Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00657

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00657

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Есөнбулаг сум, 0 дүгээр багийн 0 тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух ******* ******* холбогдох

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Банзрагч,

Иргэдийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны том оврийн тээврийн хэрэгсэл мөргөж зугтаасан тул тухайн өдөр Хэнтий аймгийн цагдаагийн газарт годмол гаргаж шалгуулсан. Тус аймгийн Жаргалтхаан сумын сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Э.******* нь зөрчлийн шинжтэй годмол мэдээллээр шалгаж 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Тухайн үед тохиролцох хүсэлтэй байсан ч миний хохиролыг барагдуулахаас зайлсхийж өдийг хүртэл утасаа авахгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул энэхүү асуудлыг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна. Би үнэлгээний газраас үнэлгээ хийлгэсэн, үнэлгээгээ эх хувиар нь авсан, энэ осол 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгаас өвс ачаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт явж байхад араас маш их хурдтай орж ирээд чиргүүлийн зөв тал руу мөргөөд, зугтсан. Тэгээд би хамт явж байгаа машины жолооч нар руу станцаар холбогдож байгаад зогсооход ажлынхаа инженер залуутай хоёулаа согтуу бууж ирсэн байсан. Би эвдэрсэн юмнуудаа янзлаад араас нь очоод цагдаа дуудах гэж байсан чинь 7 хоногийн дотор хохирлыг чинь барагдуулна гэхээр нь хүлээн зөвшөөрөөд цагдаа дуудаагүй. Тэгээд би Багануурт ирээд байгууллагатай нь холбогдоод өвс задарсан байсныг засаад, эхнэртэй нь уулзаад тохиролцоод салсан. Тээврийн хэрэгслийн хохирол 5.515.000 төгрөг гарснаас надад надад 2.000.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 3.515.000 төгрөг, бензин, хоолны мөнгө 485.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний машин Евро машин учраас сэлбэг нь олдохгүй байсан гэв.

 

Хариуцагч Э. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* нэхэмжилсэн 4.000.000 төгрөг нь зах зээлийн ханшаас хэт өндөр ханш байна. Үнэлгээг худлаа гаргасан гэж үзэж байгаа. Миний санал болгосон сэлбэгийг худал үнэ өсгөж авсан. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг Д.******* 0000  тоот дансанд шилжүүлсэн. Уг хохиролд энэ мөнгө хангалттай гэж бодож байна гэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ... Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны том оврийн тээврийн хэрэгсэл мөргөж зугтаасан зөрчлийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сум дундын цагдаагийн тасгаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь хохиролыг барагдуулахаас зайлсхийж байх тул миний хохирлыг гаргуулж өгнө Үү" гэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ "... Үнэлгээг худалаа гаргасан гэж үзэж байгаа. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг Д.******* 0000  тоот дансанд шилжүүлсэн. Уг хохиролд энэ мөнгө хангалттай гэж бодож байна" гэж маргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2024 оны 10 сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3-р багт Д.Банзрагч 00 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед Э. НОWO маркын 000 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол үйлдээд зугтсан болох нь зөрчлийн хэрэг нээх тухай 2024.11.04-ний өдрийн тогтоол, холбогдогчоос авсан мэдүүлэг, 2024.10.26-ны өдрийн зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2024.10.31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2024.12.02-ны өдрийн 0103305 шийтгэлийн хуудас зэрэг баримтаар тогтоогдожээ.

 

Нэхэмжлэгч Д.Банзрагч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-т зааснаар зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчээс хохирлоо нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 499.4Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 

Өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэдэг нь гэм хор учирсан этгээд өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон этгээдэд холбогдуулан шаардлага гаргасан тохиолдолд түүний хүлээх үүргийг тодорхойлсон агуулгатай.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.******* өмчлөлийн гэх 00000 УЕА улсын дугаартай Volvo FH12 маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* байх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэгч Д.Банзрагч шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл тухай тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* шаардах эрхтэй бөгөөд тухай компаниас нэхэмжлэгч Д.Банзрагчид хохирол шаардах ямар нэгэн эрхийг олгоогүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Банзрагч нь хохирол учирсан тээврийн хэрэгсэл миний өмчлөлийх бөгөөд ОУ-ын ачаа зөөдөг учраас тээврийн хэрэгсэл заавал компанийн нэр дээр байх шаардлагатай байсан учраас тээврийн хэрэгслийн нэрийг ******* компанийн нэр дээр шилжүүлсэн гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар тухайн тээврийн хэрэгсэл нь Д.******* өмчлөлийх, тэрээр ******* -ийн нэр дээр шилжүүлсэн гэх баримт авагдаагүй байна.

 

Иймд Д.Банзрагчийг тухай тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, мөн тэрээр хоол, бензины зардалд 485.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Эдгээр үндэслэлээр Э.******* холбогдох гэм хорын хохирол 4.000.000 төгрөг гаргуулах тухай Д.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч 3.515.000 төгрөгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хоол унааны зардлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн болно.

 

0000 УЕА улсын дугаартай Volvo FH12 маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч учирсан хохиролоо шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Э.******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч гардаж авах үүрэгтэй бөгөөд 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ