Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01414

 

Төрийн банк ХХК-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05460 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1711 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Банзрагч, Г.Төгөлдөр нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 13 216 527,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Банзрагчийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөг А.Бүднам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч нь 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус банкнаас 40 000 000 төгрөгийг сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9 999 921,39 төгрөг, хүүгийн өр 1 942 091,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 274 084,28 төгрөг болж хуримтлагдсан. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх талаарх банкны удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тусгай активын хэлтэст зээл нь шилжиж ирсэн. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 9 999 921,39 төгрөг, зээлийн хүү 1 942 091,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274 084,28 төгрөг, нийт 12 216 097,50 төгрөгийг Ц.Банзрагч, Г.Төгөлдөр нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дугаар 463 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-д заасан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 2 дугаар 60 айлын 19 тоот 2 өрөө 27 м.кв УБ:Ү-2205014408 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Уг иргэний хэрэгт холбогдуулан хариуцагч Ц.Банзрагчийн шүүхэд гаргасан удаа дараагийн хүсэлтүүдээс үндэслэн шүүх хуралдаан тодорхой хугацаагаар хойшилсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөр 832 760,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 167 669,91 төгрөг, нийт 1 000 430,49 төгрөг нэмж гаргуулах үндэслэлтэй тул нийт 13 216 527,99 төгрөгийг Ц.Банзрагч, Г.Төгөлдөр нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Ц.Банзрагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээл авсан. Санхүүгийн хүндрэлээс болоод эргэн төлөлт удааширсан. Төрийн банкинд гэрээний нөхцөлийг өөрчлөх хүсэлт удаа дараа тавьж, хугацааг сунгах талаар хэлж байсан. Хүүг нэг мөр хийх боломжтой эсэхийг асуухад бидний саналыг хүлээж аваагүй. Үндсэн нэхэмжлэлд удаа дараа шүүхэд хандаж байсан гэж дурдсан боловч тийм зүйл болоогүй. Шүүх хуралдаан хариуцагч надаас болж хойшилсон гэх асуудлын хувьд шүүхийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хууль зөрчсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Нэхэмжлэгч талтай 2015 оны 07 дугаар сард ярилцаад шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн учраас түүнээс хойших хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2 тап ярилцаад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж гэрээнд заасныг нэхэмжлэгч тал зөрчсөн учраас мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Г.Төгөлдөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.Банзрагч нь 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус банкнаас 463 тоот гэрээгээр өөрийн өмчлөлийн 2 өрөө байраа барьцаалан 40 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхэд би хамтран зээлдэгчээр оролцсон. Энэ зээлийг авахын өмнө бид тухайн банкаар хэд хэдэн удаа үйлчлүүлж хүндэт харилцагч, найдвартай зээлдэгчээр шалгаран, хүү багасаж байсан. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн ч эрхэлж байгаа бизнест хүндрэл учирсан, мөнгөний ханш унасан, иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан, мөн миний бие эрүүл мэндийн шаардлагаар ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдсөн зэргээс болж зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ тухай 2015 оны 01 дүгээр сард Төрийн банкны эдийн засагч Н.Болороогийн 94004355 дугаар утсаар мэдэгдэж, сар бүр төлөх боломжгүй, төлбөрийг хэсэгчлэн төлөх хүсэлт тавихад хүлээн аваагүй, сард төлөх мөнгөө бүтэн төлнө гэсэн шаардлагыг хэлсэн. Төрийн банкны зүгээс зээлээ хэрхэн төлөх, гэрээний үүргээ биелүүлэх өөр ямар гаргалгаа байгаа талаар уян хатан байдал гаргаагүй, хариу албан бичиг өгч байгаагүй. Банкны зээлийг 2015 оны 03 дугаар сараас хойш төлж чадаагүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд хандсан байна. Энэ хугацаанд Төрийн банкнаас бидэнтэй нэг ч удаа зээлтэй холбоотой асуудлаар холбогдоогүй. Банктай байгуулсан зээлийн гэрээ 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон учир 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05460 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Банзрагч, Г.Төгөлдөр нараас үндсэн зээлд 9 999 921,39 төгрөг, зээлийн хүү 2 774 852.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 441 754.19 төгрөг, нийт 13 216 527,99 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох улсын бүртгэлийн 2205014408 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 2 дугаар байр 60 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 27 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж Төрийн банкинд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 969 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Банзрагч, Г.Төгөлдөр нараас 238 969 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1711 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Банзрагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Үйл ажиллагаа хэвийн явж байгаад санхүүгийн хүндрэлийн улмаас 2015.04 сараас зээлээ хугацаанд төлөх боломжгүй болсон тул Төрийн банкны зээл хариуцсан эдийн засагч болох Болороод удаа дараа уулзаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавихад манай банк гэрээндээ өөрчлөлт оруулдаггүй юм, бичгээр ямар ч хүсэлт авахгүй, гаргалаа гэхэд хүлээж авах боломжгүй ямар ч аргаар хамагүй зээлээ төл миний цалинг хасах гээд байна гэсэн хариу өгсөн. Иргэний хуулиндаа ч гэсэн танай гэрээндээ ч гэсэн 2 тал харилцан тохиролцоод гэрээнд өөрчлөлт оруулж болно гэж заасан байдаг биз дээ гэхэд манайх өөрсдийн гэсэн журмаараа шийддэг юм төлөхгүй бол шүүхэд өглөө гэсэн. Хуулиасаа давсан журам гэж юу байхав дээ шүүхээрээ шийдүүлье гэж тохиролцоод салсан. 2015.06 сард Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам өөрийг чинь шүүхэд өглөө гэхээр нь за тэгээ шүүхээр шийдвэрлүүлье гэж ярилцсан болно .Ингээд 2 тал харилцан тохиролцсоноор гэрээ дуусгавар боллоо гэж бодсон. 2015.07-2016.02 сард шүүхээс дуудах хүртэл нэг ч удаа Төрийн банкнаас холбогдож яриагүй болно. Улмаар шүүхээр шийдвэрлүүлэх явцад Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам 1 000 430.49 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн нь өөрийнх нь хариуцлагагүй үйлдлээс болж шүүх хуралдаан хойшилсон гэж үзэж байгаа тул 1 000 430.49 төгрөгийн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангажээ.

Хариуцагч Ц.Банзрагч, Г.Төгөлдөр нар нь 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээгээр Төрийн банкнаас 40 000 000 төгрөгийг сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлээр авсан, гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 19-ны өдөр дууссан байна.

Нэхэмжлэгч гэрээний үүрэгт үндсэн зээл 9 999 921 төгрөг, хүү 1 942 091 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 747 084 төгрөг нийт 12 216 097 төгрөг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэтэрсэн хугацааны хүүд 832 760 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 167 669 төгрөг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг бүгд 13 216 527 төгрөг гэж тодорхойлжээ.

Гэрээний үүргийн дагуу шаардсан дээрх мөнгөн дүн, түүний тооцооллын талаар хариуцагч нар үгүйсгэсэн баримт гаргаагүй байна.

Зээлийн үүргийг хугацаанд нь төлөөгүй тул хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч нэмж шаардсан нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасныг зөрчөөгүй байна.

Шүүх хариуцагч нараас үндсэн зээл 9 999 921 төгрөг, хүү 2 774 852 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 441 754 төгрөг бүгд 13 216 527 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгөөр хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, маргааны харилцаанд Иргэний хуулийн 451, 453, 175 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв сонгон хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05460 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1711 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Банзрагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР