Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01504

 

 

 

 

 

 

 

 

 

БЗД-ийн ТХ-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/02483 дугаар шийдвэртэй, БЗД-ийн ТХ-ийн хүсэлттэй Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Л-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД-ийн ТХ-ийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй Н ХХК нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Нарны зам Юнион Бюлдинг оффис, 13-С-1301 тоот хаяг, захирал Ш.Л нь Сүхбаатар дүүрэг баруун урт 6 дугаар баг бааз 8 дугаар байр 2-5 тоотод оршин суугчаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн боловч уг хаягт оршин суудаггүй нь Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/11 тоот мэдээлэл солилцооны гэрээний дагуу авсан Татварын Ерөнхий газрын мэдээлэл солилцох системээр баталгаажиж байна.

Уг системээр бүртгэгдсэн иргэний үнэмлэхний лавлагаа дах Сүхбаатар дүүрэг баруун урт 6 дугаар баг бааз 8 дугаар байр 2-5 тоот хаягаар татварын алба Мэдэгдэл хүргүүлсэн боловч дээрх хаягт албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь шуудангийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Магадлагаа-аар тодорхойлогдох бөгөөд татвар төлөгч нь Татварын Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн дагуу татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, түүний өөрчлөлтийг татварын албанд хуулийн хугацаанд мэдэгдэж өөрчлөлт хийлгээгүй.

Н ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 311 313 241,57 төгрөгийн өртэй байна. Ш.Л татварын албанд бүртгүүлэхдээ тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж бүртгэгдсэн тул Ш.Л-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Иймд татварын 311 313 241,57 төгрөгийн татварын өртэй Н ХХК болон захирал Ш.Л-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Л-г шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах тухай БДЗТХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Татвар төлөгчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан тус хэлтсийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 01/1809 тоот албан бичигт татварын 311 313 241,57 төгрөгийн татварын өртэй "Н" ХХК болон захирал Ш.Л-г эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасан байтал Ш.Л-д холбогдох хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч "Н" ХХК-д холбогдох хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт тусгаагүй.

Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/11 тоот мэдээлэл солилцооны гэрээний дагуу авсан Татварын Ерөнхий газрын Мэдээлэл солилцох системээр тус ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ш.Л гэдэг нь баталгаажиж байна. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйл 26.4 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон үүргээ татвар төлөгч биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хүчингүй болгож, татварын өр төлбөртэй, хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй "Н" ХХК болон захирал Ш.Л-г эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Хүсэлт гаргагч БЗТХ нь Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Л-г шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтийн үндэслэлээ Н ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 311 313 241,57 төгрөгийн өртэй байх тул Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Л-г эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус заажээ.

 

Хэргийн 5 дах талд авагдсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд захирлын мэдээлэлд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр захирал Ш.Б-д гэж өөрчлөн бүртгэсэн боловч хэргийн 9-10 дах талд авагдсан Татвар төлөгчийн гэрчилгээнд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ш.Л гэж бүртгэгдсэн хэдий ч Н ХХК-ийн захирлаар 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ш.Б, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ш.Б-д нар бүртгэгдэж улсын бүртгэлд өөрчлөлт орсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 155.3 дах хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулжээ.

 

Хүсэлт гаргагч ББЗДТХ 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Н ХХК нь 311 313 241,57 төгрөгийн татварын өртэй байгаа талаар тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх6-7 дах тал/

 

Хэргийн 8 дах талд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Татварын улсын байцаагчийн утасны тэмдэглэл гэх баримт авагдсан боловч уг баримтыг эргэлзээтэй баримт гэж үзнэ.

 

Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дах хэсэгт Цагдаагийн байгууллага татвар төлөхөөс зугтаж, оргон зайлсан татвар төлөгчийн хаягийг тогтоох, эрэн сурвалжлахад татварын албатай хамтарч ажиллана гэж заасан тул хүсэлт гаргагч БЗДТХ нь цагдаагийн байгууллагатай хамтран Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Л-г эрэн сурвалжлах боломжтой байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Л-г эрэн сурвалжлах нөхцөл байдал бий болсныг хүсэлт гаргагч ББЗДТХ баримтаар нотлоогүй, тэдгээрийг эрэн сурвалжлах үндэслэл бий болсон эсэх нь тодорхой бус байна.

 

Иймд Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Л нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч ББЗДТХ-ийн Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Л-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаарх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Л мөн болох нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүсэлт гаргагч нь тэдгээрийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд дахин хүсэлт гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/02483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ