Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01554

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01554

 

Ч.Н-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/01982 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Н-ны нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөрт тооцуулж, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 20 дугаар байр, 165 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авах эрхтэйг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байр, 165 тоот хаягт байрлах орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон. Дуудлага худалдаа дууссан өдрөөс хойш 3 хоногийн дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Нтай холбогдож, таны шалгарсан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тул уг дуудлага худалдааг түдгэлзүүлж байна. Тиймээс та хүсэлтээ өгөөд, дэнчингээ буцааж авч болно гэсний дагуу Ч.Н дэнчингээ буцааж авсан. Ч.Н-ны ялсан дуудлага худалдааг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02664 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2047 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0001/ХТ2020/00580 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч О.И 2021 оны 3 дугаар сарын эхээр 89086128 дугаар утсаар холбогдож, мөнгөө тушаагаад байраа аваарай гэж хэлсэн. Ч.Н нь мөнгөө бэлдээд, шийдвэр гүйцэтгэгчтэй ярихад шийдвэр гараагүй байна, би шийдвэрийг нь гарахаар тань руу ярина гэж хэлсэн байсан. Ингээд Ч.Нтай дахиж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдоогүй бөгөөд 2 дахь албадан дуудлага худалдааг дахин зарласан болохыг тус газрын цахим хуудаснаас олж мэдсэн. Тэр даруй дуудлага худалдааг хүчингүй болгож, өгнө үү гэсэн гомдлыг НШШГГ-т гаргасан боловч 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэ төлөөгүй гэсэн үндэслэлээр гомдлыг хангахаас татгалзсан. Ч.Н нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бичиг хэргийн ажилтантай холбогдож, гомдлын хариу гарсныг мэдээд өөрийн цахим хаягаар хүлээн авсан. Гомдол хүлээж авахгүй гэсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй тул хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргад 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан бөгөөд удаа дараа утсаар холбогдоход судалж байна гэсэн үндэслэлээр гомдлын хариуг хойшлуулж, шалтгаангүй удааж байгаад дуудлага худалдаа болсон өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 04/1096 дугаар албан бичгээр дэнчингийн мөнгөө буцаан авсан тул гомдлыг хангах үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Ч.Нд мэдэгдэлгүй явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин 2 дахь албадан дуудлага худалдааг үндэслэлгүйгээр зарласан байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан хугацаанд хөрөнгийн үнийг тушаагаагүй гэсэн үндэслэлээр гомдол хүлээж аваагүй бол шийдвэр гүйцэтгэх албанаас дэнчингийн мөнгөө буцааж авсан тул гомдол үндэслэлгүй байна гэсэн зөрүүтэй хариу өгсөн. Ч.Н-ны ялсан албадан дуудлага худалдааг хүчинтэй эсэх дээр иргэний хэргийн шүүхэд маргаан үүссэн байхад дуудлага худалдаа дуусгавар болсон гэж үзэж хуульд заасан хугацааг тоолон, мөнгө тушаагаагүй, дэнчингээ буцааж авсан гэх үндэслэл гаргаж байгаа нь холбогдох хуулиудыг зөрчиж байна. Хэрвээ Ч.Н-ныг мөнгөө тушаагаагүй учраас ялагч гэж үзэхгүй байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дараагийн оролцогчид санал болгох ёстой үйлдлийг ч хийхгүйгээр шууд дуудлага худалдааг хүчингүй болгож дахин зарлаж байгаа нь албаны эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашигласан үйлдэл болсон байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх үйлдэл нь хууль бус үйлдэл болохыг тогтоож, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Ч.Н-ны ялсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөрт тооцож, уг орон сууцыг худалдан авах эрхтэйг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/00475 дугаар шийдвэрээр С.Д, С.Д нараас 89 015 537 төгрөг гаргуулж, Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төлбөр төлөгч С.Дын барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байр, 165 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад иргэн Ч.Н 81 000 000 төгрөгийн саналаар дуудлага худалдааны ялагчаар тодорсон. Төлбөр төлөгч С.Д нь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2019/5554 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 580 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Албадан дуудлага худалдааны ялагч Ч.Н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хөрөнгийн үнийг төлөөгүй бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр дэнчингийн мөнгийг буцаан авсан. Тухайн хугацаанд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, хойшлуулах, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт өөрчлөлт орсон, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байсан. Ч.Н нь дэнчинд 4 500 000 төгрөг тушаасан байсан ба 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор үлдэгдэл хөрөнгийн үнэ болох 76 500 000 төгрөгийг төлсөн бол дуудлага худалдааны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох бүрэн боломжтой байсан. Гэтэл тухайн хугацаа нь өнгөрсөн байхад дахин миний өмчлөлд шилжүүл гэдэг нь хууль бус шаардлага юм. Мөн Ч.Нд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдаанд оролцоход нь эрх, үүргийн тайлбарлаж, гарын үсэг зуруулсан ба дуудлага худалдааны ялагч болбол хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлөх үүрэгтэйг тайлбарласан. Гэтэл Ч.Н нь хуульд заасан хугацаанд хөрөнгийн үнийг тушаагаагүй. Ч.Н-ны хувьд өөрт нь мэдэгдээгүй гэдэг зүйл ярьдаг хэдий ч мэдэгдсэн учраас бичгээр гомдол гаргаж, гомдол үндэслэлгүй гэсэн хариу хүлээн авсан. Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсаныг тогтоосон учраас анхны албадан дуудлага худалдааны ялагчид мэдэгдэж, хөрөнгийг шилжүүлэх гэж хувийн хэргийг шалгатал төлбөр төлсөн баримт авагдаагүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нийтэд мэдээлж, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдаа болсон. Ч.Н нь 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нийтэд мэдээлсэн зараас 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах гэж байгааг олж мэдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Учир нь Ч.Н нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, гомдлынхоо хариуг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.1.3, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанаас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаанаас Ч.Н-ны ялагч болсон хэсгийг хүчинтэйд тооцож, дээр дурдсан орон сууцыг худалдан авах эрхтэй болохыг тогтоолгох тухай Ч.Н-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа хэрэв намайг мөнгөө тушаагаагүй учраас ялагч гэж үзэхгүй гэж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дараагийн оролцогчид санал болгох ёстой энэ үйлдлийг ч хийлгүй шууд дуудлага худалдааг хүчингүй болгож дахин зарлаж байгаа нь албаны эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашигласан үйлдэл гэж харж байна. Ч.Н миний ялсан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар уг байрны өмчлөгч С.Д шүүхэд гомдол гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02664 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2047 дугаар тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0001/ХТ2020/00580 дугаар тогтоолоор уг дуудлага худалдааг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн. Урьд энэ хэргийг шүүх шийдвэрлэсэн байхад дахин хэлэлцэхдээ миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд миний оролцож ялсан дуудлага худалдааг 3 шатны шүүхээр хүчин төгөлдөр гэж үзсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчинтэйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрхтэй болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч С.Д, С.Д нарын төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулахаар 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, уг дуудлага худалдаанд Ч.Н оролцож, тэрээр дээрх орон сууцны үнэд 81 000 000 төгрөгийн үнэ санал болгосноор дуудлага худалдааны ялагч болсон үйл баримт тогтоогдсон байна. /хх-103-114 дэх тал/

 

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.17 дах хэсэгт Үнэ хаялцуулах ажиллагаанд оролцогч зард заасан хэмжээ, журмаар, заасан хугацаанд дэнчин тавина, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт Дуудлага худалдаанд урьдчилан тогтоосон хугацаа, хэмжээ, журмын дагуу дэнчин төлсөн оролцогч оролцоно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Н нь дээрх дуудлага худалдаанд оролцохын тулд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 4 500 000 төгрөгийн дэнчинг НШШГГ-т төлсөн болох нь хэргийн 59 дэх талд авагдсан кассын орлогын ордер баримтаар тогтоогдсон бөгөөд Ч.Н нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлд зааснаар тухайн хөрөнгийг үнэ хаялцах замаар худалдан авах гэрээний санал гаргасан талаар болон 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааны тэмдэглэлд тухайн өдөр нь гарын үсэг зурснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.20 дах хэсэгт нийцжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дах хэсэгт Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна, 71.12 дах хэсэгт Дуудлага худалдааны ялагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71.10-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно гэж тус тус заасан.

 

Хариуцагч байгууллага нь Ч.Нд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр албадан дуудлага худалдаанд оролцогчдын эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэгч гарын үсэг зурсан байх бөгөөд дуудлага худалдааны ялагч болсон Ч.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дах хэсэгт зааснаар 14 хоногийн дотор гэрээний үнэ болох 81 000 000 төгрөгийг НШШГГ-т төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч хуульд заасан уг хугацаанд багтаан төлбөрийг төлөөгүй, харин дуудлага худалдааны дэнчин 4 500 000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буцаан авсан болох нь хэргийн 69-70 дах талд авагдсан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Ч.Н-ны хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний журнал баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаныг хариуцагч байгууллага зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан үндэслэлээр дэнчинг буцаан авсан байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг болох үнийг төлөөгүй үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шаардсаны дагуу дэнчинг буцаан авсан гэж тайлбарласан боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2. 2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түүний дээрх тайлбар үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Өөрөөр хэлбэл, дэнчинг буцаан авах талаар бичгээр гаргасан хүсэлт бүхий хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бус гэж үзэх баримт байхгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Н анхны дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг хөрөнгийг худалдан борлуулахаар хоёр дахь дуудлага худалдааг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.1.3-т заасантай нийцсэн. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02664 дугаар шийдвэр, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2047 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00580 дугаар тогтоолоор 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцтай холбоотой хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэж шийдвэрлэж, 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Дээрх үйл баримт нь уг маргаанд хамааралгүй тул анхан шатны шүүх дээрх үйл баримтыг анхаарч үзээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-42-48, 71-79 дах тал/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/01982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ