| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0060/З |
| Дугаар | 110/ШШ2025/0079 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 110/ШШ2025/0079
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.И,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.И, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Х.И нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргад холбогдуулан, “Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар хууль бус гаргасан захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугар захирамжийн Х.Ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
2. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
2.1. Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжаар миний эзэмшиж байгаа газрыг хүчингүй болгосныг мэдэж, дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргад 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан юм.
Аймгийн Засаг дарга 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №2-01/1093 тоот мэдэгдэх хуудсаар энэхүү асуудлыг хууль журмын дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлж авна уу гэсэн хариу өгсөн байна. Энэхүү мэдэгдэх хуудсыг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
2.2. Миний бие Х. И тус аймгийн Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох Өлгийгээс Шар нуур явах хар замын баруун талд байршилтай ...., ...., ....., ...., ..., 8... нэгж талбарын дугаартай, 4200 м.кв газрыг гэр, орон сууцны газрын зориулалтаар Сагсай сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/0171 дугаартай захирамжийн дагуу эзэмшиж байгаа юм. С.:С 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм.
2.3. Тухайн газрыг анх Сагсай сумын Засаг даргын орлогч Аманкелди нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар нэр бүхий 6 хүнд 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Түүний дараа 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мөн сумын Засаг даргын А/48 дугаар захирамжаар /Засаг дарга Исатай/ иргэн С.С 49 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тэгээд би иргэн М.Сс 45,000,000 төгрөгөөр худалдаж аваад, 2023 оны 04 дүгээр сард хашаа татаж, хууль ёсоор эзэмшиж байсан.
2.4. Гэтэл тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн "Зөрчил арилгуулах тухай" 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02-15-04 дугаартай албан шаардлагыг Сагсай сумын Засаг дарга Б хүргүүлсэн байсан. Миний бие тухайн албан шаардлагатай танилцаад, дээрх 4200 м.кв газрыг бусдаас худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч, хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгээ илэрхийлж бичгээр хариу өгч гомдол мэдүүлсэн түүнээс хойш надад ямар ч гомдлын хариу ирээгүй.
2.5. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар хэн нэгэн байгууллага, албан тушаалтны зүгээс надад мэдэгдээгүй албан ёсны мэдээлэл өгөөгүй юм. Харин би саяхан И-Монголия системд нэвтэрч шалгахад, миний дээрх газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байсныг олж мэдсэн юм. Уг газрыг эзэмшигчийн хувьд хашаа татахад төмөр, банз, шонгийн мод худалдаж авах, хүн хөлслөн ажиллуулах болон бусад зардал, газрын үнэтэй нийлж нийт 62,000,000 төгрөгийн зардал гарсан байдаг юм. Уг газрыг эзэмшиж ашиглахын тулд би 4 жилийн хугацаанд их хэмжээний зардал гаргаж бизнес төлөвлөгөөнд саад болж, хөдөлмөр, хөрөнгө оруулалт үр ашиггүй болж, чирэгдэл хохирол учруулж байна.
2.6. Дээрх газруудад тус бүрд нь газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай Сагсай сумын Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зургууд нь миний гарт байна. Миний бие дээрх газрыг эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа боловч хэн нэгэн албан тушаалтан хүчингүй болгож миний шударгаар хөрөнгө эзэмших эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Эзэмшлийн газрыг тухайн үед ажиллаж байсан үе үеийн Сагсай сумын Засаг дарга нар иргэнд эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан ба хэрвээ тэд буруу шийдвэр гаргаж байсан бол түүнээс болж иргэн би хохирох ёсгүй гэж ойлгож байна. Уг газрыг би аваад 1 жил 4 сарын хугацаанд хүчингүй болгосон. 2 жилийн хугацаа хүрээгүй.
Иймд миний газар эзэмших эрхэд халдаж, хохироож байгаа Сагсай сумын Засаг даргын хууль бус гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1. Иргэн Х И нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сагсай сумын Засаг даргын "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаартай захирамжийн өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг судлан үзэж дараах хариуг хүргүүлж байна.
3.2. Үүнд, Барилга, хот байгуулалтын яамны салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 02-00/12 дугаар "Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж 2023 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн ба үүний хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №02-15-04/050/34 албан бичгээр тухайн үеийн Засаг дарга К.Б ирүүлж албан бичгийн хариуг хугацаанд өгч хууль зөрчсөн захирамжуудыг хүчингүй болгож, зөрчлийг арилгуулах шаардлага тавьсан байна
3.3. Уг албан бичгийн хавсралтаар Сагсай сумын Засаг даргын Газрын тухай хууль зөрчсөн захирамжуудыг хүргүүлсэн. Тус албан бичгийн хавсралтын 18-р хэсэгт Т. А, Б. Е, М.С, Т. С, Б. Л, С. Ж нарт сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүрд нь 700 мкв газрыг 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг / аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/ зөрчсөн болохыг тогтоосон.
3.4. Үүний дараа тус 6 иргэний эзэмшилд байсан .... нэгж талбарын дугаартай нийтдээ 4200 м2 газрыг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн А/48 дугаар "Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх” тухай захирамжаар иргэн Сатан овогтой Сапарбекийн нэр дээр шилжүүлсэн байна.
3.5. Түүнээс хойш нэг жилийн дараа иргэн С.Сапарбекийн нэр дээр байсан 4200 м² газрыг сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/171 дугаар захирамжаар Х.Ид шилжүүлсэн, Х.И нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул хуульд заасны дагуу сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 тоот захирамжаар тухайн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
3.6. Маргаан бүхий газрыг анх 2020 оны Сагсай сумын өмнөх Засаг даргын захирамжаар 6 иргэнд олгоход буруу шийдвэр гарсан, тухайн газар нь газрын ангиллаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар биш, хөдөө аж ахуйн зориулалттай газар гэж явдаг. Маргаан бүхий газрын зориулалтыг зориулалт бусаар олгосон.
3.7. Анх эзэмшүүлсэн хүмүүс нь Газрын тухай хуулийг зөрчиж, тухайн газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй боловч 3 дахь эзэн нь газрын төлбөрийг төлж, хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа юм байна. Уг газрыг хүчингүй болгохдоо 2023 онд улсын байцагчийн дүгнэлтээр хүчингүй болгосон. Жил болгон газар олголт дээр хяналт, шалгалт хийдэг. Тухайн хяналт шалгалтаар маргаан бүхий газар анхнаасаа буруу олгогдсон гэдэг нь тогтоогдсон. Улсын байцаагчийн дүгнэлтээр тухайн үеийн сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. 1. Нэхэмжлэгч Х.Игийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн Х.Ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
2.1. Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр дэх .... нэгж талбарын дугаартай, маргаан бүхий 4200 м2 газрыг анх Сагсай сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/120 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн[1] хавсралтаар ..... нарын тус бүрт 700 м2 хэмжээгээр эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон , дараа нь буюу Сагсай сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/48 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар[2] нэр бүхий 6 иргэнд эзэмшүүлсэн дээрх 4200 м2 газрын газар эзэмших эрхийг иргэн .... шилжүүлж, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгосон зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан захирамжууд болон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн хуулбараар[3] тус тус тогтоогдож байна.
2.2. Улмаар Сагсай сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/171 дүгээр захирамжаар[4] нэхэмжлэгч Х.Ид маргаан бүхий 4200 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг 48 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, 700 м2 газар тус бүрд газар эзэмших эрхийн гэрчилгээг[5] олгожээ.
2.3. Дээрх 4200 м2 газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэрийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн [6] хавсралтын холбогдох хэсгээр хүчингүй болгож, үндэслэлээ тус шүүхэд “... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/34 дугаартай албан шаардлагад тухайн газрыг анх нэр бүхий 6 иргэнд олгохдоо тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг олгосон гэж тусгасан, мөн нэхэмжлэгч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй” гэж тайлбарлажээ.
2.4. Нэхэмжлэгч Х.Ид маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар иргэн С.Сапарбекээс шилжүүлэн эзэмшүүлснээс хойш буюу 2 жилийн хугацаа дотор, тодруулбал, 2023 оны 4,5 дугаар саруудад нийт 13,000,000 сая орчим төгрөгийн зардал гаргаж, газраа хашаалж, тодорхой хэмжээгээр ашигласан нь хэрэгт авагдсан гэрч Х.А, гэрч К.Е нарын мэдүүлгээр[7], шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургуудаар[8], мөн маргаан бүхий газрын төлбөрийг 2022 онд С.С, 2023, 2024 онуудад нэхэмжлэгч Х.И нар нь тус тус төлж байсан нь газрын төлбөрийн тооцоо хийсэн актаар[9] тус тус тогтоогдож байна.
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
3.2. Нэхэмжлэгч нь дээрх байдлаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдаас шилжүүлэн авсны дараа газрын төлбөрөө жил бүр төлж байсан, газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд эзэмшүүлсэн газарт хашаа татаж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших үйл ажиллагаагаа эхэлсэн, зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул хариуцагчийн “... газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлүүд үгүйсгэгдэж байна.
3.3. Харин хариуцагчийн “... маргаан бүхий газрыг иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх тайлбар нь үндэслэлтэй, энэ нь Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр “Сумын 2020 оны газар зохион байгуулалт, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтаар[10] батлагдаж байх боловч анх 2020 онд маргаан бүхий газрыг нэр бүхий 6 иргэнд эзэмшүүлэх шийдвэрийг захиргааны байгууллага буюу сумын Засаг дарга өөрөө гаргаж газар эзэмшүүлсэн, дараа нь уг алдааг зөвтгөхгүйгээр С.С, Х.И нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг жил дараалан шилжүүлэн эзэмшүүлэх явцад уг асуудлыг хөндөөгүй, мэдэгдээгүй атал нэхэмжлэгч нь тухайн газартаа тодорхой хэмжээний хөрөнгө, зардал, хүч хөдөлмөр зарцуулж, зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа явуулсны дараа “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй ” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосныг зөв гэж үзэх үндэслэлгүй байна.
3.4. Иймээс дээрх үндэслэлүүдээр Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Х.Ид холбогдох хэсэг нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын Х.Ид холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 32,33 дугаар тал
[2] Хэргийн 83 дугаар тал
[3] Хэргийн 84, 90, 91, 98, 99, 106, 107, 114, 115, 122, 123, 130 дугаар тал
[4] Хэргийн 131 дүгээр тал
[5] Хэргийн 139, 143, 148, 152, 158, 20 дугаар тал
[6] Хэргийн 159 дүгээр тал
[7] Хэргийн 189,193 дугаар тал
[8] Хэргийн 178, 18180-183 дугаар тал
[9] Хэргийн 203-208 дугаар тал
[10] Хэргийн 164-172 дугаар тал