| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0055/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/070 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814000000021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2017 оны 04, 08, 10 дугаар саруудад нийт 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******ыг зодсон, мөн 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 сарын 26-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн ******* сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хадам ээж ******* нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 сарын 26-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим согтуурсан үедээ Баянхонгор аймгийн ******* сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр *******, хадам эх ******* нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч *******ын ... манай нөхөр Б нь 2017 оны 04 дүгээр сард гэртээ зодож цохисон, тэгэхэд биеийн зарим хэсэгт хөхрөлт үүссэн байсан. ******* намайг 2017 онд дөрвөн удаа зодсон, дараагийнх нь 2017 оны 08 дугаар сард гэртээ миний толгой руу гараараа цохиж авсан, 3 дахь нь 2017 оны 10 дугаар сард болсон, тэгэхэд сумын цагдаагийн тасагт мэдэгдсэн, харин сүүлийнх нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 01-02 цагийн үед гаднаас орж ирсэн, орж ирэхдээ согтуу байсан. Тэр үед ээж *******, хүүхэд хамт гэртээ унтаж амарч байсан юм. ******* гэрт орж ирчихээд шууд алнаа гээд над руу дайраад орноос намайг татаж унагасан, тэгчихээд цохиж авсан, ээж хажуугаас нь яагаад байнаа чи боль гэхэд үгийг нь хүлээн авахгүй агсараад байсан. Ээжийг боль гэхэд үснээс нь зулгаагаад газарт унагаад хөл гараараа цохиж авсан. Тэр бас өөрөө газарт унасан байсан, тэгэхэд ээж болон миний бие гар хөлөнд нь оногдож цохигдсон. Ээж Быг дараад хэвтсэн, ******* согтуу байсан учир тамир тэнхээ арай сулбагар байсан. Би ээжтэй ноцолдож байх хооронд гэрээс гарч гүйсэн. Соёлын төв дээр очиж ******* цагдааг дуудуулсан. Тэр сумын засаг дарга *******той соёлын төвөөс гарч ирсэн, учир явдлаа яриад *******, *******той бид 4 гэртээ ирэхэд Б гараад явсан байсан. Бид нар манай гаднаас хөдпөөд төв рүү ороод соёлын төвийн баруун талд явж байхад зам дээр ганцаараа алхаж байсан, бид машинаа зогсоогоод ******* цагдаа, ******* дээр очиж түүнийг дагуулаад цагдаагийн байр руу орсон. Манай нөхөр намайг байнга харддаг. ******* нь урд нь 2017 онд 4 удаа гар хүрсэн, урд жилүүдэд нь ганц нэг удаа гар хүрч цохиж зодсон асуудал байдаг, цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж байгаагүй, харин өнгөрсөн 10 сард ******* цагдаад мэдэгдэж байсан ... Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол алга, мөн нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг... /хх-ийн 12-14, 67-69/,
Хохирогч *******гийн ... 2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө согтуу гаднаас орж ирсэн. Тэгээд ******* тай маргаж эхэлсэн, намайг боль гэхэд надтай маргасан. Тэгээд охин бид 2-ыг зодож цохисон, миний охин *******ыг байнга хардаж заримдаа гар хүрдэг байсан. Гэхдээ тэр болгоныг би мэдэхгүй, би тусдаа амьдралтай, нэг гэр, хашаанд байхгүй болохоор мэдэхгүй ... Миний хувьд одоо гаргах санал хүсэлт гомдол байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/,
Гэрч *******ын … манай цагдаагийн тасагт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны шилжих шөнө 01-02 цагийн үед дуудлага мэдээлэл ирж *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гудамж талбайд явж байхад нь саатуулсан, тэр үед эхнэр Ч.Б, хадам ээж Ч.Б нарыгаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байсан. Өмнө нь 2017 оны 10 сард мөн хадам ээж Ч.Б нь дуудлага өгч байсан. Дуудлагаар очиход эхнэр ******* нь би амраачихъя, дахин дуудлага өгөхгүй гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,
Шүүгдэгч *******ын ... 2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө эхнэр Н, хадам ээж нартай барилцаж авч тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг учруулсан. Миний үйлдэл бол буруу гэдгийг би ойлгож мэдлээ, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэх байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн минь миний буруу эхнэртэй гар хүрхээрээ гэмтэл учруулж гар хүрч байсан удаа ховор юм. Эхнэртээ гар хүрэх шалтгаан нь бол гэр орондоо тогтохгүй, гадуур тэнэдэг эрэгтэй хүн шиг алга болчихдог, гэртээ ирэхдээ заримдаа согтуу ирдэг, хаагуур яваад байгаан гэхээр урдаас хэрэлдээд би явах ёстой юмандаа явна гэж хэрэлдэж байдаг юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 44 тоот шинжээчийн ... *******ын биед духанд зулгаралт, дух, зүүн хөх, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 45 тоот шинжээчийн ... *******гийн биед тархи доргилт, зүүн бугалга, гуя, өвдөг, баруун шилбэнд цус хуралт, дух, гуя, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/, Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44/, хохирогч *******, шүүгдэгч ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин Баянхонгор аймгийн прокурорын газраас *******ыг эхнэр *******ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан гэдэг нь хэвшмэл маягтай буюу гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодсон, эсхүл хууль бусаар хорих, бэлгийн хүчирхийлэлд оруулах, өлсгөх, цангаах, орон гэрээс нь хөөх зэргээр харгис хэрцгий хандан тарчлаасан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, ичгүүр сонжуургүй догшин авирласан байхыг хэлэх ба энэ нь тус тусдаа хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдох бөгөөд хэрэгт захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх баримтууд авагдаагүй, аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй байхад дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэж байнга зодсон гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзнэ.
Иймд Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******ын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА