Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/458

 

 

 

 

 

 

  2024          04             18                                        2024/ДШМ/458

 

 

Ц.Н д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор А.Дэлгэрмөнх,

           шүүгдэгч Ц.Н ,

           нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалсан хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан Ц.Н ы гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2311 00807 1395 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Ц.Н  нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “А” бөмбөгөрийн урд талын зам дээр зам хөндлөн гарч явсан Т.Б тэй маргалдаж, улмаар түүний биед нь халдан “хүзүүнд нь цус хуралт, зурагдсан зулгарал, дээд үүдэн баруун нэгдүгээр шүд хөдөлгөөнд орсон” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокуророос: Ц.Н ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Ц.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ц.Н  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Камерын бичлэгт харуулсанчлан миний бие Б-г цохисон зүйл байхгүй. Б  нь 25 дугаар суваг телевизийн тэнд “шүд рүү цохисон” гэж худал хэлсэнд маш их гомдолтой байна. Намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

            Прокурор А.Дэлгэрмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс шүүгдэгч Ц.Н ы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлттэй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр Ц.Н ы хэлж буй гомдлыг нягтлан шалгах бүх ажиллагааг хийсэн. Мөн шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулсан байдаг. Шинжээч эмч тухайн үед үүссэн гэмтэл мөн гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч Т.Б  шүүх хуралдаанд “би эхлээд машины хажуугаар гарахдаа машиныг нь өшиглөж, цохисон нь үнэн. Тэгээд надтай буцаж ирж зууралдаад гарыг нь тавиулах гэж оролдож байх үед гарынхаа тохой хэсгээр миний шүд рүү цохисон. Миний шүд эмтэрсэн байгаа” гэж мэдүүлдэг. Шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тус үйл баримт нягтлан тогтоогдсон. Шүүх хуралдаанд нотлох баримтаар авагдсан дүрсний бичлэгийг үзсэн. Анх хэрэг гарсан цаг хугацаа, цаашаа зууралдаад явж байгаа зэрэг хийж буй үйлдлүүд нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй тохирдог. Тухайн гэмт хэрэг гарсан даруйд нь цагдаа хохирогч Т.Б ийн биед үзлэг хийсэн байдаг. Уг үзлэгээр шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хүзүү, хоолой улайсан зэрэг нь мөн тусгагдсан байдаг. Иймд шүүгдэгч Ц.Н ы гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Н ы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Ц.Н  нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “А” бөмбөгөрийн урд талын зам дээр зам хөндлөн гарч явсан Т.Б тэй маргалдаж, улмаар түүний биед нь халдан “хүзүүнд нь цус хуралт, зурагдсан зулгарал, дээд үүдэн баруун нэгдүгээр шүд хөдөлгөөнд орсон” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-51 тал/, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4855 дугаартай Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “В” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 тал/, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0009803 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 32 тал/,

хохирогч Т.Б ийн хохирогчоор болон зөрчилд холбогдогчоор өгсөн “...зам хөндлөн гарч байхад сигналдаад байхаар нь “чи яагаад сигналдаад байгаа юм бэ” гэхэд “газрын гай минь зайлаач” гэсэн. Тэгэхээр нь уур хүрээд нөгөө хүний машины жолооч талын хаалга хэсэгт өшиглөчихөөд явах гэхэд нөгөө араас ирээд зууралдсан. ...очоод харахад хаалга дээр нь миний пүүзний мөр гарсан байсныг арчаад цаашаа явах гэхэд араас ирээд зууралдаад, хоолой ам маажаад, боогоод байсан. Би гарыг нь тавиулах гэсэн боловч тавихгүй байсан. ...тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...тэгж байгаад гараа саваад шуу хэсгээрээ миний шүд рүү цохисон бөгөөд цус гараад би газарт цустай шүлсээ хаясан чинь нөгөө эмэгтэй “хохь чинь чи ингэж явахдаа таарсан амьтан” гээд байхаар нь би тэндээс зугтаагаад цагдаагийн хэлтэст ирж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 40, 71 тал/,

шүүгдэгч Ц.Н ы “...зорчих газаргүй газраар зам гарсан ба сигнал өгөхөд шууд миний машиныг өшиглөсөн. ...тэгээд надаас зугтах гээд байхаар нь хэд хэдэн удаа угзарч татсан. ...хэд хэдэн удаа угзарч татахад хүзүү нь гэмтсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч Ц.Н ы “...хохирогч шүд рүү цохисон гэж худал мэдүүлсэнд гомдолтой байна. Намайг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол нь хохирогч Т.Б ийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Т.Б ийн хохирогчоор өгсөн “...тэгж байгаад гараа саваад шуу хэсгээрээ миний шүд рүү цохисон бөгөөд цус гараад би газарт цустай шүлсээ хаясан чинь нөгөө эмэгтэй “хохь чинь чи ингэж явахдаа таарсан амьтан” гээд байхаар нь би тэндээс зугтаагаад цагдаагийн хэлтэст ирж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Т.Б ийн хүзүүнд цус хуралт, зулгарсан зулгарал, дээд үүдэн баруун 1-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/ зэрэг баримтуудаар няцаагдаж байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ 

 

                         ШҮҮГЧ                               Н.БАТСАЙХАН 

 

                                    ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ