| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0073/З |
| Дугаар | 110/ШШ2025/0081 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 110/ШШ2025/0081
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.С
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байдолдагийн Жанерке нарын хоорондын хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох асуудалтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Ш.Солдатад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Ш.С 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан.
2. Нэхэмжлэгч нь “анх 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Сагсай сумын нийгмийн даатгалын байцаагчид баримт бичгүүдээ өгч, танилцуулсан боловч тэрээр татгалзсан хариу өгсөн учраас 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан” гэж нэхэмжлэлийн агуулгад тайлбарласан байх ба маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэр гаргаснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
“Нэхэмжлэгч Ш.С нь Сагсай сумын уугуул иргэн. Одоо Сагсай сумд амьдардаг. Нэхэмжлэлийн шаардлага нь иргэн Ш. Солдатад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, Ш.С 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Нэхэмжлэгч Ш.Солдат нь 59 настай, улсад 20-иос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд шатахуун түгээгч буюу нефть операторчноор 10-аас доошгүй жил ажилласан байна. Ш.С нь "Рысжан" ХХК-ийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай тушаалаар Сагсай сум дахь шатахуун түгээх салбарт шатахуун түгээгчийн ажилд томилогдон тасралтгүй ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас шатахуун түгээгчийн ажлаас бүр мөсөн чөлөөлөгдсөн.
Тухайн өдөр Ш.С нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нийгмийн даатгалын байцаагч Т.Д 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гарган холбогдох бичиг баримтуудыг танилцуулахад, тэрээр татгалзсан хариу өгсөн учраас Ш.С нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан байна.
Тус газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 59 дүгээртэй тогтоолоор Ш С гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хүлээж аваад, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандсан. Түгээгч ажил нь 2023 оны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/221 дүгээр тушаалаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байна. Ш.С хувьд хөдөлмөрийн хүнд нөхцөлд нийтдээ 11 жил ажилласан. Иймд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
4. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд гаргасан тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
Нэхэмжлэгч Ш С нь 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай тушаалаар "Рысжан" ХХК-нд шатахуун түгээгчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын газарт хандсан. Тус газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар Ш.С гаргасан өргөдөл болон нотлох баримтыг судалж үзээд, хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091 дугаартай "Зөвлөмж хүргүүлэх тухай" албан бичгээр "Түгээгч" буюу "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжлийг хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамааруулах эсэх талаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ыг баримталж байна.
Уг жагсаалтын "Хөдөлмөрийн хортой нөхцөл" 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага /шатахуун түгээх станц/-ын "түгээгч", "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил хамаарахгүй.
Иймд аймаг, дүүрэг, сумын шатахуун түгээх станцын "түгээгч", "нефть хангамжийн операторчин"-оор ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцохгүй" гэж зөвлөмж ирсэн болно. Энэ зөвлөмжийн дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Иргэн Ш.С өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Ш.С 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ш.С өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, үлдсэн хэсэг буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн “Рысжан” ХХК-ийн захирлын 2014 оны 08 дугаар 09-ний өдрийн “Ажилд томилох тухай” 24 дүгээр тушаалаар[1] 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Сагсай сумын шатахуун түгээх станцад түгээгчээр томилогдсон, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Тэтгэвэрт гаргах ажилтныг ажлаас чөлөөлөх тухай” 53 дугаар тушаалаар[2] тус компанийн нефть хангамжийн ээлжийн операторчны ажлаас 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс чөлөөлөгдсөн, Сагсай сумын шатахуун түгээх станцад нефть хангамжийн ээлжийн операторчноор ажилласан 2014 оноос 2025 оны 08 дугаар сар хүртэл нийт 10 жил 8 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд болон Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Ш.Солдатын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор [3] тус тус батлагдаж байна.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 59 настай, улсад 20-оос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд шатахуун түгээгч буюу нефть хангамжийн операторчноор 10-аас доошгүй жил ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах үндэслэл бүрдсэн” гэж тайлбарлан тодорхойлсон, харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй гэсэн хуулийн шаардлагуудын 10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан гэх шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй, шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор ажилласан нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй” гэж тайлбарлажээ.
4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.4-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.
4. Нэхэмжлэгч нь 1966 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 59 настай болох нь түүний .... иргэний бүртгэлийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбараар[4], 1990 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12 дугаар саруудын, 1991 оны 1, 2, 3, 11, 12 дугаар саруудын, 1992 оны 1, 2, 3, 4, 9, 10 дугаар саруудын, 1995 оны 7, 8 дугаар саруудын, 1996 оны 6, 7, 8, 11, 12 дугаар саруудын болон 1997-2000 оныг дуустал хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл нь түүний НДД № А 0780810 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн 0205000359 дүгээр баталгаажилтын хуудсаар[5], тэрээр 1985 оны 06 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 182 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан нь Батлан хамгаалах төв архивын лавлагаагаар[6] тус тус тогтоогджээ.
5. Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход,
“Рысжан” ХХК-д нефть хангамжийн ээлжийн операторчноор ажиллаж шимтгэл төлсөн 2014 оны 10 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сар хүртэлх нийт хугацаа 10 жил 8 сар,
Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн /2012 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан "ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох" гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг” гэсний дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөнд нөхөн тооцуулсан хугацаа 6 жил 1 сар,
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т “Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа;”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацааг хуулийн дээрх заалтаар тооцоход 4 жил 6 сар, нийт 21 жил 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сар хүртэл Сагсай сумын “Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор ажиллаж байсан дээрх баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ ажлын байр нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарч буй нь хэрэгт авагдсан Нефть хангамжийн операторчны ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн В-д заасан “Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл хэсэгт[7] “Хэвийн бус” гэж, мөн “Рысжан” ХХК-ийн захирал болон Ш.С нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний[8] 2.4-д “Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус” гэж тус тус тусгаснаар батлагдаж байна.
7. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “"газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг” 4.1.3-т “"агуулах" гэж газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, савлах, бөөний худалдаа эрхлэхэд зориулсан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолборыг”, 4.1.4-т “"түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг” гэж тус тус заасан.
8. Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “...бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд дараах 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө: 2.Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ” гэж тусгаснаас үзэхэд, Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр нь ашиглалтад ороогүй ,төслийн шатанд байгаа гэж үзэхээр байна.
9. Нэхэмжлэгчийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор ажилласан энэхүү ажил нь тэтгэврийг “хөнгөлөлттэй” нөхцөлөөр тогтоох ажил, мэргэжилд хамаарах эсэх нь одоогийн дагаж мөрдөж байгаа болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон уг хуулиудыг дагуу гарсан эрх зүйн хэм хэмжээний актуудаар тус тус зохицуулагдана.
10. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ.
Уг 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан.
11. Мөн 2023 онд баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг баталжээ.
Уг жагсаалтын ““2.Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн: 8.Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/; 8.Нефть хангамжийн операторчин /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/, 13. Ачигч, агуулахын /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/ ;13.Шатахуун ачигч, 14.Шатахуун буулгагч /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/ “ гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн болон өмнө нь үйлчилж байсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын аль алинд нь зааснаар нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчны ажил, мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байна.
12. Харин дээрх 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын 2.19-өөс бусад хэсэгт нефть буюу шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.
Үүнээс үзвэл, уг тушаалуудаар Монгол улсад “нефть”-ийн төрлийн бүтээгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий “Шатахуун түгээх станц”-ын бүх ажлын байрны ажил, мэргэжлийг “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тухайн тушаалуудаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалуудаар “нефть буюу шатахуун” гэх “хортой” нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 14, 2.19-т зааснаар тус тус зохицуулсан гэж үзнэ.
13. Дээрх үйл баримтуудыг холбогдох хууль , захиргааны хэм хэмжээний актуудтай холбож үзэхэд, Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд нефть хангамжийн операторчин, шатахууны ачигчийн ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог болох “бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой байнга , ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг” нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлмөрийн “хортой” нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
14. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр нь нефть, бензин зэрэг хортой шингэнтэй шууд харьцдаг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахыг харгалзан үзэхгүйгээр Монгол улсад байхгүй /төслийн шатанд байгаа/ “нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажилтнуудад хамааралтай гэж “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-дээрх хэсгийг явцууруулан хэрэгжүүлж “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байна.
15. Иймд нэхэмжлэгч Ш.С нь “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” гэх болзлыг хангасан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчийн “Зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчны ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.
16. Дээрх байдлаар нэхэмжлэгч Ш.С өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг зөрчсөн, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
17. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан.
18. Нэхэмжлэгчээс 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчид хүсэлт гаргасан гэж тайлбарласан боловч энэ үйл баримт нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан өдрөөс буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоох нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ш.С өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, нэхэмжлэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША