| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0081/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/101 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Зд холбогдох 1814001210078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боль овогт Т.З,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Т.З нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-17-04 тоотод 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ж.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Т.З нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-17-04 тоотод иргэн Ж.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Ж.Нгийн ...Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байгаад орой 17-18 цагийн орчимд тог тасарчихаар нь төрсөн дүү Оийнд очсон. Оийнх манайхаас ойрхон байдаг юм. Гэрт нь ороход нөхөр нь болох З, О нар байсан. Би очихоосоо өмнө 16 цагийн орчимд дүүгийнхээ утас руу нь залгахад манай дүү О утсаа аваад “З бид 2 сургууль дээр байна” гэж байсан. Тэгээд дахиж залгаагүй байж байгаад дүүгийндээ очсон. Би гэрт нь ороод суухад цай хийж өгсөн. Тэр цайг нь би уугаад сууж байхад З эхнэр рүүгээ “Хүүхдэд хичээл номыг нь сайн зааж өгч чадахгүй янхан чам шиг юм зайл” гэсэн. Тэгэхээр нь би дуугай сууж байсан. Тэгтэл З дахиад О рүү “Зүрх муутай миний хүүхэд рүү дайрч байх юм Дашкадаа юм хэлж чадахгүй байж пизда минь” гэж дахин уурлаж хараахаар нь би “Эцэг нь эхийнхээ үүргийг аль аль нь гүйцэтгэх байх миний дүү рүү дайраад байх юм” гээд хэлчихсэн чинь З босч ирээд “Чам шиг муу авгайд ямар хамаатай юм” гээд миний нүүр руү гараараа 1 удаа цохьсон. Тэгээд би аягатай цайгаа урдаас нь шидсэн чинь өвөр дээр нь ойчсон. Тэгтэл З намайг гар зайл гээд цамцны ханцуйнаас чирээд ууд рүү чирсэн. Би босоод хаалга руу явах гэтэл миний зүүн хөлийн шилбэ орчимд өшиглөсөн. Тэгээд би өшиглөснөөс болж босгон дээр тээглэж унасан. Намайг унасны дараа зайл муу янхан минь гээд 10-ын битонтой уснаас шанагаар хутгаад 3-4 удаа цацсан. Тэгэхээр нь би бослоо гээд босох гэтэл З миний элэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний элэг өвдөөд би дуугарч чадахгүй болсон. Би дуугарч чадахгүй босгон дээр нь тээж хэвтэж байгаад босоход дахиад гарнаас зулгааж зайл янхан минь гээд араас бөөр нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Гэхдээ нуруугаа эмчид үзүүлээгүй. Тэгээд би гэр рүүгээ яваад очсон чинь манай охин ирсэн байсан. Гэтэл охин “ээж наад нүүр амаа яачихсан юм” гэхээр нь би “Золоод зодуулсан” гэж хэлсэн. Манай охин Зынх руу явсан чинь “Чаддаг юм бол цагдаадаа өг” гэж хэлсэн байсан. Тэгээд цагдаад хандсан юм. Түүнээс хойш Зтай дахиж муудалцаагүй. Тухайн үед би цагаан сараар үлдсэн дарсаа асгах гэснээ мөнгөөр авсан юм чинь гээд ганц стаканыг уучихсан байсан. Гэхдээ согтоогүй ... Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн төлүүлж авсан. Т.Заас 200.000 төгрөг хүлээж авсан. Мөн хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22/,
Гэрч Х.Оийн ... Нөхөр З бид хоёр 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сургуулиас хүүхдээ авч ирээд гэртээ би нөхөртэйгээ ойр зуурын хэрүүл хийсэн юм. Тэгтэл манай эгч Н гаднаас орж ирсэн. Сургууль дээр байхад Н эгч утсаар залгаад “гэртээ ирэх болж байна уу” гэж байсан. Тухайн үед 18 цаг болсон байсан байх. Эгч орж ирээд цай ууж байгаад байж байтал манай нөхөр намайг “ганц хүүхдэд хичээл зааж өгч чадахгүй янхан минь зайл” гэсэн. Тэгтэл эгч өмнөөс нь намайг өмөөрч хэдэн үг хэлсэн. Т.З тэгтэл эгч рүү чамд хамаагүй гэсэн. Тэгээд эгчийн нүүр рүү нь гараараа цохичихсон. Тэгтэл эгч аягаа манай нөхөр З руу шидсэн. Тэгэхээр нь дөрөлжөө аваад гарсан. Тэгээд аргалын тэнд байж байтал манай эгч хашааны хаалга руу явж байсан. Би эгчийг гэрийн босгон дээрээ уначихсан орилоод байхыг нь харсан. Тэгтэл манай нөхөр З гэрээсээ чирж гаргаж байгаа харагдсан. Тэгтэл эгч эргээд хаалга гэрийн гаднаас нь нүдээд онгойлго чиний гэр биш манай дүүгийн гэр орон чам шиг юм өөрөө зайл гээд орилоод байсан. Манай нөхөр гэрээ дотроос нь түгжсэн ба эгч нүдээд байхаар нь онгойлгож дахин чирж гаргасан чинь эгч яваад өгсөн. Тухайн үед эгч согтуу нь мэдэгдээгүй. Харин цагдаад дуудлага өгсөн гээд нөхөртэйгээ цагдаа дээр ирээд үлээлгэхэд согтуу байсан ба цагаан сарынхаа дарснаас уусан гэж байсан. З эгчийг цохиод авахаар нь би гараад явчихсан юм. Тэгээд гадаа байхад эгч гэрээс босгонд дамнаад гэрийн хаалга онгойлгож унасан байсан. Гэрт байхад эгчийг З хамар нүүр рүү нь 1 удаа цохихыг мэдсэн. Харин хөл, элэг рүү нь өшиглөхийг мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Гэрч Н.Эгийн ...Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ээжийнхээр орох гээд 17-18 цагийн орчимд очиход гэр нь эзгүй цоожгүй байсан. Тэгээд би ойрхон байгаа юм байна гээд ээжийнд сууж байсан чинь ээж ганцаараа гаднаас орж ирсэн. Гэрийнх нь тог тасарсан байсан. Ээж орж ирэхдээ сонин царайлсан орж ирэхээр нь яасан юу болов гэхэд ээж тог тасархаар нь Зынд очиж асуухаар ороод сууж байхад З эхнэртэйгээ маргаж хэрэлдээд байхаар нь хэдэн үг хэлчихсэн чинь З намайг цохиж авлаа гэж байсан. Ээжийн нүүр хамар нь хавдсан юм шиг байсан. Би Зынд очоод яагаад ийм юм болов гэхэд З өөрөө эхнэр бид хоёрыг хоорондоо хэрэлдэж байхад ээж чинь орж ирсэн би бол ээжийг чинь цохиогүй гээд байсан. Тэгээд би цагдаа дуудсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/,
Шүүгдэгч Т.Зын ... 2018 оны 03 сарын 02-ны өдөр хадам эгч Ж.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Надад сонсгож байгаа зүйл ангийн хүлээн зөвшөөр байна. Би хохирогчид 200000 төгрөг төлж эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн ... Ж.Нгийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхи, хамар, хэвлий, шилбэнд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ж.Н шүүгдэгч Т.З нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 55-56 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Зын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Зын эзэмшлийн haier маркийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Боль овогт Т.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Зд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Зын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Зд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Зын эзэмшлийн haier маркийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Т.З нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА