| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2318003200062 |
| Дугаар | 2024/ДШМ/42 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., 11.7.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/42
Г.Түвшинжаргалд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Мядагбадам
Хохирогч П.Наран-Өлзий
Шүүгдэгч Г.Түвшинжаргал
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэрийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Г.Түвшинжаргалд холбогдох 2318003200062 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Монгол овогт Галдандоржийн Түвшинжаргал, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Уул уурхайн политехникийн коллежид гагнуурын багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 10б байрны 33 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Г.Түвшинжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Шүүгдэгч Монгол овогт Галдандоржийн Түвшинжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг,
гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Түвшинжаргалыг 6 сарын хугацаагаар тэнсэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг нийт 3,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалд шүүхээс оногдуулсан 3,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 550,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Түвшинжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргал нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Мядагбадам эсэргүүцэлдээ:
...Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2024/ШЦТ/ 90 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Түвшинжаргалыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,
“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг нийт 3,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Түвшинжаргалыг 6 сарын хугацаагааг тэнсэж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 22-ны хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Хавтаст хэрэгт цугласан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Түвшинжаргал нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн Ласти таун хотхоны 106 байрны 33 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Наран-Өлзийтэй маргалдаж улмаар гутал шидэж мөрнөөс нь татаж газар унаган эрүүл мэндэд зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
-2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Энхийн тун эмийн сангийн гадаа өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн 33-03 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зүүн хөл, зүүн хөлийн гуя, өвдөг хэсэгт машины түлхүүрээр цохиж эрүүл мэндэд нь халдсан,
-2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн орчим ташуураар зүүн хөлийн шилбэ, нурууны баруун доод хэсэг, гуя, баруун гаран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн гуя, дагз хэсгийн хуйх, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хохирол
-2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 16 цагийн орчим эрүүл мэндэд нь зүүн өвдөг, 2 шилбэ зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн буюу хэд хэдэн төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атал Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн хоригийг зөрчиж шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Түвшинжаргал тайлбартаа:
... Эсэргүүцлийг дэмжихгүй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.Наран-Өлзий тайлбартаа:
...Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:
...Анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Түвшинжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцээд 4 үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол нэг дэх хэсэгт заасан тэнсэн хянан харгалзах зүйл заалт хамаарахгүй талаар тодорхой нарийвчилж зохицуулсан байхад тусгай ангид заасан 11.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь эхнэр П.Наран-Өлзийг 4 удаа буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн Ласти таун хотхоны 10б байрны 33 тоотод буюу гэртээ гутал шидэж мөрнөөс нь татаж газарт унагасан,
-2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Энхийн тун эмийн сангийн гадаа өөрийн эзэмшлийн Sonato-6 маркийн 33-03 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зүүн хөл, зүүн хөлийн гуя, өвдөг хэсэгт машины түлхүүрээр цохисон,
-2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг Ласти таун хотхоны 10б байрны 33 тоот гэртээ ташуураар зүүн хөлийн шилбэ, нурууны баруун доод хэсэг, гуя, баруун гаран тус газарт цохисон,
-2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон.
Мөн түүний бие эрх чөлөөнд халдах явцдаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цохиж эрүүл мэндэд нь зүүн өвдөг, 2 шилбэ зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цохиж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч П.Наран-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 27-34/, гэрч Ч.Баасансүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч А.Нарангийн мэдүүлэг /хх-ийн 36-37/, шинжээч эмч Г.Ганпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 22-23/, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 1125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43/, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-52/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Түвшинжаргал дээрх үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч тэрээр энэ үйлдлүүдээ хүсэж үйлдэж байсан нь шүүдэгчийн “... П.Наран-Өлзий нь гэр орны ажилд жаахан тааруу. Хувь хүн нь өөрөө эмх замбараагүй байдаг зэргээс болоод маргаан гараад байдаг. Харилцааны хувьд хүний үг хүлээж авдаггүй юм. Бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод л хоорондоо маргалдаад тэр нь сүүлдээ зодоон цохион болоод хувирдаг. Эхнэрээ цохиж зоддог үйлдэл нь миний буруу” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 71-72/
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний /өөрийн эхнэр П.Наран-Өлзий/ бие эрх чөлөөнд халдаж улмаар хөнгөн, хүндэвтэр хохирол учруулах хэмжээний хор уршигт зориуд хүргэж байгаа энэ байдлыг Эрүүгийн хуульд нийгэмд аюултай “гэм буруугийн санаатай хэлбэр”-тэй гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулахад тэнсэх албадлагын арга хэмжээ авахыг хориглохоор заасан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Түвшинжаргалд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “БАЙНГА” гэдэг шинжийг хууль зүйн хувьд зөв дүгнэж тайлбарласнаас гадна шүүгдэгч хоёр, түүнээс дээш удаа санаатай гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгээгүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан заалтыг зөрчиж ял хариуцлага оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзнэ.
Иймд Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Г.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан тэнсэх албадлагын чанартай арга хэмжээг хэрэглэх ёсгүй байхад хэрэглэсэн нь буруу гэж үзлээ.
Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Г.Түвшинжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Б.МАНЛАЙБААТАР