Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0779

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Эйтернэти скай трейд” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Золжаргал

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Батдэлгэр

Маргааны төрөл: Ашигт малтмалын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022216 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч “Эйтернэти скай трейд” ХХК-н “Зүүн цагаан дэл” нэртэй          XV-202216 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтаар авсан.

2.2.Ашигт малтмалын тухай хуульд зааснаар эхний жилийн төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 13-ний өдөр, 2024 оны төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус бүр төлсөн. Ээлжит төлбөрөө төлөхөөр Ашигт малтмалын газар хандахад “тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэсэн ба энэ тухай 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаснаас олж мэдсэн.

2.3. “Эйтернэти скай трейд” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр албан бичиг явуулсан  бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас “...тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэж хариу тайлбар ирүүлсэн.

2.4.Ашигт малтмал, газрын тосны газраас XV-202216 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсныг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан байх ба 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10/1670 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй талаар мэдэгдсэн байна. “Эйтернэти скай трейд” ХХК нь тус шүүхэд 2025 оны 04 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2863 дугаар захирамжаар хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

1.Нэхэмжлэгч “Эйтернэти скай трейд” ХХК нь 2025 оны 04 дугаар сарын 24-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

1.1.“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022216 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох.” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь Дорноговь аймгийн Их хэт сумын нутагт байрлах "Зүүн цагаан дэл" нэртэй XV202216 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтаар авсан. Ингэж авах үндэслэл нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01-р сарын 26-ны өдрийн 58 тоот шийдвэртэй холбоотой юм.

Үүний дагуу манай компани Дорноговь аймгийн “Их хэт” сумын нутагт байрлах "Зүүн цагаан дэл" нэртэй газарт 4449,73 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмалыг хайгуул хийх хууль эрх зүйн нөхцөл бүрдсэн юм.

Бид хууль тогтоомжид заасны дагуу бүх төлөвлөгөө, тайлангаа цаг тухайд нь гарган өгч, хуулийн дагуу батлуулж, хээрийн ажлыг жил бүр шат дараатай, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн. Тухайлбал 2024 онд хайгуулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан. Мөн тухайн ондоо геофизикийн ажилуудыг хийж гүйцэтгэсэн.

Манай компани тусгай зөвшөөрөл эзэмшсэн цагаасаа орон нутгийн захиргааны байгууллага, төрийн байгууллагуудтай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сайн харилцаатай байж ирсэн.

Манай компани Ашигт малтмалын тухай хуульд зааснаар эхний жилийн төлбөрийг 2023 оны 02-р сарын 13-ний өдөр төлсөн. 2024 оны төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын ...-ний өдөр төлсөн бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтыг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр авсан. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад Кадастрын хэлтсээс тэмдэглэгээ хийлгэж, тэмдэг даруулсан.

Манай компанийн нягтлан бодогч нь ажлаасаа гарч гадаад улс руу явсан. Энэ хоооронд бид төлбөрөө төлөхөөр Ашигт малтмалын газарт хандахад: "танай тусгай зөвшөөрлийг цуцласан." гэж хэлсэн. Энэ талаар бид 2025 оны 03-р сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд нэвтэрч байж олж мэдсэн. Манай тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд хуучин хаягаар шууданд хийсэн байсныг бид сүүлд мэдсэн. Энэ талаар "Монгол шуудан" ХК-иас мэдсэн. Энэ талаарх тодорхойлолтыг авсан бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн болно.

Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой тусгай зөвшөөрлийг сэргээсэн даруйд төлөхөө илэрхийлж байна. Захиргааны байгууллагаас манай тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022216 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ

2.Нэхэмжлэгч “Эйтернэти скай трейд” ХХК шүүх хуралдаанд эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022216 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй богох.” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Дорноговь аймгийн Их хэт сумын нутагт байрлах "Зүүн цагаан дэл" нэртэй XV202216 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтаар авсан. Ингэж авах үндэслэл нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01-р сарын 26-ны өдрийн 58 тоот шийдвэртэй холбоотой юм. Үүний дагуу манай компани Дорноговь аймгийн “Их хэт” сумын нутагт байрлах "Зүүн цагаан дэл" нэртэй газарт 4449,73 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмалыг хайгуул хийх хууль эрх зүйн нөхцөл бүрдсэн юм. Бид хууль тогтоомжид заасны дагуу бүх төлөвлөгөө, тайлангаа цаг тухайд нь гарган өгч, хуулийн дагуу батлуулж, хээрийн ажлыг жил бүр шат дараатай, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн. Тухайлбал 2024 онд хайгуулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан. Мөн тухайн ондоо геофизикийн ажилуудыг хийж гүйцэтгэсэн. Манай компани тусгай зөвшөөрөл эзэмшсэн цагаасаа орон нутгийн захиргааны байгууллага, төрийн байгууллагуудтай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сайн харилцаатай байж ирсэн. Манай компани Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төлбөрөө тогтмол төлж ирсэн. Манай компанийн нягтлан бодогч нь ажлаасаа гарч гадаад улс руу явсан. Энэ хоооронд бид төлбөрөө төлөхөөр Ашигт малтмалын газарт хандахад: "танай тусгай зөвшөөрлийг цуцалсан." гэж хэлсэн. Энэ талаар бид 2025 оны 03-р сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд нэвтэрч байж олж мэдсэн. Манай тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд хуучин хаягаар шууданд хийсэн байсныг бид сүүлд мэдсэн. Энэ талаар "Монгол шуудан" ХК-иас мэдсэн. Энэ талаарх тодорхойлолтыг авсан бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн болно. Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой тусгай зөвшөөрлийг сэргээсэн даруйд төлөхөө илэрхийлж байна. Захиргааны байгууллагаас манай тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022216 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..."Эйтернэти скай трэйд" ХХК-иас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн "... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын ХV-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох..." шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.  Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг Зүүн цагаан дэл нэртэй 4449,73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаартай шийдвэрээр 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "Эйтернэти скай трэйд" ХХК-д анх олгосон. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/1006 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг "Эйтернэти скай трэйд" ХХК-д мэдэгдсэн. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийдвэрээр "Эйтернэти скай трэйд" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна...". 43.2 дахь хэсэгт Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/1368 дугаартай албан бичгээр "Эйтернэти скай трэйд" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэн. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Кадастрын хэлтсийн Геологи уул уурхайн кадастрын системд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, овоот 3, 62 гэсэн хаягийг бүртгүүлсэн, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр "Эйтернэти скай трэйд" ХХК-ийн РД6658849 мэдээллийг шүүж үзэхэд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, овоот 3, 62 гэсэн хаягийн бүртгэлийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хаяг өөрчлөгдсөн бол төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд Төрийн захиргааны байгууллагыг буруутгах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийдвэрээр "Эйтернэти скай трэйд" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч компани нь ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Учир нь нэхэмжлэгч компани хуульд заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй. Үүнтэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллагаас Захиргааны 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасны дагуу ажиллагааг явуулж Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт заасны дагуу Төрийн захиргааны байгууллагын Геологи уул уурхайн кадастрын системд бүртгэгдсэн хаягийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн талаар мэдээлэлсэн. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэх мэдэгдлийг явуулсан хаяг нь Кадастрын системд бүртгэлтэй мөн “Opendata” системд энэ хаяг бүртгэлтэй байсан.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ Төрийн захиргааны байгууллага мэдэгдсэнээр биелүүлдэг явдал байхгүй. Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээр нэгэнт тогтоочихсон харилцаа тул хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Эйтернэти скай трейд” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан түүний “2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022216 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Хэргийн үйл баримтын тухайд, “Эйтернэти скай трейд” ХХК-д Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт байрлах “Зүүн цагаан дэл” нэртэй XV-202216 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаартай шийдвэрээр 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтаар анх олгожээ. /хэргийн 23, 24 дэх тал/,

3.1.Кадастрын хэлтсийн даргаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Мэдэгдэл хүргүүүлэх тухай” 10/1006” дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг “Эйтернэти скай трейд” ХХК-д мэдэгдэж, холбогдох албан бичгийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, овоот 3, 62 гэх хаягийн дагуу хүргүүлсэн байна. Үүний дараа мөн хаягаар 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/1368 дугаартай албан бичгийг илгээж Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгдсэн байна.  /хэргийн 20, 21, 22 дахь тал/,

3.2.“Эйтернэти скай трейд” ХХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж “Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх тухай” хүсэлтийг гаргасан байх ба Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүйг мэдэгджээ. /хэргийн 6 дахь тал/

4.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 199 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн нэгдүгээр заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй тул дараах ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсугай гэсний нэгд XV-022216 дугаартай Дорноговь аймгийн Их хэт сумын Зүүн цагаан дэл нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай хамаарч байна.

5.Нэхэмжлэгч “Эйтернэти скай трейд” ХХК-аас тусгай зөвшөөрлийг цуцалсан дээрх 199 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “Эйтернэти скай трейд” ХХК-ийн нягтлан бодогч ажлаасаа гарч гадаад улс руу явсан хойгуур төлбөрөө төлөхөөр Ашигт малтмалын газарт хандахад “тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэх хариу авсан байна. Энэ талаар 2025 оны 03-р сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд нэвтэрч байж олж мэдсэн. Тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд хуучин хаягаар шууданд хийсэн байсныг сүүлд “Монгол шуудан” ХК-аас авсан тодорхойлолтоос мэдсэн. “Эйтернэти скай трейд” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой, мөн тусгай зөвшөөрлийг сэргээсэн даруйд төлөхөө илэрхийлсэн. Захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүйд гомдолтой байгаагаа илэрхийлж дээрх үйл баримтуудыг нотолж, нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

5.1.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг “Зүүн цагаан дэл” нэртэй 4449,73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 58 дугаартай шийдвэрээр 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Эйтернэти скай трэйд” ХХК-д анх олгосон. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/1006 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2, 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг “Эйтернэти скай трэйд” ХХК-д мэдэгдсэн. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийдвэрээр “Эйтернэти скай трэйд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/1368 дугаартай албан бичгээр “Эйтернэти скай трэйд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэн. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Кадастрын хэлтсийн Геологи уул уурхайн кадастрын системд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, овоот 3, 62 гэсэн хаягийг бүртгүүлсэн, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Эйтернэти скай трэйд” ХХК-ийн РД6658849 мэдээллийг шүүж үзэхэд дээрх хаягийн бүртгэлийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт “... Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ...” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хаяг өөрчлөгдсөн бол төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд Төрийн захиргааны байгууллагыг буруутгах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй хэмээн тайлбарлаж байна.

6.Маргааны гол зүйл нь “Эйтернэти скай трэйд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийдвэрээр цуцалсан нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар бөгөөд хариуцагч талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хаяг өөрчлөгдсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлаа хадгалах үүрэгтэй гэж харин нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаа хийгээгүй, нягтлан бодогч ажлаас гарсантай холбоотойгоор хугацаа хэтрүүлсэн гэж мэтгэлцэв.

7.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.“Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж тус тус ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүйгээс үүсэх үр дагаврыг тодорхой хуульчилжээ.

7.1.Дээрх хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримттай уялдуулан тайлбарлавал, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай ашигт малтмалын хайгуулын ХV-022216 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээс “Эйтернэти скай трэйд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

7.2.Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар “Эйтернэти скай трэйд” ХХК-ийн нягтлан бодогч ажлаасаа гарснаас болж ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг мэдээгүй гэж байгаа боловч 2 дахь жилийн ээлжит төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн байна. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар нягтлан бодогч Ө.Мөнхбатыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн байх ба үүнээс үзвэл цаг хугацааны хувьд хамааралгүй үйл баримтыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар лавлахад байхгүй хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй.

7.3.“Эйтернэти скай трэйд” ХХК-д мэдэгдэх, сонсгох үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх гомдлын тухайд тус компани анх Улсын бүртгэлд Улаанбаатар, Баянзүрх, 5-р хороо, өлгий 23, 310 тоот гэх хаягийг бүртгүүлсэн байх ба улмаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш маргаан бүхий акт гарах хүртэл буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэл Улаанбаатар, Сонгинохайрхан, 11-р хороо, овоот 3, 62 гэх хаягийн бүртгэл байх бөгөөд тус хаяг өнөөдрийг хүртэл бүртгэлтэй хэвээр байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12.-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Эйтернэти скай трэйд” ХХК өөрийн хаягийг өөрчлөгдсөн болохыг төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч байгууллагын хүргүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч гардаж аваагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.  

7.4.Нэхэмжлэгч “Эйтернэти скай трейд” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд өөрийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах, энэ хүрээнд Ашигт малтмалын хууль тогтоомжид заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, төлбөр төлөх гэсэн үүргүүдийг биелүүлэх нь зүйн хэрэг бөгөөд хариуцагч тал мэдэгдээгүй байсан ч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэйгээ мэдэх ёстой, мэдэх боломжтой. Ялангуяа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, энэ хугацаагаа 30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч алдангийн хамт тухайн жилийн төлбөрийг төлөх боломжтой атал хуульд заасан эцсийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ.

8.Иймд нэхэмжлэгч “Эйтернэти скай трейд” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022216 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эйтернэти скай трейд” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-022216 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр  зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.УРАНГУА