Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0019

 

2016 оны 12 сарын 27 өдөр                  Дугаар 221/МА2017/0019                Улаанбаатар хот

Ц Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Д.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0880 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ц Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04ий өдрийн 0880 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3., 26.3.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 25578 дугаарт бүртгэгдсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн "Ц Ө" ХХК-ийн 25578 бүртгэлийн дугаартай өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0880 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162.1, 162.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар шийдвэрлэсэн мөртлөө "Ц Ө" ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. "Ц Ө" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна", мөн 26.2 дахь хэсэг "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна." гэж заасны дагуу өргөдлийн материалыг хянаж үзээд мэргэжлийн хэлтсээс ирүүлсэн саналын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбайг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасны дагуу багасгах шаардлагатай болсон. Саналын дагуу багасгасан талбайг дахин хянуулахад мэргэжлийн хэлтэс дахин багасгах шаардлага тавьсан. Үүний дагуу "Ц Ө" ХХК нь талбайг дахин багасгаж 3819.87 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар болсон. Мэргэжлийн хэлтсийн саналын дагуу талбайг багасгах шаардлага гарсан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа хойшлогдсон байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0880 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс ... Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх хугацааг ажлын 20-н өдөр гэж хуулийн 26.3-т заасан хугацаанд манай хүсэлтийг хүлээн авахаас эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай ямар нэгэн мэдэгдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс бичгээр болон бусад хэлбэрээр ирүүлээгүй болно. ...25578 дугаарт бүртгэгдсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах ... гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба харин хариуцагчаас ...Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн хэмжээг багасга гэж хоёр удаа шаардлага тавьсан. Ингээд талбайн хэмжээг багасгах гэж хугацаа алдсан тохиолдол байгаа. Гэхдээ хамгийн сүүлийн байдлаар тусгай зөвшөөрөл олгохоор зөвлөлдсөн боловч хараахан шийдвэр нь албан ёсоор гараагүй байсан. Харин өгөхгүй удах болсон өөр нэг шалтгаан нь 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль явагдаж дараа нь агентлагуудын удирдлагууд солигдож, хоёр агентлаг нэгдэх зэрэг шалтгаанаас хугацаа алдсан.... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна, 26.3.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ц Ө ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан болох нь хэрэгт авагдсан Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 25578 дугаар өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дотоод хяналтын хуудсаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өргөдөлд ... талбайн хэмжээг багасгаснаар шийдвэрийн мэдэгдэл дахин боловсруулав гэж тэмдэглэсэн тус Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотоод хяналтын хуудас, мөн тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй танилцах хуудас зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн өргөдлийг гаргасан 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасантай нийцээгүй байна.  

Ашигт малтмал, газрын тосны газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд дотоод хяналтын хуудсаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж эрх бүхий мэргэжилтэн албан тушаалтнууд үзсэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гарахад бэлэн болсон байгаа. Харин шүүх хэрхэн шийдвэрлэхийг харна гээд удирдлагуудаас ашиглалтын тусгай зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа гэж тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн ... талбайн хэмжээг багасгаснаар шийдвэрийн мэдэгдэл дахин боловсруулав гэх тэмдэглэл бүхий 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас, ... Кадастрын хэлтэст танай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэж зохих хариуг өгөхийг мэдэгдсэн болно гэж хариу өгсөн Ашигт малтмалын газрын (хуучин нэрээр) даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 1/3968 тоот албан бичиг, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ...хамгийн сүүлийн байдлаар тусгай зөвшөөрөл олгохоор зөвлөлдсөн боловч хараахан шийдвэр нь албан ёсоор гараагүй... Хяналтын хуудсаар шүүгдэхэд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн шийдвэр гарсан байгаа... гэсэн тайлбар, ...Ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоход татгалзах зүйлгүй, ... Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж дүгнэсэн тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй танилцах хуудас зэрэг тайлбар болон нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц Ө ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ