Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

            Улсын яллагч Б.Догмиддорж

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат       

           Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Д.Б-д холбогдох 1821000000042 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Хатгин овогт Д.Б, Дорнод аймгийн Матад суманд ......... оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, .....настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ................/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Дорнод аймгийн Матад сумын ...................... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 08 сарын 18-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 110000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 08 сарын 27-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 03 сарын 04-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл.

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ийст палас” төвийн угаалгын өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн С.Батнямын нокиа маркийн гар утас 1 ширхэг, өвлийн куртик, гутал, пүүзэн гутал, ягаан өнгөтэй цүнх болон байгууллагын эзэмшлийн уурын индүү 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлж бусдад нийт 640000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 сарын 27-ны өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын Тээвэрчдийн 8-03 тоотоос гараад зүүн тийш Шүүх орж бүртгүүлэх гээд Хан-Уул цогцолбор сургуулийн араар гараад хиймэл нуурын голоор явж байгаад “Ийст палас” төвийн ард овоолсон пивоны лааз байхаар нь авах гээд хашаа руу ороод ар талын доошоо ордог хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь ороход биллъярдны ширээн дээр 2 пүүз, 1 ботинк, 1 индүү, ногоон өнгийн өвлийн куртик, хагас түрийтэй хавар намрын эрэгтэй гутал, нокиа маркийн товчлууртай гар утас, жижиг нэг талдаа үүрдэг улаан өнгийн цүнх зэрэг эд зүйл байхаар нь цүнхэнд хийгээд аваад гарсан. Гараад Хэрлэн сумын 4 дүгээр багийн Хан-Уулын 2-6 тоотод байх хамаатны дүү болох Анхбаярынд очоод “Ах нь цүнхтэй юм орхичихоё” гээд 2 пүүзийг авч гараад Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Онон” махны зах дээр махны лангуун дээр зогсдог хүнд 3000 төгрөгөөр зарсан. Тэгээд нөгөө пүүзийг нь хаана зарснаа санахгүй байна. Би захын гадаа байдаг хүмүүстэй БНХАУ-д үйлдвэрлэсэн гялгар ууттай архи уугаад согтсон байсан. Маргааш нь буюу 2018 оны 01 сарын 28-ны өглөө нэг хүн ирээд “Ийст палас”-д ажилладаг хүн байна, юмыг маань өгчих” гээд аваад явсан. Тэгээд цагдаа дуудсан байсан...” гэжээ. /хх 44/

 

Хохирогч С.Батням мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ийст палас” төвд бармен хийдэг бөгөөд 2018 оны 01 сарын 27-ны өдөр “Ийст палас” төвд хүлээн авалттай байгаад хувцсаа солиод угаалгын өрөөнд хувцсаа цүнхэндээ хийгээд тавьсан байсан юм. Тэгээд тэр орой хувцсаа орхиод явсан байсан, маргааш нь буюу 2018 оны 01 сарын 28-ны өглөө 09 цагийн орчимд ажил дээрээ очоод угаалгын өрөөнд орж хувцсаа угаалгах гэтэл цүнхтэй хувцас маань алдагдсан байсан. Тухайн үед гайхаад хаалга үүд шалгаад үзэхэд угаалгын өрөөгөөр дамждаг бойлуурын өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд уг хаалгаар хулгайч орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...Миний цүнхэн дотор ногоон саарал өнгийн куртик, хүрэн өнгийн өвлийн ботинк, хар өнгийн зуны ботинк, саарал өнгийн пүүзэн гутал, цэнхэр өнгийн пүүзэн гутал, нокиа маркийн гар утас зэрэг байсан. Мөн байгууллагын уурын индүү ил байсан нь алдагдсан байсан. Дээрх алдагдсан эд зүйлс бүгд хэрэглэж байсан хуучин эд зүйлс байсан...” гэжээ. /хх 17-19/

 

Иргэний нэхэмжлэгч О.Оюунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ийст палас” төвийн аж ахуй хариуцсан албан тушаалтнаар ажилладаг юм...Би 2018 оны 01 сарын 27-ны өдөр амарч байсан. Маргааш нь буюу 2018 оны 01 сарын 28-ны өдөр ажил дээрээ очиход манай ажлын байранд хулгай орсон, угаалгын өрөөнөөс ажилтан С.Батнямын цүнхтэй хувцас, манай байгууллагын уурын индүү зэрэг эд зүйлс алдагдсан байсан...Уурын индүүг манай байгууллага 2017 оны 12 сард Улаанбаатар хотоос 340000 төгрөгөөр худалдаж авч байсан юм, 340000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /хх 21-23/

 

Гэрч Ө.Жаргалтайван мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Ийст палас” төвд жижүүрээр ажилладаг юм. 2018 оны 01 сарын 27-ны өглөө ажлаасаа буусан. Тэгээд гэртээ хариад амарч байгаад орой 17 цагийн орчимд буцаад ажил дээрээ ирэхэд манай ажлынхан “угаалгын өрөөнд байсан хувцас, нокиа маркийн гар утас, уурын индүү зэрэг эд зүйлүүд алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би бойлуурын өрөөний хаалгыг шалгаж үзэхэд онгорхой түгжигдээгүй байсан...цонх хаалга эвдэрсэн зүйл байхгүй байсан...” гэжээ. /хх 25/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх дурдсан нотлох баримтууд болон иргэний нэхэмжлэгч О.Оюунбаатар /хх 22-23/, хохирогч С.Батням, /хх 24/, шүүгдэгч Д.Б /хх 23-24/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 12/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 13-14/, “Ийст палас” цогцолборын төлөөлөгч томилсон тухай /хх 20/, Эд зүйлийн үнэлгээ /хх 45/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 43/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 сарын 27-ны өдрийн 09 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “East place” цогцолборын угаалгын өрөөнд нэвтэрч бармены “Nokio” маркийн гар утас, эрэгтэй хүний өвлийн куртик, эрэгтэй хүний хос ботинк 2 ширхэг, пүүзэн гутал хос 2 ширхэг, хувцас хийдэг цүнх зэргийг хулгайлж хохирогч С.Батнямд 400000 төгрөгийн,  байгууллагын эзэмшлийн уурын индүү 1 ширхэг хулгайлж иргэний нэхэмжлэгч байгууллагад 240000 төгрөгийн,  бусдад нийт 640000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-н /хх 26-27, 44/ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

 

Гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж, тогтвортойгоор мэдүүлсэн хохирогч С.Батнямын “...Би тэр орой ажил дээрээ хувцсаа орхиод явсан байсан, маргааш нь буюу 2018 оны 01 сарын 28-ны өглөө 09 цагийн орчимд ажил дээрээ очоод угаалгын өрөөнд орж хувцсаа угаалгах гэтэл цүнхтэй хувцас маань алдагдсан байсан. Тухайн үед гайхаад хаалга үүд шалгаад үзэхэд угаалгын өрөөгөөр дамждаг бойлуурын өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд уг хаалгаар хулгайч орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...Миний цүнх, цүнхэн дотор байсан ногоон саарал өнгийн куртик, хүрэн өнгийн өвлийн ботинк, хар өнгийн зуны ботинк, саарал өнгийн пүүзэн гутал, цэнхэр өнгийн пүүзэн гутал, нокиа маркийн гар утас зэрэг байсан, мөн байгууллагын уурын индүү ил байсан нь алдагдсан байсан...” /хх 17-19/ гэх,

 

Тус байгууллагын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байрнд тухайн цаг, хугацаа, орон зайд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Оюунбаатарын: “...Маргааш нь буюу 2018 оны 01 сарын 28-ны өдөр би ажил дээрээ очиход манай ажлын байранд хулгай орсон, угаалгын өрөөнөөс ажилтан С.Батнямын цүнхтэй хувцас, манай байгууллагын уурын индүү зэрэг эд зүйлс алдагдсан байсан...Уурын индүүг манай байгууллага 2017 оны 12 сард Улаанбаатар хотоос 340000 төгрөгөөр худалдаж авч байсан юм, 340000 төгрөгөөр үнэлж байна...” /хх 21-23/ гэх,

 

Гэрч Ө.Жаргалтайваны “...Би “Ийст палас” төвд жижүүрээр ажилладаг юм. 2018 оны 01 сарын 27-ны өглөө ажлаасаа буусан. Тэгээд гэртээ хариад амарч байгаад орой 17 цагийн орчимд буцаад ажил дээрээ ирэхэд манай ажлынхан “Угаалгын өрөөнд байсан хувцас, нокиа маркийн гар утас, уурын индүү зэрэг эд зүйлүүд алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би бойлуурын өрөөний хаалгыг шалгаж үзэхэд онгорхой түгжигдээгүй байсан...цонх хаалга эвдэрсэн зүйл байхгүй байсан...” /хх 25/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдсэн даруйд гэмт хэргийн талаар мэдээлснийг хүлээж авсан гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, Хулгайлан авсан эд зүйлийг шүүгдэгч Д.Баяржаргалаас хүлээн авсан тухай /хх 14/ болон хулгайлагдсан эд зүйлийг хохирогч С.Батням, иргэний нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа “East place” цогцолборын угаалгын өрөөнд буюу хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Б бусдын эд хөрөнгийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Д.Баяржаргалын үйлдсэн гэмт хэрэгт “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах,...тусгайлан хамгаалагдсан байр, агуулахад нэвтэрч хууль бусаар эд зүйл авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүх шинжийг хамруулан яллах дүгнэлт үйлдсэнийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэх ба энэ нь гэмт хэргийн хуулийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч С.Батнямд 400000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч “East place” цогцолборт 240000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хулгайлсан эд зүйлийг буцаан өгөх замаар арилгасан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ /хх 78-79/ зэргээр тус тус нотлогдож байна.

 

Хэрэгт  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 сарын 19-ний өдөр бусдад хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг одоог хүртэл эдлээгүй болох нь Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /хх 81/, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай Прокурорын тогтоол /хх 82/-оор батлагдаж байна.

 

Д.Б-н одоогийн үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь өмнөх гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа илэрсэн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг хэрэглэх үндэслэл болох ба энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон /хх 37-40/ байх тул түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б-н .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хатгин овогт Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-г 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 /жар/ хоногийн хорих ялаар тооцож (нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож) нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Б-н ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ