Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00658

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00658

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нарийны 000 тоотод оршин суух ******* хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Хулан, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Хулан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Хулан миний бие ******* ******* 2016 онд танилцаж дотно харилцаатай байх үедээ жирэмсэлсэн. Б.Батхангал нь намайг 5 сартай жирэмсэн байхад орхиод явсан. Төрсний дараа ирээд уулзчихаад явсан. Охин Хулангийн ******* 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Охиноо төрснөөс хойш Б.Батхангал нь 1 удаа ирээд явсан. Цөөн удаа утсаар холбогдсон. Дугаар нь холбогдохгүй болсон учир ярьж чадахаа больсон. Охиноо эцгээр нь тэжээн тэтгүүлэх асуудлаар шүүхэд хандах гэхээр оршин суух хаягийг нь мэдэхгүй байна. Б.Батхангалын талаар ямар ч мэдээлэл надад алга. Б.Батхангалын Хаан банкны дансны дугаар нь 000000000. Иймд Хаан банкнаас дансных нь дугаараар дамжуулан Б.Батхангалын регистрийн дугаар болон банкинд байх бусад хувийн мэдээллийг нь шүүхээр дамжуулан гаргуулах хүсэлтэй байна. Иймд ******* Батхангалыг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Энх-Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхээс Б.Батхангалын Хаан банкны 000000 тоот дансаар холбогдох мэдээллийг Хаан банк ХК-иас нотлох баримтаар шаардан гаргуулсан болно.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Хулан нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Батхангал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 0 дугаар баг, Шинэбулагийн 00  тоотод оршин суух бүртгэлтэй бөгөөд, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Азжаргал хотхоны 000 тоотод түр оршин суудаг, холбогдох утасны дугаар 0000 талаар нотлох баримтыг Хаан банк ХК-иас ирүүлсэн байна.

 

Шүүх Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хариуцагчийн мэдээллийг холбогдох газраас гаргуулсан болно.

 

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Батхангал /РД: 000/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО