| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04124/И |
| Дугаар | 191/ШШ2025/06481 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/06481
2025 07 30 191/ШШ2025/06481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, .... дүгээр хороо, Блю скай ..... байр, ...тоотод оршин суух, Сэ овогт Өл Эн /РД:ИА...../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Ширэндэвийн гудамж, 8/4, Засгийн газрын V байранд байрлах, Ху зү, д хэ са холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 158,120,004 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ө.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эн
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч Ху зү, д хэ са холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ө.Э нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ө.Эийг ажилд томилох тухай ... дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдсон.
Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Ө.Эийг ажлаас халах тухай ....дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан.
Миний бие дээрх тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрээр Ө.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Ө.Эийг ажлаас халах тухай ....дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө.Эийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, нэхэмжлэгчид 14,334,194 төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Ху зү, д хэ са даалгаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх буюу 7 сар 7 хоногийн хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэхдээ үндсэн цалин 1,026,128 төгрөг ба төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 45% буюу 439,799 төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 25% буюу 244,333 төгрөг, цолны нэмэгдэл 30% буюу 239,199 төгрөгөөр тус тус тооцож, сүүлийн гурван сарын цалингийн дунджийг тогтмол тоонд хуваан /977,332 төгрөг:21,2=93,079/ нэг өдрийн цалинг тооцон гаргаж, нийт ажиллаагүй хугацаа болох 7 сар 7 хоногоор бодож, нийт /1,954,663*7+93,079*7/ 14,334,194 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн.
Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан бөгөөд миний бие ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 41,327,160 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гаргуулах-аар шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 200 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа бөгөөд миний биеийг урьд эрхэлж байсан албан тушаал буюу Дотоод хэргийн их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилоогүй хэвээр байна.
Иймд миний бие хариуцагчийн шүүхийн шийдвэрийг удаан хугацаанд гүйцэтгээгүй эс үйлдэхүйгээс шалтгаалж 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 жил 11 сар 10 хоног буюу 35 сар 14 хоногийн хугацаанд ажилдаа эгүүлэн томилогдоогүйн улмаас цалин, түүнтэй тэнцэх олговроо авч чадалгүй хохироод байгаа юм.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гээд, 61.1.2-т Хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заажээ.
Намайг ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаанд Дотоод хэргийн их сургуулийн захирлын албан тушаалын ангилал зэрэглэл, шатлал, үндсэн цалингийн хэмжээ удаа дараа өөрчлөгдсөн учир энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа нэмэгдүүлсэн.
Иймд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны цалин болох 158,120,004 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ....дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Эийг ажлаас халсан байна.
Уг тушаалыг Ө.Э эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүх нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0647 дугаар шийдвэрийг биелүүлж, 14,334,194 төгрөгийг төлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар (өөртэй нь зөвшилцөж) Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилсон байна.
Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацаа буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд томилсон 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх буюу 1 жил 9 сар 5 хоногийн хугацааны 41,327,160 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргаж, шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02561 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу 41,327,160 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн болно.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Ө.Э нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
Уг тушаалыг нэхэмжлэгч мэдээгүй байх боломжгүй бөгөөд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй атал одоо ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан хуулийн агуулга өөрчлөгдөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 61.1.2, 61.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалыг эргүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн газрын даргаар томилсон байдаг. Дэд даргаар томилогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан эрх үүсэхгүй гэж үзэж байна.
Хариуцагч талаас цаг хугацааны хувьд хожуу ч гэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж нийт 14,344,194 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацаа буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд томилсон буюу 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цалин хөлсийг бас нэхэмжилсэн байдаг. Энэ нь 1 жил 9 сар 5 хоногийн буюу 41,327,160 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Тус нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргаснаас үзвэл 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас биелүүлсэн хойно цалин хөлсөө гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Хэрвээ харилцан тохиролцоогүй гэж үзэж байгаа бол тухайн үед нэхэмжлэл, гомдол гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах нөхцөл байдлыг нэхэмжлэгч талын зүгээс мэдэж байсан.
Нэхэмжлэгчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тушаалын үндэслэл нь Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана. Нэхэмжлэгчийн хувьд хурандаа цолтой буюу ахлах офицер 52 нас хүртэл алба хаана гэж үндэслэлээ заагаад мөн хуулийн 22 дугаар 22.1.4-т зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Хил хамгаалах ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын дэд захирлаас чөлөөлсөн байгаа юм. Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт цагдаагийн алба хаагч нь 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц ажлаас чөлөөлөгдөх, дахин 1 жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй тохиолдолд захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийг алба хаах насны хязгаарт хүрсэн гэж ажлаас нь чөлөөлсөн байгаа. Тийм ч учраас ажлаас чөлөөлсөн үндэслэлийг Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт болон Цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэл болгоод эрх бүхий албан тушаалтан ажлаас нь чөлөөлсөн байгаа.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, 2020.03.37-ны өдрийн 97 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-6-10/, 2020.01.08-ны өдрийн 31 дүгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-11-16/, 2019.10.03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаартай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-17-29/, 2022.01.31-ний өдрийн 200 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-30-33/, 2023.12.08-ны өдрийн 125/ГХ2022/346 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-34-35/, 2023.12.08-ны өдрийн 10175 дугаартай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-36-38/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг /хх-39-40/, Цалингийн карт /хх-41-42/,
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ө.Эд хүргүүлсэн албан бичиг /хх-104-105/, Ө.Эийн Ху зү, д хэ са гаргасан хүсэлт /хх-106-109/, 2019.02.22-ны өдрийн ....дугаар МУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн сайдын ажлаас халах тухай тушаал /хх-110/, 2021.0.7.08-ны өдрийн Б/18 дугаар МУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн сайдын Ө.Эийг албан тушаалд томилох тухай тушаал /хх-111/, 2021.10.12-ны өдрийн Б/23 дугаар МУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн сайдын Ө.Эийг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал /хх-112/, МУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас Дотоод хэргийн их сургуулийн захиралд хүргүүлсэн баримт ирүүлэх тухай албан бичиг /хх-113, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Хууль зүйн, Дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэлд хүргүүлсэн тодруулга хүсэх тухай албан бичиг /хх-114/, /хх-117-118/, МУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хүргүүлсэн албан бичиг /хх-115-116/, МУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас Дотоод их сургуулийн захиралд хүргүүлсэн албан бичиг /хх-119/, 2021.07.21-ний өдрийн А/257 дугаартай Дотоод хэргийн их сургуулийн захирлын Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаал /хх-120/, Дотоод хэргийн Их сургуулийн БЗД-ийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн албан бичиг /хх-121/, нэхэмжлэгчийн цалингийн тооцоо /хх-122/, төлбөрийн хүсэлт /хх-123-124/, /хх-127-129/, МУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас Дотоод хэргийн их сургуулийн захиралд хүргүүлсэн албан бичиг /хх-125/, Цалин олгох тухай хүснэгт /хх-126/, МУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн сайдаас Авлтгатай тэмцэх газрын даргад хүргүүлсэн албан бичиг /хх-130/, МУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас Дотоод хэргийн их сургуулийн захиралд хүргүүлсэн албан бичиг /хх-131/
5. Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар цуглуулсан баримт. Үүнд: Хил хамгаалах ерөнхий газраас Ө.Эийг албан тушаалаас чөлөөлөх тухай, цалинжуулах тухай, цалингийн карт /хх-60-63/, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Дотоод хэргийн их сургуулийн цалингийн сүлжээ /хх-77-84/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хх-103/, Авлигатай тэмцэх газраас Дотоод хэргийн сайдад хүргүүлсэн албан бичиг /хх-132/, Авлигатай тэмцэх газрын хариу албан бичиг /хх-163/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 дугаар шийдвэр, хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэл /хх-162-173/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн баримт албан бичиг /хх-174-219, 227-230/ зэрэг баримтууд цугларсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч Ху зү, д хэ са холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 69,716,311 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 3 удаа гаргаж, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 158,120,004 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувьд хуульд зааснаар ажил олгогчоос суутган төлөхөд татгалзах зүйлгүй учир энэ талаар тухайлан нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлагагүй гэх тайлбарыг хэлсэн тул шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч Ө.Эийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг биелүүлсэн боловч Дотоод хэргийн их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч талаас нэхэмжлэгчийг Хил хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд түр хугацаагаар томилсныг шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч тэтгэврийн насанд хүрсэн ч ажилдаа эргэн томилогдоогүйн улмаас 36 сарын тэтгэвэр тэтгэмжээ авах боломжгүй, тэтгэврээ тогтоолгоогүй байгаа тул 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 158,120,004 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хариуцагч талаас Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж, нэхэмжлэгчтэй зөвшилцсөний дагуу Хил хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан суутгалыг хийсэн.
Нэхэмжлэгч нь Хил хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд ажиллахыг хүлээн зөвшөөрсөн учир тус албан тушаалд томилогдохдоо хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу тайлагнасан байна.
Цэргийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтаар нэхэмжлэгч нь алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учраас Хил хамгаалах Ерөнхий газраас нэхэмжлэгч Ө.Эийг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг.
Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаалд томилсон учир шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн байна гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Ө.Э нь Ху зү, д хэ са холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Ө.Эийг ажлаас халах тухай ....дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө.Эийг Дотоод хэргийн /одоогийн нэршил/ их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчид 14,334,194 төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллагаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Ху зү, д хэ са даалгажээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас давж заалдах журмаар гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасан байна.
4.2 Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэгч Ө.Э нь шүүхэд хандаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Эийн ажилгүй байсан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 41,327,160 төгрөгийг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гаргуулж, нэхэмжлэгч Ө.Эд олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийхийг хариуцагч Ху зү, д хэ са даалгаж шийдвэрлэжээ.
Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 200 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4.3 Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хэрэгт авагдсан ба шийдвэрүүдээр Ө.Эийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.
4.4 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар, мөн өдрөөс эхлэн Ө.Эийг Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу сарын үндсэн цалинг нэмэгдлийн хамт тооцож олгохыг Хил хамгаалах ерөнхий газрын даргад зөвшөөрч, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Ө.Эийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.
5. Талууд шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүнээс хуульд заасан журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулсан болон нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилогдон ажилласан үйл баримтад маргаагүй боловч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх, нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч төлөх үндэслэлтэй эсэх талаар маргажээ.
6. Нэхэмжлэгч талаас Хууль зүй, дотоод хэргийн сайдаас түр хугацаагаар өөр ажилд томилсон, шүүхийн шийдвэр биелэгдээгүй учир, хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэсэн бол хариуцагч талаас нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу өөр ажилд томилсон, өөр ажилд томилохыг зөвшөөрсөн хүсэлтээ бичгээр өгөхийг шаардсан боловч өгөөгүй, талууд харилцан тохиролцсон үйл баримт нь хэрэгт авагдсан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу тайлагнасан баримт, нэхэмжлэгчээс шүүхэд цалин хөлсний маргаантай асуудлаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн баримт зэргээр тогтоогдоно гэх тайлбарыг гаргаж байна.
7. Авлигатай тэмцэх газраас шүүхэд ирүүлсэн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 03/5185 дугаартай албан бичигт ...Ө.Э,... нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлснийг тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хянан үзээд тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй тухай хариуг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 01/7268 дугаартай албан бичгээр хүргүүлсэн... гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Э нь Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилогдохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөтөлсөн талаар хэн аль тайлбарлах хэдий ч энэ нь талууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд харилцан тохиролцож, Ө.Эийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын албан тушаалд бус Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, талууд шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ө.Эийг шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажил, албан тушаалд томилохоор харилцан тохиролцсон талаарх баримтгүй, Ө.Э нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилогдон ажилласан үйл баримтыг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
8. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар тус шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Уг байгууллага түүнийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг шаардсан нь үндэслэлтэй байна... гэж,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 200 дугаартай магадлалын хянавал хэсэгт ...Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч нь биелүүлж Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Ө.Эийг Хил хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон... гэж тус тус дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзэхгүй.
9. Нэхэмжлэгч Ө.Эийн хүсэлтийг үндэслэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 128/ШЗ2023/10175 дугаартай захирамж, 128/ГХ2022/346 дугаартай гүйцэтгэх хуудас гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. /1хх 175-180, 205-207, 228-230/
2019-2020 онд шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны талаар нэхэмжлэгч Ө.Э нь 2023 онд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүйн гадна энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болжээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр зохицуулсан тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй үндэслэлээр хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
11. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, Хөдөлмөрийн тухай /2021 он/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 158,120,004 төгрөгийг хариуцагчаас шаардахдаа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2019 оноос хойш цалингийн сүлжээг үндэслэн үндсэн цалингийн хэмжээг тодорхойлж,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрт зааснаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувь, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 25 хувь, цолны нэмэгдэл 30 хувиар тус тус тооцсон гэж тайлбарласан.
12. Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа 6,600,818 төгрөгийн цалин хөлс авсан байх тул энэ хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
13. Дотоод хэргийн их сургуулийн захирлын цалингийн сүлжээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин тодорхойлох журам, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэр, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчаас 150,115,185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал, А. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн цалинг 1,108,219 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувь, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь, цолны нэмэгдлийг 30 хувиар тооцож 32,284,734 төгрөг
Б. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн цалинг 1,509,000 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувь, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь, цолны нэмэгдлийг 30 хувиар тооцож 15,090,000 төгрөг
В. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн цалинг 1,877,000 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувь, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь, цолны нэмэгдлийг 30 хувиар тооцож 37,540,000 төгрөг
Г. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн цалинг 2,065,000 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувь, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь, цолны нэмэгдлийг 30 хувиар тооцож 65,200,451 төгрөгөөр тус тус тооцож нийт 150,115,185 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан ажил олгогчийн хүлээх хариуцлагын хүрээнд буюу хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжлэх хугацаанд нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй тохиолдолд ажил олгогчоос авах байсан үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээгээр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах боломжгүй байна.
14. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай /2021 он/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 150,115,185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,004,819 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Нэхэмжлэгч Ө.Эийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,353,890 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Эд олгож, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 908,526 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай /2021 он/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 150,115,185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,004,819 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,353,890 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Эд олгож, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 908,526 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ