| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00374/И |
| Дугаар | 313/ШШ2025/00270 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 313/ШШ2025/00270
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Дундсайхан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Өмнөговь аймаг 3 дугаар баг, 54-р байр 305 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э. *******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* овогтой Бат-амгалан би нөхөр байсан ******* овогтой *******тай 2002 оноос эхлэн танилцан найзалж, нөхөрлөж явсаар 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж нэг гэр бүл болон хамт амьдарч эхэлсэн. Амьдралын эхэн он жилүүдэд гэр бүлийн уур амьсгал сайхан, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн амьдарч байсан. Бид хамтран нэг гэр бүл болон амьдарч байх хугацаанд 3 хүүхэд төрүүлсэн ба одоо эрүүл, энх тунх миний асрамжид өсөж, хүмүүжиж явна.
Амьдралын хугацаанд хаад нэг сайдах, муудах, үл ойлголцох үеүүд байсан ч салах хэмжээнд хүртэл муудалцаж байгаагүй. Харин 2021 оны 11 сараас эхлэн С.*******тай таарамжгүй харилцаа бий болсон. Өөрөөр хэлбэл С.******* нь ээжийн маань төрсөн дүүгийн охин болох үеэл ******* овогтой тай гэр бүлээс гадуурх харилцаа холбоотой болсон ба хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түүнийг үеэл дүүтэй гэр бүлийн харилцаа үүсгэснээс хойш С.*******, Э. нар нь дахин асуудал үүсгэхгүй, уулзахгүй гэж надад хэлдэг боловч хэлсэн зүйлдээ хүрэхгүй харин ч улам их уулзаж учирч, дотно харилцаа үүсгэсэн хэвээр үргэлжилж ах дүү нар ч энэ талаар мэдэцгээсэн. Ингээд миний хувьд С.*******т итгэх итгэл алдарч бага насны 3 хүүхдээ өөрийн асрамжид авч үлдэн 2021 оны 03 сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн ба дээрх цаг хугацаанаас хойш С.******* ч Э.тай нэг гэр бүл болон амьдарцгааж байна.
С.*******аас салж, бага насны 3 хүүхдээ өсгөн өрх толгойлсон эх болж тусдаа амьдраад өнөөдрийг хүртэл 3 жил 6 сар болж байна.
Энэ хугацаанд би гэрлэлтээ цуцлуулах, эд хөрөнгийн маргааны асуудлыг шийдвэрлүүлэх, хамт амьдарч байхдаа явахынхаа өмнө С.*******ын тавьсан өр зээлийг би төлж барагдуулсан тул зээл төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлүүлж авах, хүүхдүүдийн нэмэлт зардал гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.******* нь надад нэг удаа боломж олгооч, 3 хүүхдээ өнчрүүлэхгүй, уучлаач, эргээд хамтдаа амьдарна гэсээр бид хоёр харилцан тохиролцон эвлэрч, би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байсан. Шүүхээс нэхэмжлэлээ буцаан авсан цаг хугацаанаас хойш С.******* нь надтай эргэн нийлж суугаагүй, үр хүүхдүүдээ харж хандах, асрах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэлгүйгээр намайг хуурч мэхлэн, хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийх санаатай байсныг миний бие тухайн цаг хугацаанд ухаарсангүй, түүнд итгээд түүнийг уучилж үр хүүхдүүдээ бодоод гэртээ ирэх нь гэж түүнийг уучлан амьдрах байх гэсэн боловч хууртагдсаар, сэтгэл санааны хүндхэн байдалтайгаар үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлсээр өнөөдрийг хүрлээ.
Сайн хүний сэтгэлийг, итгэлийг минь хөсөрдүүлж, надаар доог тохуу хийж, үр, хүүхэд бидний нүдэн дээр үеэл дүүтэй минь гэр бүл болчхоод сэтгэл, санаа, үр хүүхдүүдийн минь сэтгэлийг уландаа гишгэж, биднийг үл тоож, доромжилсон байдал үргэлжилсээр нэлээдгүй цаг хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар би С.*******тай эвлэрэн эргээд гэр бүл болон амьдрах боломжгүй тул шүүхээр гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, зээлийн өр төлбөр, нэмэлт зардал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх шаардлага тулгарсан хэвээр байгаа тул хуулиараа эхлээд ахин шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах эрх зүйн зохицуулалттай тул эвлэрүүлэн зуучлагчид хандаж урьдчилан шийдүүлэхээр өргөдөл гаргасан. Миний хувьд С.*******тай эвлэрэх хүсэлгүй тул эвлэрүүлэн зуучлуулах ажиллагааг яаралтай дуусгавар болгуулах хүсэлтийг гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тул шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргаж байгаа нь энэ.
1 .Цаашид би С.Мөнбаяртай эвлэрч хамт гэр бүл болон амьдрах боломжгүй, хамт амьдрахыг ч хүсэхгүй байгаа тул бидний 139 тоот бүртгэлийн дугаартай 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр батлуулсан гэрлэлтийг цуцалж өгнө үү.
2. Гэрлэлтээ цуцлуулж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүдийн минь цаашдын хувь заяа их чухал юм. Тэгэхээр 2010 оны 02 дугаар сарын 17-нд том хүү *******ын , 2017 оны 05 дугаар сарын 28-нд дунд хүү ******* овогтой , 2019 оны 09 дүгээр сарын 22-нд бага охин ******* овогтой нарыг өөрөө өсгөж хүмүүжүүлэх тул нэхэмжлэгч миний асрамжид үлдээн асрамж тогтоолгох
3. Хариуцагч буюу хүүхдүүдийн маань эцэг болох С.*******аас Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох
4. С.*******тай хамт амьдарч байх хугацаандаа дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Өмнөговь аймаг 3 дугаар баг 54 дүгээр байр 305 тоот үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон. Тухайн байрыг анх бий болгоход миний ээж, ааваас надад 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 47 267 000 төгрөгийг бэлэгэнд өгсөн байдаг ба уг бэлгийн мөнгөө байрны урьдчилгаа төлбөрт өгч, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр С.*******ын нэр дээр ипотекийн 83 400 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн өр төлбөр өнөөдрийн байдлаар 56 423 651 төгрөгийг үлдэгдэлтэй байна.
Зээл авсан цаг хугацаанаас хойш зээлээс С.******* 26 976 349 төгрөгийг төлсөн. Байр өнөөдөр банканд зээлийн барьцаанд байгаа, гэр бүлийн өмчлөлд бүрэн шилжиж ирээгүй байна. Өнөөдрийн байдлаар би бага насны 3 хүүхдийнхээ хамтаар авсан байрандаа амьдарч, үр хүүхдүүдээ хүний дайтай, эрдэм боловсролтой хүн болгохын төлөө хичээн ажиллаж амьдарсаар байна. Тэгэхээр миний зүгээс С.******* үр хүүхдүүдээ харж ханддаггүй, хүүхдүүдтэйгээ ч уулзахгүй, тэдний хэрэгцээний эд зүйлийг авч өгдөггүй, сургуулийн хүүхдийнхээ нэмэлт зардлуудаас ч төлдөггүй, хувиа хичээсэн, өөрийгөө бодож гэр бүлээ гэх сэтгэлгүй, хүн чанаргүй зан гаргасаар өнөөдрийг хүрсэн тул цаашид хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралыг бодож, халуун дулаан гэрт нь амьдруулах байх гэсэн итгэл бий. Иймээс дундын өмчлөлийн эд хөрөнгийг буюу Өмнөговь аймаг 3 дугаар баг 54 дүгээр байр 305 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 3 хүүхдэдээ үлдээх тал дээр маргахгүй байх гэдэгт найдаж байгаа тул С.*******ыг зээлээ бүрэн төлж дуусмагц тухайн байрыг нэхэмжлэгч миний нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч С.******* болон ХААН банк ХХК буюу Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг хаягт орших Өмнөговь төв тооцооны төвд даалгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө холбоо барих боломжгүй байж байгаад өчигдөр орой холбоо барьсан. Эгч нь ийм ажилтай ингээд явж байна, шүүх рүү хүсэлтээ өгсөн гэсэн. Өмгөөлөгчдөө эвлэрч байгаа гэдгээ хэлээгүй. Гурван хүүхдээ бодоод элэг бүтэн амьдрах нь ганц надаас болох зүйл биш. Хүүхдүүд маань аавтайгаа хамт байлгая гэж бодоод эцсийн шийдвэрийг нэг удаа итгээд үзье гэж шийдсэн. 04 дүгээр сарын 22-ноос хамт байгаа. Уучлаад гэр бүлээ элэг бүтэн аваад үлдье гэсэн шийдвэр сонголтыг хийсэн. Тэгээд ухаарч амьдраад, одоо бүх зүйл чамаас шалтгаална. Өөрийн зүгээс хийх ёстой бүх боломжтой зүйлийг хийгээд чамд боломж олгож байна гэв.
Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо дахиж янз бүрийн асуудал байхгүй. Хэлсэндээ цаашдаа сайхан амьдарна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Өмнөговь аймаг 3 дугаар баг, 54-р байр 305 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч Э.*******, хариуцагч С.******* нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид хэвээр үргэлжлүүлэхээр тохиролцсон болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гэрлэгч Э.*******, С.******* нарын эвлэрлийг баталж, Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Өмнөговь аймаг 3 дугаар баг, 54-р байр 305 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН