар хуралдаанд ирээгүй төлөөлөгч нарыг хараагүй. Тэгээд хуульд заавал гарт нь урилгыг хүргүүлнэ гэсэн заалт ч бас байхгүй,  боломжтой хэлбэрээр хуралдаанд оролцуулах боломжийг хангасан. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өглөө 10 цагт зарласан хуралдааныг Ардын Намын бүлэгт албан бичиг хүргүүлээд, 14 цаг хүртэл хүлээгээд ямар нэгэн хариу ирүүлээгүй болохоор 14 цаг 25 минутад хуралдаан эхэллээ гээд хуралдааны  тэмдэглэл дээр бичээд, хуралдаан нь үргэлжилсэн.

23.8.  Хуулийн хугацаа нь дууссан 14 хоног нь болчихсон байхад Ардын Намын бүлэг хуралдаж байна гэсэн шалтгаанаар тухайн өдрийн хуралдааныг хойшлуулбал хууль зөрчих асуудал үүснэ. Тэгэхээр адилхан та бүгдийн эрх ашгийг хүндэтгээд хуралдаан хойшлуулсан тохиолдолд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг  хууль бусаар зохион байгуулсан гэсэн нэг асуудал үүсэх  байсан. Нэхэмжлэгч Х.А төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нэг зүйл дээр анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн 01 дүгээр Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг яагаад хууль бус гэж үзэж байгаа гэдэг дээр А.Б болон З.Ж гэдэг төлөөлөгч нар хоорондоо санал өгсөн нь энэ тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ 01 дугаартай тогтоол нь Сонгуулийн хорооноос өргөн мэдүүлсэн сонгуулийн дүнг хэлэлцэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол байгаа. Эдгээр хүмүүсийн сонгуулийн хорооноос өргөн барьж байгаа төлөөлөгчдөөр сонгогдсон гэдгийг үгүйсгэж хүчингүй болгох, нэг нэгэндээ санал өгсөн гэдгээрээ хүчингүй болгох үндэслэлгүй юм. Энэ нь цаанаа тойргоос,  иргэдээс сонгогдсон төлөөлөгч нар юм гэдгийг тайлбарлаж хэлье.

23.9. Х.Б төлөөлөгчийн хэлж байгаагаар ч гэсэн “өмнө нь сонгогдсоноор тооцож мандат олгодог байсан” гэж байгаа.  Өмнөх сонгуулийн хуулиар мандат өгдөг байсан, сүүлийн мөрдөж байгаа Сонгуулийн хуулиар мандат олгох асуудал байхгүй байсан учраас тухайн үеийн Сонгуулийн хороо ийм ажиллагаа явагдаагүй байх гэж үзэж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ажлын албаны зүгээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулах бүхий л боломжоор хангаж ажилласан. Харин тухайн үед сонгогдсон төлөөлөгч нар маань Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд оролцохгүй байхыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, ирээгүй болно гэв.

 

24. Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны даргалагчийн шүүхэд гаргасан тайлбар:

24.1. Нэхэмжлэлийн шаардлагад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас баталсан нийт Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, аймгийн ИТХ-ын даргыг сонгох, чөлөөлөх тухай, аймгийн ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай дурджээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

 Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д "аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх", 73 дугаар зүйлийн 73.4-д "Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай албан бичгээр аймгийн ИТХ-д "аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн Сонгуулийн хорооны 34 дүгээр тогтоолыг өргөн мэдүүлсэн байна.

24.2. Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 "Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна" гэж заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн Сонгуулийн хорооны 33 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн өглөө 10 цагт Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 давхрын хурлын танхимд зарлан хуралдуулахаар тогтоосон байна. Энэхүү шийдвэрээ аймгийн ИТХ-д суудал авсан намууд болох аймгийн Монгол Ардын нам, Ардчилсан намуудад аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаартай албан бичгээр тус бүр хүргүүлсэн байна. Мөн түүнчлэн төлөөлөгчид тус бүрээр урилга хэвлүүлж, аймгийн ИТХ-ын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/222 тоот албан бичгээр хуралдаанаар хэлэлцэх дэгийн төслийн хамт аймгийн Монгол Ардын Намын Хороо, аймгийн Ардчилсан намын хороонд тус тус хүргүүлсэн байна.

24.3. Гэтэл нэхэмжлэгчид нэхэмжлэлдээ аймгийн ИТХ-д сонгогдсон нийт 41 төлөөлөгчөөс 31-ээс доошгүй төлөөлөгч анхдугаар хуралдаанд биечлэн оролцсоноор Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзэж байгаа ба аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд АН-аас сонгогдсон 23 төлөөлөгч оролцож, МАН-ын 18 төлөөлөгч оролцоогүй байхад бидний нэрийн өмнөөс эчнээгээр бидний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасанд гомдолтой байна гэжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт "Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно" гэж заасан нь аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, иргэдээс хамгийн олон санал авсан 41 нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож 34 дүгээр тогтоолыг баталснаар аймгийн ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүн 100% бүрдсэн байна.

 24.4. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлогдсон байсан ба тухайн өдөр 10 цагт аймгийн АН-аас сонгогдсон 23 төлөөлөгч хүрэлцэн ирсэн боловч аймгийн МАН-аас сонгогдсон 18 төлөөлөгч ирээгүй байсан тул төлөөлөгчдийг хуралдаанд оролцох боломжоор хангаж, аймгийн МАН-ын Хороонд аймгийн Сонгуулийн Хорооноос 96 дугаартай албан бичиг хүргүүлж тухайн өдрийн 14 цагт хуралдаандаа хүрэлцэн ирэхийг хүссэн байна. Гэвч аймгийн МАН-аас ямар нэг хариу ирүүлээгүй ба сонгогдсон 18 төлөөлөгчид ирээгүй тул анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 25 минутад эхлүүлсэн билээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 "Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно" гэж заасан байх ба аймгийн МАН-аас сонгогдсон 18 төлөөлөгчийн бүлгийн хурал давхцсан гэх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй юм. Аймгийн Сонгуулийн Хорооноос анхдугаар хуралдааныг зарласнаас хойш хугацаанд аймгийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулж өгөх асуудлаар ямар нэг албан ёсны хүсэлт ирүүлээгүй байна. Аймгийн МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийн хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй ба аймгийн Сонгуулийн хороо болон аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчдийг хуралдаанд оролцуулах бүх талын арга хэмжээ авсан гэж үзэж байгаа болно.

 Иймд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

25. Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

25.1.  Анхдугаар хуралдааныг  хамгийн ахмад төлөөлөгч удирдах ёстой гэсэн хуулийн дагуу анхдугаар хуралдааныг удирдсан. Дээрх дурдсан асуудал надад хамааралгүй. Тэр нь Хурлын дарга сонгогдсоны дараах асуудал болоод явсан байх. Миний санаж байгаагаар Зангарын З.Ж аав нь Засаг даргад нэр дэвших үед өөрөө татгалзаад хуралдаанаас гараад явсан. З.Ж, А.Б хоёрын хоорондын асуудлыг сая өөрсдөө дараа нь тогтоолгосон гэсэн. Тухайн үед тийм асуудал гараагүй.  Хуралдааны  эхний асуудал  буюу  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг  хүлээн зөвшөөрөх асуудалд бүгд  гараа өргөж баталсан. Тухайн үед Монгол Ардын намаас нэр дэвшсэн 18 төлөөлөгчийг бас хүлээн зөвшөөрөөд бүгдээр гараа өргөсөн гэв.

 

26. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт:

26.1. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.З миний бие Х.А нарын нэхэмжлэлтэй, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бус болохыг тогтоолгох,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, хуралдаанаас баталсан нийт Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, чөлөөлөх тухай, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэг батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.

26.2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль журмын дагуу явагдсан бөгөөд тухай хуралдаанаас  гарсан шийдвэрүүд хууль зөрчөөгүй юм.

26.3.  Үүнтэй холбоотой нэмэлт тайлбарыг миний өмгөөлөгч гаргаж оролцох болно. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

27.  Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

27.1.  Миний бие хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэхэмжлэгч нар анх анхдугаар хуралдааны товыг мэдэгдээгүй, төлөөлөгчдийн хуралдаанд оролцох эрх ашиг нь зөрчигдсөн гэдэг утгаар нь шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байсан өөр үндэслэлээр явж байсан. Үүнийгээ бүгд сайн мэдэх байх. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, төлөөлөгчдийн зүгээс бид нар тов мэдээгүй гэсэн зүйл огт бичээгүй байсан. Төлөөлөгчид анхдугаар хуралдааны товыг бүгдээрээ мэддэг юм гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, анх шүүхэд нэхэмжлэл  гаргасан. Улмаар энэ маргаан үүсээд шүүхэд гаргаж нэхэмжлэлийн үндэслэл буруу байсныг мэдэнгүүт шүүхэд маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хугацаанд буюу хэд хэдэн сар өнгөрсний дараа тов мэдээгүй байна гэдэг асуудал гаргаж ирсэн.

27.2. Шүүхээс энэхүү асуудлыг шалгасан, шалгахад хэд хэдэн байдлаар тов мэдэгдсэн байсан. Анхдугаар хуралдааныг товлон зарласан баримтуудыг шүүхээс авсан. Анхдугаар хуралдааныг хуулийн дагуу хуралдуулах, тов мэдэгдэх, зохион байгуулах үүрэг нь Сонгуулийн хороонд оногдсон байна. Сонгуулийн хороо сонгуулийн дүнг өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн дотор анхдугаар хуралдааныг товлон зарлаж хуралдуулна гэсэн. Энэ 14 хоногийн дотор хугацаанд Сонгуулийн хороо буюу Хурлын ажлын алба зохих хууль журмын дагуу Сонгуулийн хорооны шийдвэрийн дагуу сонгогдсон иргэдэд, сонгуульд оролцож ялалт байгуулсан олонхын санал авсан хүмүүст  мэдэгдсэн.

 Нэгдүгээрт, тус бүрт нь урилга өгсөн. Иргэний хувьд би ч гэсэн та хэдийг фейсбүүк, олон нийтийн сошиал дээр  таньдаг байсны хувьд стори дээр тавьсан тараасан урилгуудыг харж байсан. Гэхдээ би тэр асуудалтай холбоотой өнөөдөр нотлох баримт цуглуулах ямар нэгэн хүсэлт, санал гаргаагүй.

Хоёрдугаарт,  групп чат үүсгэж мэдээлэл тавьсан. Хэзээ, хаана, хэдэн цагаас анхдугаар хуралдаан болох гэж байгаа талаар мэдээлсэн. Үүнийг үзлэг хийх журмаар бэхжүүлсэн,  үзлэгийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан.

 Гуравдугаарт, ажлын албаны мэргэжилтэн Ж, Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан А.С нарын хувьд хуралдааны товыг хэрхэн, яаж мэдэгдсэн талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Ж гэдэг хүмүүсийн хувьд улс төрийн албан тушаалтан биш, төрийн захиргааны төрийн жинхэнэ албан хаагч хүн байна. Тэдгээр хүмүүсээс хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгээр товыг мэдэгдсэн юм гэдэг нь тогтоогдож байгаа.

27.3. 2024  оны 10 дугаар сарын 28-ны өдөр болох анхдугаар хуралдааны 10 цагаас эхлэх байсан боловч Монгол Ардын намаас сонгогдсон 18 төлөөлөгч хуралдаанд ирээгүй гэсэн шалтгаанаар хуралдааныг 14 цаг хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотой намын даргад  мэдэгдсэн. Мөн Хурлын нарийн бичгийн дарга буюу Сонгуулийн хорооны даргын хувьд мөн адилхан албан бичгээр хуралдаанд оролцохыг шаардсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээс бусад ямар ч тохиолдолд хуралдаанд оролцохгүй байх, орхин гарах, хориглоно гэдгийг сануулсан байдаг. Тэгэхээр 14 цагт хүртэл  хуралдааны ирцэд орж ирээгүй.

27.4. Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид мөн аймгийн олон нийтийн телевиз болох “Дервис” телевизээр шууд дамжуулалт хийгээд, ард түмнээс сонгогдсон төлөөлөгч нарт иргэдийг хүндэтгэж, анхдугаар  хуралдаанд оролцох уриалгыг удаа дараа гаргаж байсан. Үүнийг тус аймгийн бүх иргэд мэдэж, сонирхож байсан, бүгдээрээ үзэж, харах боломжтой байсан. Тиймээс 14 цагийн хугацаанд мөн адилхан хүрэлцэн ирээгүй   учраас 14 цаг 40 минутаас хуралдааныг үргэлжлүүлсэн.

27.5. Хуралдааны хувьд олонх нь ирж оролцсон учраас хуулийн хүчин төгөлдөр, тухайн хуралдааныг хүчингүй гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй байсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа нэхэмжлэгчид 18 төлөөлөгчийн хувьд хуралдаанд ирээгүй хуралдааныг хойшлуулах, хуралдааныг хүчингүй болгох үндэслэл байхгүй байсан.

27.6. Анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүдтэй холбоотой ба төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр дээр маргаж байх шиг байна. Энэ бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийн хувьд эерэг нөлөө бүхий захиргааны акт, эерэг нөлөө бүхий захиргааны актыг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл нэхэмжлэгч талаас гаргаж тавиагүй. Тухайн эерэг нөлөө бүхий захиргааны актыг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдвол  хүчингүй болгоно гэж заасан. Тиймээс тухайн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоол хүчин төгөлдөр байсны эцэст өнөөдөр хүртэл  анхдугаар хуралдаанаас хойш болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаануудад  нэхэмжлэгчид буюу төлөөлөгчид   биечлэн оролцож, төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлж, ажиллаж явж байгаа.

27.7. Нэгдүгээрт, төлөөлөгчдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлаар маргах эрхгүй.. Үүнтэй холбоотой гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авах боломжгүй.

Анхдугаар хуралдаан хууль бус болохыг тооцуулахтай холбоотой тайлбарлахад, ирц бүрдүүлээгүй, мэдэгдээгүй гэдэг асуудал ярьсан боловч анхдугаар хуралдааны товыг хангалттай мэдэгдсэн. Үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдсан учраас нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын шүүхэд тайлбарлаж байгаа тайлбар, үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайн үед анхдугаар хуралдааны товыг Сонгуулийн хороо сонгогдсон, олонх саналаар авсан төлөөлөгч нарын бүгдэд нь мэдэгдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдсон байгаа учраас хуралдаан бүхэлдээ хууль бус гэж үзэх ямар ч боломжгүй байна.

27.8. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон шийдвэртэй холбоотой маргаж байх шиг байна. Хуралдааны даргыг сонгох ажиллагааны хувьд 23 төлөөлөгч оролцсоноос 100%-ийн саналаар А.Б иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны даргаар сонгогдсон. А.Б хувьд бичиг үсэг мэдэхгүй, төрийн албанд нэг ч өдөр ажиллаагүй гэдэг байдлаар тайлбарлаж  байна. Шаардлагыг хангасан дээд боловсролтой, Ардчилсан намын аймгийн хорооны намын хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд олонхын санал аваад, сонгогдсон байна. Тэр хүнийг боловсрол, бусад туршлага, шаардлага хангаагүй гэдэгтэй холбоотой ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хуульд заасан шаардлагыг  хангаж байгаа. Тухайн хуралдаанд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар хурлын даргыг сонгох ажиллагаа хийгдсэн, 100%-ийн саналаар А.Б гэдэг хүний хувьд Хурлын даргаар сонгогдсон.

 27.9. Тухайн хүнийг сонгох ажиллагаа дээр хууль зөрчсөн гэж байгаа нэгдмэл ашиг сонирхолтой З.Ж гэдэг төлөөлөгч түүний төлөө санал өгсөн гэдэг асуудал яригдаж байна. Санал хураалтын ажиллагаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53  дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт зааснаар нууцаар  явагддаг. 100%-ийн саналаар гэж байгаа учраас  З.Ж хувьд А.Б санал өгсөн талаар маргаан байхгүй. Гэхдээ санал хураалтын хувьд нууцаар явагдах ёстой, тэр хүн хэнд санал өгсөн, санал өгөх ёсгүй гэдэг байдлаар хэн ч маргах эрхгүй.

Хуульд Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцоход зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч мөн санал хураалтад оролцох эрхтэй гээд заасан. Тэгэхээр тухайн хуралдаанд оролцож байгаа бүх төлөөлөгч нэг нэгэндээ санал өгөх эрхтэй, тухайн саналын эрхийг нууцаар гаргана, тухайн төлөөлөгч өөрөө өөртөө санал өгөх эрхтэй байдаг. Тэгэхээр нэгдмэл сонирхолтой хүний хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53  дугаар зүйлд заасан ажиллагаа дээр оролцож болохгүй гэдгийг хязгаарласан зүйл байхгүй.

27.10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг үүнд хамааруулан ойлгох боломжгүй, дээрх хуулийн заалт бусад үйл ажиллагаа дээр хамааралтай юм. Энэ асуудалтай холбоотой Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох ажиллагаанд  мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт асуудалд  хамаарах эсэхэд  дүгнэлт хийхийг шүүхээс шаардаж байгаа. Гэхдээ энэ хамаарах ёсгүй, хууль зөрчөөгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй учраас тэр хуралдаанд оролцсон төлөөлөгч З.Ж хувьд түүний нэгдмэл сонирхолтой этгээдэд санал өгч байгаа асуудал дээрх хуулийн заалт буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар хязгаарлаагүй, хориглоогүй байгаа учраас энэ зөрчил биш.

 27.11.  Авлигатай тэмцэх газрын албан бичгийг хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байгаа юм бол шүүхэд нэхэмжлэл гаргаж яах юм, тэр шүүхээс өмнөх гарсан бүхий л шийдвэр эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй. Авлигатай тэмцэх газрын албан бичиг З.Ж саналыг хүчингүй болгохгүй, саналыг хүчингүй болгосонтой холбоотой тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

23 хүнээс нэг хүний саналыг хасахгүй, хасаж тооцсон ч гэсэн олонхын саналаар А.Б Хурлын даргаар сонгогдсон хэвээрээ үлдэнэ.  Гэхдээ  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийг зөрчөөгүй учраас, өөрөө өөртөө санал өгч оролцож байгаа учраас хууль зөрчсөн ажиллагаа биш.

27.12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг тайлбарлаж байгаа бол мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсгийг  мөн хуулийг 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгийг харьцуулж үзэх шаардлагатай. Тэгвэл нэр дэвшсэн төлөөлөгч өөрөө өөртөө санал өгч байна. Тэгэхээр  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан  нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа зүйл нь өөрөө өөртөө санал өгсөн ажиллагааг мөн адил хууль бусад тооцуулах гээд байгаа юм уу. Тэгвэл өөрөө өөртөө  санал өгсөн саналыг бас хүчингүй болгох тухай санал гаргаж ирэхгүй яасан  бэ.

27.13.  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт нийтийн ашиг сонирхлын зөрчил гэдгийг тайлбарласан. Нийтийн ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаал бүрэн эрхийг хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхлын зөрчил, нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан  үүрэг тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд нь харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал юм.  Энэ асуудал хүний бүрэн эрхийг шударгаар тэгш, хэрэгжүүлэхэд ямар харш нөхцөл байдал бий болж байна. Тэр зөвхөн Хурлын даргыг сонгох ажиллагаа. Үүнд, төлөөлөгч бүр нэг нэгэндээ санал өгөх эрхтэй, саналын эрхийг хэрэгжүүлэхэд нь нийтийн ашиг сонирхолд ямар байдлаар, хэрхэн яаж зөрчилдөж байгаа нь тодорхойгүй. Нийтийн ашиг сонирхлын ямар зөрчил үүсэх, үүнээс болж хэн нь яаж хохирох гээд байгаатай холбоотой тайлбарыг үндэслэлтэй гаргаагүйгээс болж нэхэмжулэгчдийн тайлбар үндэслэлгүй байна.  Хуульд маш тодорхой заагаад өгсөн.

 27.14. Дэг баталсан сэдэвтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Анхдугаар хуралдаан хууль ёсны хуралдаан болсон. Тухайн хуралдаанаар оролцсон нь олонхын саналаар дэг батлагдаад явсан. Хуралдаанд оролцсон нэхэмжлэгчид өөрсдөө дэгтэй холбоотой санал гаргах боломжтой. Түүнээс энэ дэгтэй холбоотой асуудлыг хуралдаанд оролцоогүй төлөөлөгчдийн хувьд маргах эрхгүй. Дэг баталснаас болж,  төлөөлөгчдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бэ. Дэг гэдэг зүйл дотогшоо чиглэсэн, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа зохицуулж байгаа шийдвэр юм. Үүнийг  хэзээ ч өөрчилж болно, санал гаргаж болно. Дэг баталсан шийдвэртэй маргаж байгаа асуудлын хувьд үндэслэлгүй байна гэдгийг хэлье.

27.15. Зөвлөл байгуулсантай холбоотой олонх оролцсон хуралдаан хууль журмын дагуу явагдсан. Олонхын шийдвэр гарсан хуралдаан, ямар нэгэн хууль журмыг зөрчөөгүй, тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байгаа учраас мөн адил хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

27.16.  Талийгаач Д.М өвчтэй байсан, тэр хүний эрх зөрчигдлөө гэдэг зүйл ярьж байна. Талийгаачийн Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. Тэр хүний гаргасан нэхэмжлэлийг өнөөдөр шүүхээс хэлэлцэхгүй, тэр хүн өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хуралдаанд оролцоогүй, хуралдаан хийж байгаа нь буруу, тов мэдсэн, мэдээгүй гэдэг асуудлыг хэлэлцэх  боломжгүй. Учир нь, тэр хүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон саналыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнөх шүүх хуралдаанд гаргаж, тэр захирамж нь хүчин төгөлдөр болчихсон. Тухайн хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн талаар маргах эрхгүй.

27.17. Нэхэмжлэгч талаас анхдугаар хуралдааныг  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдээд,  28-ны өдөр хуралдах болсныг  боломжит хугацаа олгоогүй гэж ярьж байна. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна.

 27.18.  10 дугаар сар намрын улирал юм. Тухайн үед зам хаагдах ч юм уу, хөдөө сумуудад ажиллаж амьдардаг, төлөөлөгчдийн хувьд хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй байхтай холбоотой ямар нэгэн нотлох баримт, хүсэлтийг ирүүлээгүй. Тиймээс тэдгээр хүмүүс 3 хоногийн дотор ямар ч нөхцөл байдал үүссэн ч хуралдаанд оролцох бүрэн боломжтой байсан. Харин оролцож чадахгүй нөхцөл байдал үүсвэл түүнийг бичгээр нотлох баримттай хамт хүргүүлээд, хуралдааныг хойшлуулах асуудлыг хуралдаан эхлэхээс өмнө нь хэлэлцүүлээд санал аваад тэрийг хойшлуулах  эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Тиймээс 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн нь маш богино, боломжгүй, давчуу хугацаа, эрхийг нь хангаж өгсөн, өгөөгүй гэж маргах боломжгүй. Хуралдааны товыг боломжит хугацаагаар мэдэгджээ.

27.19. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар мэдэгдсэн байх ёстой гэдэг зүйл яригдаж байгаа. Анхдугаар хуралдаанаар юуг хэлэлцдэг вэ гэдэг нь хуулиар тодорхой байдаг. Төлөөлөгчдийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана.  Анхдугаар хуралдааныг Хурал зохион байгуулах биш, Сонгуулийн хороо хуульд заасан үүргийн дагуу хуралдуулж, зохион байгуулдаг юм. Тухайн анхдугаар хуралдаанаар ямар асуудал хэлэлцэгдэх гэж байгаатай холбоотой бүгдээрээ мэдээлэлтэй байх ёстой. Хуулийг мэдэхгүй байх гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй. Хуулиар бүгдээрээ мэдсэн байх ёстой, мэдээлэлтэй байх ёстой.

Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар анхдугаар хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх эсэх асуудал хуульд маш тодорхой байна.

27.20. Өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн дотор анхдугаар хуралдааныг зохион байгуулах асуудал эцсийн өдөрт таарч байгаа, цаашаагаа 50 хоногийн хугацаа бас байсан гэдэг зүйл ярьж байгаа. Сонгуулийн хорооны дарга улс төрийн албан тушаалтан биш, тэр хүний хувьд төрийн захиргааны албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч хүн байгаа. Тэр хуулиар хүлээсэн үүргээ зөрчвөл тэр хүний хувьд Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэл болдог. Тэр хүн хуульд заасан хугацаанд анхдугаар хуралдааныг зарлан, хуралдуулах, зохион байгуулах үүрэгтэй байсан, тэр үүргийг Сонгуулийн хорооны даргын хувьд хэрэгжүүлсэн ба гэрчийн мэдүүлэг дээр маш тодорхой хэлсэн. А.Серикболатын хувьд Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Сонгуулийн хорооны даргын хувьд үүргийг биелүүлсэн байна үзэж байна.

27.21. Засаг даргад нэр дэвшүүлсэн нь тухай тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгоё гэсэн зүйл ярьж байна. Гэхдээ нэхэмжлэгч талын зүгээс тухай хуралдааныг хууль бусаар явуулсан гэдгээс өөр ямар нэгэн үндэслэл гаргаж тавиагүй. Олонхын саналаар Засаг даргад тухайн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нэр дэвшүүлсэн байна. Анхдугаар хуралдаан хууль журмын дагуу зохион байгуулагдсан, хүчин төгөлдөр хуралдаан байсан учраас нэр дэвшүүлэх тогтоол хууль бус байсан гэж үзэх ямар нэгэн нөхцөл байдал байхгүй байна.

27.22. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбекийн зүгээс гол хариуцагч нотлох баримтыг судлуулаагүй, зөвшөөрч байгаа гэсэн зүйл ярьж байна. Хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээдийн хариу тайлбар дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ирүүлсэн нэг ч тайлбар байхгүй. Өнөөдөр ч гэсэн оролцож байгаа Т.Аршагүл, Х.Батырбек нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа байдлаар тайлбар гаргасан зүйл байхгүй. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүгдийг нь зөвшөөрөхгүй байна. Тиймээс шүүхэд гаргасан 17 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч бөгөөд нэр бүхий 16   нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х Арманаас  Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон анхдугаар хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан  “2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг болон уг хуралдааны “Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоолгох” (1), “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1 дүгээр (2) , “Хурлын даргыг сонгох   тухай” 03 дугаар (3) , “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай” 05 дугаар (4), “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл батлах тухай” 07 дугаар (5) тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын  “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр (2) тогтоолыг болон “Хуралдааны дэг батлах тухай” 05 дугаар (5) тогтоолыг тус тус  хүчингүй болгуулах   шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   54.1.1, 54.1.5-т зааснаар  хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2.  “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр (2) тогтоолыг[2] хүлээн авахаас татгалзсан  үндэслэлийн тухайд:

        2.1. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанаас баталсан “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолоор  орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн хэмжээнд хамгийн олонх санал авсан, аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтаар[3] аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн баталсан байх ба нэхэмжлэгчид нь уг тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

        2.2. Захиргааны шүүхийн гол зорилго нь хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу түүний  субьектив эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй  тохиолдолд уг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, хамгаалахад орших бөгөөд нэхэмжлэл гаргаж буй этгээд нь маргаж буй захиргааны актын улмаас түүний ямар субьектив эрх нь зөрчигдсөнийг тодорхойлох шаардлагатай.

        2.3. Нэхэмжлэлийн шаардлагад заасан маргаан бүхий захиргааны акт нь  нэхэмжлэгчдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  бүрэн эрхийг  олгосон эерэг нөлөөлөл бүхий  акт бөгөөд энэхүү маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчдийн   субьектив эрхийг хөндсөн  гэж үзэх боломжгүй ба шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчдийн ямар эрх нь хамгаалагдах, сэргээгдэх гэж буй  нь тодорхойгүй тул  нэхэмжлэгчдийг уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй  этгээдүүд биш гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасан “...  нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

        3. “Хуралдааны дэг батлах тухай” 05 дугаар (5) тогтоолыг[4] хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийн тухайд:

        3.1. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны 05 дугаар тогтоолоор хуралдааны дэгийг батлах асуудлыг хэлэлцэн баталжээ.

       3.2. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын  28-ний өдрийн анхдугаар хуралдааны “Хуралдааны дэг батлах тухай” 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д  заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь, аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ний  өдрийн анхдугаар хуралдаанаар баталсан хуралдааны дэг нь  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасанд хамаарахгүй болно.

Тодруулбал, хуралдааны дэг нь  дангаараа гадагшаа чиглэсэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан буюу  тодорхой этгээдэд, тухайлбал, нэхэмжлэгч нарт чиглэсэн эрх зүйн үр дагаврыг шууд  үүсгэхгүй, уг шийдвэр нь тухайн хуралдааныг явуулах, хуралдаанаас шийдвэр гаргах ажиллагааны процессыг зохицуулсан буюу захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамааралтай  тул захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй  гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч нарын гаргасан бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан үндэслэлүүдийн тухайд:

4.1. 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн үр дүнгээр нийт 41 төлөөлөгчийн 18 төлөөлөгч Монгол Ардын намаас, 23 төлөөлөгч Ардчилсан намаас тус тус нэр дэвшин сонгогдсон байх ба  аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай“ тогтоолоор 41 нэр бүхий  иргэнийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, тухайн өдрийн 89 дүгээр “Өргөн мэдүүлэх тухай” тогтоолоор[5] аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн  үйл баримт нь  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн  73.2-т заасан “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно”, 73.3-т заасан “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ”, 73.4-д заасан “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”  гэсэнтэй тус тус нийцжээ.

            4.2. Улмаар аймгийн Сонгуулийн хороо нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна ...” гэж зааснаар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор[6] аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 хуралдуулахаар товлон зарлаж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр албан бичгээр[7]  дээрх анхдугаар хуралдааныг товлон зарласан тогтоолын хуулбарыг аймгийн Монгол Ардын намын хороонд болон Ардчилсан намын хороонд тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан аймгийн Сонгуулийн хорооны явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар[8] тогтоогдож байна.

            4.3.  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд   Монгол Ардын намаас нэр дэвшин сонгогдсон 18 төлөөлөгч ирээгүй шалтгаанаар 2024 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10:00 цагт эхлэх  ёстой цагаас   хойшлогдож,  тухайн өдрийн 14:25 цагт Ардчилсан намаас сонгогдсон 23 төлөөлөгчийн буюу 56,9 %-ийн ирцтэйгээр хуралдааныг эхэлж, уг хуралдаанаар “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Тооллогын комисс байгуулах тухай” 02,   “Хурлын даргыг сонгох тухай” 03, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг албан тушаалаас чөлөөлөх тухай” 04  , “Хуралдааны дэг батлах тухай” 05, “Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл батлах тухай” 07 тогтоолуудыг тус  тус хэлэлцэн баталжээ.

            4.4. Хуралдаан товлогдсон 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаан эхлэхээс өмнө аймгийн Монгол Ардын намын хороо нь аймгийн сонгуулийн хороонд “Гомдол гаргах тухай”  85 дугаар албан бичгийг[9] хүргүүлснээр аймгийн Сонгуулийн хороо нь тухайн өдрийн 95 дугаар албан бичгээр[10] гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх агуулга бүхий хариуг хүргүүлж, мөн өдрийн 96 дугаар албан бичгээр[11] анхдугаар хуралдаанд бие бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн байна.

            4.5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... эрх бүхий байгууллагаас анхдугаар хуралдааны товыг мэдэгдээгүй, сонгогдсон төлөөлөгч бүрт урилгыг хүргэж өгөөгүйн улмаас  Хурлын даргыг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох, бусад хэлэлцсэн асуудлуудад санал гаргах эрх зөрчигдсөн, мөн Хурлын даргыг сонгох асуудалд Хурлын даргаар сонгогдсон А.Б нэгдмэл сонирхолтой З.Ж санал өгч хууль зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

4.6. Аймгийн сонгуулийн хороо нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд анхдугаар хуралдааныг товлон зарласан нь, төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн нэрээр нэгбүрчлэн урилга бичиж, аймгийн Монгол Ардын намын болон Ардчилсан намын хороонд хүргүүлсэн нь, төлөөлөгчөөр сонгогдсон 41 иргэний дунд хуралдааны талаарх мэдээллийг хүргэх зорилгоор  “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2024-2028” гэсэн нэртэй бүлэг  үүсгэсэн нь[12], түүнд нэр бүхий сонгогдсон 41 төлөөлөгчийг гишүүнээр нэмсэн нь, уг бүлэгт 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2:04 цагт Anka нэртэй гишүүнээс  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдах анхдугаар хуралдааны дэгийн төслийг болон төлөөлөгч бүрийн нэрийг бичсэн урилгыг,  мөн анхдугаар хуралдааны урилгыг 2 намын хороонд хүргүүлсэн талаарх мэдээллийг[13] тус тус байршуулсан нь, уг мэдээллийг нэхэмжлэгч Х.Б, М.Г, А.Д, Д.М, С.Е, Х., Ж.А, Д.Е, Ж.А, Б.А, М.Т, А.А, Т.Е, А.Е, Ш.А нар үзэж харсан  нь , нэхэмжлэгч Ж.А “ урилгыг хүргэж өгөх үү” гэж асуухад   Khoja  нэртэй гишүүнээс “Урилгыг  намын байранд хүргэж өгсөн. Сүйениш авсан”  гэж хариулсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

4.7. Түүнчлэн,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуралдааны дэгийн төслийг  хүргүүлсэн талаарх  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/222 дугаар албан бичигт[14]  хуралдааны товыг тусгасан байх ба уг албан бичгийг  аймгийн Монгол Ардын намын хороонд болон Ардчилсан намын хороонд тухайн өдөр тус тус хүргэсэн үйл баримт нь  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар[15], гэрч М.Н мэдүүлгээр[16], мөн орон нутгийн “Дербес” телевизээр аймгийн Сонгуулийн хорооны дарга А.С анхдугаар хуралдааныг товлон зарласан талаар  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн ярилцлагад  шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[17] тус тус батлагдаж байна.

4.8. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, аймгийн  Сонгуулийн хорооноос болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас  анхдугаар хуралдааны товыг аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 41 төлөөлөгч нарт, мөн аймгийн Монгол Ардын Намын хороонд болон Ардчилсан намын хороонд нэгэн зэрэг, адил хэлбэрээр мэдэгдсэн,  төлөөлөгчид бүгд  мэдсэн гэж үзэх  үндэслэлтэй байна.

4.9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”,  46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж тус тус заажээ.

4.10. Маргаан бүхий анхдугаар хуралдаанд нийт 41  төлөөлөгчийн олонх 23  төлөөлөгчийн  буюу 56,9%-ийн ирцтэйгээр хуралдаж, хэлэлцсэн асуудлын хүрээнд олонхийн саналаар тогтоол гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэн байна.

4.11. Нэхэмжлэгчдээс шүүх хуралдаанд “... Монгол Ардын намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчид бүлэг байгуулах, уг бүлгийн хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, аймгийн Засаг даргад,  Хурлын Зөвлөлд нэр дэвшүүлэх, бусад асуудлаар санал гаргах асуудлыг хэлэлцэж амжаагүй байхад бидний оролцоог хангахгүйгээр  анхдугаар хуралдааныг яаралтай байдлаар хуралдуулсан“ гэж тайлбарласан.

4.12.  Анхдугаар хуралдааныг товлон зарлах хугацаа нь  хуулиар тогтоогдсон, нийтэд илэрхий үйл баримт бөгөөд аймгийн Сонгуулийн хороо нь сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн, энэ хугацаанаас хойш хуанлийн хугацаагаар тоолоход  хуульд заасан 14 дэх хоног буюу  эцсийн хугацаа болох 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлон  зарласан байх ба нэхэмжлэгчид нь энэ хүртэлх хугацаанд  дотоодод хэлэлцэх  асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх  боломжтой байсан гэж үндэслэлтэй тул  нэхэмжлэгчдээс гаргасан дээрх тайлбарыг  хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байна.

4.13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах; 35.1.4-т заасан “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх”, 35.1.18-т заасан “хуульд заасан бусад бүрэн эрх”, 51 дүгээр зүйлийн  51.1-д заасан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ... таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. ...”, 53 дугаар зүйлийн  53.1-д заасан “Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ” гэж тус тус заасан.

        4.14. Дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаан нь олонхийн ирцтэйгээр хуралдаж,  Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын даргыг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Хуралдааны дэг батлах, Хурлын Зөвлөл байгуулах  асуудлуудыг хэлэлцэж, оролцсон 23 төлөөлөгчийн  олонхийн  буюу 100 %-ийн саналаар баталсан нь хэрэгт авагдсан хуралдааны 01 дүгээр тэмдэглэлээр[18] тогтоогдсон тул анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

        4.15. Анхдугаар хуралдаанаар Хурлын даргаар сонгогдсон А.Б болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Ж нар нь 3494047 регистрийн дугаартай “Мөстийн ундарга” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүнээр бүртгэгдсэн нь  хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[19] тогтоогдож байх бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,  ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.6-д заасан “"нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” гэсэн ойлголтод хамаарч байна.

        4.16. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана”, 53 дугаар зүйлийн 53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,  ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн   3.1.3-т ” "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” гэж тус тус заажээ.

        4.17. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь өөрийн  нэрээ болон бусад төлөөлөгчийн нэрийг  Хурлын даргад нэр  дэвшүүлэх, санал өгөх эрхтэйг хуулиар олгосон  гэж ойлгогдох ба Хурлын даргыг сонгоход санал өгөх  энэ тохиолдлыг  хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал гэж үзэх боломжгүй байна.

        4.18. Хэрэв Хурлын даргыг сонгох санал хураалтад төлөөлөгч З.Ж өгсөн саналыг  хууль зөрчсөн гэж үзэж түүний өгсөн  саналыг нь хассан тохиолдолд ч энэ нь эцсийн үр дүнд нөлөөлөхгүй, 41 төлөөлөгчийн 22 төлөөлөгч буюу олонхийн саналаар сонгогдсон гэж үзэх тул энэ үндэслэлээр Хурлын даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

        4.19. Иймд, дээрх үндэслэлүүдээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас батлан гаргасан “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1 дүгээр, “Хурлын даргыг сонгох   тухай” 03 дугаар ,  “Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл батлах тухай” 07 дугаар  тогтоолуудыг хууль бус, дээрх маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн  гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д  заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарын 17 хүний  тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр,  “Хуралдааны дэг батлах тухай” 05 дугаар  тогтоолуудыг  хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.7, 46.8, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арман нарын 17 хүний  тус  шүүхэд гаргасан “ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас баталсан “Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоолгох”,  “Хурлын даргыг сонгох   тухай” 03 дугаар,  “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл батлах тухай” 07 дугаар  тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах  тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус  зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 40 дүгээр тал /2 хавтас/

[2] Хэргийн 37 дугаар тал /1 хавтас/

[3] Хэргийн 74-75 дугаар тал /1 хавтас/

[4] Хэргийн 42 дугаар тал /1 хавтас/

[5] Хэргийн 76 дугаар тал /1 хавтас/

[6] Хэргийн 73 дугаар хуудас /1 хавтас/

[7] Хэргийн 77 дугаар тал /1 хавтас/

[8] Хэргийн 105 дугаар тал

[9] Хэргийн 106 дугаар тал /1 хавтас/

[10] Хэргийн 79 дүгээр тал /1 хавтас/

[11] Хэргийн 79 дүгээр тал /1 хавтас/

[12] Хэргийн 135-138 дугаар тал /2 хавтас/

[13] Хэргийн 145-147, 159 дүгээр  тал /2 хавтас/

[14] Хэргийн 143 дугаар тал /1хавтас/

[15] Хэргийн 142, 144, 145 дугаар тал /1 хавтас/

[16] Хэргийн 138 дугаар тал /1 хавтас/

[17] Хэргийн 240, 244 дүгээр тал /1 хавтас/

[18] Хэргийн 50-64 дүгээр тал /1 хавтас/

[19] Хэргийн 43 дугаар тал /2 хавтас/