Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2025/0078

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.А

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Е нарын хоорондын төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай  холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, хариуцагч Ж.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

              1. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/17 дугаар “Х.А сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах,, сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах”-аар маргасан.

            2. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

2.1. Миний бие Х.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт эхнэрийн хамт амьдардаг ба Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалд 2016 оноос томилогдон ажиллаж байна.

2.2. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/17 дугаар "Х.А сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг үндэслэлгүй гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.-т "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно",  мөн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8.2.-т "Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шуухад тус тус гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу уг гомдлыг гаргаж байна.

2.3. Үүнд, төрийн жинхэнэ албан хаагчид "Төрийн албаны тухай хууль", "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам", тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан хууль зүйн үндэслэлтэй, ил тод, хариуцлага гарцаагүй байх, сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна гэснийг тус тус зөрчиж эрх зүйн актыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Е гаргасан байна.

2.4.  "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.6.-д "Төрийн жинхэнэ албан хаагч /цаашид "албан хаагч" гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна.", 2.2.-т "Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч" гэх/ шалган тогтооно." гэж тус тус заасныг зөрчсөн. Надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоогоогүй бөгөөд бичгээр мэдэгдээгүй болно.

 2.5.  "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.4.1.-д "гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах", 2.6.-д “шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана” гэж заасныг зөрчсөн.

2.6. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 06/9808 тоот албан бичгийг ГХБХБГ-ын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Айнурт 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр "судалж үзээд, саналаа танилцуулах, зохих журмын дагуу шийдье" гэх Ж.Е даргын зүгээс үүрэг өгчээ. Гэтэл мэргэжилтэн Х.Айнур нь надаас огт бичгээр болон амаар тайлбар аваагүй, мэдэгдээгүй бөгөөд шалгалтаар шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон холбогдох баримт материалыг танилцуулаагүй болно.

 2.7. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд "Оролцогчийг сонсох", 26.1.-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.", 27 дугаар зүйлд "Сонсох ажиллагааг явуулах" мөн "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.7.-д "Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй." гэж заасныг зөрчсөн.

2.8. Уг эрхээр хангаагүй бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12:30 цагийн үед Ж.Е дарга албаны өрөөндөө намайг дуудаж, Х.Өмиржан, Х.Айнур нарын хамт ГХБХБГ-ын даргын 2025 оны 07 сарын 09-ний өдрийн Б/17 тоот "Х.Ат сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг надад гардуулж өгсөн. Дээр дурдсан зөрчлүүдийг дүгнэж үзээд, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах хамгийн чухал, Төрийн албаны тухай хууль болон уг хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг талаар ямар ч мэдлэггүй учраас сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар ирүүлсэн мэдээллийн чанартай Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/9808 тоот албан бичгийг үндэслэн шалгалт явуулалгүй шууд үндэслэл болгож Төрийн жинхэнэ албан хаагч надад сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 38.1.5.-д "өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах" гэж заасан эрхийг эдлэх үндэслэл болсон тул уг гомдлыг гаргав.

              2.9. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 06/9808 тоот албан бичгийг үндэслэж тушаал гаргасан. Тухайн албан тоотод “Төрийн албаны тухай хуулийг 37, 39  дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна, энэ  асуудлыг шалгаж, хариу ирүүлээрэй” гэсэн утгатай албан бичгээр хариу ирүүлсэн байдаг.  Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл тус бүр 18 заалттай байна. Тэгэхээр миний бие бүхэлдээ тухайн 2  зүйлийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Уг албан тоотод хариуцлага тооцох заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцох эсэх асуудлыг  шийдвэрлэ” гэж заасан. Маргаан бүхий тушаал дээр  Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцсон байдаг.

              2.10. Мөн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.7 дахь хэсэгт “Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан. Дээрх хуульд заасан эрхийг надад олгоогүй.

              2.11.  Иймд  ямар нэгэн зөрчил гаргаагүй, зөрчлийг тогтоосон талаар ямар ч нотлох баримт байхгүй, зөвхөн мэдээллийн чанартай албан тоотыг дурдаж, хариуцлага  тооцож төрийн жинхэнэ албан хаагч миний эрхийг ноцтой зөрчиж гаргасан ГХБХБГ-ын Ж.Е даргын 2025 оны 07 сарын 09-ний өдрийн Б/17 тоот "Х.Ат сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгож, сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах талаар шийдвэр гаргаж өгөхийг хүсье  гэв.

3. Хариуцагч  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Егийн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

3.1. “Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Ат Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хариуцлага тооцож, 30 хоногийн дотор хариу ирүүлэх талаар 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/9808 дугаартай албан бичиг ирсэн.

3.2. Уг бичгийг хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Айнурт хуулийн хүрээнд шийдэх талаар үүрэг өгсөн. Х.Айнур 2025 оны 05 дугаар сарын 29-ний өглөө “Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Ат та өөрөө танилцуулаад өг” гэж албан бичгийг өгсөн. Тухайн үед хэлтсийн дарга Х.А ОХУ-ын Барнаул хотод Архитектурын магистрын зэрэг хамгаалах сургалтад суралцаж байсан ба 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-аас аймагт ирж улмаар 5 дугаар сарын 19-ний өдрөөс 28-ны  өдөр хүртэл томилолтоор Улаанбаатар хотод сургалтад оролцож 5 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа ирсэн.

3.3. Тухайн өдөр буюу 5 дугаар сарын 29-ний өдрийн өглөө хэлтсийн дарга Х.Аыг өрөөндөө дуудаж, “таны Төрийн албаны төв зөвлөлд гаргасан гомдлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Авлигатай тэмцэх газраас "ГХБХБГ-ын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалаар "Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолт боловсруулах"-aap байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.А нь уг албан тушаалын сонгон шалгаруулалтад өөрийн хүү А.Аийг оруулан, ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор албан тушаалын зэрэглэл, мэргэжил, харилцах субъект, боловсруулан хэсгийг өөрчлөн батлуулсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэн хариуг ирүүлнэ үү" гэсэн бичиг ирүүлсэн байна гэж танилцуулж, эргээд санал тайлбараа өгөхийг хэлсэн. Тухайн үед Х.А уг бичгийг олшруулж авахыг хүсэж, бичиг хэргийн ажилтнаар хувилуулан авч Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Ц.Цэвэгмэдтэй уулзахаа илэрхийлсэн.

3.4.  Улмаар Х.Аын өөрт нь мэдэгдсэнээс хойш хуанлийн 40 хоногийн дараа 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар 3 сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Х.Ат хариуцлага тооцох тухай бичгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэнээс хойш 40 хоногийн хугацаанд ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй. Авлигатай тэмцэх газар Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Аын Төрийн албаны төв зөвлөлд гаргасан гомдлын дагуу шалгалт явуулж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоосон. Мөн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/MA2025/0040, 212/МА2025/0043 дугаар магадлалыг нотлох баримтаар авч үзэхийг хүсэж байна.

3.5. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар Х.Ат 3 сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй болно.

3.6. Манай байгууллага цагийг “ERP” цахим программаар бүртгэдэг. Түүнээс хэн нэгэн хүнийг бүртгэх боломжгүй, байгууллагад ирж бүртгүүлэхэд бүртгэл баталгааждаг юм. Х.А дарга 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүд бүртгүүлж, ажиллаж байсан.  5 дугаар сарын 29-ний өдөр Х.А дарга ажил дээр ирэнгүүт би өрөөндөө дуудаж, Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгийг танилцуулж, “энэний дагуу танаас арга хэмжээ авагдахаар боллоо. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын  албан хаагч нар манай аймагт ирээд, ажиллаж байсан. Та өөрөө тэр хүмүүстэй уулзаж, гомдолтой учир байдлыг тодруулж, хариу өгөөрэй” гэж хэлсэн. Авлигатай тэмцэх газрын албан бичгийг канондож авъя гэсэн. Би канондож аваарай гэж гарт нь өгсөн. Тэр өдөр Х.А канондож авсан. Тэгээд Х.А надад “Авлигатай тэмцэх газрын хүмүүст холбогдож, уулзаж чадахгүй байна” гэдгийг хэлж байсан.  5 дугаар сарын 31-ний өдөр Х.А дарга ОХУ руу сургалтад явсан.

3.7. Иймд Х.А даргад  Захиргааны ерөнхий хуулийн дагуу биечлэн мэдэгдсэн. Х.А нь сахилгын шийтгэл ногдуулах учир байдлыг тайлбарлаагүй гэж хэлж байна. Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээгээд, бүх юм тодорхой шалгагдсан учраас дахин шалгах шаардлага байхгүй байсан.   Авлигатай тэмцэх газрын холбогдох хүмүүст гэрчийн мэдүүлэг өгсөн, шуудангаас албан бичиг ирсний дараа уг албан бичгийн хариуг хэд хэдэн удаа шалгасан.  Бид нар хугацаа хожимдуулсан шалтгаан сургалтад явж байгаа үе таарсан ба Х.А даргын тайлбарыг удаан хүлээсэн, 5 дугаар сарын 29-ний өдөр өрөөндөө дуудаж, танилцуулж, дараа нь 40 хоногийн дараа арга хэмжээ авагдсан.

3.8. Бид байгууллагаараа ОХУ руу 6 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдөр хооронд  амралтад явсан. Тэр үед бас бид хоёр энэ асуудалтай  холбоотой асуудлыг ярьж байгаад хоорондоо маргалдсан. Энэ асуудлыг тодруулахаар тухайн үед хамт явсан Х.Өмиржанаас гэрчийн мэдүүлэг авахаар сая хүсэлт гаргасан.

3.9. Иймд хууль журмыг зөрчөөгүй, төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл  тогтоох ажлын дэс дараалал нь Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлтийн явцад хийгдсэн гэж үзэж байна гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь

        1. Нэхэмжлэгч Х.Аын Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Ед холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/17 дугаар “Х.Ат сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Маргааны  үйл баримтын тухайд:

        2.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  Б/10 дугаар тушаалын[1] хоёрдугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл жагсаалтыг баталсан байх ба Барилга, хот байгуулалтын хэлтэст албан тушаалын “гүйцэтгэх” ангиллаар, албан тушаалын “ТҮ-6” зэрэглэлээр “Барилгын лабораторийн шинжээч”-ийн  орон тоо батлагджээ.

        2.2. Уг орон тоо батлагдсантай холбогдуулан хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалаар[2] “Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолт” боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Барилга хот байгуулалтын  хэлтсийн дарга Х.Аыг, гишүүдээр барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Г, захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.А нарыг тус тус томилжээ.

        2.3.  Ажлын хэсэг нь  2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас жишиг болгож хүргүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолтыг[3] үндэслэж тухайн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахдаа ажлын хэсгийн гишүүн М.Г нь   “Албан тушаалын ангилал, зэрэглэл” хэсэгт  үзгээр  “ ТҮМ-4” гэж, мэргэжил хэсэгт үзгээр “барилгын инженерчлэл  /073204/, барилгын бүтэц эдлэлийн технологи /073208/, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи ” гэж тус тус  өөрчлөлт оруулахаар бичсэн байх ба  албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр” хэсэгт жишиг тодорхойлолтод “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга” гэж , “Албан тушаалын тодорхойлолт боловсруулсан хэсэгт “ Ажлын хэсгийн ахлагч” гэж тус тус тусгагджээ.

        2.4. Улмаар нэхэмжлэгч нь ажлын хэсгийн ахлагчийн хувьд   албан тушаалын тодорхойлолтыг эцсийн байдлаар боловсруулж,  ажлын хэсгийн гишүүн Х.А  99.... дугаар утас дах viber хаягаар   явуулсан нь, Х.А нь уг тодорхойлолтыг хэвлэн гаргаж, “албан тушаалын боловсруулсан хэсэг”-т өөрөө гарын үсэг зурсан нь,  уг  албан тушаалын тодорхойлолтын[4] “Албан тушаалын ангилал, зэрэглэл” хэсэгт “Мэргэжлийн албан хаагч, ТҮ-6” гэж, “мэргэжил” хэсэгт “барилгын техник, технологи /073204/ гэж, албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр” хэсэгт “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга” гэж , “Албан тушаалын тодорхойлолт боловсруулсан хэсэгт “Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.А” гэж тус тус тусгаж, ажлын хэсгээс хэлэлцэж боловсруулсан анхны тодорхойлолтын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсан нь   хэрэгт авагдсан  албан тушаалын тодорхойлолт болон гэрч Х.Айнурын мэдүүлгээр[5] тус тус  тогтоогджээ.

        2.5.   Дээрх албан тушаалын тодорхойлолтыг  болон сул орон тооны захиалгыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар албан бичгээр[6] аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлсний дараа тухайн өдөр ажлын хэсгийн гишүүн М.Г нь Х.А хандаж “ ...”албан тушаалтны харилцах субъект” хэсэгт Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга” гэж тусгагдах ёстой байсан“ гэж хэлснээр тэр даруй аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт  хүргүүлсэн албан тушаалын тодорхойлолтыг буцаан авч, дээрх 4 төрлийн алдааг засаж дахин хүргүүлсэн байх ба  зөвтгөсөн албан тушаалын тодорхойлолтоор сул орон тооны  шалгалт явагдсан  үйл баримтууд хэрэгт авагдсан гэрч М.Г, Х.А нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

        2.6. Нэхэмжлэгч Х.Ааас Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.А болон Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын нэр бүхий албан хаагчид хууль зөрчиж, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр гомдол[7] гаргасан байх ба уг гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/856 дугаар албан бичгээр[8] хүргүүлснээр Авлигатай тэмцэх газраас Х.Аын гомдлыг шалгаж, мөрдөгч комиссар Ц.Цэвэгмидийн  үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн   “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” мөрдөгчийн саналыг[9]  аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.

        2.7. Мөрдөгчийн  уг саналын “Санал нь” хэсгийн 5 дах заалтад “ шалгах ажиллагааны явцад Х.А нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалаар “Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолт боловсруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа хүү А.Аийг өөрийнхөө хэлтэст ажиллуулахаар гаргасан  дээрх үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 7.1.3 дах хэсэг, 7.1.6 дах хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэг, 39.1.4 дэх хэсэг, 39.1.8  дах хэсгийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон тул уг үйлдэлд нь тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар хариуцлага тооцуулах / зөрчил арилгуулахаар/ бичиг  хүргүүлэхээр тогтов” гэж тусгажээ.

        2.8. Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Э.О    аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Ед  хаяглан хүргүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/9808 дугаар албан бичигт[10] Х.Ат Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэж хариу ирүүлэх талаар тусгасны дагуу хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/17 дугаар “Х.Ат сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар[11] Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.4 дэх заалтуудыг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

        2.9. Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “... сахилгын шийтгэл авахаас өмнө хариуцагч “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гаргах журам”-ын холбогдох заалтаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал тогтоож,  өөрт нь бичгээр мэдэгдсэн байх, Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох, тайлбар, мэдүүлэг авах, боломж олгох заалтуудыг тус тус зөрчиж шийдвэр гаргасан” гэж тайлбарлан маргажээ.

        2.10. Хариуцагчаас “...  2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг нэхэмжлэгчид танилцуулсан,  тайлбар, санал гаргахыг хэлсэн, тухайн үед Х.А нь уг албан бичгийг олшруулж авахыг хүсэж, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй уулзахаа илэрхийлсэн, ийнхүү мэдэгдсэнээс хойш арга хэмжээ авах хүртэл хугацаанд буюу 40 хоног дотор  ямар нэгэн тайлбар, санал ирүүлээгүй” гэж тайлбарлажээ.

        2.11. Авлигатай тэмцэх газраас шалгасан, хэрэгт цугларсан  нотлох баримтуудаас дүгнэхэд,  нэхэмжлэгч нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн бүтцэд хамаарах “барилгын лабораторийн шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахдаа  ажлын хэсгийн саналыг үл харгалзан өөрт хамааралтай “...”албан тушаалтны харилцах субъект” хэсэг дэх  “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга” хэсгийг хасаж,  “Албан тушаалын тодорхойлолт боловсруулсан хэсэгт “Ажлын хэсгийн ахлагч” гэснийг “Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.А” гэж өөрчлөн тусгаж, “мэргэжил хэсэгт” “барилгын инженерчлэл  /073204/, барилгын бүтэц эдлэлийн технологи /073208/, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи” гэж тусгах байсныг зөвхөн “барилгын техник, технологи /073204/ гэж өөрчлөн хасаж, “Албан тушаалын ангилал, зэрэглэл” хэсэгт    “ ТҮМ-4” гэж тусгах ёстой байсныг “ТҮ-6” гэж  тус тус өөрчлөн тусгаж, уг  алдаатай  албан тушаалын тодорхойлолтын боловсруулсан  хэсэгт ажлын хэсгийн гишүүн Х.Айнураар гарын үсэг зуруулсан зэрэг зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байна.

        2.12. Дээрх зөрчилтэй албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн сул орон тооны сонгон шалгаруулалт  явагдаагүй, үр дагавар үүсээгүй  боловч  энэ нь   нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос хамаараагүй,   өөрөө сайн дураар буцаан авч зөвтгөөгүй, харин ажлын хэсгийн 2   гишүүний санаачилгаар алдаа, зөрчлийг тухайн үед  илрүүлэн  холбогдох байгууллагад  зөвтгөж боловсруулсан албан тушаалын тодорхойлолтыг хүргүүлсэн гэж үзэхээр байна.

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

        3.1. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар   нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.4-д заасныг тус тус баримталжээ.

        3.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.5-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.3-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 48.4-д ”Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ.

            3.3. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д  “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах,... “, 39.1.18-д “хууль тогтоомжид заасан бусад”, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж тус тус заажээ.

3.4. Мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.5-д "албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан тушаалын тодорхойлолт  боловсруулах нийтлэг журам батлах тухай” 03 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д “Энэ журмын зорилго нь төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, хянах, зөвшөөрөл өгөх, батлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6.4-д “Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахдаа тодорхой этгээдэд зориулах, ... зориудаар бодит бус мэдээлэлд үндэслэн боловсруулж болохгүй”, 6.5-д “Энэ журмыг зөрчсөн этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.

3.5. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн саналд тусгаснаар  нэхэмжлэгч Х.А нь өөрийн удирдах хэлтсийн бүтэц, орон тоонд хамаарах “Барилгын лабораторийн шинжээч”-ийн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа  хүү А.Аийг тухайн орон тоонд авч ажиллуулах сонирхлоор албан тушаалын тодорхойлолтын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж боловсруулсан  зөрчлийг үйлдсэн гэж үзсэн нь  үндэслэлтэй ба үүнийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 39.1.18-д заасныг тус тус зөрчсөн гэж үзлээ.

3.6. Эрх бүхий байгууллагаас буюу Авлигатай тэмцэх газраас  зөрчлийг шалгах явцад  нэхэмжлэгчийн өөрөөс нь тайлбар, мэдүүлэг авсан, бусад нотлох баримтуудыг цуглуулах замаар зөрчлийг шалгаж тогтоосон энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахад Захиргааны ерөнхий хуулийн болон  "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын холбогдох заалтуудын дагуу тайлбар авах, санал гаргах боломж олгох,   оролцогчийг сонсох, тэмдэглэл үйлдэх, урьдчилж мэдэгдэх зэрэг  ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэхгүй ба  дээрх  үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

3.7. Иймд  хариуцагчийн гаргасан  2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/17 дугаар “Х.Ат сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй, оногдуулсан шийтгэл нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд  тохирсон, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 39.1.18, 23 дугаар зүйлийн 23.5,  48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Аын  Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Ед холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/17 дугаар “Х.Ат сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 94-95 дугаар тал

[2] Хэргийн 62 дугаар тал

[3] Хэргийн 63, 64 дүгээр тал

[4] Хэргийн 67-68 дугаар тал

[5] Хэргийн 47-48, 133-135 дугаар тал

[6] Хэргийн 84 дүгээр тал

[7] Хэргийн 42 дугаар тал

[8] Хэргийн 41 дүгээр талын  арын хуудас

[9] Хэргийн 97-101 дүгээр тал

[10] Хэргийн 23 дугаар тал

[11] Хэргийн 5 дугаар тал