Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01552

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01552

 

Д.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02582 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлтэй хариуцагч М ТБАГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 64 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.У нь Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 430 дугаар тогтоолоор тус үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Д.У нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэрээр Д.Уыг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 6 902 320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ут олгож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Д.У-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1718 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/XT2018/01904 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Гэтэл хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/Ш32019/07375 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус өдрийн 101/ГХ2019/00601 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас гарч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар/ нь Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргээ огт биелүүлэлгүй иргэн миний эрх, ашиг сонирхлыг хохироосоор байна. Харин, үүрэгт ажлаас чөлөөлөгдөж ажил хүлээлцсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 6 902 320 төгрөгийг шүүхийн шийдвэрт заагдсаны дагуу надад олгосон. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газраас 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойших хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс 64 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Уыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 430 тоот тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Албан тушаалаас чөлөөлсөн шалтгаан нь ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооны 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Д.У ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байдаг. 3 шатны шүүхийн шийдвэрээр Д.Уыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 430 тоот тогтоолыг хүчингүй болгож, Д.Уыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байсан. Засгийн газрын 2018 оны 188 тогтоолоор МЭЭСБУЛ-ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлж харьяалал болон ажил олгогч өөрчлөгдөн хариуцагч нь Мал эмнэлгийн ерөнхий газар болсон. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу тухай үеийн ажил олгогч асан Д.Т нь Д.Ут Мал эмнэлгийн ерөнхий газарт орж ажиллах санал тавихад ажил олгогчтой тохиролцож, ажил олгогчийн санал болгосон албан тушаалыг хүлээн авч өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа нь үнэн болно. Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Лаборатори нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагдаж байгаа тогтоолоор Мал эмнэлгийн ерөнхий газар шилжсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирсний дагуу харилцан тохирч шилжүүлэн тохиролцох санал тавихад 2020 оны 2 сард туршилтаар аваад сайн ажилласан тул 2020 оны 12 сард жинхлэн томилсон. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дах хэсэгт зааснаар дүйцэхүйц ажилд томилсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шүүхийн шийдвэр биелүүлээгүй боловч манай газар шийдвэрийг биелүүлсэн. Туршилтын хугацаанд ажлаар хангаагүй, цалин өгөөгүй гэж байна. Хуульд зааснаар ажлаар хангаж цалин өгч байсан. Улмаар харилцан тохирсон тул жинхэлсэн. Агентлагийн захирлыг мэргэжилтэн болгоогүй дүйцэхүйц албан тушаалд томилсон. Ажилд томилсон хугацаа нэхэмжлэлд хамаарч байгаа нь ёс зүйгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 64 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 481 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Ут 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хамаарах цалинд 6 902 320 төгрөгийг төрөөс буюу Хууль зүйн яамнаас олгосон. Үүний дараа хариуцагч 2020 оны 02 дугаар сарын 06 -ны Б/11 дугаар тушаалаар Д.У намайг мэргэжилтний албан тушаалд туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан ба үүнээс хойш ямар нэг тушаал, шийдвэрийг надад огт танилцуулаагүй, харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас намайг дээрх албан тушааалд жинхлэн томилсон 2020 оны 12 дугаар сарын 24-ний Б/88 дугаар тушаалыг нотлох баримтаар гэнэт шүүхэд гаргаж өгсөн. Д.У миний бие ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан ба ямар ч цалин олговрыг хариуцагч байгууллагаас авч байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох учиртай. Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон бол ийнхүү томилох хүртэлх хугацаанд хамаарах ажилгүй байсан хугацааны цалинг олгох ёстой юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж Д.Уыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр туршилтын хугацаагаар томилсон тул энэ хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд ажил албан тушаалд туршилтын болон жинхлэн томилсон шийдвэртэй маргаагүй, харин урьд эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг үндэслэлгүй болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон учраас шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоогоогүй хугацааны цалинг гаргуулъя гэж маргасан. Мөн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бодит байдалд өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй байгааг шүүх огт харгалзаж үзээгүй. Энэ талаарх нотлох баримтыг хэрэгт огт хавсаргаагүй байхад шууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэснээр хариуцагчийг 2018 оны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш албан тушаалд туршилтын хугацаагаар томилсон 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг, мөн туршилтын хугацаагаар томилсоноос хойш албан тушаалд нь жинхлэн томилсон 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах цалингийн зөрүүг тооцож олгох учиртай байсан. Түүнчлэн, хавтаст хэрэгт нэхэмжлэгч Д.У миний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 3 шатны шүүхийн шийдвэр бүгд байсан бөгөөд эдгээрээс үзвэл Д.Уыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн хэдий ч энэ хугацаанаас хойш ажил хийгээгүй, цалин аваагүй болох нь ойлгомжтой байдаг. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Д.У миний эрх ашгийг ноцтой хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардалгыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч М ТБАГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 64 650 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1718 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01904 дугаар тогтоолоор Д.Уыг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 902 320 төгрөгийг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргуулан нэхэмжлэгч Д.Ут олгож, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Д.У-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-5-17 дах тал/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаар баримт хэрэгт авагдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-29.1.9 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл бий болоогүй байна.

 

Ийнхүү иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлж хариуцагч М ТБАГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 64 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно.

 

Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг байна.

 

Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори нь Мал эмнэлгийн ерөнхий газарт харьяалагдаж, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори нь бие даасан байгууллага биш болсон байх тул захирлын албан тушаалд томилох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж талууд харилцан тохиролцож Д.Уыг Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын Мал, амьтны эмийн үлдэгдлийн хяналт, эм, биобэлдмэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон болох нь хэргийн 19-20, 55-56, 68-69 дах талд авагдсан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаар тушаал, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаал, Д.У-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон, дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд нэхэмжлэгчийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байснаас гадна нэхэмжлэгчийн хувьд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 19 сар 17 хоногоор тооцож 27 580 000 төгрөгийг хариуцагч М ТБАГ-аас гаргуулж нэхэмжлэгч Д.Ут олгож анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Уыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/11, 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын Мал, амьтны эмийн үлдэгдлийн хяналт, эм, биобэлдмэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ТБАГ-аас 27 580 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37 070 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.,

тогтоох хэсгийн 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч М ТБАГ-аас 295 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ут олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ