Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/457

 

 

 

 

 

 

  2024           04             18                                        2024/ДШМ/457           

 

 

З.М д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Ч.Батбаатар,

           шүүгдэгч З.М гийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

           хохирогч У.Б гийн өмгөөлөгч И.Чимэдбадам,

           нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалсан хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.М гийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2305 03771 0578 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын  01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч З.М  нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Ахмадын хөгжлийн төвийн урд замд 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 11 цаг 52 минутын орчимд “Toyota Prius-30” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалийг сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж “Toyota Prius-30” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийн жолооч У.Б гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокуророос: З.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М-с 4.169.805 төгрөг гаргуулж хохирогч У.Б д олгож, хохирогч У.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэв.

                  Шүүгдэгч З.М гийн өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч миний зүгээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байна дахин шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж оролцсон.

            Харин шүүхээс "...шинжээч Д.Дунгаамаа нь хохирогчийн биед учирсан 5, 6 дугаар нугаламын цүлхийлт үүссэн, үүсээгүйгээс гэх 2 янзын эмчийн оношоос үл хамааран хохирогчийн биед учирсан 5, 6 нугаламын мөгөөрсөн цагирагын урагдалт нь дангаараа ч гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар мэдүүлсэн байх тул шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна..." гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй.

            Учир нь шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдол уг дүгнэлт гаргасан шинжээчээс мэдүүлэг авах журмаар шийдвэрлэх боломжгүй юм.

            Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдэрлэж өгнө үү...” гэв.

            Хохирогч У.Б гийн өмгөөлөгч И.Чимэдбадам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн 77 дахь хуудаст “Med trauma” эмнэлэгт 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шинжилгээнд С5, С6 бага зэрэг цүлхийсэн, мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ урагдсан гэсэн хариу гарсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд С6-аас С7 урагдсан гээд дүгнэсэн. Шүүх хурал дээр шинжээч эмчийн С5, С6 үе нь залгаа байдалтай байдаг гэх мэдүүлэг үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч З.М  нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Ахмадын хөгжлийн төвийн урд замд 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 11 цаг 52 минутын орчимд “Toyota Prius-30” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалийг сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж “Toyota Prius-30” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийн жолооч У.Б гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 тал/, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол дээр тогтоосон акт, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 52 тал/, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13050 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-73 тал/, Монгол-Япон эмнэлгийн “Согог заслын эмчийн үзлэг” /хх-ийн 74-76 тал/, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ”med trauma” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 77-78 тал/, шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл /хх-ийн 85 тал/, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Мастер Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-94 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1185 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 108-109 тал/,

хохирогч У.Б гийн “...10-р хорооллын арын туслах замаар явж байтал урдаас цагаан шугам даваад нэг машин орж ирсэн. ...гайхаад тоормосоо гишгэтэл нөгөө машин шууд ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч-н “...Б-с сонссоноор бол эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй замаар өөрийнхөө эгнээгээр явж байтал эсрэг урсгалд явж байсан машин урсгал сөрж орж ирээд унаж явсан машиныг нь мөргөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

иргэний нэхэмжлэгч С.У-н “...тэр ослоос болж миний машины урд хэсэг нь их хэмжээний эвдрэлтэй болсон. Тухайн ослын дараа үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээгээр нийт 7.800.000 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

иргэний нэхэмжлэгч С.С-н “...дээрх гэмт хэргийн улмаас У.Б  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 328.000 төгрөгийг үйлчилгээ авсан ба тус мөнгийг З.М гээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,

шүүгдэгч З.М гийн “...манай хүү М жолоочийн эсрэг талд сууж яваад ууж байсан усаа хаалга, урд талын суудал 2-н дундуур унагаасан бөгөөд хаалга онгойлгож усаа авах гээд миний унаж явсан машины бариулыг татахаар нь болиулах гээд хүүхдээ татсан. Тэр үед машины жолооны хүрдийг зүүн гар тал руугаа дараад эсрэг урсгалд баруунаас зүүн чиглэлтэй явж байсан машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 130-131 тал/,

2024 оны 01 дүгээр сард шинжээч эмч Д.Дунгаамаагийн “...MRI шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргасан...” /хх-ийн 162 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч З.М г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч З.М г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр нь “...хохирогчид учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд уг дүгнэлт гаргасан шинжээчээс мэдүүлэг авах журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “...Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна...” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ...”, 8.2 дахь хэсэгт “...Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна, ...8.2.1.тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч З.М д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэхэд Шүүх шинжилгээний ерөнхий газраас хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардлага хангасан шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Өөрөөр хэлбэл, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13050 дугаартай шинжээчийн дүгнэлт нь “М” эмнэлэг, “M” эмнэлгийн баримтуудад үндэслэн гарсан байх ба хуульд заасан шаардлага хангаагүй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ 

 

                         ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН 

 

                                           ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ