Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* д холбогдох 1814001070049 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байрлах Баруун бүс худалдааны төвийн 14 дүгээр лангуун дээр байсан иргэн *******ийн гар цүнхнээс 2018 оны 02 сарын 28-ны өдөр Samsung galaxy S7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах Баруун бүс худалдааны төвийн 14 дүгээр лангуун дээр байсан иргэн *******ийн гар цүнхнээс Samsung galaxy S7 маркийн гар утсыг нууцаар хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ийн ... Би 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 10 цагийн үед Баруун бүсийн худалдааны төвд байдаг лангуугаа онгойлгож бараа зарах гээд очоод миний лангууны урдаас харсан байрлалтай Уын түрээсэлдэг 14 дугаартай лангууны үүдэнд байдаг гутлын тавиур дээр гар цүнхээ тавиад өөрийнхөө 03 дугаарын лангууг онгойлгоод дотор нь орж бараагаа өлгөөд 10 орчим минутын дараа цүнхээ аваад утсаар хүнтэй ярих гэтэл миний цүнхэн дотор байсан гар утас алга байхаар нь тэр лангууны Уд цүнхэнд байсан утас алга байна гэтэл цүнхэндээ сайн үзээч наагуур чинь байгаа байлгүй гэхээр нь цүнх болон өөрийнхөө лангуун дээр хайсан боловч олдоогүй. Тэгээд гэртээ орхисон байж магадгүй гээд гэртээ очиж хайгаад олдохгүй байхаар нь өөрийнхөө утасруу нөгөө утсаараа залгатал дуудаж байгаад холбогдохоо больсон. Тэгээд гэрээсээ гараад цагдаагийн газар ирж гомдол гаргасан. ... Миний гар утсыг авсан ******* нь өнөөдөр буюу 2018 оны 03 сарын 20-ны өдөр гар утасны төлбөр болох 1.000.000 төгрөгийг надад өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Миний хохирлыг барагдуулсан талаар бид нотариатын газарт сайн дурын үндсэн дээр эвлэрлийн хэлцэл хийсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-18/,

Гэрч *******ын ... ******* ирээд надтай ярилцаж байгаад өөрийнхөө 03 дугаарын лангууг онгойлгоод бараагаа өрөөд байсан. 5 орчим минутын дараа миний лангууны үүдэнд гар цүнхээ барьчихсан миний гар утас алга болчихлоо, хүн авчихлаа гэхээр нь би өөрийнхөө гар утсаар Оийн дугаарлуу залгатал дуудаад авахгүй байхаар нь чи гэртээ орхисон юм биш үү гэртээ очиж үз гэж би хэлсэн. ... Хар өнгийн nokio, Samsung galaxy s7 маркын боронзон бор шаргал өнгөтэй 2 гар утас байдаг юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Насанд хүрээгүй гэрч *******ын ... 2018 оны 02 сард цагаан сараар би Бууцагаан суманд очихдоо С эгчтэй гар утсаа сольж барьсан юм. С эгч надаас авсан аймагт ирсэн хар гэртэй, цагаан өнгөтэй утас байсан. Тэр өдөр Баруун бүсийн худалдааны төвөөс гэрт ирсэний дараа ******* эгчийн цүнхэнд өөр утасны дуу гараад дуудлага ирээд байсан. Тухайн үед юун утас байсан талаар анзаараагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Шүүгдэгч *******ийн ... 2018 оны 02 сарын 28-ны өглөө 11 цагийн үед нагац эгчийн хүүхэд болох *******ийн хамт Баруун бүс худалдааны төв орсон. ******* гутлын лангуунаас гутал худалдаж авсан бөгөөд тэр лангууны гадна талд нь гутлын тавиур дээр эмэгтэй хүний хар өнгийн цүнхэн дотор гар утас байгаа нь надад харагдсан. Тэгээд би ойр хавиас хүн харж байгаа эсэхийг шалгаад харагдахгүй болохоор нь би цүнхнээс гар утсыг нь нууцаар авч куртикнийхээ зүүн талын халаасанд хийсэн.Тэгээд тэнд нөгөө гар утсаа барьчихсан явж байтал нэг танихгүй эгч таараад надаас-чи наад гар утсаа зарах юм уу гэхээр нь би-зарахгүй гэхэд тэрээр би 25.000 төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь би 25.000 төгрөгөөр өгчихсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч хэргийн 11 дүгээр хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн самсунг с1 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн самсунг с1 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА