Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 759

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “Зохицуулах зөвлөлөөс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус Зохицуулах зөвлөлийн 2013 оны 18, 2016 оны 08 тоот тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага” 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “З*******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З*******” ХХК-ны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: “З*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй ТСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөл хариуцагчтай Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн оролцогчид нэхэмжлэлийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шинээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “З*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2013 оны 7 дугаар сарын 09-ний дугаар 18 “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох тухай” Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тогтоол, 2016 оны 2 дугаар сарын 23-ны дугаар 08 “ХСУХАТА засвар үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага” гэсэн тогтоол хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Б*******ийн хүсэлтээр 2015 оны 7 дугаар сарын 31-ний дугаар 44 хүн амд үйлчлэх үнийн тариф, 2016 оны 6 дугаар сарын 13-ны дугаар 23 тогтоол Айл өрхийн суурь хураамжаар үйлчлэх тарифуудын талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал татгалзсан тул хэргийг эвлэрүүлэн шийдвэрлүүлэхээр тохиролцлоо ” гэв.

 Хариуцагчийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.П******* шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “Танай шүүхэд хянагдаж байгаа “З*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч талууд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу харилцан тохиролцож эвлэрсэн тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “З*******” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “...Тус зохицуулах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар “З*******” ХХК-нд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох журмын дагуу олгосон асуудалтай холбогдуулан тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан шүүхийн шийдвэр гаргуулах, 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэсэн хэсгээс татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсанаа шүүх хуралдаанд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн энэхүү татгалзлыг баталж шийдвэрлэв. 

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.П******* нь нэхэмжлэгчийн “...тус зохицуулах зөвлөлд “З*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн авч, хянаж байх хугацаанд уг компанид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөө шүүх хуралдаан дээр  бичгээр гаргасан байх тул хариуцагчийн “...Зохицуулах зөвлөлөөс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Иймд нэхэмжлэгчийн “Тус зохицуулах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар “З*******” ХХК-нд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох журмын дагуу олгосон асуудалтай холбогдуулан тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан шүүхийн шийдвэр гаргуулах, 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагчийн “Зохицуулах зөвлөлөөс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар “...шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан “З*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох “Зохицуулах зөвлөлөөс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус Зохицуулах зөвлөлийн 2013 оны 18, 2016 оны 08 тоот тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага” 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн “Тус зохицуулах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар “З*******” ХХК-нд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох журмын дагуу олгосон асуудалтай холбогдуулан тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан шүүхийн шийдвэр гаргуулах, 2014 оны 23, 2015 оны 44 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг, “Зохицуулах зөвлөлөөс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувийг нэхэмжлэгчид буцаан  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ОЮУМАА