Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00655

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00655

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 000 тоотод оршин суух Сартуул овогт ******* *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нугын талын 00 дугаар гудамжны0 тоотод оршин суух ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22.338.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: З.*******

Хариуцагч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.*******тай 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хуульд заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлийн гэрээ байгуулж түүний хаан банкны 00000 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тус зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг сар бүр зээлдүүлэгчид шилжүүлж байхаар тохиролцсон боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж, гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээл болон зээлийн хүүг эгүүлэн төлөөгүй байна. Иймд хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний дагуу олгосон үндсэн зээлийн төлбөр 6.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр /24 сар, 21 хоног/ 8.892.000 төгрөг, үндсэн зээлийн алданги /хоногийн 74.460 төгрөг/ 7.446.000 төгрөг, нийт 22.338.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид эгүүлэн нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* гэх найзаасаа 17.500.000 төгрөгийн зээл авсан. Уг мөнгийг хэд, хэдэн удаа хуваах байдлаар авсаар 17.500.000 төгрөг болсон. Үүнээс өмнө ч зээл авч, цаг хугацаандаа буцаан өгдөг байсан. Энэ мөнгийг аваад хүүг нь 2024 оны өвөл болтол хугацаа алдалгүй хийж хүүнд өмнө нь 2 адуу өгч, 13.500.000 төгрөгийг үлдэгдэлтэй болтол хассан. Уг гэрээг манай гэрт хүрч ирэхдээ гарын үсэг зуруулж байсан. Уг гэрээг өгч, авч л байдаг, зурахгүй бол болохгүй гэхээр нь уншиж танилцсан зүйлгүй зурж өгсөн. Ингээд 2024 оны намар 09 дүгээр сард унага тамганы найран дээр таараад өрөндөө адуунаас чинь авъя гэхээр нь манай нөхөр хурдан удмын адуунаасаа эр унагатай эрлийз гүү 1 /10.000.000 төгрөг/, эрлийз гүү 1 /5.000.000 төгрөг/, эрлийз байдас 1 /2.500.000 төгрөг/ өгөөд өргүй болсон гэж бодсон. Дээрх адуунуудыг өгөхөөс өмнө удаа дараа утсаар ярьж, ирж уулзан адуу эсвэл үхэр өг гэж хэлж байсан тул аргагүйн эрхэнд хурдан удмын адуунаасаа өгсөн гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ , 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх Хаан банк ХК-иас хариуцагчийн 00000  тоот дансны хуулгыг нотлх баримтаар шаардан гаргуулсан болно.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж түүний хаан банкны 00000  дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул гэрээний дагуу олгосон үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, гүйцэтгээгүй үүргийн алданги, нийт 22.338.000 төгрөгийг гаргууж өгнө үү гэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ ...би зээлийн хүүг тухай бүрт нь төлдөг байсан. 2024 оны 09 сард эр унагатай эрлийз гүү 1, эрлийз гүү 1, эрлийз байдас 1 тус бүр өгч төлбөрийн үлдэгдэлгүй боллоо гэж бодсон гэж маргана.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2.500.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 08-нд 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд талууд уг гэрээ байгуулагдсан талаар зохигч маргаагүй байна.

 

Хариуцагч, нэхэмжлэгч нар нийт 21.500.000 төгрөгийн зээл авсан нь зохигчдын байгуулсан зээлийн гэрээнүүд, хариуцагч Б.*******ын Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байх бөгөөд гэрээ нь талуудын хэн алины хүсэл зоригийг илэрхийлэх юм.

 

Хариуцагчаас зээлийн төлбөрт унагатай халиун гүү 10.000.000 төгрөг, эрлийз цэвэр азарган гүү 5.000.000 төгрөг, даага 2.500.000 төгрөг, 2022 оны 10 сард буурал байдас 3.000.000 төгрөг зэргийн нэхэмжлэгчид өгсөн талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь унагатай халиун гүү 10.000.000 төгрөг, эрлийз цэвэр азарган гүү 5.000.000 төгрөг, даага 2.500.000 төгрөг нийт, 17.500.000 төгрөгт тооцож үндсэн зээл төлсөн, буурал байдас 3.000.000 төгрөгт тооцож зээлийн хүүнд өгсөн байна.

 

Нийт хэрэгт авагдсан 5 зээлийн гэрээний үнийн дүн 21.500.000 төгрөг бөгөөд үүнээс хариуцагч үндсэн зээлийн төлбөрт 17.500.000 төгрөгт адуу өгсөн, авсан талаар нэхэмжлэгч, хариуцагч маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж хуульчилсан бөгөөд 2022 оны 5 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хүүг талууд 6 хувиар тогтоожээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс Б.******* 4.000.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг зээлийн гэрээний хүүг шүүх 6 хувиар тооцов. Учир нь хэрэгт авагдсан 2022.01.11, 2022.05.27-ний өдрийн зээлийн гэрээний хүү 10 хувь, 2022.04.27, 2022.05.11, 2022.05.08-ны өдрийн зээлийн гэрээний хүү 6 хувь байх тул шүүх 4.000.000 төгрөгийн хүүг зээлдэгч буюу Б.*******д ашигтай байдлаар 6 хувиар шүүх тооцсон болно.

 

2022 оны 5 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 4.000.000 төгрөгийг уг зээлийн гэрээний хугацах хүртэл буюу 2022 оны 05 сарын 08-ны өдрөөс 2024 оны 05 сарын 08-ны өдрийн хүртэл нийт 2 жилийн хүү 5.760.000 төгрөг байна. Үүнээс хариуцагч нь 1.080.000 төгрөгийн хүү төлсөн нь түүний Хаан банкны хуулгаар тогтоогдож байх тул 5.760.000 төгрөгөөс төлсөн хүү 1.080.000 төгрөгийг хасч, үлдэх хүү 4.680.000 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.6-д Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заажээ.

 

Иймд хариуцагч Б.*******аас үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 4.680.000 төгрөг, алданги 4.343.000 төгрөг, нийт 13.020.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.*******д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 223.050 төгрөг гаргуулж, З.*******д олгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б.*******аас 13.020.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.318.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 223.050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО