Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/480

 

 

 

 

 

 

  2024           04             24                                       2024/ДШМ/480

 

 

Ц.Э т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Т.Мөнх-Амгалан,

           шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч С.Батнасан,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А , П.Н,

           нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А , П.Н, Ц.Г  нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Э т холбогдох эрүүгийн 2206 0000 3365 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Ц.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу Худалдаа хөгжлийн банкны “Б” салбарт данс хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Худалдаа хөгжлийн банканд данс эзэмшигч О.О , С.Т  нарын дансны мэдээллийг өөрчлөн, өөрийн захирах эрхэнд оруулан, интернэт банкаар 61 удаагийн зээлийг гаргуулан авч хувьдаа завшиж Худалдаа хөгжлийн банканд 2.628.105.753,42 төгрөгийн  хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э-г “Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.Э ын цагдан хоригдсон нийт 151 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э аас 2,628,105,753.42 төгрөгийг гаргуулан хохирогч Худалдаа Хөгжлийн банканд олгож шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А, П.Н нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Э-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хүлээлгэсэн хариуцлагын хэмжээ нийцээгүй гэж үзэж хохирогчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

            Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2-т Шүүгдэгчид эрүүгийн  хариуцлага хүлээлгэх талаар “...Шүүх шүүгдэгч Ц.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв...” гэж дүгнээд шүүгдэгчид 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон.

            Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчмыг хуульчилсан.

            Дээрх эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчмын хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг багасгасан нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээд учруулсан гэм хороо арилгасан тохиолдолд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар багасаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага хөнгөрөх нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцжээ.

            Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжилсэн хөрөнгө байхгүй гэж шийтгэх тогтоолд дурдсан хэдий ч мөрдөн байцаалтын явцад яллагдагч Ц.Э ын өмчлөлд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, Хаягт тоот хаягт байршилтай 18 м.кв бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа”-аар тогтоогдсон байдаг. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад тухайн үл хөдлөх хөрөнгийг хохиролд төлж барагдуулахаа илэрхийлж, банкнаас хөрөнгийн үнэлгээг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хийлгэж /банкны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээгээр автомашины зогсоолын үнэлгээ 17.634.692 төгрөг гарсан/, хохирлын хэмжээг багасгах бүрэн боломжтой байсан хэдий ч хохиролд төлж барагдуулах идэвхтэй үйлдэл хийгээгүй. Энэ тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг мөрдөн байцаалтын явцад худалдан борлуулж мөрдөн байцаалтын явцад гарсан зардлыг төлж, үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ ашигласан гэсэн тайлбар өгсөн байдаг.

                   Гэтэл шүүхээс шүүгдэгч Ц.Э ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Худалдаа хөгжлийн банканд учирсан их хэмжээний хохирол буюу нийт 2.628.105.753,42 төгрөгийн хохиролд бодитоор нэг ч төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, учруулсан хохирлоо багасгах идэвхтэй үйлдэл, санаачилга гаргаагүй, өөрийн өмчлөлд байсан автомашины зогсоолыг худалдан борлуулсан мөнгөнөөс /шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар 6 сая гаруй төгрөг үлдсэн/ төлөх бүрэн боломжтой байхад төлөөгүй зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй буюу шийтгэх тогтоолд тусгаж дүгнэлт хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмын хүрээнд гэмт хэрэгтэн идэвхгүйгээр шийтгэл хүлээхээс идэвхтэйгээр хохирлоо нөхөн төлөх нь чухал болох зарчмыг алдагдуулж байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болон 2.2 дахь хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэмжээ нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай, харин 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдсон тохиолдолд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай буюу даруй 5 хүртэл жилээр эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтой байхаар хуульчилсан байна. Шүүгдэгч Ц.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүндрүүлэх бүрэлдэхүүн хоёулаа тогтоогдож байхад 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага дээр ганцхан жил нэмсэн байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, ял хөнгөдсөн гэж үзэхээр байна.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3086 дугаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар “Ц.Э ын 61 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж мөрийтэй тоглоом тоглосон үйлдэлд мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа эсэх, уг гэмт хэрэгт Ц.Н О.Д  Н.А  нар хамтран оролцсон эсэх...” нэмэлт ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцаасан.

            Тус хэргийн мөрдөн байцаалтын шатанд авсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Н.А ын гэрчийн мэдүүлэг болон 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Н ын гэрчийн мэдүүлэгтэй тус тус танилцахад, Ц.Э ын санаатай үйлдлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ашиг олох зорилгоор, аз туршиж тоглодог цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд зориулан онлайн валют арилжаа хийдэг байсан талаар хэлсэн. Валютын зохицуулалтын тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллага, иргэд валютын гүйлгээ хийх, валютын гүйлгээнд хяналт тавих харилцааг зохицуулсан, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт Зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа гээд 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагаа эрхлэхдээ ямар этгээд болохоос хамаарч Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авна гэж тус тус заасан байдаг. Түүнчлэн валют арилжаа эрхлэх үйл ажиллагааг эрхлэх субъектийн хувьд зөвхөн аж ахуйн нэгж байгууллага байхаар хуульчилсан тул Ц.Н О.Д болон Н.А  нар нь онлайн валютын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш байх бөгөөд түүний хийсэн Ц.Э ын нэр дээр байх цахим мөрийтэй тоглоомын дансыг цэнэглэсэн үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзнэ.

            Ц.Э ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг Ц.Н О.Д болон Н.А  нар нь үйлдээгүй боловч Ц.Э ын гэмт үйлдэлд дэмжин тусалж, цаашлаад цахим мөрийтэй тоглоомд хожсон мөнгийг буцаан татаж өгсний хариуд нь тодорхой хэмжээний ашиг хүртдэг талаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч тайлбар өгсөн байдаг.

            Мөн Ц.Н О.Д болон Н.А  нар нь өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдаас мэдэх ёстой байсан, түүнээс зайлсхийх боломжийг ашиглаагүй, хөнгөмсгөөр хандсанаар бусдын эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдсан гэж үзэх, түүнчлэн Ц.Э ын нэр дээр байх цахим мөрийтэй тоглоомын дансыг цэнэглэж өгөөгүй байх тохиолдолд Ц.Э ын банканд учруулсан хохирлын хэмжээ бага байх, цаашлаад хохирол учруулахгүй байх боломжтой байсан гэж үзэхээр байна.

            Ийнхүү, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу прокурорын зүгээс нэмэлт ажиллагаа хийхдээ дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй, яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулаагүй, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэмэлт ажиллагааны талаар шүүх тодруулалгүйгээр, шүүх хуралдааныг явуулсан. Дээрх нөхцөл байдлаас тус тус дүгнэхэд, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж, ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн эсэх, сэргээх боломж байсан эсэх талаар холбогдох дүгнэлтийг хийлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж хохирогчийн зүгээс үзэж байна.

            Иймд, шүүгдэгч Ц.Э т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шударга ёсны зарчмын хүрээнд, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй буюу нийгэмд аюултай шинж чанарыг багасгаагүй нөхцөл байдал болон улсын яллагчийн саналыг тус тус харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2-т шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар “...Шүүх шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв...” гэж дүгнээд шүүгдэгчид 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчмыг хуульчилсан.

Дээрх эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчмын хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, нийгмийн аюулын шинж чанар багасаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага хөнгөрөх нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцжээ.

Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжилсэн хөрөнгө байхгүй гэж шийтгэх тогтоолд дурдсан хэдий ч мөрдөн байцаалтын явцад яллагдагч Ц.Э ын өмчлөлд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, Хаягт тоот хаягт байршилтай 18 м.кв бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа”-аар тогтоогдсон байдаг. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад тухайн үл хөдлөх хөрөнгийг хохиролд төлж барагдуулахаа илэрхийлж, банкнаас хөрөнгийн үнэлгээг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хийлгэж /банкны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээгээр авто машины зогсоолын үнэлгээ 17.634.692 төгрөг гарсан/, хохирлын хэмжээг бүрэн багасгах боломжтой байсан хэдий ч хохиролд төлж барагдуулах идэвхтэй үйлдэл хийгээгүй. Энэ тухай  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг мөрдөн байцаалтын явцад худалдан борлуулж, мөрдөн байцаалтын явцад гарсан зардлыг төлж, үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ ашигласан гэсэн тайлбар өгсөн байна.

Гэтэл шүүхээс шүүгдэгч Ц.Э ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Худалдаа хөгжлийн банканд учирсан их хэмжээний хохирол буюу нийт 2.628.105.753,42 төгрөгийн хохиролд бодитоор нэг ч төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, учруулсан хохирлоо багасгах идэвхтэй үйлдэл, санаачилга гаргаагүй, өөрийн өмчлөлд байсан авто машины зогсоолыг худалдан борлуулсан мөнгөнөөс /шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар 6 сая гаруй төгрөг үлдсэн/ төлөх бүрэн боломжтой байхад төлөөгүй зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй буюу шийтгэх тогтоолд тусгаж дүгнэлт хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмын хүрээнд гэмт хэрэгтэн идэвхгүйгээр шийтгэл хүлээхээс идэвхтэйгээр хохирлоо нөхөн төлөх нь чухал болох зарчмыг алдагдуулж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болон 2.2 дахь хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэмжээ нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай, харин 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдсон тохиолдолд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай буюу даруй 5 хүртэлх жилээр эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтой байхаар хуульчилсан байна. Шүүгдэгч Ц.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүндрүүлэх бүрэлдэхүүн хоёулаа тогтоогдож байхад 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага дээр ганцхан жил нэмсэн байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, ял хөнгөдсөн гэж үзэхээр байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3086 дугаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар “Ц.Э ын 61 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж мөрийтэй тоглоом тоглосон үйлдэлд мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа эсэх, уг гэмт хэрэгт Ц.Н О.Д  Н.А  нар хамтран оролцсон эсэх...” нэмэлт ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцаасан.

Тус хэргийн мөрдөн байцаалтын шатанд авсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Н.А ын гэрчийн мэдүүлэг болон 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Н ын гэрчийн мэдүүлэгтэй тус тус танилцахад, Ц.Э ын санаатай үйлдлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ашиг олох зорилгоор, аз туршиж тоглодог цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд зориулан онлайн валют арилжаа хийдэг байсан талаар хэлсэн. Валютын зохицуулалтын тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллага, иргэд валютын гүйлгээ хийх, валютын гүйлгээнд хяналт тавих харилцааг зохицуулсан, мөн Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт Зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа гээд 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагаа эрхлэхдээ ямар этгээд болохоос хамаарч Монгол банк Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авна гэж тус тус заасан байдаг. Түүнчлэн валют арилжаа эрхлэх үйл ажиллагааг эрхлэх субъектийн хувьд зөвхөн аж ахуйн нэгж байгууллага байхаар хуульчилсан тул Ц.Н О.Д  Н.А  нар нь онлайн валютын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш байх бөгөөд түүний хийсэн Ц.Э ын нэр дээр байх цахим мөрийтэй тоглоомын дансыг цэнэглэсэн үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзнэ.

Ц.Э ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг Ц.Н О.Д болон Н.А  нар нь үйлдээгүй боловч Ц.Э ын гэмт үйлдэлд дэмжин тусалж, цаашлаад цахим мөрийтэй тоглоомд хожсон мөнгийг буцаан татаж өгсний хариуд нь тодорхой хэмжээний ашиг хүртдэг талаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч тайлбар өгсөн байдаг.

Мөн Ц.Н О.Д болон Н.А  нар нь өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдаас мэдэх ёстой байсан, түүнээс зайлсхийх боломжийг ашиглаагүй, хөнгөмсгөөр хандсанаар бусдын эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдсан гэж үзэх, түүнчлэн Ц.Э ын нэр дээр байх цахим мөрийтэй тоглоомын дансыг цэнэглэж өгөөгүй байх тохиолдолд Ц.Э ын банканд учруулсан хохирлын хэмжээ бага байх, цаашлаад хохирол учруулахгүй байх боломжтой байсан гэж үзэхээр байна.

Ийнхүү, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу прокурорын зүгээс нэмэлт ажиллагаа хийхдээ дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй, яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулаагүй, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэмэлт ажиллагааны талаар шүүх тодруулалгүйгээр, шүүх хуралдааныг явуулсан. Дээрх нөхцөл байдлаас тус тус дүгнэхэд, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж, ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эсэх, сэргээх боломж байсан эсэх талаар холбогдох дүгнэлтийг хийлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж хохирогчийн зүгээс үзэж байна.

Иймд, шүүгдэгч Ц.Э т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шударга ёсны зарчмын хүрээнд, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй буюу нийгэмд аюултай шинж чанарыг багасгаагүй нөхцөл байдал болон улсын яллагчийн саналыг тус тус харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэгдүгээрт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв” гэж дүгнээд шүүгдэгч Ц.Э т 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Гэтэл Худалдаа хөгжлийн банканд 2.628.105.753,42 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол огт төлж барагдуулаагүй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Шүүгдэгч Ц.Э т учруулсан хохирлоо төлж барагдуулах хүсэл эрмэлзэл байгаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхдээ гэмт хэргийн улмаас Худалдаа хөгжлийн банканд учирсан 2.628.105.753,42 төгрөг буюу их хэмжээний хохирлоос огт төлж барагдуулаагүй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжилсэн хөрөнгө байхгүй гэж шийтгэх тогтоолд дурдсан хэдий ч мөрдөн байцаалтын явцад Ц.Э ын өмчлөлд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололд байрлах авто зогсоолыг дурдаагүй. Худалдаа хөгжлийн банкнаас үнэлгээ хийлгэхэд 17.600.000 төгрөг болсон. Шүүгдэгч Ц.Э тухайн авто зогсоолыг худалдан борлуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөрт 2.000.000 орчим төгрөг төлж, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, хохирол огт төлөөгүй талаараа анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Иймд хохирол төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байгаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн гэж үзэхээргүй байна. Хоёрдугаарт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3086 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж, 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Тус захирамжаар Ц.Э нь 2.628.105.753,42 төгрөгийн хохирол учруулж, гэмт хэрэг үйлдэхдээ нийт 61 удаагийн гүйлгээгээр завшсан мөнгөөр “1xBet” гэх бооцоо тавьдаг сайтыг цэнэглэж байсан Ц.Н , О.Д  Н.А  гэх 3 этгээд мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн эсэх, энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн. Энэ талаар нэмэлт ажиллагаа хангалттай хийгдээгүй. Ц.Н , О.Д  Н.А  нар нь зөвшөөрөлгүй хэрнээ Ц.Э аас 61 удаагийн гүйлгээгээр 2.628.105.753,42 төгрөг хүлээн авч, “1xBet” болон өөр сайтуудыг цэнэглэсэн нь Зөвшөөрлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нийцэхгүй. Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн эсэх, сэргээх боломж байсан эсэх талаар холбогдох дүгнэлтийг хийлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдал болон улсын яллагчийн саналыг тус тус харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. 1 дүгээр хавтас хэрэгт авагдсанаар тухайн үед цагдаагийн байгууллагад мэдээлэл гаргаж, тэр даруй Ц.Э т ямар хөрөнгө байгаа талаар улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авсан. Уг лавлагаагаар Ц.Э ын нэр дээр авто зогсоол болон орон сууц байдаг бөгөөд прокурорын тогтоолоор битүүмжилсэн боловч худалдан борлуулсан нь хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Ц.Э шүүх хуралдаанд хохирол барагдуулна гэж хэлдэг боловч хохирол барагдуулах талаар идэвхтэй үйлдэл гараагүй. Ц.Э ын нэр дээр байдаг орон сууц нь ипотекийн барьцаатай бөгөөд иргэний хэргийн шүүхэд хариу тайлбар өгдөггүй. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. 2022 онд өөрөө хэргээ хүлээж, 2023 оны 10 дугаар сард шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласнаас хойш хоригдож байна. Тухайн мөнгө мөрийтэй тоглоомд бүрэн зарцуулагдсан. Надад бэлэн мөнгө байхгүй, ажилгүй байгаа тул хохирол төлж чадаагүй. Би өөрийнхөө амьдралыг сүйрүүлсэн, Худалдаа хөгжлийн банканд хамт ажиллаж байсан хамт олныхоо итгэлийг алдсандаа харамсаж, гэмшиж байна. Хийсэн үйлдэлдээ зохих хэмжээний хорих ялаа эдэлж дуусаад, учруулсан хохирлоо заавал нөхөн төлөхөө илэрхийлж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Худалдаа хөгжлийн банк болон харилцагч, хадгаламж эзэмшигч 2 иргэн мэдээгүй байхад шүүгдэгч Ц.Э өөрөө гэмт хэрэг үйлдсэнээ илчилж цагдаагийн байгууллагад очсон нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулсан. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдож байх хугацаандаа, гадуур шалгагдаж байх үедээ ч мөрдөн шалгах ажиллагаанд бүхий л талаар дэмжлэг үзүүлж оролцсон. Аудитын дүгнэлт гарсан ч аудитын байгууллага дүгнэлтийг цагдаагийн байгууллагад өгөхгүй байсан. Мөрдөн шалгах байгууллагаас “хэргээ хурдан шийдвэрлүүлэх шаардлагатай байна, зардал мөнгөний асуудал байна” гэсэн тул Ц.Э боломжийнхоо хүрээнд авто зогсоолыг бусдад худалдан борлуулж, аудитын зардлыг төлж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн. Авто зогсоол зарсан мөнгөнөөс зээлд төлсөн бөгөөд авч чадаагүй мөнгө байгаа тул нэхэмжлэл гаргах талаар Ц.Э надад хандаж, итгэмжлэл авах тал дээр асуудалтай байгаа. Үүнийгээ авбал хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн. Худалдаа хөгжлийн банкнаас 8 хувийн ипотекийн зээлээр авсан орон сууц байдаг. Худалдаа хөгжлийн банкнаас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн орон сууцанд зохих үнэлгээ хийлгэж, орон сууцыг нь буцааж өгч, Ц.Э ипотекийн зээл авснаас хойш төлсөн төлбөрийг буцаан гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд хохирлыг нь төлөх байдлаар хэлэлцэгдэж байгаа боловч энэ эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа. Энэ асуудлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А , П.Н нар мэднэ. Ц.Э нь гэмт хэргээ сайн дураараа илчилсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих бүхий л байдал нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Ц.Э ын холбогдсон гэмт хэрэг нь сонгох санкцтай бөгөөд торгох ял оногдуулах боломжтой. Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлнэ гэдэг нь Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ялыг оногдуулна гэсэн ойлголт биш юм. 4 жил бол урт хугацаа тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Ц.Э өнгөрсөн хугацаанд нийгэмшсэн бөгөөд цагдан хорионоос гараад Худалдаа хөгжлийн банканд очиж захирлуудтайгаа уулзаж, уучлалт гуйж, загнуулж, уйлж байсан. Мөнгө угаах гэмт хэрэг болон иргэний хариуцагчаар татаагүй асуудлын талаар Ц.Э ыг цагдан хоригдсон үеэс эхлэн мөрдөгч, прокурорт хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбар гаргаж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас энэ асуудлыг үгүйсгэдэг байсан боловч гэнэт давж заалдах журмаар гомдол гаргасан нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж, нэмж иргэний хариуцагчийг татаж, дээрх ажиллагаануудыг хийсэн. Хэрэгт шалгавал зохих бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж үзэж байна. Данс цэнэглэхдээ 1 төгрөг ч үлдээгээгүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн 3 этгээд нь дансаараа мөнгө авч, “1xBet”-ийн хаягийг цэнэглэж өгсөн нь холбогдох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөнгө угаах гэмт хэргийн “гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж” гэх шинж хангагдаагүй тул тухайн 3 этгээдийг яллагдагчаар татах үндэслэлгүй байна. Байр болон авто зогсоолыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байсан гэж ойлгож байсан. Ц.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад авто зогсоолыг зарж борлуулсан. Прокуророос хөрөнгө битүүмжлэх ажиллагаа огт хийгээгүй байсан. Ц.Э нь тухайн хөрөнгийг зарж борлуулж, аудитын дүгнэлтийн төлбөр болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлсөн. Анхан шатны шүүхээс Ц.Э т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргээ өөрөө илчилсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Прокуророос анхан шатны шүүх хуралдаанд 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж, эсэргүүцэл бичээгүй.  Уг гэмт хэрэг нь сонгох санкцтай бөгөөд 2-8 жилийн хорих ялын хугацаатай тул анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А , П.Н, Ц.Г  нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу Худалдаа хөгжлийн банкны “Б” салбарт данс хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байхдаа хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж Худалдаа хөгжлийн банканд данс эзэмшигч О.О , С.Т  нарын дансны мэдээллийг өөрчлөн, өөрийн захирах эрхэнд оруулан, интернэт банкаар 61 удаагийн зээлийг гаргуулан авч хувьдаа завшиж Худалдаа хөгжлийн банканд 2.628.105.753,42 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 тал/, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/10163 дугаартай Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /1р хх-ийн 8 тал/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/1547 дугаар албан бичиг /1-р хх-ийн 83 тал/, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 108 дугаар лавлагаа /1-р хх-ийн 84 тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 116-143 тал/, С.Т-н дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 119-121 тал/, “А" ХХК-н 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 02/23 дугаар аудитын дүгнэлт /3-р хх-ийн 99-104 тал/, Худалдаа хөгжлийн банкны тусгай аудитын тайлан /1-р хх-ийн 46-55 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 99-104 тал/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар, баталгааны гэрээний хуулбар, орон сууцны зээлийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /3-р хх-ийн 124-134 тал/, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 14/1274 дүгээр тушаал /3-р хх-ийн 135 тал/,

гэрч С.Т-н “...би 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Худалдаа хөгжлийн “Б” дэх салбарт эхнэрийн хамт ирж шинээр хадгаламжийн данс нээлгэн эхнэр бид хоёр тус тусдаа 850,000,000 төгрөг байсан санагдаж байна, тэр мөнгөө байршуулан хадгаламжийн данс нээлгүүлэн мөнгөө байршуулж байсан. 2022 оны 10 дугаар сарны 21-ний өдөр манай эхнэр рүү Худалдаа хөгжлийн банкнаас ярьсан байсан. Хуулийн албаны дарга Г  гэх хүн байна, та ирээд уулзаадах гээд ярьсан байсан. Би эхнэрийн хамт очиж уулзаж амжаагүй байж байгаад сая буюу өнөөдөр ирж уулзсан. Тэгтэл “таны анх гэрээ байгуулсан “Б” дэх салбарын Э  гэх залуу нь та болон таны эхнэрийн хадгаламжийн дансыг барьцаалан зээл авчихсан байна, цагдаагийн байгууллагад бид өргөдөл гарган шалгуулж байгаа, тань руу болон таны эхнэр рүү цагдаагийн байгууллагаас ирж уулзах талаар залгаж магадгүй шүү" гэж хэлж байсан. ...60.000.000 төгрөг нь ямар учиртай вэ гэвэл манай дүү Япон улс руу явах виз мэдүүлчихсэн байсан, тэрэнд нь мөнгө хэрэг болоод байршуулах гэж “Б” дэх салбарт ирж данс нээж байршуулах гүйлгээг хийж байсан юм, тэгтэл тэр мөнгө нь ороогүй байна...” /1-р хх-ийн 16 тал/,

гэрч О.О ийн “...би өөрийн нөхрийн хамт 2019 онд санагдаж байна, ямар ч байсан Худалдаа хөгжлийн “Б” дэх салбарт ирж Хас банкны хадгаламжийн дансаа цуцлуулаад мөнгөө шилжүүлэн авч байсан. Худалдаа хөгжлийн банкны “Б” дэх салбарт анх ороход Э  гээд салбарыг хариуцсан захирал юм шиг, менежер ч юм шиг нэг залуу байсан. Тэр залуутай уулзаад нөхөр бид хоёр тус тусдаа данс нээлгэн гэрээ байгуулж нэг дансандаа ойролцоогоор 800.000.000-900.000.000 хавьцаа мөнгө хийсэн санагдаж байна. ...Би тэр залууг танихгүй. ...Худалдаа хөгжлийн банкны хууль хариуцсан захирал Г тай очиж уулзсан чинь манай ажлын газрын Э  гэх ажилтан маань ажлын хариуцлага алдсан байна гэсэн...” /1-р хх-ийн 19 тал/,

гэрч Н.А ын “...тухайн үед нь орж ирсэн мөнгөн дүнгээр нь цэнэглээд л өгчихдөг байсан. Гүйлгээний утга дээрх 405842433 гэсэн утга бүхий тоо нь тухайн хүний өөрийнх нь 1хbet-ийн аккаунтынх нь нэр нь байгаа юм. Энэ кодоор нь тухайн 1хbet-ийн аккаунтыг нь цэнэглээд өгчихдөг байсан. Өөрөөр бол тухайн Э  гэх хүнийг бол би танихгүй. Ер нь ганцхан Э  гэх хүнтэй харьцаад байдаггүй, өдөрт ер нь 5-6 өөр өөр хүмүүс дансаа цэнэглүүлье гэж орж ирдэг байсан болохоор нэг бүрчлэн энэ нь тийм мөнгө гээд хэлээд байж чадахгүй байна...” /1-р хх-ийн 21 тал/,

гэрч О.Сүхбаатарын “...би Э  гэх хүнийг зүгээр хальт зүс мэдэх болохоос тийм ч сайн танихгүй. Одоогоос 4-5 жилийн өмнө би Да хүрээ авто машины зах дээр авто машин зардаг байх үед миний таньдаг А  нь надад Худалдаа хөгжлийн банканд ажилладаг миний таньдаг залуу байгаа юм. Машин худалдаж авах гээд байгаа юм гээд чамд машин байгаа бол дажгүй машин байвал үзүүлчих гээд над дээр одоогоос 4-5 жилийн өмнө ирж машин үзээд явж байсан залуу, тэр үед л хамгийн анх харж байсан. Өөрөөр бол надад тэр залууг таньж мэдэх зүйл байхгүй. ...удалгүй миний дансанд ямар данснаас юм мэдэхгүй, 100.000.000 төгрөг ороод ирсэн. Тухайн өдрийн маргааш өглөө нь буюу 2022 оны 3 дугаар сарын 25-ны өглөө би А ын ****  гэх данс руу би буцаагаад шилжүүлсэн. Өөрөөр бол тэр мөнгө нь надад ямар ч хамааралгүй 100 хувь ороод ирсэн, би буцаагаад 100 хувь шилжүүлсэн, өөр зүйл бол байхгүй...” /1-р хх-ийн 30 тал/,

гэрч Б.Э гийн “...миний ажилладаг газар болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны “Б” дэх салбарт Ц.Э гэх хүн ажилладаг. Ц.Э нь Худалдаа хөгжлийн банканд 2014 онд анх борлуулалт, мэдээллийн ажилтнаар ажилд орж байсан. Ц.Э нь одоо тус банкны салбарт данс хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Э ыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу Худалдаа хөгжлийн банкны “Б” салбарт данс хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж Худалдаа хөгжлийн банканд данс эзэмшигч О.О , С.Т  нарын дансны мэдээллийг өөрчлөн, өөрийн захирах эрхэнд оруулан, интернэт банкаар 61 удаагийн зээлийг гаргуулан авч хувьдаа завшиж Худалдаа хөгжлийн банканд 2.628.105.753,42 төгрөгийн  хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Э ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А , П.Н, Ц.Г  нар “...Ц.Н О.Д  Н.А  нар нь онлайн валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа Ц.Э ын нэр дээрх цахим мөрийтэй тоглоомын дансыг цэнэглэсэн хууль бус үйлдлийг хамтад нь шалгаагүй, ...хохирол төлбөр нөхөн төлөх боломжтой байсан ч төлөөгүй шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохироогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

 

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

         

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул ял шийтгэл тохироогүй талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасны дагуу Ц.Э т оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй болно.

 

Ц.Н О.Д  Н.А  нар нь онлайн валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа Ц.Э ын нэр дээрх цахим мөрийтэй тоглоомын дансыг цэнэглэсэн хууль бус үйлдлийг хамтад нь шалгаагүй гэх асуудлын тухайд, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” гарсан шүүгчийн захирамжийн /3-р хх-ийн 221 тал/ дагуу шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулан О.Д  Н.А , Ц.Н  нараас гэрчийн мэдүүлэг /3-р хх-ийн 244 тал, 4-р хх-ийн 3, 5 тал/ авч, холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Э т холбогдох хэргийг анхан шатны журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн Ц.Э ын нэр дээрх авто зогсоолыг зарж борлуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлж, үлдсэн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, орон сууц нь одоог хүртэл Худалдаа хөгжлийн банкны 8 хувийн зээлтэй байгаа гэх тайлбар мэдүүлгийг шүүгдэгч өгчээ.

           

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Э т холбогдох эрүүгийн хэрэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 106 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А , П.Н, Ц.Г  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 106 /нэг зуун зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 

                                              ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

 

                                              ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ