| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2025/0030/З |
| Дугаар | 118/ШШ2025/0037 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 118/ШШ2025/0037
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Завхан аймгийн Улиастай сумын газрын даамалд холбогдох 1. “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулахгүй, эрхийн гэрчилгээ олгохгүй, улсын бүртгэлд бүртгэхгүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, тэмдэгжүүлэх цахим хүсэлтийг системээр илгээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” 2. “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, тэмдэгжүүлэх цахим хүсэлтийг системээр илгээх, газрын нэгж талбарын хувийн хэрэг нээх, хөтлөхийг эрх бүхий байгууллага, сумын газрын даамалд даалгах” шаардлага бүхий иргэн Д.*******ийн нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Улиастай сум 4-р баг, ******* ******* багт байрлах "Төмс хүнсний ногооны усалгаатай тариалан" зориулалттай 832 м.кв талбайтай, ******* нэгж талбарын дугаартай газрыг эзэмшихээр 2024 оны 11 сарын 28-ны өдөр 16 цаг 45 минутад газар эзэмших тухай ******* дугаартай хүсэлтийг egazar.gov.mn цахим системээр дамжуулан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд тус тус заасны дагуу гаргаж сумын газрын даамал бүртгэсэн байна. Тус хуулийн 33.1.1-д заасны дагуу Улиастай сумын Засаг даргын 2024 оны 12 сарын 20-ны өдрийн захирамжаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан боловч газар эзэмшүүлэх эрхийн гэрээний нөхцөлтэй танилцаж, баталгаажуулах цахим мэдэгдэл үүсээгүй сумын газрын даамал өнөөдрийг хүртэл иргэн надтай газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй, эрхийн гэрчилгээ олгохгүй, улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотойгоор Завхан аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж холбогдох өргөдөл, гомдлыг бичгээр гаргахад Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 5/830 дугаартай хариу "... гомдлын хүрээнд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас холбогдох тайлбар, албан бичиг авч... газар эзэмших эрхийн гэрчилгээний талаарх хүсэлтээ Улиастай сумын Засаг даргад хандан шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариу албан бичгээр ирүүлсэн байна. Мөн Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даамалд хандаж асуухад "... уг газар нь Улиастай сумын ахмадууд ашиглаж байгаа газартай давхцаж байгаа..." гэсэн хариуг ******* дугаараас холбогдож өгсөн. Гаргасан гомдлын дагуу хариу албан бичиг өгөөгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, ахуйн нэгж, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна." мөн зүйлийн 31.3. "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд зааснаар "Газрын алба нь хүсэлтэд дурдсан газрын байршил хэмжээг мэдээллийн сангаар дамжуулан авч сансрын зурагтай давхцуулан нягталж, хил заагийн дагуу бусдын эзэмшил, ашиглалт... бүхий талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгана." гэж тус тус заасан байхад эрх бүхий албан тушаалтан миний үнэ төлбөргүй засaг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах эрхтэй хүсэлтийг нягталж шалгахгүйгээр Улиастай сумын ахмадууд ашиглаж байгаа гэх газартай давхцуулж цахим мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэснээр тухайн газар эзэмших хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл газрын мэдээллийн санд хадгалагдахаар дахин өөр үнэ төлбөртэй болон үнэ төлбөргүй газар өмчлөх, эзэмшихээр цахим системд хандахад жагсаалтын эхэнд эрэмбэлэгдэн бүртгэгдэхгүй, газар өмчлөх, эзэмшихээр сонгогдохгүй нөхцөл байдал үүсэж байна. Мөн тус төмс хүнсний ногооны усалгаатай тариалан зориулалттай газраа эрхийн гэрчилгээний дагуу эзэмшихгүй байгаатай холбогдуулан газрын үр шимийг хүртэх, төмс хүнсний ногоо тариалах эрхийг шилжүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжгүйд хүргэж хуульд заасан хугацаанд газар эзэмших гэрээ байгуулахгүй, эрхийн гэрчилгээ олгохгүй, улсын бүртгэлд бүртгэхгүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, тэмдэгжүүлэх цахим хүсэлтийг системээр илгээхгүй байгаа эс үйлдэхүй нь надад олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн *******ын *******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Улиастай сумын ******* ******* багт байрлах Төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газар нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/358 дугаар захирамжаар 16 иргэнд хавсралтын дагуу эзэмшүүлсэн ба тус 16 иргэний газраас 4 иргэний газар нь ******* ******* төгөл хоршооны газартай давхардсан тул иргэд хоорондоо зөвшилцсөний дагуу тус 4 иргэний газрын байршлыг Сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар өөрчлөн эзэмшүүлсэн тул газрын маргаан шийдвэрлэгдсэн. Иймд иргэн Д.******* Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ирж Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуудсаа бөглөж газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ авах боломжтой болсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь “1. “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулахгүй, эрхийн гэрчилгээ олгохгүй, улсын бүртгэлд бүртгэхгүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, тэмдэгжүүлэх цахим хүсэлтийг системээр илгээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” 2. “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, тэмдэгжүүлэх цахим хүсэлтийг системээр илгээх, газрын нэгж талбарын хувийн хэрэг нээх, хөтлөхийг эрх бүхий байгууллага, сумын газрын даамалд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 1. “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулахгүй, эрхийн гэрчилгээ олгохгүй, улсын бүртгэлд бүртгэхгүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, тэмдэгжүүлэх цахим хүсэлтийг системээр илгээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” 2. “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, тэмдэгжүүлэх цахим хүсэлтийг системээр илгээх, газрын нэгж талбарын хувийн хэрэг нээх, хөтлөхийг эрх бүхий байгууллага, сумын газрын даамалд даалгах шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн 1. “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулахгүй, эрхийн гэрчилгээ олгохгүй, улсын бүртгэлд бүртгэхгүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, тэмдэгжүүлэх цахим хүсэлтийг системээр илгээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” 2. “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, тэмдэгжүүлэх цахим хүсэлтийг системээр илгээх, газрын нэгж талбарын хувийн хэрэг нээх, хөтлөхийг эрх бүхий байгууллага, сумын газрын даамалд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР