Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/626

 

 

 

 

 

 

    2024           5            29                                         2024/ДШМ/626

 

 

Д.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Ц.Батзаяа,

           хохирогч Б.Б.О, түүний өмгөөлөгч Д.Гомбо,  

           яллагдагч Д.Бын өмгөөлөгч Г.Баяржаргал,

           нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/399 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлоор Д.Бад холбогдох эрүүгийн 2211010920908 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугчин овгийн Д.Б, 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн халамжийн мэргэжилтэй, Талст бланси консалтинг ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ............................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11ий  өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД:......................../;

Яллагдагч Д.Б нь “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт лицензийн төлбөр, уул уурхайн тендерт оролцож байгаа болохоор түр хугацаанд дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна”, “Мөнхийн номхон далай” ХХК-ийн олон тооны 90 хувийн хувьцааг шилжүүлнэ өгнө” гэж 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 805.000.000 төгрөгийг өөрийн 5027496182 тоот дансаар шилжүүлэн авч,

2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Шангрилад байх үл хөдлөх хөрөнгө өгнө” гэж хуурч, 30.000.000 төгрөгийг өөрийн 5027496182 тоот дансаар шилжүүлэн авч,

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “ОХУ-аас тээврийн хэрэгсэл оруулж ирж худалдаж байна” гэж хуурч И.БХаан банкны 5166020476 дугаартай дансаар 60.000.000 төгрөг, Ж.БХаан банкны ........................ дугаарын дансаар нийт 4 удаагийн гүйлгээгээр 100.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн дансаар 1.200.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өөрийн ................... тоот дансаар 2.000.000 төгрөг,  2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.Д Хаан банкны .................... тоот дансаар 5.000.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.О хамтран ажилладаг О.Х....................... тоот дансаар 7.500.000 төгрөг шилжүүлснийг Б.Д Хаан банкны ............... тоот дансаар хүлээн авч,

2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Б Хаан банкны ............тоот данснаас ................. тоот данс руу 1.600.000 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ч.О Хаан банкны ....................... тоот данснаас 11.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5027496182 тоот дансаар хүлээн авч,

2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 4.000.000 төгрөгийг 5555203333 тоот дансаар хүлээн авч,

2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “БНСУлсын виз гаргаж өгнө” гэж шилжүүлсэн 6.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027496182 тоот дансаар хүлээн авч,

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 150.000.000 төгрөгийг бэлнээр,

“Гар утас бусдад худалдаж өгнө” гэж 38.670.000 төгрөгийн гар утсыг авч, нийт 1.221.970.000 төгрөгийн хохирол учруулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Б.Од их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан “...Үнэлгээ гарсан мөртлөө анхны эзэмшигчийн үнээр 160.000.000 төгрөгийн үнэтэй машиныг шилжүүлэн өгсөн гээд Ниссан мурано маркийн автомашин дээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэлгээ хийлгээгүй. Хэрэгт авагдсан баримтаар дээрх машиныг Д.Б ахын өг гэсэн хүнд өгсөн, мөнгөө өгөөгүй болохоор хэрэглэж байсан чинь нэр дээрээ шилжүүлж авсан ах нь миний машиныг хүн эзэмшдэг, зөвшөөрөлгүйгээр, хулгайгаар хэрэглээд байна гээд буцаагаад аваад явсан, би 160.000.000 төгрөгт тооцож Д.Бад өгсөн гэдэг. Хоёр тээврийн хэрэгсэл байхад нэгийг нь үнэлээгүй, 160.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хохиролд тооцохгүй гээд байгаа юм бол тухайн мөнгө эргээд шилжин орж ирсэн эсэх дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. “Ниссан мурано” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ хэрэгт огт байхгүй...”,

            мөн “...157.000.000 төгрөгийг Д.Б нь эргүүлэн өгөх юм бол компанийг буцааж өгнө гээд мэдүүлэг өгсөн байдаг. Компанийн 90% хувьцаа нь Б.Од 160.000.000 төгрөгөөр очсон. Хэрвээ энэ шударга явдал байсан бол анхны эзэмшигч буюу Д.Б дээр очих ёстой байсан. Гэтэл миний үйлчлүүлэгчтэй хамтран амьдарч байсан гэдэг утгаараа Б.О өрийг нь төлөөд эргүүлээд авахдаа өөрийн нэр дээр авсан. Б.Б.О мэдүүлэхдээ “Би худалдаж авсан учраас Д.Бад хамаагүй” гээд байгаа. Тиймээс “Мөнхийн номхон далай” ХХК дээр үнэлгээ гаргуулмаар байна. Дээрх компани нь Алтанзул гэх хүний нэр дээр байсан. Харин Алтанзулаас Б гэх хүний нэр дээр 100% хувьцааг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу прокурор бүрэн гүйцэт ажиллагаа хийгээгүй байна гэж үзэж байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна ...” гэх санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэж, Д.Бад холбогдох хэрэгт “Мөнхийн Номхон далай” ХХК-н дээр хөрөнгийн, нөөцийн болон бусад байдлаар компанийн үнэлгээг, мөн уг хэрэгт “Ниссан Мурано” маркийн автомашинд эд хөрөнгийн үнэлгээг тус тус хийлгэх үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Оөмгөөлөгч Э.Уянга давж заалдах гомдолдоо: “...Хавтас хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтууд болох /2хх 43, 145/-д авагдсан “Мөнхийн номхон далай” ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн лавлаагаар энэ хуулийн этгээд нь А.Алтанзул, Д.Б гэх хоёр хувьцаа эзэмшигчээс А.Ганхуяг гэх иргэнд бүрэн шилжсэн ба хохирогч Б.Б.О нь уг хуулийн этгээдийг иргэн А Ганхуягаас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан иргэд хоорондын гэрээний эрх зүйн харилцаа хийгдэж дууссан болох нь мөн /2хх 94-99/-д авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шүүхээс буцаасан нэг үндэслэл болох “Мөнхийн Номхон Далай” ХХК дээр хөрөнгийн, нөөцийн болон бусад байдлаар компанийн үнэлгээг тогтоолгох нь энэ хэргийн хохирол хор уршигт хамааралгүй, яллагдагчид холбогдох хэрэгт огт хамааралгүй гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш гуравдагч этгээд болох А.Ганхуягтай иргэний эрх зүйн харилцаагаар авсан учраас энэ үйл баримтыг нотлох, тодруулахаар гэрч Х.Ганхуягийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэх саналыг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Хохирол төлбөрт шилжүүлсэн гэх /2хх 125-142/-д талд авагдсан тээврийн хэрэгслүүдийн лавлагаа мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулахад 88-73УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Д.Бал гэх иргэний, 47-30УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл Мягмарсүрэн гэх иргэний өмчлөлд бүртгэлтэй байгааг тогтоосон, яллагдагчийн нэр дээр бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл яллагдагчийн хэлээд байгаа 47-30УБД улсын дугаартай Ниссан Мурано загварын автомашин бүртгэлгүй болохыг тогтоочихсон байхад яаж ямар тээврийн хэрэгсэл дээр үнэлгээ гаргуулах талаар бичээд байгаа нь ойлгомжгүй, захирамжид заасан ажиллагаа биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3, 27.4 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэх эрхтэй, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтад зааснаар хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хохирол төлбөрийг тогтоох эрхтэй. Тиймээс захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгдсэн, нотолбол зохих асуудлыг нотолсон, нотлогдсон баримтын хүрээнд хохирлын дүнг гаргасныг хохирогч хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Б.Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүүлд А.Ганхуяг гарч ирээд миний дүү их хохирсон байна, энэ компанийг шилжүүлээд авчихвал хохирлоос барагдах юм байна гээд би А.Ганхуягтай гэрээ байгуулж “Мөнхийн номхон далай” ХХК-ийг шилжүүлж авсан. Гэтэл давхар А.Ганхуягт залилуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасан байгаа. Д.Бад залилуулснаас хойш 3 жилийн хугацаанд ямар ч ажил хийх боломжгүй, хамгийн сүүлийнхээ хөрөнгийг тавьж А.Ганхуягаас “Мөнхийн номхон далай” ХХК-ийг шилжүүлж авсан. Тэгэхээр би асуудлаа хамгийн хурдан шийдүүлмээр байна. Би Д.Бтай холбогдох ямар нэгэн асуудал байхгүй, мөнгө зээлсэн. Би гэр бүлтэй, 3 хүүхэдтэй. Үнэнийг хэлэхэд би Д.Баас мөнгөө авахын тулд 1 жил гаран гэр бүлийнхэндээ мэдэгдэхгүй араас нь хөөцөлдөж явж байсан. Тиймээс хурдан асуудлаа шийдвэрлэж, ажлаа хиймээр байна. ...” гэв.

Хохирогч Б.Оөмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Уянга өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Хан-Уул дүүргийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүссэн гэж хохирогч буруу ярьж байна. Үүнийг залруулахад Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Ганхуягт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа. Тэгэхээр энэ нь тусдаа харилцаа юм. Хэргийг прокурорт буцааж, “Мөнхийн Номхон далай” ХХК-ийн дээр хөрөнгийн, нөөцийн болон бусад байдлаар компанийн үнэлгээг үнэлүүлээд тэдэн төгрөгийн үнэтэй, тийм ордтой гэж үнэлгээ гараад хэрэгт ямар ч ач холбогдолгүй, хохиролд тооцогдох боломжгүй. Өөрөөр хэлбэл, үндсэн хөрөнгө А.Ганхуягаас Б.Б.Од шилжиж, одоо буцаах тухай асуудал яригдаж байгаа учраас тодорхой болсон. “Ниссан мурано” загварын автомашины тухайд дүүд нь зарсан автомашинаа хохиролд тооцуулах гэсэн зүйл яриад байдаг. Анхан шатны шүүх үүнийг тодруулах нь ямар ач холбогдолтой гэдэгт дүгнэлт хийгээгүй. Үүнийг үнэлж үнэлгээ гарвал 160.000.000 төгрөгөөр тооцож, хохирол төлбөрт тооцоход ач холбогдолтой гэж үзэж байгаа юм уу, эсхүл 160.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх гээд байгаа юм уу, юунд ач холбогдолтой гэдэг нь тодорхойгүй. Гуравдугаарт, энэ хэргийг хурдан, шуурхай шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Хэрэгт ач холбогдолгүй, хэн ч харсан ойлгомжтой асуудлаар хэргийг буцаах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Б.Оюундарийг амьдралыг орвонгоор эргүүлсэн, одоо дансанд нь нэг ч төгрөг байхгүй, 20 жил ажиллаж цуглуулсан тэрбум гаран төгрөгийг залилж аваад байхгүй болгочихсон. Д.Быг хохирол барагдуулна гэдэгт итгэлгүй байдаг. Тиймээс хохирогчийг хохирсон дээр нь хохироохгүйгээр хэргээ хурдан шийдвэрлүүлэх саналтай байгаа. Б.Б.О сэтгэл санаагаа цэгцлээд ажлаа эхнээс эхэлье гэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийн хэмжээг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй. Мөн мөрдөн байцаалтын шатанд прокурор өөрийнхөө гаргасан тогтоолыг биелүүлээгүй яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийг прокурорт буцаах шалтгаан болсон. Тухайлбал, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 35 дугаар прокурорын тогтоолоор “хэрэгт шалгагдагч Д.Бын мэдүүлэгт “Мөнхийн Номхон далай” ХХК-ийн 90 хувийн хувьцааг Б.Б.Од шилжүүлж өгсөн, тээврийн хэрэгслийн  2023 оны 3 дугаар сард Б.Б.Од 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж тус тус мэдүүлж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон эзэмшигч нарыг тогтоож мэдүүлэг авч, дээрх нөхцөл байгаа эсэхийг тодруулах ажиллагаа явуулах шаардлагатай байх тул гэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан боловч энэ ажиллагааг хийгээгүй. 2 машины асуудал яригдаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “Тоёота Кровн” загварын автомашиныг 25.000.000 төгрөгөөр үнэлсэн. “Ниссан Мурано” загварын автомашины тухайд анхны эзэмшигч нь 160.000.000 төгрөгийн үнэтэй, дөнгөж орж ирсэн машинаа Д.Б ахыг өг гэсний дагуу Б.Одүүд нь өгсөн гэж мэдүүлсэн. Гэхдээ Б.Одүүгээс нь мэдүүлэг аваагүй. Гэтэл Б.Б.О 60.000.000 төгрөгөөр авсан гэж ярьдаг. Мөн 2 машины үнэлгээг хохирлын мөнгөнөөс хасаж тооцоогүй буюу нэг автомашиныг бэлэглэсэн, нэгийг нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн учраас эрүүгийн гэмт хэрэгт хамааралгүй гэсэн дүгнэлт прокурорын байгууллагаас хийсэн. Яллах дүгнэлтэд “Мөнхийн Номхон далай” ХХК-ийн 90 хувийг Б.Б.Од шилжүүлэн өгнө гэж амлаад 1.200.000.0000 орчим төгрөг авсан гэж бичиж оруулж ирсэн. Гэтэл “Мөнхийн Номхон далай” ХХК одоо 100 хувь Б.Оэзэмшил дээр байгаа. А.Ганхуяг “би Д.Баас энэ компанийг 1.500.000.000 төгрөгт бодож авсан, тэгээд тал мөнгийг нь өрөндөө суутгаж, тал мөнгөнд “Мерседес бенз” загварын автомашин, дугааргүй “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашиныг өгсөн. Гэтэл компанийг шилжүүлж авах гэхэд Авлигатай тэмцэх газарт хязгаарлалт тогтоосон байсан учраас хөөцөлдөж байгаад 2 автомашинаа буцааж авсан. Одоо би Д.Бад бэлнээр өгсөн 125.000.000 төгрөг дээр 2 жилийн лицензийн төлбөр болох 35.000.000 төгрөгийг нэмж нийт 157.000.000 төгрөг авбал компанийг нь буцааж өгнө” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Д.Б хар тамхины хэргээр ял эдэлж байгаа. Тэгээд энэ 2 хамтран амьдарч байсан учраас алинд нь ч өгсөн хамаагүй гэдэг утгаар анх Д.Бын нэр дээр байсан компанийг 160.000.000 төгрөгөөр А.Ганхуяг Б.Б.Од шилжүүлж өгсөн. Мөн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “ОХУ-аас тээврийн хэрэгсэл оруулж ирж худалдаж байна” гэж хуурч И.БХаан банкны 5166020476 дугаартай дансаар 60.000.000 төгрөг, Ж.БХаан банкны 5429453630 дугаарын дансаар нийт 4 удаагийн гүйлгээгээр 100.000.000 төгрөг, нийт 160.000.000 төгрөг авсан гэж байгаа. Гэтэл энэ 160.000.000 төгрөгөөр автомашин аваад одоо байгаа юм уу, автомашинаа Д.Б нуусан уу, эсхүл И.Баттулга, Ж.Батбилэг нар хохирогчоос гарсан 160.000.000 төгрөгийг авч ашигласан уу гэдэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, дээрх хүмүүсийн дансыг шалгаж, мэдүүлэг аваагүй. Хэрэв И.Баттулга, Ж.Батбилэг нараас мэдүүлэг аваад автомашин болсон бол гэмт хэргийн замаар олдсон эд хөрөнгө гэсэн үндэслэлээр хурааж аваад хохирогчид өгвөл хохирлын мөнгөнөөс барагдах талтай. Үүнийг шалгаагүй, прокурор тогтоолдоо дурдсан ажиллагааг хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Би урьдчилсан хэлэлцүүлэг дээр энэ 2 асуудлыг тодорхой дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэрэв давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээвэл энэ 2 асуудлыг нэмж шалгах нь зүйтэй. 160.000.000 төгрөгийн асуудал дээр дүгнэлт өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Прокурор Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа бөгөөд хэргийн материалтай танилцсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь шүүгчийн захирамжид дээд шатны прокурор болон улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл гаргаагүй. Хэргийн материалтай танилцахад хохирогчийн 2 дахь мэдүүлэг буюу “Мөнхийн Номхон далай” ХХК-ийн 90 хувийг надад эзэмшүүлнэ гэснээр би энэ мөнгийг өгч эхэлсэн гэж мэдүүлсэн байдаг. Шүүгчийн захирамжид дурдсан нэмэлт ажиллагаа хийлгэх асуудал нь хэргийн үйл баримттай шалтгаант холбоотой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Д.Бад холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

             Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

             Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд яллагдагч Д.Б нь хохирогч Б.Оюундариас мөнгө залилж авсан гэх үйл баримтыг тодруулан бүрэн шалгаж дүгнэх шаардлагатай гэж үзлээ. 

Анхан шатны шүүхээс “…нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоох, мөн “Ниссан мурано” загварын тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийг үнэлгээг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн холбогдох үнэлгээг хийж, холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан, эсхүл төлбөр тооцоонд шилжүүлсэн эсэх асуудлыг шалгаж, хэргийн хохирол, хор уршигт тооцох эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Харин шүүгчийн захирамжид дурдсан “Мөнхийн номхон далай” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн холбогдох лавлагаа, бусад баримтууд хэрэгт нэгэнт цугларсан байх тул уг компанийн хөрөнгийн, нөөцийн болон бусад байдлаар компанийг үнэлэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж шалгах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/399 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/399 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Д.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ