| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00745/И |
| Дугаар | 103/ШШ2025/00659 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2025/00659
| 2025 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 103/ШШ2025/00659 | Улаанбаатар хот |
Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Хуцаагийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух ******* холбогдох 1.947.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.*******,
Хариуцагч: О.Одончимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* 2024 оны 3-р сард Багануур дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар байрны 1 дүгээр орцны подволд гутал цүнхний цахилгаан солих үйлчилгээ явуулдаг эмэгтэйд хар өнгийн хагас түрийтэй "bally" брендийн хос гутлын цахилгаан солиулахаар өгөөд цахилгааныг солиулж авчираад өмсөх гэтэл өрөөсөн гутлын цахилгааны татуурга хугарсан байсан тул эргэж уулзахад татуургыг солиод өгье гээд өрөөсөн гутлыг маань авч үлдсэн. Дараахан нь Би хүүхдээ аваад хот руу эмнэлэгт явах боллоо гэж утсаар ярихаар нь ирэхээр чинь авья гэж тохиролцоод нилээд хугацаа өнгөрсний дараа би ажлаа хийхгүй байгаа гэрээр нь хүргэж өгье гэхээр нь мессэжээр гэрийн хаягаа гутлын мэдээлэлтэйгээ өгөөд хүлээтэл утсаар ч яриагүй гутлыг маань ч өгөөгүй, ажлын байранд нь очихоор байхгүй, утсаа ч авахгүй байсан тул би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Цагдаагийн байгууллага миний өргөдлийн дагуу О.******* 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрчээр, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн сэжигтнээр авсан мэдүүлгүүдээр миний "Bally" брендийн гуталны өрөөсөнг янзлахаар аваад буцааж өгөөгүй нь нотлогдсон бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-25/02/103 дугаар Үнэлгээний тайлангаар "Bally" брендийн өвлийн хос гутал 1.947.500 төгрөгийн үнэтэй болохыг нь тогтоосон байна.
2025 оны 8 сарын 11-ний өдрийн зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Б.******* ******* холбогдуулан 1.947.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 247.500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.700.000 төгрөгийг хариуцагч О.Одончимэг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 1.947.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас 247.500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.700.000 төгрөгийг хариуцагч О.Одончимэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.******* 42.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО