Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2025/0080

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Т.Д,

              Нэхэмжлэгч: Х.Т,

              Нэхэмжлэгч: С.А,

              Нэхэмжлэгч: С.Б

              Нэхэмжлэгч:  Д.А,

              Нэхэмжлэгч: С.Н,

              Нэхэмжлэгч: Б.Б,

              Нэхэмжлэгч: М.А

              Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ж,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Б.Бе, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

              1. Нэхэмжлэгч Т.Дауирбек  нарын 8 хүнээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргад холбогдуулан, “Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн Т.Д, М.А, С.Б, С.Н, С.А, Д.А, Х.Т нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар  маргасан.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

2.1. Т.д, М.А, С.Б, С.Н /түүний эхнэр Б.Б/, С.А, Д:.А, Х.Т, Е.Х бид Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжаар бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг мэдэж, дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргад 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан юм.

2.2. Аймгийн Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1-01/765 дугаар өргөдлийн хариу мэдэгдэх хуудсаар “энэхүү асуудлыг хууль журмын дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлж авна уу” гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2.3.  Маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа талаар: Сумын Засаг дарга 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжаар бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахдаа Газрын тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.1-т заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох” талаар заасан. Иргэд бид тухайн газрыг хуулийн дагуу эзэмших хүсэлт гаргаж, хууль журмын дагуу эзэмшиж байхад энэ хуулийн заалтыг үндэслэн газрыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Газрын төлөвлөгөөнд орсон, ороогүй газар гэдгийг иргэд бид мэдэх боломжгүй.

2.4. Мөн анх газар эзэмшүүлэх захирамжид нэр ороогүй гэх байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй. С.Н эхнэр Б.Б нэрээр анх захирамж гарч, гэрчилгээ нь түүний нөхөр С.Наурызханы нэрээр олгосон байжээ.

2.5. Харин Т.Д, Х.Т нарын нэрийг захирамжийн хавсралтад оруулаагүй гэх асуудал нь техникийн шинжтэй алдаа байх. Эсвэл тухайн захирамжийг дараагаар нь өөрчилсөн ч байж магадгүй. Анхнаасаа гэрээ хийж, тухайн газрын кадастрыг батлуулж, гэрчилгээ бичүүлж авсан байхад иргэний хууль ёсны итгэл үнэмшлийг шүүхээс хамгаалж өгнө гэдэгт итгэж байна.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг зөрчсөн. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцээгүй.

2.6. Мөн Захиргааны ерөнхий хуулийн эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч талыг заавал захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь тайлбарлан өгч, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байхад, хариуцагч байгууллага маань хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Сумын Засаг даргын шийдвэр хууль бус байгаа тул Сагсай сумын Засаг дарга 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

3.1. 7 нэр бүхий газар эзэмших гэрчилгээ эзэмшигч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. 7 иргэний  гомдлын хувьд  7 иргэнээс 6 иргэний  маргаан бүхий захиргааны актад нэр нь тусгагдсан, нэгний нэр нь тусгагдаагүй. Гэхдээ гэр бүлийн гишүүний нэрийг оруулж ирсэн. Гэхдээ Б олгосон гэрчилгээг хүчингүй болгосон гэж үзэх юм уу, үгүй юм уу,  Б гэрчилгээ нь хүчин төгөлдөр юм. Хүчингүй болгосон захирамж болон хавсралтад нэр, хаяг, нэгж талбарын дугаарыг бичээгүй байсан.  6 иргэний хувьд нэр тусгагдсан учраас газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон гэж үзэж байна. Б хувьд  түүний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон эсэх нь эргэлзээтэй захирамж гарч ирсэн. Хүчингүй болгосон захирамж дээр нөхрийн нэрийг бичсэн болохоос биш Б нэрийг бичсэн эсхүл захирамжид өөрчлөлт оруулсан асуудал харагдаагүй. Шүүхээс Б газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй байхад хүчингүй болгосон захирамжид хавсаргаж бичсэн асуудал зөрчилтэй юм.

3.1. 2019 оны Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  газар зохион байгуулалтын  төлөвлөгөө баталсан шийдвэр, хавсралт, холбогдох бичиг баримт  хавтаст хэрэгт авагдсан. Газар эзэмшүүлэхдээ сумын Засаг дарга 2019 оны Хурлын тогтоолыг үндэслэл болгосон гэж үзэж байна.  Төлөвлөгөөнд оруулаагүй газраас газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй байсан. Тухайн захирамжийг үндэслэж гэрчилгээ бичиж өгсөн. Энэхүү газар дээр хүн амьдарч болохуйц, аймгийн төвд ойрхон, Сагсай сумын 7 дугаар багт харьяалагддаг.

3.2.  Урьд тухайн газар дээр  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлж, тухайн газар эзэмшүүлсэн шийдвэр хэрэгжиж явж байсан. Тэгэхээр төлөвлөгөөнд байгаа газар гэж ойлгогдох нөхцөл байдал гарч ирж байна. Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшүүлж болохгүй газар байсан байна гэдгийг нотолсон давхардуулан тогтоосон, координатыг шууд заагаад өгсөн, төлөвлөгөө батлаагүй, Шар нуур явах зам буюу 7 дугаар багт хөдөө аж ахуйн зориулалттай газар зохион байгуулсан гэсэн боловч хөдөө ахуйн зориулалттай газар гэдгийг нотолсон бичиг баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тэгэхээр  шатахуун түгээх станц, чацаргана тариалах иргэдэд гэр бүлийн зориулалттай эзэмшүүлэх гэдэг байдлаар 7 дугаар багийн газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшүүлэхээр төлөвлөсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул энэ газрыг анхнаасаа хөдөө аж ахуйн зориулалттай газар байсан, иргэдэд эзэмшүүлсэн нь хууль бус байна гэдэг дүгнэлт нь үндэслэлгүй байна.

3.3. 2019 оны Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хавсралтад заасан үндэслэл нь иргэд тухайн тогтоолын дагуу газрыг 2020 оны сумын Засаг даргын  шийдвэрийн дагуу эзэмшилд авсан. Харин хариуцагчийн тайлбарлаж байгаачлан  5 хүний нэрийг хасаж,  5 хүний нэрийг оруулж ирсэн гэдэг асуудал байвал гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал болно. Үүнийг тогтоосон шүүхийн шийдвэр байх ёстой. Тийм асуудлыг бид нар мэдэхгүй, тухайн үед  давуу байдал бий болгосон асуудал байсан бол нотлогдсон, тогтоогдсон байх ёстой. Газар эзэмшсэн иргэд газар нь төлөвлөгөөнд орсон эсэхийг мэдэхгүй, гэхдээ Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгээр иргэд  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг урьд нь бас эзэмшиж байсан, сүүлдээ ч гэсэн эзэмшиж ирсэн, өөр бусад  зориулалттай эзэмшиж байсны хувьд өргөдөл гаргаж, тухайн газрыг эзэмшилд авсан.  Тиймээс төлөвлөгөөнд оруулаагүй гэдгийг мэдсээр байж иргэд эзэмшиж авсан, хууль зөрчсөн, гэмт хэргийн асуудал зэрэг асуудлууд нь хамаарахгүй гэж үзэж байна.

3.4. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж бичгээр гаргах захиргааны акт мөн юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт захиргааны бичгээр гаргах актын төрлийг заасан байдаг.  Бичгээр гарсан Засаг даргын захирамж мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт заасан 5 нөхцөлийг, мөн ерөнхий 5 нөхцөл буюу нийтдээ 10 нөхцөл хангагдсан байх ёстой. Бичгээр акт гарахдаа  Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан.

Маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримталсан шинжтэй. Гэхдээ яагаад актыг хүчингүй болгох гэж байгаа талаар бодит нөхцөл байдлыг дурдаагүй. Маргаан бүхий захиргааны актаас харахад, ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхой бус, 2 жил дараалан ашиглаагүй, татвар төлөөгүй гэж үзэж байгаа бол  тэр үндэслэлийг заасан байх ёстой.  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан. Тэгвэл мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл буюу газар эзэмшигчийн буюу ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  нөхцөл байдал байсан эсэхийг тогтоогоогүй.

3.5. 7 иргэнд  газар эзэмшүүлснээс болж хэн нэгний эрх хууль ашиг сонирхлыг зөрчсөн асуудал тогтоогдоогүй байхад  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар захирамж гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэд татвар төлж байсан. Хариуцагч татварыг хүчингүй болсны дараа төлсөн гэдэг зүйл ярьж байна. Хүчингүй болсон байсан гэдгийг мэдээгүй явж байсан. Энэ талаар шүүхээс тодруулсан. Шүүхэд хандахын өмнө нь мэдэж, дээд шатны Засаг даргад гомдол гаргаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Тиймээс төлөвлөгөөнд ороогүй, татвар төлөөгүй, 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлүүдээр хүчингүй болгосон сумын Засаг даргын шийдвэр хуульд нийцээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт бичгээр гаргах шаардлагыг хангаагүй.

3.6. Мөн тухайн захирамж эерэг нөлөө бүхий захиргааны акт байсан.  Эерэг нөлөө бүхий захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгохоор заасан. Эерэг нөлөө бүхий захиргааны актын талаар гомдол дээр тодорхой дурдсан. Эерэг нөлөө бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан. Үүнд, эерэг нөлөө бүхий захиргааны актыг хүчингүй болгох 5 үндэслэлийг заасан.  Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсэгт “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэсэн нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 48 дугар зүйлийн  48.2.3 дахь хэсэгт “Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” 48.2.3 дахь хэсэгт “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, 48.2.4 дэх хэсэгт “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, 48.2.5 дахь хэсэгт “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэж  тус тус заасан.

  Нэгэнт эерэг нөлөө бүхий захиргааны актын дараагаар нь  хүчингүй болгож байгаа тул  захиргааны байгууллага буюу албан тушаалтын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг баримталсан байх ёстой. Гэтэл баримтлаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.

            4. Хариуцагч Сагсай сумын Засаг дарга Б.Бекболатын  шүүхэд ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. Иргэн Т.Д  нар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сагсай сумын Засаг даргын "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаартай захирамжийн тухайн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг судлан үзэж дараах хариуг хүргүүлж байна.

4.2. Үүнд, Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 02-00/12 дугаар "Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жандаурен 2023 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн ба үүний хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №02-15-04/050/34 албан бичгээр тухайн үеийн Засаг дарга К.Б ирүүлж албан бичгийн хариуг хугацаандаа өгч хууль зөрчсөн захирамжуудыг хүчингүй болгож, зөрчлийг арилгуулах шаардлага тавьсан байна.

4.3. Уг албан бичгийн хавсралтаар Сагсай сумын Засаг даргын газрын тухай хууль зөрчсөн захирамжуудыг хүргүүлсэн. Тус албан бичгийн хавсралтын 17-р хэсэгт ....  нарын нэр нь сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн А/119 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжид ороогүй, газар эзэмшүүлээгүй болохыг илрүүлсэн.

4.4. Мөн ..... нарт сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн А/119 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүрт нь 700 м.кв газрыг 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг / аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/ зөрчсөн болохыг тогтоосон. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.

4.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд тус газрыг хүчингүй болгоно гэж заасны дагуу сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн А/46 тоот захирамжаар тухайн иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

4.6. 7 хүний асуудлыг 2020 оны Сагсай сумын Засаг дарга А/119 дүгээр захирамжаар тухайн газрыг эзэмшүүлсэн. Энэ дээр  анх 15 хүнд газар эзэмшүүлсэн, дараа нь эдгээр хүмүүстэй гэрээ байгуулж, гэрээ байгуулах үед  тухайн 15 хүнээс 5 хүнийг хасаж, өөр 5 хүний нэрийг оруулж ирсэн. Тухайн үед  ..... гэдэг хүмүүсийн нэр нь анхны захирамжид ороогүй. Тухайн үед эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, бусдад давуу байдал бий болгосон явдал болсон. Иргэдэд газар олгоход жил бүр иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, батлаад, тухайн төлөвлөгөөний дагуу газар олгох ёстой. Тухайн жилийн төлөвлөгөөнд огт оруулаагүй ба зориулалтын бусаар олгосон. Тухайн газар нь хөдөө аж ахуйн ангилалттай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай олгосон.

4.7. Мөн эдгээр хүмүүсийн анхны захирамжид нэр нь байгаагүй, нэрийг хасаж оруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал юм. Эдгээр хүмүүс  газар эзэмших гэрчилгээ авсан ч гэсэн  Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6 дахь хэсгийг зөрчиж, газрын төлбөрийг төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй.

4.8. Иймд анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, газар олгосон. Жил болгон газар олгосон байдалтай холбоотой улсын байцаагч төлөвлөгөөт шалгалт хийдэг. Хяналт шалгалтаар эдгээр хүмүүст буруу газар олгосон нь тогтоогдож, улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу олон хүний газрыг хүчингүй болгосон.

4.8. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар олгоход тухайн сумын тухайн хөгжлийн төлөвлөгөөг заавал хийгдсэн байх ёстой. Өдий хүртэл манай Сагсай суманд хөгжлийн төлөвлөгөө хийгдээгүй. Тухайн иргэдэд олгосон газар нь Өлгий сумтай хил залгаа, аймгийн төвд ойрхон учраас тухайн газраас хүмүүс газар авах сонирхол маш өндөр байдаг. Хэрвээ тухайн газрын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай олгохоор бол хэсэгчилсэн төлөвлөгөө хийж, газар олгож болно. Гэхдээ хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдээгүй. Хэрвээ хөдөө аж ахуйн зориулалтаар өөр зориулалтаар олгохоор бол заавал дуудлага худалдаагаар олгох ёстой. Тиймээс тухайн газрыг анхнаасаа буруу олгосон.

4.9. Нэхэмжлэгчдийн өмгөөлөгч хөдөө аж ахуйн  зориулалтаар олгосон газар эсхүл гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газар юм уу, тэрийг нотолсон нотлох баримт байхгүй гэж тайлбарлаж байна. Тэрийг хуулиар заагаад өгсөн, дахиад сумын Засаг даргаас газрын ангиллыг  тогтоох эрх хэмжээ байхгүй, хуульд тодорхой заагаад өгсөн. Газрын маш олон ангиллууд байдаг. Бүх зохицуулалтыг Газрын тухай хуулиар зохицуулсан. Жишээлбэл, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийсэн байх ёстой, тэр хийгдээгүй. Тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож болно.

4.10. Гэхдээ заавал хэсэгчилсэн төлөвлөгөө хийлгэж,  тэрийг дээд шатны байгууллагад батлуулж, тэрний дагуу олгох ёстой. Энэ олон ажиллагааг зөрчсөн. Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан ажилтан ажлаас гарсан.  Яагаад ажлаас гарсан гэхээр тэр хүн мэргэжлийн бус байсан, сургуулиа төгсөөгүйн нотлогдож, ажлаас нь чөлөөлсөн.  Анхны захирамжид  15  хүний нэр нь байхад 5 хүнийг шууд хасаж, 5 хүнийг оруулж ирсэн нь  бусдад давуу байдал бий болгосон маш том ашиг сонирхлын зөрчилтэй юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Т.Д  нарын 8 хүнээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргад холбогдуулан, “Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн Т..... нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

  1. Маргааны үйл баримтын тухайд:    

            2.1. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн хавсралтаар[1] Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвгэрээс .....  нарын тус бүрд 700 м2 газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 50 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн байх ба уг шийдвэрийг үндэслэж, ..... нэгж талбарын дугаартай 700 м2 газрын, ..... нэгж талбарын дугаартай газрын, ...... нэгж талбарын дугаартай газрын, ..... нэгж талбарын дугаартай газрын, нэхэмжлэгч ..... нэгж талбарын дугаар газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг[2] тус тус олгосон байна.

            2.2. Харин   дээрх захирамжид  нэр нь ороогүй боловч  .....  нэгж талбарын дугаартай газрын, ..... нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг[3] тус тус олгосон байх ба уг 2 гэрчилгээнд Сагсай сумын Засаг даргын дээрх захирамжийг үндэслэсэн гэж тусгажээ.

            2.3. Улмаар хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын [4] холбогдох хэсгээр нэхэмжлэгч ...... нарт холбогдох хэсгийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус  хүчингүй болгосон, маргаан бүхий захиргааны актад хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлд  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг баримталжээ.

            2.4. Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч .... 700 м2 газар эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмших гэрчилгээ олгосон боловч, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг болон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгоход  түүний нөхөр ...  нэрийг тусгасан байх ба энэ нь ... олгогдсон 8316001341 нэгж талбарын дугаартай 700 м2 талбай бүхий нэг газар болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

            2.5. Хариуцагчаас нэхэмжлэгчдэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ тус шүүхэд “... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/34 дугаартай албан шаардлагад тухайн газрыг анх нэр бүхий 7 иргэнд олгохдоо тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй  газрыг олгосон гэж тусгасан, мөн нэхэмжлэгч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй” гэж тайлбарлажээ.

            2.6. Нэхэмжлэгчид нь газар эзэмшиж авснаас хойш газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургуудаар[5], мөн  нэхэмжлэгч Т.Дк нь 2020 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй нь, нэхэмжлэгч М.А нь нь 2020, 2021, 2022, 2023 онуудад  газрын төлбөрөө  төлж,   2024 оны газрын төлбөрөө төлөөгүй нь, нэхэмжлэгч С.Б нь 2020, 2021, 2022, 2023 онуудад газрын төлбөрөө төлж,  2024 онд газрын төлбөрөө төлөөгүй нь, нэхэмжлэгч С.Н нь 2020, 2021, 2022, 2023 онуудад газрын төлбөрөө төлж, 2024 онд газрын төлбөрөө төлөөгүй нь, нэхэмжлэгч С.А нь 2020, 2021, 2022, 2023 онуудад газрын төлбөрөө төлж, 2024 онд газрын төлбөрөө төлөөгүй нь, нэхэмжлэгч Д.А нь 2020, 2021, 2022, 2023 онуудад газрын төлбөрөө төлж, 2024 онд газрын төлбөрөө төлөөгүй нь, нэхэмжлэгч М.Т нь 2020 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй нь  газрын кадастрын систем программаас авсан мэдээллээр[6] тус тус тогтоогдож байна.

            3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1.  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”,  40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”  гэж тус тус заасан.

3.2. Мөн Газрын тухай хуулийн  33.1.1-д заасан  “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33 дугаар зүйлийн  33.4-т заасан  “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”   гэж тус тус заажээ.

3.3. Хариуцагчийн “... маргаан бүхий  газрыг   иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр  тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй”  гэх тайлбар нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан   Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр “Сумын 2020 оны газар зохион байгуулалт, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтад[7]  маргаан бүхий газрыг иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдаагүй нь  тогтоогдож байх тул  хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна.

3.4. Нэхэмжлэгч Т.Д, М.Т нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоноос  хойш газрын төлбөрөө төлөөгүй гэх  талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, харин  бусад нэхэмжлэгчдийн хувьд  газрын төлбөрөө 2024 он хүртэл буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох хүртэл хугацаанд төлжээ.

3.5. Нэхэмжлэгч Т.Д, М.Т нар нь нэхэмжлэлдээ “... газар эзэмшүүлэх сумын Засаг даргын захирамжид нэр ороогүй нь техникийн шинжтэй алдаа” гэж тайлбарласан боловч захирамжид “... хавсралтад заасан нэр бүхий 15 иргэнд” гэж тусгаж, нэр бүхий 15 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас үзэхэд нэхэмжлэгчдийн нэр орхигдсон, техникийн шинжтэй алдаа байсан гэж үзэх боломжгүй  байна.

3.6. Шүүхээс хийсэн үзлэгээр  нэхэмжлэгчид нь эзэмшүүлсэн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

3.7. Нэхэмжлэгчид нь “... захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцээгүй, гуравдагч талыг заавал захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь тайлбарлан өгч, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байсан” гэж тайлбарласан боловч нэгэнт шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгчид нь эзэмшиж авсан газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу ажиллагаа явуулаагүй үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй байна.

3.8. Иймд дээрх үндэслэлүүдээр Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч  нарт холбогдох хэсэг нь  нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ба хууль бус гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, 40 дүгээр зүйлийн  40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  Т.Д, М.А, С.Б, С.Н, Б.Б, С.А, Д.А, Х.Т  нарын Сагсай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймгийн Сагсай  сумын Засаг  даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын  нэхэмжлэгч нарт холбогдох  хэсгийг  хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША                       

 

[1] Хэргийн 36,37 дугаар тал

[2] Хэргийн 15, 16, 18, 20 дугаар тал

[3] Хэргийн 17, 19, 21 дүгээр тал

[4] Хэргийн 38-42 дугаар тал

[5] Хэргийн 80, 82-84 дүгээр тал

[6] Хэргийн 64-70 дугаар тал

[7] Хэргийн 164-172 дугаар тал