Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч Д.*******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  холбогдох 1714000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цацрах гэгээ” караокены гадна 2017 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цагийн үед иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед ажлаасаа гараад ирхэд 1 залуу 1 эмэгтэйг доороо хийчихсэн зодож байхаар нь боль гэж хэлхэд надтай хамт ажлаас гарч ирсэн ******* эгч мөн боль гээд эрэгтэйг нь эмэгтэйгээс татаж салгасан. Тэгсэн эмэгтэй хүн зодож байсан эрэгтэй хүн намайг барьж аваад мөрөн дээгүүрээ үүрээд шидсэн. Би зүүн мөр хэсгээрээ цеметэн талбай дээр унасан. Намайг босч чадахгүй байхад тэр залуу надтай хамт явсан ******* эгчийг зодох гээд хөөж байгаад буцаж ирээд үснээс татаад чирч зодсон. Би авраач гэж орилоход Орд караокены залуу гарч ирж салгасан. Тэгээд цагдаагийн машин ирж тэр залууг авч явсан. Би намайг зодсон хүнийг андуурч ташаарсан болон гүтгэсэн зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг / хх- ийн 19-21/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед ажлаасаа *******ын хамт гарч ирэхэд гадаа 7-8 залуучууд зодолдож байсан. Гэхдээ хэн нь хэнийгээ яаж зодож байгаа талаар харагдах боломжгүй байсан. Тэгээд нэг залуу нэг эмэгтэйг зодож байхад нь салгахад тэр залуу Дыг барьж аваад мөрөн дээгүүрээ давуулаад газарт унагаасан. Тэр залуу намайг зодох гээд хөөхөөр нь зугтаахад тэр залуу *******ыг газар сууж байхад нь үсдээд чирсэн. Тэгэхэд Орд караокены залуучууд гарч ирж салгахад цагдаа нар ирж тэр залууг авч явсан. Дыг зодсон залуу нь цагдаа нарын авч явсан залуу мөн ... гэсэн мэдүүлэг / хх- ийн 25-27/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг учрал болох үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд өөрийн үйлдлийг санахгүй байна. Тэр эмэгтэйг үүрч авч шидсэндээ гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 431 дүгээр шинжээчийн ... *******ын биед эгэм ясны хугарал, тархи доргилт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөр чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт / хх-ийн 32-33/,

Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 11-12/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-16/,

Яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 34/,

Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-46/,

Хохирогчийн хохиролын талаарх баримт /хх-ийн 48-61, 104-105/,

Хохирол төлсөн тухай баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цацрах гэгээ” караокены гадна иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эмчилгээ, эм тарианы хохиролд 329.350 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 798.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг нийт 1.427.350 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч нь эмчилгээ, эм тарианы төлбөр 329.350 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна.

Хохирогч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цацрах гэгээ” караоке паб-д бармен зөөгчөөр ажиллаж байхдаа шүүгдэгч *******д зодуулж хүндэвтэр гэмтсэний улмаас ажиллах чадвараа алдаж ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэргийн 50, 104-105 дугаар хуудсанд авагдсан “Оргих төгөлдөр булаг” ХХК-наас гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон байх ба хүндэвтэр гэмтэл нь хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулдаг талаар хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэнд дурдсан тул хохирогч *******ын ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 798.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Харин өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 300.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 300.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул шүүгдэгч *******гийн эзэмшлийн Парадо маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрвөн/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 798.000 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-6-10 тоотод оршин суух Сүхбатын Дд олгож, нэхэмжлэлээс үлдсэн өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийн нэхэмжлэлийн хэсгийг хангахгүй орхисугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн Парадо маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА