Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/485

 

 

 

 

 

 

  2024          04             25                                        2024/ДШМ/485

 

 

Б.Э д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Б.Сүрмандах,

           шүүгдэгч Б.Э  /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Золжаргал, Ш.Мягмарцэрэн,

           нарийн бичгийн дарга  Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч Б.Ж  нарын гаргасан гомдлуудаар Б.Э д холбогдох эрүүгийн 2310 03250 1981 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Б.Э  нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “paradise” нэртэй амралтын газарт 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Ж тай маргалдаж улмаар түүний цээж хэсэгт 1 удаа хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокуророос: Б.Э гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Э-г 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, 15,9 см урттай нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ж  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...шүүгдэгч Б.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт үйлдэлд гэм буруутайгаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хор уршиг арилсан, хохирогч Б.Ж  нь гомдолгүй болохоо шүүхэд илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол, хүсэлтийг гаргаж байна.

            Б.Э  нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа, гэм буруугийн талаар ямар ч маргаан байхгүй, төрийн хуулийн зүйл ангид зааснаар шүүхээс ял шийтгэл хүлээлгэсний дагуу шударгаар шийтгэлээ эдлэхэд ямар ч байдлаар гомдол саналгүй байгаа бөгөөд гагцхүү хуульд заасан хөнгөрүүлэн шийдвэрлэх үндэслэлийг хэрэглэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

            Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг үндэслэн шийтгэх тогтоолд зөвхөн ялын хувьд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан ял шийтгэлийг минь хугацааны хувьд 3 жил 6 сарын ялыг биечлэн эдлүүлэхээр хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

            Хохирогч Б.Ж  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ж  миний бие Б.Э гаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр, эмчилгээний зардалд 5.714.650 төгрөгийг хүлээн авсан. Мөн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б.Э гийн эхнэр Ш.Амармэндээс хохирол төлбөрт 5.000.000 төгрөгийг хүлээн авч эрүү, иргэний журмаар нэхэмжилсэн бүх төлбөр төлөгдсөн болно.

            Б.Э  нь ар гэрийн хувьд бага насны 10 настай нялх хүүхэдтэй, эхнэр Ш.Амармэнд нь ажилгүй, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээдэг. Миний биед учирсан гэмтэл одоо бүрэн эдгэрч, өмнөх хэвийн байдалдаа орж, эрүүл саруул болсон. Одоо ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж байгаа. Бид олон жил хамт ажилсан бөгөөд бие биеэ сайн таних хүмүүс учраас Б.Э д ямар нэгэн гомдол байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гэмтэл, гэм хор бүгд арилж надаас уучлалт гуйж бид эвлэрсэн тул Б.Э д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Б.Э гийн өмгөөлөгч Г.Золжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Б.Э  нь хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагааны явцад гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн 5.714.650 төгрөг буюу хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогчоос нэмж ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг нэхэмжилдэг. Шүүгдэгчийн ар гэрийнхэн хохирогчтой уулзаж тохиролцоод дээрх төлбөрийг бүрэн төлснөөр хохирогчийн зүгээс “гомдол, саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Иймд хуульд заасны дагуу хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж, хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн байна. Хуульд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх гол үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзаж гэж заасан байдаг. Өмгөөлөгч нараас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй. Хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийг харгалзах ёстой. Мөн хувийн байдлыг харах ёстой. Шүүгдэгч Б.Э  нь гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч түүний өгсөн мэдүүлгээр яг яагаад хутгалсан юу болсныг санахгүй байгаа гэж мэдүүлдэг. Иймд их согтолттой байсан нь харагддаг. Хохирогчид хүнд зэргийн гэмтэл учруулсан. Амь насанд аюултай гэмтэл байгаа. Эмнэлгийн тусламж яаралтай авсан учраас хохирогчийн амь нас аврагдсан байдаг. Илүү хохирол учирч болохуйц нөхцөл байдлаар гэмт хэрэг үйлдсэн. Хохиролд 5,714,650 төгрөгийн эмчилгээний бодит зардлыг төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурдсан. Нэмж төлсөн 5,000,000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин гэж өгсөн юм байна гэж ойлголоо. Прокурорын зүгээс оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тогтоож ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр тухайн зүйл ангийн ялын доод хэмжээ 5 жил тул үүнээс бага ял оногдуулахгүйгээр эсхүл бага хэмжээгээр доош татаж ял оногдуулахад татгалзах зүйл байхгүй. Өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.  

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч Б.Ж  нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Э  нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “paradise” нэртэй амралтын газарт 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Ж тай маргалдаж улмаар түүний цээж хэсэгт 1 удаа хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь:

2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл лавлагааны хуудас /хх-ийн 5 тал/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 тал/, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 36 тал/, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-85 тал/, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10708 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 тал/,

гэрч Г.Э-н “...унтаад байж байтал нэг хүн намайг сэрээгээд нөхөр чинь хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Хэн сэрээснийг нь санахгүй байна. ...хүмүүс бужигналдаад байхаар нь нөхөр болох Жаргалсайханыг хайж эхэлсэн. Жаргалсайхан байшингийн урд талд зогсож байсан. Жаргалсайхан дээр очтол цээжнээс нь цус гарч байсан. Юу болсон талаар асуутал Амгаа намайг хутгалчихлаа гэсэн тэр үгийг сонсоод би ухаан балартаад уначихсан, цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

гэрч Б.Б-н “...гэнэт хүмүүс шуугилдаад байсан. Тэгтэл амралтын байшингаас Жаргалсайхан нь биеийнхээ цээж хэсгийг гараараа дарсан байдалтай, араас нь Э  гараад ирсэн. Тэгээд бид нар юу болсон бэ гэж асуухад Э  намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

гэрч Т.Э-н “...амралтын байшингаас Жаргалсайхан нь биеийнхээ цээж хэсгийг гараараа дарсан байдалтай, араас нь Э  гараад ирсэн. Тэгээд бид нар юу болсон бэ гэж асуухад Э  намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

хохирогч Б.Ж ы “...тухайн үед Э  манай эхнэрийн гэдсийг гаргачихсан илж байсан. Тэгээд би ороод “юу болж байна аа” гэж асуухад Э  “чи юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд миний хоолойг гараараа боосон. Би салгаад Э г цааш түлхээд гаднаас тусламж хүсэхээр байшингаас гартал араас Э  гүйж гарч ирээд миний шилэн хүзүүний араас гараараа татаад цээж хэсэгт цохих шиг болохоор нь би Э г дахин цааш түлхээд цаашаа 2, 3 алхтал миний цээж хэсгээс халуу оргисон, тэгэхээр нь би гайхаад харахад цус гоожиж байхаар нь Э гийн баруун гар руу хартал гарт нь хутга байсан тул намайг хутгалсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

яллагдагч Б.Э гийн өгсөн “...хутгыг мах эвдэж, боодог хийх зорилгоор авч явсан. Хэрэг болох үед тухайн хутгаа би өөрийнхөө бүсэлхийнээс бүсэлчихсэн байсан, тэлээндээ хавчуулсан байсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Э г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

хохирогч Б.Ж  “...хохирол төлбөрийг бүрэн хүлээн авсан, цаашдаа нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн тул Б.Э д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э гийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Э д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг дээрх хуулийн заалтад нийцүүлэн хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс Б.Э д оногдуулсан 7 жилийн хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч Б.Ж  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Э  нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэх хүртэл буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны энэ өдрийг хүртэл нийт 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э г 7 /долоо/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч Б.Ж  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э г 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

           ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

           ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ