Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч *******эрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох 1814001050069 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалант 4 дүгээр багийн нутаг Эрээн дэрс гэх газар *******ийн зүүн гарын бугалаг орчим нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалант 4 дүгээр багийн нутаг Эрээн дэрс гэх газар *******ийн зүүн гарын бугалга орчим нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ийн ... дараа Ганаа тэр 2-ыг салгах гэсэн тэр залуу хутга барьчихсан зогсож байсан юм. Тэгэхээр нь хоёулаа эр хүмүүс байна сууж байгаад тамхилчихъя гэсэн чинь үгүй гэсэн юм. Тэгэхээр нь би сууж байгаад босох гэсэн чинь гэдэс рүү дүрчих шиг болсон юм. Тэгээд эргээд суух гэсэн чинь зүүн талын булчин руу хутгаар дүрчихсэн юм. Тэгээд чи намайг хутгалчихлаа ш дээ гэсэн чинь мотоциклио асаагаад зугтчихсан юм. Тэгсэн чинь Ганаа би тэр хүнийг гүйцээтэхий гэхээр нь үгүй ээ чи намайг төв рүү оруулаад өг гэж мотоциклио унаад тэр хүний араас хөдлөөд явчихсан юм. Би тэгээд төв рүу эмнэлэгт ирсэн ... Тухайн 2 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоо миний биеийн байдал сайн байгаа, зүгээр байгаа ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-27 дугаар тал/,

Гэрч *******гийн ... Барилцаад байж байсан чинь ******* цаанаас ирсэн юм. Тэгээд ******* цаашаа яваад өгсөн юм. Тэгээд би М, ******* бид 3 үлдсэн юм. Тэгээд байж байсан чинь ******* хутга гаргаж ирээд 1 дүрчихнэ шүү гээд байсан юм. Тэгээд би суусан чинь Мийг ******* хутга гаргаж ирээд 1 дүрчих шиг болсон.  *******г чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлж байсан. Тэгээд байж байсан ******* мотоциклио унаад зугтаачихсан юм. М л би хутгалуулчихлаа гээд орилоод байсан ... Тэр хутга нь Пийн өөрийнх нь хутга байгаа юм. Эвдчихсэн байсан тонгорог хутга байсан. Тэнийлгэж байсан. Жижиг л байх шиг байсан. Хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед зүүн гар орчимд 1 л удаа хутгалсан ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 40 дүгээр тал/,

Гэрч *******гийн ...Оройн 22 цагийн орчимд ******* нь тарианы өрөөнд цусаа гойжуулаад ороод ирсэн юм. Тэгээд дээлийг нь тайлах хооронд муужраад уначихсан юм. Тэгээд дээлийг нь тайлж цус алдаж байгаа газарт нь даралтат боолт хийж цус тогтоох арга хэмжээ авсан. Тэгээд хамаг бие, хувцас нь нил цус болсон байсныг цустай хувцаснаас нь салгаж цусыг нь цэвэрлэн яаралтай тусламжийн өрөөнд оруулан хэвтүүлсэн ...Тухайн үед надад хажууд хамт явж байсан бандийг нь зодох гээд байхлаар нь салгах гээд очих үед намайг хутгалчихсан, тэгээд чи намайг хутгалчихлаа ш дээ гээд хэлсэн чинь мотоциклио унаад зугтаачихсан гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

Шүүгдэгч *******ийн ...Тэгэхлээр нь би *******г айлгах зорилгоор зүүн хөлний гутлын түрийнээс хутга гаргаж ирээд барьчихсан байсан юм. Тэр үед хохирогч ******* нь бид хоёрын хажууд зогсож *******г салгасан юм. Тэгээд хохирогч ******* чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр айгаад би мотоциклио унаад гэрлүүгээ давхисан. Тэгсэн чинь миний араас 1 мотоцикль тулж ирээд 1 ойртож ирээд алга болчихсон юм ... Тэгсэн чинь хохирогч болох ******* нь бид 2-ын дундуур орж ирээд салгах үед хутгалуулчихсан юм ... Тэр хутга миний хутга байсан юм. Цаашаа гэрлүүгээ харих замдаа айж сандарч явахдаа замдаа хаячихсан байна лээ. Хэрэг болсон газраас манай гэр 67 км орчим зайтай хаана хаягдсаныг нь мэдэх юм алга байна ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 157 тоот шинжээчийн ... *******ийн биед зүүн бугалгад шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт / хавтаст хэргийн 8-14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 79 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн самсунг эс 1 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн самсунг эс1 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******ЭРЭЛМАА