| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00154/И |
| Дугаар | 313/ШШ2025/00271 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 313/ШШ2025/00271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.******* нь 2019 оны 4-р сард Б.*******тай танилцаж улмаар нэг гэрт орж 2024 оны 10-р сар хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас 2021 оны 2 дугаар сарын 17-нд хүү М.*******, 2023 оны 8 дугаар сарын 07-нд охин М. нар мэндэлж Б. *******ын дагавар охин болох нарын хамт ам бүл 5 болж амьдарч байсан. Одоо хүү М.*******, охин М. нар миний асрамжид эрүүл энх өсөн торниж байна. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй хэдий ч энэ амьдралаа элэг бүтэн байлгахын тулд ажил хийж амьдралаа авч явсан нь үнэн. Сүүлийн үед Б *******ын ээж болох А.ын дарамт Б.******* бид хоёрын хоорондын харилцаа, үл ойлголцлоос болж хэрүүл маргаан бий болж гар хүрч байснаа нуухгүй, Ингээд 2024оны 10 дугаар сард Б.******* бид 2 муудалцсанаас болж ээж нь болох А. Б.*******ын хамаатны ах гэх /Өмнөговь аймгийн цагдаагийн газар ажилладаг/ хүмүүс нь 2 золбин хүүхдээ аваад манай нутгаас зайлаарай, хүүхдүүдээ аваад явахгүй бол баривчилгаанд явуулж чадна шүү гэсэн дарамт шахалтаас болж Өмнөговь аймгаас 2 хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явсан.
Одоо Улаанбаатар хотод байдаг өөрийн төрсөн эгч болох Т.гийнд 2 хүүхдийн хамт амьдарч байна. Энэ хугацаанд Б.******* нь хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч ихэнх тохиолдолд согтуу байх үедээ ярьж байсан. Бид тусдаа амьдраад 6 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон өвдсөн үед зайлшгүй хэрэгтэй бичиг баримт, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өгөлгүйгээр хүүхдүүдийн эрх ашгийг хохироосон. Тиймээс хүүхдүүдийн гэрчилгээ, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан/-г дахин шинээр авсан. Мөн зайлшгүй хийгдэх дархлаажуулалтын товлолт вакцинуудад нөхөн хамруулж байна
Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү М.******* охин М. нарыг өөрийн асаргаандаа авч эх Б.*******аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.
Бид хамт амьдарч байх үедээ 2 хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулж чаддаггүй байсан. Би хүү, охин хоёроо эд хөрөнгөөр биш эрдэм номтой, эрүүл аюулгүй орчинд зөв хүн болгон хүмүүжүүлэх үүргээ биелүүлж хоёр хүүхдээ цэцэрлэгт өгч өөрөө ажил хийж амьдарч байна. Иймээс миний бие хоёр хүүхдээ өөрийн асрамждаа авах нь хүмүүжлийн ач холбогдолтой байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авна уу гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* нь ******* овогтой *******, нарыг ******* гэдэг хүнд асран хамгаалуулахгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* бид хоёр 2019 оны 04 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд 2021 онд хүү, 2023 онд охинтой болсон. Бид 2019 оноос 2021 он хүртэл Б.*******ын аав, ээжийнх нь хөдөө гэрт амьдарсан. 2021 оноос Өмнөговь аймгийн Ханбогд суманд амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд би ажил хийж, Б.******* гэртээ хүүхдээ хардаг байсан. Б.*******тай хамт амьдарч байх хугацаанд хэд хэдэн удаа маргаанууд гарсан. Тухайн маргаанууд нь Б.*******ын ээжээс мөн бид хоёрын хоорондын үл ойлголцох маргаанаас үүдэлтэй. Б.*******д гар хүрсэн гэх тодотголтой хэргүүдээс болоод нэг, хоёр удаа цагдаагаар шийдүүлсэн. 2024 оны 10 дугаар сард бид хоёр маргалдсан. Тэгэхэд Б.*******ын ээж хоёр хүүхдээ аваад манай нутгаас яваарай, зайлахгүй бол шоронд суулгана гэсэн юм ярьж байсан. Тэрнээс болоод би хоёр хүүхдээ аваад явсан. Гэхдээ хоёр хүүхдээ аваад явсан нь болсон юм шиг байна. Одоогоор манай хоёр хүүхэд Баянгол дүүргийн 97-р цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Би 97-р цэцэрлэгт хүсэлт өгч, ажилд ороод гурвуулаа амьдарч байна. Хоёр хүүхдээ өөрийн асаргаанд авах хүсэлтэй байгаа. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. Гэхдээ хоёр хүүхдээ би өөрийн асаргаанд авах юм бол хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж Б.*******тай ярьсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хоёр үндэслэлээр гаргасан. Нэгдүгээрт хүүхдийн асрамж тогтоолгох, хоёрдугаарт тэтгэлэг гаргуулах. Хэрэв хариуцагчийн хувьд хоёр хүүхдээ Т.*******д үлдээнэ гэвэл нэхэмжлэгчийн хувьд хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаасаа татгалзаж болно гэсэн хүсэлттэй байгаа. ******* санал хүсэлтээ хэлбэл хэн, хэндээ ач холбогдолтой гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. Т.******* нэхэмжлэлээ тодорхой ярилаа. Цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон учраас Т.******* хоёр хүүхдээ аваад хоёр эгчийгээ бараадаад Улаанбаатар хот руу явсан. Энэ хэргийн материалтай танилцаад өөртэй нь уулзаад үзэхэд хоёр хүүхдийг өөрөө асран хамгаалаад явах бүрэн боломжтой харагдсан. Энэ хүн өөрөө ажилтай, орлоготой мөн энэ нутагт байхдаа хоёр хүүхдийг сургууль, цэцэрлэгээр хүмүүжүүлж байгаагүй. Хоёр хүүхдийн хувьд олон хүүхдүүд дунд орж хүмүүжин хүмүүжлийн ач холбогдол илүү байгаа. Өөрөөр хэлбэл эцэг хүнийхээ хувьд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүргийг хангалттай сайн биелүүлж байгаа юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн М.*******, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн М. нарыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эцэг Т.*******гийн асрамжид үлдээх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Нэгэнт хүүхдээ асрамждаа авч байгаа учир эхийн үүргийг хязгаарлаж болохгүй. Эх болон хүүхдийн харилцааг таслахгүйгээр уулзуулах боломж Т.*******д байгаа гэж үзэж байна. Б.******* хэдийгээр хүүхдээ би авна гэж хариу тайлбар өгсөн ч тодорхой эрхэлсэн ажил байхгүй, өнөөдрийн байдлаар айлд амьдарч байгаа. 10 дугаар сард хоёр хүүхэд нь явснаас хойш үр хүүхэдтэйгээ ярьсан удаа байхгүй, очсон удаа байхгүй гэх мэт хоёр хүүхдийг эргэсэн, тойрсон асуудал байхгүй. Хоёр хүүхдээ авахын тулд би ингэж хүмүүжүүлнэ, цаашдаа ингэж амьдарна гэсэн ямар нэгэн нотлох баримт өнөөдрийг хүртэл гараагүй байна. Үүнээс үзвэл эцэгт нь хоёр хүүхдийг үлдээх бүрэн боломж бүрдэж байна гэж үзэж байгаа. Тиймээс Т.******* эх Б.*******аар тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа учраас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хоёр хүүхдийг эцэг Т.*******гийн асрамжид үлдээе. Энэ хэрэг дээр ажиллахын тулд хоёр хүүхдийн байгаа орчныг судалсан, хэд хэдэн удаа хоёр эгчтэй нь уулзсан. Том эгч нь бага ангийн багш мэргэжилтэй, 10 гаруй жил ажилласан туршлагатай хүн. Дараагийн эгч нь цэцэрлэгийн байгууллагад 15, 16 ажилласан туршлагатай гээд бага насны хүүхдүүдтэй ажиллаж сурсан хоёр эгчтэй. Хоёр эгч нь Т.*******гийн хоёр хүүхдэд эх шиг нь ханддаг юм байна гэж харсан. Б.*******ын хувьд хоёр хүүхдээ явуулчхаад эх хүний хувьд хоёр хүүхдийнхээ бичиг баримт өгдөөгүй. Эрүүл мэндийн бичиг, төрсний гэрчилгээ зэргийг өгөөгүй. 10 дугаар сараас хойш хүүхдүүд өвдөх, зовох, ханиад хүрэх асуудал байсан. Хорооны эмнэлэгт үзүүлэх гэхэд хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, төрсний гэрчилгээг нь аваад ир гэдэг байхгүй. Өнөөдрийг хүртэл л өгөөгүй. Т.******* нь өрхийн эмчтэйгээ ярилцаад эрүүл мэндийн дэвтэр нөхөж авсан. Төрсний гэрчилгээг нь улсын бүртгэлийн газраас дахин авсан. Эх хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө насан туршдаа байх ёстой. Урьд нь нэг хүүхэд гаргачихсан эмэгтэй юм билээ. Тэгэхээр энэ хоёр хүүхэдтэй уулзъя гэвэл өөрөө очоод уулздаг байх хэрэгтэй. Түүнээс биш юм уучхаад утасны цаанаас чи яриул, би хоёр хүүхдээ харъя гэдэг бол тийм сонин биш. Ялангуяа бага насны охин нь ээж гэдэг хүнийг ер нь мэдэхгүй тийшээ хандчихсан нөхцөл байдал үүсэж байна. Өнөөдөр Т.*******г муу талаас нь биш Т.******* миний хоёр хүүхдийг сайн сайхан аваад яваасай гэдэг талаас нь хандаасай гэж бодож байна гэв.
Харуицагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2019 оноос манай аав, ээж хоёрын хөдөө гэрт амьдарч эхэлсэн. Бид хоёр тэр хугацаанд зөрчил, маргаантай байгаагүй. Бид хоёр хүүхэдтэй болсон. Өмгөөлөгчийн хоёр хүүхэдтэйгээ огт ярьдаггүй гэж хэлсэн нь худлаа. Т.******* өөрөө хоёр хүүхдийг минь надтай яриулдаггүй. Миний фейсбүүкийг блок хийсэн. Утсаар ярихаар хоёр хүүхэд маш сайн байгаа, цэцэрлэгтээ явж байгаа, хоол унд идэж байгаа, өвдөж зовоогүй байгаа гээд өөрөө хэлдэг. Энэ хүнтэй цаашид хамт амьдрахгүй болсон шалтгаан нь хэд хэдэн удаагийн гар хүрэлтээс болсон. Манай аав мөрийтэй тоглоом тоглож гэрийн санхүүгийн байдал муудсан. Үүнээс болж маргаан үүсдэг байсан. Сүүлд манай ээж энэ хүн чамайг тэжээж чадахгүй, хоёр хүүхдээ өгч явуул гэсэн. Би өөрөө айлын өргөмөл хүүхэд учир сүүлийн үед надад хамаатан садан байхгүй болсон. Тиймээс хоёр хүүхдээ эцэгт нь өгөхийг зөвшөөрч байгаа гэв.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн талаарх хорооны Засаг даргын тодорхойлолт, хүү М.*******, охин М. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Хүний их эмчийн болон Нийслэлийн 97 дугаар цэцэрлэгийн тодорхойлолтууд зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаас татгалзжээ.
Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Т.*******, Б.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2019 оны 04 сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү М.*******, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин М. нар төрсөн, түүний эцэг Т.******* болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Хүү М.******* нь одоо 04 нас, 04 сартай, охин М. нь одоо 01 нас, 10 сартай эцэг Т.*******гийн асрамжид эрүүл өсөн бойжиж сурч, хүмүүжиж байгаа болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, Хүний их эмчийн болон Нийслэлийн 97 дугаар цэцэрлэгийн тодорхойлолтууд, зохигчдын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Б.******* нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул нэхэмжлэгч дээрх үүргийг эцгээс нь шаардах эрхтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 02 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү М.Үйлстөгөдлөр, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин М. нарыг 18 насанд хүртэл эцэг Т.*******гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Т.******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН