Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Хохирогч Б.А

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жд холбогдох 1714003370031 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, Сартуул овогт Д.Ж,

Холбогдсон хэргийн талаар : 

Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 12 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Дөвөнт гэх газар Б.Аыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 12 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Дөвөнт гэх газар Б.Аы толгойн тус газар нь чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Б.А... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ цохьчихов уу л гэж бодож байгаагаа хэлсэн, тэрнээс биш яг Сг цохисон гэж хэлээгүй ш дээ, ер нь ***** өөрөө надад намайг цохисон гэж хэлсэн. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ 300,000 төгрөгний төлбөр гарсныг нь би өөрөө төлж барагдуулсан байгаа. Д.Ж надад нэг ч төгрөгийн хохирол, эмчилгээний төлбөр барагдуулаагүй байгаа. Би энэ дээр нь нэмж өвчний түүх нээлгэсний 30,000 төгрөг, оёо тавиулсны төлбөр 12,000 төгрөг, боолт хийлгэсний 2,500 төгрөгийг би өөрөө төлсөн байгаа. Би одоо Д.Жаас эдгээрийг нийлүүлээд нийтдээ 344,500 төгрөгний хохирлыг нэхэмжилж байна. Ж надад энэ мөнгийг цагаан сараас өмнө төлнө гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Гэрч Г.Дын ... Би яг хэн нь цохиж гэмтээснийг нь би харахгүй ээ, багаж авчирахаар яваад эргэж ирхэд л зодоо хийсэн бололтой Б.Аы толгой нь хагарсан байхаар нь би яасан юм бэ гэсэн чинь Б.А нь Д.Ж намайг цохьчихсон гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46/,

Гэрч Ц.Дгийн ... Д.Ж, Б.А хоёрыг гэрийн гадаа гарсан байхад гэрийн гадаа өөр хүн байгаагүй гэр дотор бусад бүх хүмүүс байсан. Намайг тэр Б.Ж, Д.А хоёр дээр очиход Б.А нь намайг Д.Ж чулуугаар цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг хоёуланг нь дагуулж гэрт орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд удаагүй байхад аймгаас Ганбатын эхнэр нь нэг эмэгтэй хүний хамт ирээд Ганбат, Аа нарыг аймагруу аваад явсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/,

Гэрч Д.Сгийн ... Намайг унтаж байгаад сэрэхэд Б.Аы толгойг ороолтоор ороосон тэр үед Б.А, Ганбат 2 нилээд их согтуу байсан, харин Ж архи уугаагүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Шүүгдэгч Д.Жы ... Би Сэргэлэн, Ганбат нарыг ерөөсөө цохиж зодоогүй ээ, харин Б.А ыг нэг удаа л чулуугаар толгойруу нь цохисон. Би өөр бол цохиж зодоогүй ээ ... Би тухайн үед гэрийн гадаа гарсан байхдаа чулуугаар цохьсон, ямар чулуу байсныг нь би мэдэхгүй ээ, тэр хавьд гар аргаар ашигт малтмал олборлогч нар ажилладаг, шороо чулуу найгүй ихтэй газар байсан. Хаа сайгүй л чулуу байсан, яг ямар чулуугаар цохьсоноо би мэдэхгүй ээ, харанхуйд гарт тааралдсан чулуугаа аваад л цохисон. Би дараа нь тэндээ очоод цохисон чулуугаа хайсан чинь ерөөсөө тэр гэх чулуу мэдэгдэхгүй байна лээ, тэгээд ямар худлаа чулуу зааж өгч авчиралтай биш тэр цохисон чулуугаа олоогүй ээ ... Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн оройны 17:00 цагийн үед цохисон гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-82/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 29 тоот шинжээчийн ... Б.Аы биед тархи доргилт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 69-70/, хохирогч Б.Аы өвчний түүх /хх-ийн 4-23/, эмчилгээний хийлгэсний тасалбар /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.Аа нь шүүгдэгч Д.Жаас эмчилгээний төлбөрт нийт 344.500 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд эмчилгээний хийлгэсний тасалбар 300.000 төгрөгийн баримт авагдсан байх тул шүүгдэгч Д.Жаас 300.000 төгрөг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А нь бие бүрэн эдгэрээгүй, тархи толгой өвддөг талаар мэдүүлсэн тул цаашид гарах эмчилгээний болон бусад зардалыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Д.Ж үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртөй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Ж эзэмшлийн 32 инчийн LCD зурагт битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Сартуул овогт Д.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ж цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ж мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Ж эзэмшлийн 32 инчийн LCD зурагт битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Ж 300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.А олгосугай.

7. Хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, шүүгдэгч Д.Ж нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА