Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2025/0082

 

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: А.Н,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш,

Гомдлын шаардлага: “Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 0074996  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Б.Ш, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн  0074996 дугаартай шийтгэлийн хуудсаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч А.Н Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасан нийтийн зориулалттай орон сууцны байшинд хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн гэх зөрчил гаргасан гэж үзэж, 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

2. А.Н уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр  шүүхэд гаргасан гомдолдоо үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд:

2.1 Миний бие А.Н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хувиараа худалдаа наймаа хийдэг. “Ах дам” захын дотор авто машины сэлбэг, гоёл чимэглэлийн худалдаа эрхэлдэг.

2.2 Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 0074996 дугаартай шийтгэлийн хуудас нь А.Н надад огт хамааралгүй, миний бие тухайн шийтгэлийн хуудаст дурдагдсан зөрчилд хамааралгүй тул шийтгэлийн хуудсыг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шуудангаар хүлээн авч танилцаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд гомдлоо гаргаж байна.

2.3 Миний бие Өлгий сумын 5 дугаар багт байршилтай  “Happy Town-3” орон сууцны нэгдүгээр давхарт авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулаагүй. Тэндээ хориглосон барааг байрлуулаагүй байхад надад хамаатуулж шийтгэлийн хуудас бичиг байгаад нь гайхаж байна. Миний найз болох Т. нь надаас зээлээр бараа авч  “Happe Town-3” орон сууцны нэгдүгээр давхарт авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулах талаар тохиролцсон. Би түүний захиалгын дагуу ОХУ-аас бараа нийлүүлж ажилласан нь үнэн. Гэхдээ тухайн дэлгүүр надад огт хамаагүй юм.

2.4 Улсын байцаагч Б.Ш нь 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 15 цагт аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт бэлэн байхаар дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас ирүүлснийг хүлээн авч тухайн цагт очиход, улсын байцаагч ажлын байрандаа байхгүй, томилолтоор хөдөө ажлаар явсан байсан. Дараа нь надаас ямар нэгэн тодруулга тайлбар аваагүй, торгууль оногдуулсан хуудсыг танилцуулаагүй. Тээврийн хэрэгслийн сэлбэгийг хориглосон бараа гэж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгээд ч Т.Е нь дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлээгүй байсан. Надаас авсан бараагаа байршуулах ажиллагаа хийж байсан юм.

2.5. Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 0074996 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн оршин суудаг А.Н хориглосон барааг хадгалсан болох нь тогтоогдсон гэсэн шийтгэлийн хуудас хавтаст хэрэгт авагдсан байна.

3.2. “О” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгосон. Зөрчлийн тухай тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хориглосон барааг байрлуулсан гэдэг байдлаар бичсэн. Хориглосон бараа гэдэгт нь Орон сууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийг тайлбарлаж байгаа гэж үзэж байна.

 Орон сууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт “химийн хорт бодистой харьцах” гэж заасан.  Химийн хорт бодистой харьцах үйл ажиллагааг иргэн А.Н гэдэг хүний хувьд явуулаагүй ба энэ дэлгүүрийг Т.Е гэдэг хүн ажиллуулж байсан. А.Н нь үйл ажиллагаагаа явуулаагүй байсан. “О” ХХК эсхүл А.Н ч юм уу, Т.Е ч байсан ч химийн хорт бодистой харьцах үйл ажиллагааг орон сууцын барилга дотор  явуулаагүй.

3.3. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан “ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах” гэж заасан. Тухайн объект дотор дэлбэрэх, галд амархан шатдаг материал, тэсэрч дэлбэрэх эсхүл галд амархан шатдаг  материал огт байгаагүй, хадгалагдаагүй. Үйлдвэрлэлийн савлагаатай, үйлдвэрлэлийн хаяг, шошготой, тээврийн хэрэгслийн өдөр тутмын гоёл чимэглэл, сэлбэг байсан. Үүнийг дэлбэрэх эсвэл галд амархан шатдаг материал гэж үзэх боломжгүй. Энэ бол материал биш хэрэгсэл байсан, тодорхой эцсийн хэрэглэгчдэд шууд хэрэглэхээр зүйл, материалын шинжтэй юм байгаагүй гэдгийг хэлье.

3.4. Мөн Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт “хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах” гэж заасан. Хурц үнэртэй ямар бараа байсан, хурц үнэртэй гэдгийг яаж тогтоосон бэ.

3.5. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт “Цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон орон үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, пестицид ашиглах” гэж заасан. Цахилгаан соронзон үүсгүүр, пестицид ашигласан зүйл байхгүй. Энэ дээр пестицид, цацрагт идэвхт бодис гэдэг зүйл байхгүй. Хэрэгт авагдсан зураг дээр ч байхгүй байсан ба яг түүнд хамаарах ямар бодис хадгалсан юм бэ.

3.6. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт “даралтат сав, уурын тоног төхөөрөмж ашиглах” гэж заасан. Даралтат сав уурын тоног төхөөрөмж ашигласан гэсэн.  Тэр уур, даралтат савтай холбоотой газ, хий, баллон хадгалж байгаа зүйл байхгүй.

3.7. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт “арьс шир, түүхий эд хүлээн авах, худалдаалж байгаа зүйл байхгүй. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн  17.1.7 дахь хэсэгт зааснаар саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах” гэж заасан. 17.1.8 дахь хэсэгт зааснаар  согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа асуудал байхгүй.

3.8. Мөн Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх хэсэгт хууль тогтоомжоор хориглосон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа нь ч байхгүй. Засгийн газрын 2019 оны 106 дугаар тогтоолтой холбогдуулан барилгын дүрэм ба нормын асуудал ярьж байгаа. Дүрэм нормтой холбоотой асуудлын хувьд барилгыг анх төлөвлөхдөө, зураг төсвийг нь боловсруулахдаа дүрэм, нормыг ашигладаг юм.

3.9. Анх үйлчилгээний зориулалттай, агаар сэлгэлт,  аваарын хаалга, цонх, орж,  гарах хэсэг зогсоолоос эхэлж тусдаа болгож төлөвлөж барихыг зөвшөөрөөд, улсын экспертиз баталж барьж байгуулсны дараа улсын комисс хүлээж авч, зөвшөөрөл олгож, үйл ажиллагаа явуулах эрхийг  нь олгосон. Засгийн газрын 2019 оны барилгын дүрэм нормын хувьд зөвхөн тэр барилгыг барих үед зураг төсөв боловсруулах норм норматив юм. Түүнийг мэргэжлийн байгууллага, гүйцэтгэгч компанийн хувьд баримталдаг болохоос биш  үйлчилгээний зориулалтаар  баригдсан, улсын комисс авсных нь дараа үйл ажиллагаанд хамаарахгүй.

3.10. Иргэн Л гэдэг хүний өмч хөрөнгө юм. Энэ талбайд хэн нь үйл ажиллагаа явуулж байсан бэ  гэдгийг тогтоох шаардлагатай байсан. А.Н гэрчийн эрх,  үүргийг танилцуулсан юм болоод, дараа нь нэг тайлбар мэдүүлэг авсан мэтээр ямар ч гарын үсэг зураагүй юмыг түүний тайлбар мэтээр шүүхэд нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, гаргаж өгч байгаа. Бид нар энийгээ цаашдаа цагдаагийн байгууллагад бас шалгуулж болно.

 3.11. А.Н нэгэнт гарын  үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөөгүй, тайлбар, мэдүүлэг өгөөгүй байхад мэдүүлэг мэтээр ингэж гаргаж ирж байгаа нотлох баримтыг шүүхээс үнэлэх боломжгүй. Нэгэнт гарын үсэг зурагдаагүй юмыг зөрчлийн материалд хавсаргаж болохгүй. Ийм зөрчилтэйтэй юмыг шүүхэд ирүүлж толгойг нь эргүүлж болохгүй, шүүх тэрийгээ нотлох баримт гэж үзэх ч бас боломжгүй.

3.12. Зөрчлийн хувьд тогтоогдоогүйгээс гадна зөрчилтэй холбоотой  Т.Е мэдүүлэг байна. Т.Е гэдэг хүн дэлгүүр ажиллуулж байгаа ба “О” ХХК тай холбоотой ямар ч хамааралгүй. “О” ХХК-ийн үйл ажиллагаа тусдаа байдаг.

3.13. Х.А гэдэг хүний хувьд шинжээч томилуулахтай холбоотой хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан, шинжээч томилогдоогүй, тогтоогдоогүй, Орон сууны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан 8 төрлийн хуулийн хориглосон үйлчилгээ, үйл ажиллагаа бараа мөн биш гэдгийг өөрсдөө тогтоож чадаагүй.  Шинжилгээ хийлгэе гэдэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдөө хандсан байна. Гэхдээ энэ дээр дүгнэлт гаргасан ямар нэгэн байгууллага байхгүй байна. Дүгнэлт гаргаж өгөөгүй байна. Дүгнэлт нэгэнт гараагүй, шинжээч томилогдоогүй байхад шинжээч томилж чадаагүй гэдгээрээ бид нар зөрчил гэж үзэх ёстой гэсэн байр сууриасаа хандаж болохгүй. Шинжилгээний хувьд шинжилгээ хийдэг газар, байгууллага байхгүй бол хувийн аж ахуйн нэгж байгууллага, мэргэжилтэн, холбогдох судалгаа хийдэг бусад хүмүүсээс шинжээчдийн дүгнэлт гаргуулах боломжтой байсан.

3.14. Мөн хориглосон бараа гэдгээсээ дээж аваад, дээжийг нь явуулж шинжилгээнд хамруулах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагаа бол тогтоогдож шалгагдаагүй байна. Үнэхээр хурдан шатамхай, тэсэрч дэлбэрэх эсхүл хурц үнэртэй ч юм уу, цацарт идэвхт бодис туяа цацруулдаг, эсхүл  бусдын эрүүл мэндэд хортой үйл ажиллагаа явуулсан ба тогтоогдсон зүйл байхгүй байна.

3.15.  Х.А нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн даргын хувьд шинжилгээ хийлгэхээр хандсан байна. Гэтэл шинжилгээний дүгнэлт нь гараагүй байна, шинжилгээ хийгдэхгүйгээр шууд торгож, шийтгэж, зөрчил тогтоогдсон гэж үзэж байгаа нөхцөл байдал  буруу байна.

3.16. Гуравдагч этгээд гэдэг хүмүүс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирээд байгаа. Гуравдагч этгээдүүдийн ямар эрх ашиг нь зөрчигдсөн юм бэ, ямар эрх ашиг нь зөрчигдөх болчхоод байгаа юм бэ.

 3.17. Тухайн байрны нэг давхрыг үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулахаар тэрбум орчим төгрөгөөр захиалгын гэрээгээр бариулсан. Маш их өндөр өртөгтэй. Тэр нэг давхар нь бүхэлдээ оффисын өрөө, бусад  хадгалалтын өрөө, үйлчилгээний өрөө, үүдний хэсэг гээд тус тусдаа байна. Тухайн байрны оршин суугчид 2 давхраас 9 давхар хүртэл тусдаа агааржуулалттай, харин нэг давхрын агааржуулалт нь шууд гадагшаа холбогдсон, хаалганууд нь ертөнцийн зүүн хойд талд нь байгаа, оршин суугчид нь урд талын хаалгаар нь ордог, тэдэнтэй ямар ч харьцах боломжгүй, харьцдаггүй, хамааралгүй. Барилгын төлөвлөлт нь хүртэл  нэг давхрын тусгаарлалт, тасалгаа 2 давхарт нь, эсвэл түүнээс дээш давхарт нь оршин суугчдад дуу чимээ, бусад байдлыг тусгаарлалтын материалаар ашиглаж хийж байгаа, бүгд стандарт шаардлага хангагдаж хийсэн. Нэг давхрын үйлчилгээний газраас ямар ч 2 давхраас дээшээ нөлөөлөл байхгүй, тэдний ямар ч эрхийг зөрчихгүй.

3.18. Гэрчийн мэдүүлэг өгсөн хэлтсийн дарга Х.А улсын байцаагч буюу хяналт тавьдаг хүнийг гэрчээр асуусан байна. Дээд шатны удирддаг, харьяалагддаг албан тушаалтныг гэрчээр асуугаад тухайн хүний гэрчийн мэдүүлгийг үндэслэж  зөрчил мөн байна гэж үзсэн байна. Тэгэхээр тэр гэрчээр асуугдаж байгаа дээд шатны албан тушаалтны хувьд гуравдагч этгээдийн төрсөн эцэг нь, тэр хүнтэйгээ хамт тэнд амьдардаг ч байж магадгүй. Тэнд амьдардаг гуравдагч этгээдээр орох ёстой хүн нь гэрчийн мэдүүлэг өгөөд, өөртөө ч юм уу, өөрийнхийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох үйлдэл гаргасан. Цаашдаа Х.А гэдэг хүнтэй холбоотой мөн адилхан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргавал тухайн нөхцөл байдлын хувьд яагаад мэдүүлэг өгснийг нь бас тодруулах байх.

3.19. Үүнийг үндэслэж хэн нэгнийг шийтгэх, торгох, албадан нүүлгэх, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргуулж байгаа асуудалд хэн нэгэн бас гомдол гаргаж болох байх. Тиймээс гуравдагч этгээдүүдтэй ямар ч хамааралгүй, үйл ажиллагаа нь ямар ч холбоогүй, тэдний эрхийг зөрчихгүй, нэгэнт эрхийг нь зөрчихгүй байгаа учраас бид нар гомдол гаргаад, торгуулж шийтгүүлээд  явах боломжгүй байна.

3.20.Иймд нэгдүгээрт, зөрчил нь тогтоогдоогүй, хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэж байгаа. А.Н гэдэг хүнээсээ ямар ч мэдүүлэг аваагүй, мэдүүлэг авсан мэтээр түүний гарын үсэггүй нэг тайлбарыг нь хэрэг дотор хавсаргасан байна. Энэ бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн. Үнэхээр гарын үсэг зураагүй, зурахаар татгалзсан бол бусад байдлаар камерын хяналтын бичлэгээр нотолж, хэрэг дотор хавсаргах ёстой.

3.21. Дараагийн үндэслэлийн хувьд зөрчлийг хэн үйлдсэн гэдэгт нь дүгнэлт хийгээгүй. Шийтгэлийн хуудаст А.Н гэж бичиж байсан мөртлөө хаалт дотор нэг, 2 дахь баганад  “О” ХХК гэдэг юм оруулж ирсэн. Тэгээд хуулийн этгээд гэдгээрээ 3,000,000 төгрөгөөр торгосон. Бодит байдал дээр А.Н нь ч хамаагүй, “О” ХХК  нь ч хамаагүй. Т.Е нээж ажиллуулж байсан дэлгүүр байсан байна. Тэр хүн цагдаагийн албанд ажиллаж байгаад өндөр настан тэтгэвэрт гарсан.

3.22. Гэхдээ А.Н хамтарч тэр хүнээс мөнгөө аваад, дэлгүүр нээгээд, түрээслээд үйл ажиллагаа явуулах гэж байсан. Иймд 2025 оны 8 сарын 22-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч А.Н 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбар гаргаж байна.

 Би 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн аймгийн Прокурорын газрын №Ц-1 874 дугаар гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай албан бичиг болон хавсралтад байгаа 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Happy Town 3” үйлчилгээтэй орон сууцны оршин суугчдын гомдолтой танилцаад, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрүүд хооронд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2513000740 дугаар хэрэг нээж, 0074996 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргаж, шаардлагатай материалыг аймгийн шуудангаар хүргүүлсэн.

4.2 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад холбогдогч А.Н гомдлын талаар мэдэгдэж, үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, фото зураг авсан, шинжээч үзлэг хийх явцад мөн адил холбогдогч байлцсан, холбогдогчийн эрх үүргийг танилцуулахад холбогдогч гарын үсэг зурсан ба мэдүүлэг авах явцад өмгөөлөгчтэй ярилцана гэж тэмдэглэлд гарын үсэг зуралгүй яваад эргэж ирээгүй юм. Энэ бүх хугацаанд гомдлын талаар мэдэж байж юу ч хэлээгүй мөртлөө одоо энэ үйлчилгээг би явуулаагүй, мэдэхгүй, надад хамаагүй гэх гомдол гаргасан нь зүйд нийцэхгүй гэж бодож байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үед зөрчил нь гэрчийн мэдүүлэг, фото зураг гэх мэт материалуудаар тогтоогдсон байгаа тул Зөрчлийн тухай хуульд заасан зохих арга хэмжээг авч хуульд заасан чиг үүргээ биелүүлсэн болно.

4.3 Хяналтын прокурорын зөвшөөрлийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад, “О” ХХК гэх нэртэй “газар тариалангийн үйл ажиллагаа, барилгын материал худалдаа, автомашины сэлбэгийн бөөний болон жижиглэнгийн худалдаа, гадаад дотоод худалдаа” чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанитай ба энэ дэлгүүрт байрлуулсан бараанууд энэ компанийн үйл ажиллагааны чиглэлтэй таарч байгаа тул хуулийн этгээдээр торгууль оногдуулсан болно.

4.4. Миний хувьд “Happy town-3” орон сууцны  оршин суугч нараас ирсэн гомдлын дагуу тухайн үйлчилгээ явуулж байгаа объект дээр очиж үзлэг хийгээд, зураг аваад, шалгалтын тэмдэглэл үйлдсэн. Энэ талаар зарим мэргэжлийн байгууллагуудад шинжээч томилчихсон. Эрүүл мэндийн газрын холбогдох эрх бүхий албан тушаалтан очиж, үзлэг хийхэд А.Н гэдэг хүн өөрөө байсан. Тухайн үед ямар нэгэн өөр хүнд түрээсэлсэн гэдэг юм яригдаагүй. Анх миний бие үзлэг хийх үед энэ минийх гэж яриад байсан. Тэр талаар тэмдэглэлд бичигдээгүй байж магадгүй.

            4.5. Хоёрдугаарт, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөрчил нь тогтоогдоогүй гэж яриад байна. “Happy town”3” орон сууц баригдах явцад аймгийн ерөнхий архитекторын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн АДТ-830005/24 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар өгөгдсөн. Харин архитектур төлөвлөлтийн даалгаврын тавигдах шаардлага дотор барилгын норм ба дүрэм 310110  дугаартай дүрмийг мөрдөх гэж тусгуулчихсан. Харин Х.Асхар гэдэг хүний мэдүүлгээр барилгын норм ба дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д байрлуулахыг хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн гэдэг жагсаалтыг дурдсан.

4.6. Орон сууцын барилгын зураг төсөл төлөвлөлт хийхэд энэ норм дүрмийг ашигладаг, хэрэгжүүлдэг юм. Барилгын тухай хууль болон Орон сууцын тухай хуульд хүний аюулгүй, тав тухтай ажиллаж, амьдрах эрхийг хангаж өгөх үүднээс батлагдсан. Олон улсын судалгаагаар олон улсаас хэрэгжүүлж байгаа хуулийг судлаад, Монгол Улсад оруулж ирээд баталсан хууль юм.  Барилгын норм ба дүрмийг хуультай уялдуулаад баталдаг юм.

4.7. Тухайн объектод үзлэг, шалгалт хийхэд авсан зураг, тэмдэглэлд норм дүрэмд заасан байрлуулахыг хориглодог бүтээгдэхүүнүүд  байсан. Харин үйл ажиллагаа явуулаагүй гэсэн. Анх намайг очиход дэлгүүр дүүрэн бараатай байсан, үйл ажиллагаагаа нээгээд, гадна талд нь хаяг хадаагүй байсан, орж ирэхдээ А.На нь “энэ бол миний юм” гэж яриад байсан. Тэгээд хүн амьтан түрээсэлсэн, миний юм биш гэдэг зүйл яригдаагүй. Улсын бүртгэлээс хувь хүн, хуулийн этгээдийн лавлагаа авагдсан.  Тэнд “О” ХХК гэдэг компанийн нэр дээр байсан. Тэнд автомашины сэлбэг, дагалдах хэрэгслүүд, хориглох бүтээгдэхүүнүүд байсан.

4.8. Тийм учраас “О” ХХК-ийн хуулийн этгээдээр торгосон. Шийтгэлийн хуудас дотор иргэн А.Н гээд, дараа нь хаалт дотор “О” ХХК гээд яагаад бичсэн гэхээр тодорхой болгох үүднээс үйл ажиллагаа эрхэлдэг компанийг эзэмшдэг гэдгийг ойлгуулах үүднээс тэгэж бичсэн.

4.9. Оршин суугчид тухайн орон сууцад амьдарч байгаа учраас өөрсдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хүсдэг учраас Орон сууцын тухай хуулийн 17.1-д заасны дагуу өөрсдийн эрхийг хамгаалах үүднээс гомдол ирүүлсэн. Энэ гомдлын дагуу  барилгын норм ба дүрэмд заасны дагуу хориглосон бүтээгдэхүүн байрлуулсан нь тогтоогдсон юм. Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Х.А чиг үүргийн хүрээнд мэдүүлэг авах замаар дээрх бараанууд нь хориглосон  мөн байсан ба  ийм бараануудыг байрлуулах ёсгүй гэдэг мэдүүлэг өгсөн учраас зөрчил тогтоогдсон.

4.10. Иргэн А.Н анх  миний зүйл биш юм гэж хэлэх ёстой байсан. Анх үзлэг хийж байхад мэргэжлийн байгууллагын шинжээч үзлэг хийхэд энэ бол миний зүйл биш юм, өөр хүний юм гэж хэлэх боломж байсан. Тухайн үед хэлээгүй болохоор иргэн А.Н объектыг эзэмшиж байгаа ба тухайн объектод дотор байгаа  бүтээгдэхүүнүүд нь өөрийн дэлгүүр гэдэг нь  үзлэгээр, фото зургаар тогтоогдсон гэв.

5. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:  

5.1. Гомдол гаргагч А.Н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох “Happy Town 3” орон сууцны нэг давхрын үйлчилгээний зориулалттай байранд тээврийн хэрэгслийн дугуй, машин механизмын тос, тослог материал, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис, цахилгаан соронзон, цацраг  идэвхт болон химийн хортой бодисын агууламж бүхий эд зүйл хадгалж, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйлдэл  болсон нь эрх бүхий албан тушаалтны 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №02-15/01 дугаартай шалгалтын тэмдэглэл болон бусад нотлох баримтаар нотлогдсон байна. Эдгээр эд зүйлсийг хадгалж, худалдаа үйлчилгээ явуулах тухайн байранд байршуулсан үйлдэл нь Орон сууцны тухай хуулийн 17  дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан нийтийн орон сууцанд хориглосон үйлчилгээ явуулж, хориглосон эд зүйлийг байршуулан хадгалж байгаа зөрчил болох нь тогтоогдсон байна.

5.2. Гомдол гаргагчаас “тухайн эд зүйл Т.Е гэх найзын бараа бөгөөд Т.Е надтай тохирч “Happy Town 3”орон сууцны нэгдүгээр давхарт авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулах болсон. Надад хамаагүй байхад надад шийтгэлийн хуудас бичиж арга хэмжээ авсанд гайхаж байна” гээд эсэргүүцэл илэрхийлжээ. Гэтэл “Happy Town 3” орон сууцны нэгдүгээр давхрын үйлчилгээний байр нь бүхэлдээ А.Н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө тул өмчлөгч А.Н нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эзэмших, ашиглах үүрэгтэй ба Орон сууцны тухай хуулийн 16, 17 дугаар зүйлүүдийн шаардлагыг хангахуйц хэмжээний хэлцэл хийж хэрэв зөрчсөн тохиолдолд өмчлөгч болохын хувьд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.

5.3. Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах”, 4.1.3 дахь хэсэгт оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах” зарчим үйлчилж байгаа ба 22 дугаар зүйлийн 22.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага иргэн бүр хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх”, мөн хуулийн 22.1.3-д заасан “орчны  бохирдлоос сэргийлэх, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангах” үүрэгтэй гэж тус тус заажээ.

5.4. Иймд “Happy Town 3” орон сууцны нэгдүгээр давхрын үйлчилгээний байрны өмчлөгч А.Н нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэрэглэгчийн үүргийг ноцтой зөрчсөн, Орон сууцны тухай хуулийн 16, 17 дугаар зүйлүүдэд заасан үйлчилгээ явуулах журам, зарим төрлийн үйлчилгээ явуулахыг хориглосон заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдсон тухайн орон сууцанд оршин суугч 39 айлын иргэдийн нийтийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан болох нь нотлогдсон байна.

5.5. Үзлэгийн тэмдэглэлээс харвал, автомашины хамааралтай, масло, дугуй болон бусад зүйл байна гэсэн байдлаар шалгалтын тэмдэглэлд тусгагдсан байна.  Эдгээр байршуулсан эд зүйл нь Орон сууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар хориглосон бараа, ажил үйлчилгээнд хамаарах уу гэдэг асуудал хөндөгдөх нь зүй ёсны асуудал юм.

5.6. Орон сууны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт химийн хорт бодистой харьцах, ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах, хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах, цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон орон үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, пестицид ашиглах; даралтат сав, уурын тоног төхөөрөмж ашиглах, арьс шир, түүхий эд хүлээн авах, худалдах зэрэг хэд хэдэн төрлийн эд зүйлүүдийн нэршлээр нь зааж хориглосон байна.

5.7. Үзлэгийн тэмдэглэлээс харахад, дугуй,  тээврийн хэрэгслийн масло  байршуулсан үйл явц нотлогдон тогтоогдсон. Энэ нь Орон сууцын тухай хуулийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар тэсэрч дэлбэрэх буюу галд амархан шатдаг материал мөн байна. Энэ дугуй ч гэсэн химийн элементээр бүтсэн, резинэн материал бөгөөд галд шатамхай бодис юм. Хэрвээ тэнд байршуулж худалдаа үйлчилгээ явуулснаас болж тэсэрч дэлбэрэх, гал алдах бол тухайн орон сууцад байгаа, өнөөдрийн гуравдагч этгээдээр оролцож байгаа этгээдийн нийтийн эрх ашиг нь бүхэлдээ зөрчигдөнө.

 Ийм учраас гуравдагч этгээдүүд эрх бүхий албан тушаалтанд буюу улсын байцаагчид гомдол гаргаж, энэ асуудлыг таслан зогсоох талаар арга хэмжээг цаг хугацаанд авсан.   Нийтийн зориулалттай орон сууцад худалдах, хадгалах, түүгээр үйлчилгээ үзүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн байршуулсан үйл явц шалгалтын явцад шалгалтын материалаар нотлогдон тогтоогдсон. Шалгалт хийх явцад иргэн А.Н өөрөө биечлэн оролцсон байна.

5.8. Гомдол дээр тухайн бараанууд минийх биш, өөр хүнийх байсан гэж  байгаа боловч тухайн үед өөрөө Т.Е, эсхүл бусдынх, надтай хамааралгүй гэдгийг тайлбарлаагүй учраас тэр байрны байшингийн эзэн, өмчлөгчид хариуцлага тооцохоос өөр арга байхгүй.

5.9. Захиргааны шүүхэд гаргасан гомдол дээр бас дүгнэлт хийх хэрэгтэй.  Иргэн А.Н миний найз болох Т.Е нь надаас зээлээр бараа авч “Hapyy town-3” орон сууцын 1 дүгээр давхарт авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулах талаар надтай тохиролцсон юм гэж бичсэн. Ингээд өөрөө тохироод, өөрийнхөө бараа таваарыг Т.Е өгөөд, тэгээд өөрийнхөө байрыг Т.Е түрээслээд, ажиллуулахаар тохиролцсон гэж хүлээн зөвшөөрчхөөд байхад өнөөдөр өөр өнцгөөс нь тайлбарлаж, огт гарын үсэг зураагүй, мэдээгүй, А.Н бараа биш гээд тайлбарлах боломж байхгүй.

Орон сууцын өмчлөгч өөрөө Орон сууцын тухай хуулийн 16 17 дугаар зүйлүүдийг биелүүлэх үүрэгтэй. Өмчлөгчийн хувьд энд хариуцлага тооцож байгааг буруутгах боломж байхгүй байна.

5.10. Гуравдагч этгээдүүдийн эрх ашиг өнөөдрийн байдлаар зөрчигдөөгүй байсан, зөрчигдөөгүй байхад гуравдагч этгээдүүд юунд гомдол гаргасан бэ гэдэг асуудлыг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөндөж байна.

Тухайн орон сууцанд хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн буюу эсвэл хориглосон бараа материал хадгалснаараа тухайн орон сууцад оршин суугчдын нийтийн эрх ашиг зөрчигдсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Орон сууцын тухай хуульд тухайн үед хориглосон бараа таваарыг хэн хадгалсан бэ, үүнийг нэг давхрын үйлчилгээний байранд тухайн бараануудыг А.Н байршуулсан учраас тэр мөчөөс эхлэн нийтийн эрх ашиг зөрчигдсөн.

Учир нь, тухайн шатах, тослох материалаас ямар нэгэн гал алдвал, өөр удаан хугацаанд хадгалахаар тэндээс янз бүрийн үнэр танар, химийн хийн болон физикийн шинж чанартай бүтээгдэхүүнүүд учраас шатамтгай бодис нь хамаарна, мөн  Орон сууцын тухай хуулийн 17.1.3-д заасан хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдахыг хориглосон заалтад хамаарч байгаа. Мөн тэнд аккумлятор,  цэнэглэгч бусад бодисууд мөн адилхан худалдаалагддаг учраас энэ цацрагт идэвхт бодис цахилгаан соронзонтой холбоотой эд зүйл юм. Тухайн орон сууцын нэг давхарт бүхэлдээ тээврийн хэрэгслийн запас сэлбэг худалдаалахыг  хориглочихсон байдаг гэж ойлгож байгаа. Хэрвээ худалдаалж болохоор бараанууд бол мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг авч байж худалдах боломжтой байсан.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж, зөрчлийг зохих хууль журмын дагуу оногдуулсан учраас гомдлын шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Гомдол гаргагч А.Н Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №0074996 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хангах үндэслэлтэй байна. 

            2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Happy Town-3” нийтийн зориулалттай орон сууцны  нэгдүгээр  давхарт хориглосон барааг байршуулсан үндэслэлээр  хариуцагч  нь А.Н болон  “О” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг маргаан бүхий шийтгэлийн хуудсаар[1]ногдуулжээ.

            3. Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Happy Town-3”  нийтийн зориулалттай орон сууцны нэгдүгээр давхарт байрлах дэлгүүрт автомашины дугуй,  тос зэрэг авто сэлбэгийн бараануудыг[2] худалдах зорилгоор байршуулсан нь, үүнийг эс зөвшөөрч тухайн орон сууцны оршин суугчид болох нэр бүхий 31 хүнээс аймгийн Прокурорын байгууллагад 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  гомдол[3] гаргасан нь, уг  гомдлыг аймгийн Прокурорын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №Ц-1/847 дугаар албан бичгээр[4] аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад шилжүүлсэн нь, гомдлыг үндэслэж эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 06 дугаар сарын   26-ны өдрийн тогтоолоор[5] иргэн А.Н холбогдуулан зөрчлийн 2513000740 дугаартай хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан  зэрэг үйл баримт  нь хэрэгт авагдсан нотлох   баримтуудаар  тус тус тогтоогдож байна.

            4. Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн  4-т “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно”, 17.1.2-т “ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах”, 17.1.3-т “хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах” , Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”,  33.1.2-т “энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг батлах” Монгол  Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын  2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар баталсан “Барилгын норм ба дүрэм батлах тухай” /орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/ тушаалын хавсралтын 4.11-д “ Орон сууцны барилгын хаяавчийн болон 1, 2 дугаар давхарт хүний эрүүл мэндэд хортой үйлчлэл үзүүлэхгүй ("Барилгын тухай" Монгол улсын хуулийн 20.2-д зааснаас бусад үйлдвэрлэл үйлчилгээ) олон нийтийн зориулалттай, Тухайлбал: Ариун цэврийн өрөө бүхий сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, үйлчилгээний зориулалттай 6м2 талбайтай өрөө, болон харуул хамгаалалтын өрөө тасалгаа байрлуулж болно”, “Байрлуулахыг хориглоно” хэсэгт “ -Тэсэрч дэлбэрэх материал бүхий дэлгүүр, нийлэг хивсэн эдлэл, авто сэлбэг, автомашины дугуй, шатах тослох материал худалдаалах дэлгүүр” гэж тус тус заажээ.

            5. Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд,  нийтийн зориулалттай орон сууцны барилгын 1,2 дугаар давхарт тэсэрч дэлбэрэх, галд амархан шатах, тослох  материал, автомашины дугуй зэрэг авто сэлбэгийн материал, бараануудыг хадгалах, худалдах талбай барихыг төлөвлөх,  тухайн бараануудыг хадгалах, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулахыг  тус тус хориглосон байх ба  Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дэх  “Happy Town-3” нийтийн зориулалттай орон сууцны нэгдүгээр давхарт дээрх төрлийн барааг худалдах зорилгоор байршуулж хадгалсан холбогдогчийн үйлдэл нь  Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-т заасан зөрчилд хамаарч байна гэж  шүүх дүгнэлээ.

            6. Гэхдээ зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан  зөрчилд холбогдогч субъектийг зөв тодорхойлоогүй, тухайн зөрчлийг хүн, эсхүл хуулийн этгээдийн аль нь үйлдсэнийг нотлон тогтоогоогүй байх тул энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            7. Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан анх зөрчлийн хэргийг иргэн А.Н холбогдуулан нээж, шалгуулагч этгээдийг А.Н гэж тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан эрх зүйн баримтуудад холбогдогч иргэн А.Н гэж тодорхойлон, түүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан, түүнчлэн  маргаан бүхий шийтгэлийн хуудасны Удиртгал хэсэгт “Холбогдогч БӨ, Өлгий сум 5-р баг А овогтой Н нь  хориглосон барааг байршуулсан болох нь гэрчийн мэдүүлэг, тэмдэглэл фото г.м зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэж, мөн тухайн заалтад “Холбогдогч А.Н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул ...” гэж тус тус тусгасан атлаа  Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Холбогдогч А.Н (“О” ХХК)-ийн үйлдсэн хориглосон барааг байршуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгууль 3.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулж” гэсэн нь  иргэн А.Н, эсхүл хуулийн этгээд болох “О” ХХК-ийн алинд нь хариуцлага ногдуулсан нь ойлгомжгүй гэж үзэхээр байна.

            8. Мөн гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлд “...миний найз Т.Е нь надаас зээлээр бараа авч “Happy Town-3” орон сууцны нэгдүгээр давхарт авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулах талаар тохиролцсон” гэж , гэрч Т.Е  тус шүүхэд өгсөн мэдүүлэгт[6] “... А.Н бид хоёр тохиролцож, 2025 оны 3 дугаар сард БНХАУ руу очиж, авто сэлбэгийн барааг Монгол Улс руу ачуулсан, ... 100.000.000 орчим төгрөгийн барааг авсан, ... уг мөнгөний 60 хувь нь А.Н, 40 хувь орчим нь минийх байсан, ... авчирсан барааг 5 дугаар сарын дундуур “Happy Town” хотхоны үйлчилгээний талбайд оруулж тавьсан “ гэж тус тус тайлбарласан, түүнчлэн А.Н үүсгэн байгуулсан, өөрөө гүйцэтгэх удирдлагаар ажилладаг “О” ХХК нь  авто машины сэлбэгийн бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба  “Happy Town-3”  нийтийн зориулалттай орон сууцны нэгдүгээр давхарт байрлах дэлгүүрийг ажиллуулж  буй  этгээд нь хэн болохыг тодорхойлох нь зүйтэй байна.

            9.  Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-т заасан   зөрчлийг  үйлдсэн хүнийг  гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, харин хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор өөр өөрөөр хуульчилсан байх тул  эхлээд зөрчилд холбогдсон этгээдийг  зөв тодорхойлж,  тухайн холбогдогчийн гаргасан зөрчил нь мөн болохыг шалган тогтоож, холбогдох этгээдэд хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            10. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн үйлдсэн  2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №0074996 дугаар шийтгэлийн хуудас  нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн  1-д заасан “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэнтэй тус тус нийцээгүй гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 12.4 дүгээр зүйлийн 4, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д тус тус  заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Н гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №0074996 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                      

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 89 дүгээр тал

[2] Хэргийн 58-59 дүгээр тал

[3] Хэргийн 53-55 дугаар тал

[4] Хэргийн 52 дугаар тал

[5] Хэргийн 48 дугаар тал

[6] Хэргийн 24-25 дугаар тал