| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0002/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/63 |
| Огноо | 2017-04-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Цогтбадрах |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн даргаар Б.Батжаргал, улсын яллагч Б.Цогтбадрах, өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, хохирогч Б.Энхбаяр, хохирогчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг ,гэрч Б.Батбаяр, С.Амарбаяр, шинжээч Д.Тогтох, шүүгдэгч А.Очир, М.Загдзүсэм нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Цогтбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Очир, М.Загдзүсэм нарт холбогдох, эрүүгийн 201721000012 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурч байсан,ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 3-14 тоотод оршин суух, ПЮ98101318 регистрийн дугаартай, Хуурч овогт Магсаржавын Загдзүсэм
2.Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто замын барилгын инженер мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 60 айлын 48 тоотод оршин суух, ПЮ 93100153 регистрийн дугаартай, Завар овогт Адилбишийн Очир
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Загдзүсэм нь А.Очиртой бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Энхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.Очир нь М.Загдзүсэмтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Энхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох
баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Хохирогч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болоод найз нарынхаа хамт Алтайн буйлаастын вип караокед орж сууцгаасан.Бид нар 14 ш пиво аваад дуулж байгаад найз С.Амарбаяр, Мөнхбат нарын хамт 00 ороод байж байтал А.Очир гэх ах орж ирээд бид нар луу ”та нар бацаанууд “ гэх зэргээр хэлээд байхаар нь Мөнхбат “та намайг таньж байна уу? би танай төрөл” гэхэд А.Очир ” чи манай төрлийн бацаан уу” гэхээр нь Мөнхбат “та яагаад байгаа юм бэ“ гээд А.Очиртой маргалдаад А.Очирын толгой руу хальт мөргөхөд А.Очир гарч яваад найзуудаа дагуулаад ороод ирсэн. Баагий ах түрүүлж орж ирээд “ муусайн бацаанууд та нар яагаад байгаа юм бэ” гээд Мөнхбатыг алгадаад авахад нь Мөнхбат Баагий ахыг барьж аваад маргалдаад байхаар нь би салгах гээд зогсож байтал А.Очир ах орж ирээд намайг цохиход хамт явсан найзууд нь орж ирээд салгаад аваад гарсан.Бид нар өрөөндөө ороод цагаа дуусгаад гараад ирэхэд А.Очирын найзууд бүгд гадаа байсан.Бид нарыг гарахаас өмнө манай найз гараад такси аваад хүлээж байсан.Бид нар таксиндаа суугаад Их буян захын машины зогсоол дээр очоод 2 найз охиноо хүлээгээд байж байтал тэд нар араас хүрч ирээд Баяраа нь таксины баруун хойт хаалгыг онгойлгож Амарбаяртай ярилцаад тэр хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйж байтал А.Очир ах ирээд миний баруун талын шанаа руу гараараа цохиход хамт явж байсан М.Загдзүсэм гэх хүүхэд ирээд намайг машинаас татаж буулгаад өвдөглөж унагаагаад намайг газарт уначихсан байхад хөлөөрөө нүүрний зүүн хэсэг рүү өшиглөөд байсан.А.Очир ах бас нүүр лүү өшиглөж байтал хамт явсан Баяраа нь хүрч ирээд “ та хоёр яаж байгаа юм бэ” гээд тэр хоёрыг түлхэж холдуулаад намайг таксинд суулгаж байтал цагдаа ирээд бид нарыг бүгдийг Цагдаагийн газарт авчирсан.... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн БОЭТ-д 2 ширхэг толгойн рентгэн зураг авхуулсан.2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ач заяа эмнэлэг дээр томографын толгойн 1 ширхэг зураг авхуулсан.Ач заяа эмнэлэг дээр авхуулсан зургийг Гэтмэл согог судлалын үндэсний төвийн эмч нар үзээд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шанааны нум яс татуулах хагалгаанд ороод эмнэлэгт 5 хоног хэвтсэн.2017 оны 02 дугаар сарын 10-нд хагалгаа хир хийгдсэн талаар ГССҮТ-д томографын толгойн зураг дахин авхуулаад эмчээр нь уншуулахад хагалгаанд ороод татуулсан хэсгийг хараад хуучин хугаралтай бусад зүйл нь хэвийн эдгэрч байна гэж хэлсэн гэх мэдүүлэг./1-р хх 27-28, 169-р хуудас/
Гэрч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Намайг татаж буулгах гээд гарнаас татаж байснаа Батбаяр наад хэдийгээ бүгдийг буулгаад ир гэхэд М.Загдзүсэм Б.Энхбаярын талын хаалгыг онгойлгоод Б.Энхбаярыг татаж газарт унагахад А.Очир нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөчихөөд машины ар талаар тойроод Б.Батбаярын хажууд очсон.Тухайн үед Б.Энхбаяр газарт хэвтэж байхад М.Загдзүсэм очоод шилэн хүзүүнээс нь татаж босгож байгаад машины урд талд авчирч байгаад хавирч унагаад шилэн хүзүүнээс нь дээш жаахан өргөж байгаад хөлөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд Б.Энхбаяр нүүрээ дараад хэвтэхэд Баяраа гүйж очоод “ та нар яаж байгаа юм бэ” гээд татаж босгоод Б.Энхбаярыг таксины урд талын суудалд суулгасан, Өөр цохиж зодсон асуудал байхгүй гэх мэдүүлэг / 1-р хх-42-р хуудас/
Гэрч Х.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой Б.Энхбаяр над руу залгаад завтай бол караокед хүрээд ир гэхээр нь найз Дариймааг дагуулаад очсон.Бид нар архи пиво уугаад, дуулаад сууж байтал Б.Энхбаяр, Амарбаяр, Мөнхбат нар 00 орохор яваад удаад байхаар нь Дариймаа бид хоёр гараад иртэл Мөнхбат, Амарбаяр, Энхбаяр гурав зогсож байсан. Б.Энхбаяр “миний хацар өвдөөд байна” гэхээр нь 00 руу дагуулж ороод нүүрийг нь шавшиж өгсөн.Тэгээд буцаад өрөөндөө орж ирээд хувцсаа аваад гарахаар явж байтал Б.Энхбаяр нартай маргалдсан хүүхдүүдийн нэг нь доор тооцоо хийгээд зогсож байснаа “ та нар битгий гар, манай найзууд гадаа байгаа, та нар явсных нь дараа гар” гэхээр нь бид нар үүдэнд 15-20 минут хүлээж зогсож байгаад Дариймаа бид хоёр түрүүлж гараад такси авахаар Цэцэг төвийн зүг рүү явсан.Удалгүй араас такси ирж зогсоод Энхбаяр, Мөнхбат, Амарбаяр, Билэгмаа нарыг суулгаад явуулах гэж байтал бид нарын араас А.Очир, М.Загдзүсэм,Баяраа, Батбаяр нар ирээд М.Загдзүсэм нь машины баруун хойт талын хаалгыг онгойлгох гээд байхаар нь Дариймаа бид хоёр дотор талаас нь онгойлгохгүй байтал “ яах гээд байгаа юм бэ, ална шүү” гээд бид хоёр луу гараараа далайгаад цохих гээд байхаар нь бид хоёр зугтаж гараад оюутны дотуур байрны хашааны хаалгаар дотогшоо ороод би Дариймааг харья гэсэн. Дариймаа Б.Энхбаярыг дагуулаад явъя гээд буцаад машины хажууд очиход Б.Энхбаяр машины хажууд уначихсан “миний толгой өвдөөд байна “ гээд газарт хэвтчихсэн хажууд нь хар өнгийн куртиктай М.Загдзүсэм, шар өнгийн куртиктай А.Очир нар байсан.Тэгээд би Дариймааг явъя гээд дагуулаад явсан гэх мэдүүлэг . /1-р хх -43-44-р хуудас/
Гэрч Ж.Амарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2016 оны 12 дугаар сарын 29-ний орой бид нар Их буян захын вип караокед суусан. Бид нар архи пиво уугаад дуулж сууж байгаад Б.Энхбаяр Мөнхбат хоёр 00 орохоор гарсан.Би удалгүй араас гараад бид гурав 00-д бие засчихаад гартал А.Очир гэх ах зогсож байсан.Би хажуугаар нь гарахдаа мөрөөрөө шүргэчихсэн чинь тэр ах “яагаад мөрлөөд байнаа” гэхээр нь би дуугаралгүй зөрөөд өнгөрсөн. Тэгтэл Мөнхбат “Очир юу байна? гэхэд А.Очир“ хэн бэ, чи намайг таньдаг юм уу муу бацаан минь” гэсэн чинь Мөнхбат ам руу нь цохиод цус гаргачихсан. Удалгүй бид нарыг 00-д байж байтал Б.Батбаяр гэх залуу орж ирээд “ та нар яагаад байгаа юм“ гээд алгадаад авахаар нь Мөнхбат Батбаярыг тэврээд авсан.Би 00-ийн хаалган дээр зогсож байтал Загдзүсэм намайг цохиод авсан.Би газар унаад нүүрээ хамгаалаад хэвтэхэд Загдзүсэм миний дээрээс гараараа толгой руу 4 удаа цохиод, хөлөөрөө 2 удаа дэвссэн.Тэгээд Б.Энхбаяр салгаад өрөө рүүгээ оруулчихаад Мөнхбатыг авахаар гарсан.Тэд нарыг ирэхгүй удаад байхаар нь би гарсан чинь Б.Энхбаяр, Мөнхбат хоёрыг хашаад зогсоочихсон наана нь Билэгмаа, Алтанцэцэг хоёр зогсчихсон, Баяраа, М.Загдзүсэм, А.Очир нар зогсоод цохиж байгаа нь сайн харагдахгүй байсан. Тэгтэл М.Загдзүсэм намайг харчихаад “та нар манай найзыг зоддог хэн юм бэ” гээд хүрээд ирэхээр нь би бултаад тэврээд байж байтал караоке ажиллуулдаг ах эгч хоёр ирээд бид нарыг салгаад өрөө өрөө рүү нь оруулсан.Өрөөндөө орж ирчихээд Б.Энхбаяр тонгойгоод суугаад байсан. Б.Энхбаярын зүүн нүдний дээд хэсгээр хөхөрчихсөн байсан.Бид нар үүдэнд 10-20 минут хүлээж байгаад гараад такси бариад Ховд их сургуулийн урд талын зогсоол дээр Билэгмаа, Алтанцэцэг хоёрыг суулгах гээд зогсож байтал Б.Батбаяр Мөнхбатын талаар ирээд буугаад ир гээд гараас татаж байснаа наад хэдийгээ бүгдийг нь буулгаад ир гэхэд М.Загдзүсэм Б.Энхбаярын талын хаалгыг татаж онгойлгоод газарт унахад нь А.Очир нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд машины араар тойроод Б.Батбаярын хажууд очсон.Б.Энхбаяр газарт хэвтэж байхад М.Загдзүсэм очоод шилэн хүзүүнээс нь татаж босгож байгаад машины урд авчраад хавирч унагаад шилэн хүзүүнээс нь дээш жаахан өргөж байгаад хөлөөрөө нүүр лүү нь нэг удаа өшиглөхөд Баяраа гүйж очоод “та нар яаж байгаа юм бэ” гээд Б.Энхбаярыг татаж босгоод машины урд суудалд суулгасан.Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн, Намайг манай ах ирээд гэр лүү авч явсан... 2016 оны 12 дугаар сарын 30-ны өглөө Б.Энхбаяр, С.Мөнхбат бид гурав Түшиг буудалд хоночихоод эмнэлэг орж үзүүлсэн.С.Мөнхбат бид хоёр хүлээгээд сууж байтал Б.Энхбаяр гартаа 2 толгойны зураг барьчихсан гарч ирээд “ эмч миний шанааг цөмөрчихсөн юм шиг байна гэж хэллээ” гэхээр нь бид гурав шууд Цагдаагийн газарт очиж гомдол гаргасан.А.Очир, Батбаяр хоёр бас Цагдаагийн газар дээр ирээд хоорондоо ярилцаж байгаад Б.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэхээр болоод эмнэлэг дээр ирээд Б.Энхбаяр хувцсаа авчирахаар гэр лүүгээ явах хооронд А.Очир, М.Загдзүсэм, Батбаяр нар эмнэлгийн мөнгийг нь өгчихөөд яваад өгсөн. С.Мөнхбат бид хоёр хүлээж байгаад Б.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлчихээд харьсан гэх мэдүүлэг /1-р хх-56-57, 72-р хуудас/
Гэрч Э.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө БОЭТ-д ахлах жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн.Шөнө 01 цагийн үед Б.Энхбаяр гэх 22 настай залуу хүнд зодууллаа гээд 03 дээр ирэхэд нь хүлээн аваад үзлэг хийхэд хамар баруун тийш муруйсан, зүүн хацар яс дотогшоо хонхойсон байдалтай байсан. Тухайн үед толгойн зураг авхуулаад маргааш ирж чих хамар хоолойн эмчид үзүүл гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг /1-р хх 76-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хх-20-21, 241-242-р хуудас/
2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Б.Энхбаярын биед чамархай яс хугарал, зүүн талын шанаа ясны цөмөрсөн хугарал, зүүн талд ухархай ясны доод ханын цөмөрсөн хугарал,зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, толгойн дагзны баруун хэсэгт 1.5х1 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Б.Энхбаярын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
3.Б.Энхбаярын биед үүссэн чамархай ясны хугарал гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д ...гавлын хүхрээ ба суурь ясны хугарал үүнд: гавлын орой / дух зулай яс/ чамархай дагз ба суурь яс / өмнө дунд ар хонхор эрвээхэй яс/ -ны хугарал ,заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Б.Энхбаярын биед үүссэн зүүн талын шанаа ясны цөмөрсөн хугарал зүүн талд ухархай ясны доод ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан / удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1-р хх 82-83-р хуудас/
2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 601 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1.Б.Энхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гавал тархины КТГ-ын зурагт зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн сэлтэрсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн гадна хананысэлтэрсэн хугарал, зүүн гайморын хөндийн гадна ар хананы сэлтэрсэн хугарал, зүүн чамархай хацар , зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн гайморын хөндийн цус хуралт бүхий шинэ гэмтэлтэй байна.
2.Б.Энхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гавал тархины КТГ-ын зурагт зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн сэлтэрсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн гайморын хөндийн гадна ар хананы сэлтэрсэн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал,суурь ясны зүүн их далавч хөхлөг, сэртэн дайрсан шугаман хугарал,тархиын зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрхи нимгэн ялтаслаг цусан хураа,зүүн чамархай, хацар зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний өөхөн эслэгт хий, зүүн гайморын хөндийн цус хуралт бүхий шинэ гэмтэлтэй байна.
3.Б.Энхбаярын 2017.01.02-ны өдөр, 2017.01.10-ны өдөр, 2017.04.21-ний өдрүүдэд авхуулсан гавал тархины КТГ-ын зурган дээр гарсан тархины гэмтлүүд нь хоорондоо тохирч байна.2017 оны 01 сарын 02-ны өдрийн КТГ-г зургийн зүслэгийн зай хол, тоо бага учир гавал ясны зарим гэмтэл зүслэгт ороогүй, эдийн голомтот өөрчлөлт илрээгүй байна.2017.04.21-ний өдрийн гавал тархины КТГ-н зурагт зүүн гайморын хөндийн урд хана, гадна ар хана, зүүн нүдний ухархайн гадна хажуу хана, зүүн хацар ясны нум, суурь ясны зүүн их далавч, хөхлөг сэртэн дайрсан хугарлууд бороолж эдгэрсэн, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй болсон байна.
4.2017.02.10-ны өдрийн гавал тархины КТГ-ын зурагт зүүн нүдний ухархайн гадна хананы хугарал, зүүн хацар ясны хугарал эдгэрч буй байдалтай , суурь ясны зүүн их далавч хөхлөг сэртэн дайрсан хугаралтай хатуу бүрхүүл дээрхицусан хураа шимэгдсэн, зүүн гайморын хөндийн цус шимэгдсэн байна. 2017.04.21-ний өдрийн гавал тархины КТГ-н зурагт зүүн гайморын хөндийн урд хана гадна ар хана , зүүн нүдний ухархайн гадна хажуу хана зүүн хацар ясны нум, суурь ясны зүүн их далавч хөхлөг сэртэн дайрсан хугаралууд бороолж эдгэрсэн, эдэд өөрчлөлтгүй байна.
5.Б.Энхбаярын 2017.01.02,2017.01.10,2017.04.21-ний өдрийн 5 ширхэг гавал тархины КТГ-ын зурагнууд дээрхи гэмтлүүд нь хоорондоо хугарлын онцлог шинж чанар, байршил зүйгээрээ тохирч байна,зарим зурагны зүслэгийн зай хол, тоо бага учир гавал ясны гэмтэл зүслэгт ороогүй, эдийн голомтот өөрчлөлт илрээгүй байх ба гэмтэл авснаас хойш 3 сарын дараа дахин КТГ-ын шинжилгээ хийгдсэн байх тул хугаралууд бороолж цус хуралтууд шимэгдэж арилсан байна.
6. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын Дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч С.Чулуунсүхээр 2017.02.10-ны 1 ширхэг КТГ-ын зургийг давтан уншуулахад зүүн нүдний ухархайн гадна хананы хугаралтай, зүүн хацар ясны хугарал эдгэрч буй байдалтай , суурь ясны зүүн их далавч хөхлөг сэртэн дайрсан хугаралтай, эпидураль цус хуралт шимэгдсэн, зүүн гайморын хөндийн цус шимэгдсэн бусад гэмтлийн зүслэгүүд байхгүй байна.Гавал тархины КТГ-ын зурагнууд хоорондоо ялгаатай уншигдах нь тухайн КТГ-ын зурагны чанар зүслэг хоорондын зай,зүслэгийн тоо, тухайн зургийг уншиж буй эмчийн ур чадвараас хамаарч харилцан адилгүй байж болно.
7. Б.Энхбаярын биед тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд суурь ясны зүүн их далавч хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрхи нимгэн ялтаслаг цусан хураа ,зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн чамархай, хацар зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний өөхөн эслэгт хий, зүүн гайморын хөндийн цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг хэсгийн цус хуралт, дагзны хуйхны баруун хэсгийн зулгаралт гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь хохирогч Б.Энхбаярын эмчид үзүүлсэн , эмчилгээ хийлгэсэн цаг хугацаатай тохирч байна.
8. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгйин гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-т заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
9.Шинжээч эмч Д.Тогтохын 2017.01.03-ны өдрийн 13 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна гэх дүгнэлт / 1-р хх-219-223-р хуудас/
Шүүгдэгч М.Загдзүсэм шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой Б.Хосбаяр, Б.Бат-Орших нар PS тоглоё гээд дуудсан. Бид нар караоке орсон. Тухайн үе А.Очир ах Б.Энхбаяртай маргалдсан, 00-ийн өрөөнөөс гарч ирээд Ж.Амарбаяртай маргалдаад байсан.Гэрч К.үнэнчимэг, Б.Бат-Орших нарын мэдүүлэг тухайн үед шат руу нэг жижиг биетэй хүн унасан гэсэн байдаг. Харин Б.Энхбаяр шат руу унаснаа хүлээн зөвшөөрдөггүй, Б.Бат-Орших Б.Энхбаярыг өшиглөж шат руу унагаснаа зөвшөөрдөг. Б.Энхбаярыг унаж байхыг караокены эзэн болон үйлчлэгч харсан байдаг.Тухайн үед шатны унасан хүний Б.Энхбаярыг байх гэж бодож байна. Цогтбадрах, Б.Бат-Орших бид хэд явж байхад хойно орилоод байхаар нь буцаж ирсэн. Ховд их сургуулийн оюутны байрны зогсоол дээр таксинд Б.Энхбаяр, Ж.Амарбаяр, С.Мөнхбат нарын хүмүүс байсан.Б.Батбаяр ах наад хүмүүсээ бүгдийг буулгаад ир гэсэн. Би эхлээд машины зүүн талын хаалгаар очоод С.Мөнхбаттай ярилцсан.Дахиад нөгөө талын хаалгаар очиход Б.Батбаяр надтай зөрөөд зүүн тал руу, би баруун тал руу очиж машинаас Б.Энхбаярыг татаж буулгасан. Тэгтэл надтай хамт явж байсан Б.Хосбаяр төмөр боржур дээр бүдрээд унаж байхаар нь би очиж татаж босгосон. Тэгтэл Б.Батбаяр ах бид хоёрыг явж бай гэхээр нь бид хоёр Ховд их сургуулийн нарийн гудамжаар явж байтал цаанаас цагдаа нар ирж байсан. Миний бодлоор Б.Энхбаяр караоке дотор хүнд гэмтэл авсан байх магадлалтай.Гэрч Х.Номин-Эрдэнэ Б.Энхбаярыг толгойгоо бариад доошоо хараад сууж байхаар нь 00 руу дагуулж ороод нүүрийг нь усаар шавшиж өгсөн гэсэн байдаг. Асуухад нь толгой өвдөөд байна гэж хэлсэн гэсэн. Миний хувьд Б.Энхбаярыг өшиглөсөн асуудал байхгүй. Би Б.Энхбаярт хохирол төлсөн гэв.
Шүүгдэгч А.Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой найзуудтайгаа караокед сууж байгаад гарч 00 ороод гараа угааж байтал С.Мөнхбат гэх залуу “та манай хамаатан “гэсэн.Би чамайг танихгүй юм байна гэхэд намайг 2 удаа мөргөсөн бөгөөд тухайн үед ухаангүй болсон байсан.00-оос гарч ирэхэд Б.Бат-Орших өрөөнд оруулж өгсөн. Буцаад өрөөнөөс гараад Б.Энхбаяртай барьцалдаад байхад дахиад өрөөнд оруулсан. Караокед ямар зодоон болсон талаар би мэдэхгүй. Ховд их сургуулийн автобусны буудал дээр бид нарыг нэг нь ална гэж орилсон. Би намайг мөргөсөн С.Мөнхбаттай уулзахаар очоод машины зүүн талын хаалгаар нь очоод буугаач гэхэд буугаагүй. Тэгэхээр нь би машины баруун талын хаалгаар тойрч очиход Б.Энхбаяр голд нь сууж байсан. Тухайн үед Б.Энхбаяр цагдаагийн газар очоод ямар ч гомдол саналгүй гээд гарч явсан. Би Б.Энхбаярын мэдүүлэгт эргэлзэж байна.Би таксины зогсоол дээр Б.Энхбаярыг зодсон цохисон асуудал байхгүй. Бааранд С.Мөнхбат намайг 2 удаа мөргөж унагасан. Би плита дээр савж унаад ухаан алдсан гэв.
Хохирогч Б.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болоод би найзуудтайгаа караокед суусан. Ж.Амарбаяр, С.Мөнхбат бид гурав бие засахаар 00 орсон. Намайг бие засаж байхад А.Очир орж ирсэн. А.Очир “ муусайн бацаанууд “гэхэд С.Мөнхбат “ би танай төрлийн хүн байна, таньж байна уу?” гэж байсан. Намайг 00-оос гарч ирэхэд А.Очир байхгүй байсан.Удалгүй Б.Батбаяр ах орж ирээд С.Мөнхбатыг ташаад авсан.Тэгээд зогсож байтал А.Очир, Д.Идэрбаяр хоёр орж ирсэн. М.Загдзүсэм 00-ийн үүдэн дээр зогсож байсан бөгөөд Ж.Амарбаярыг гарад иртэл заамдалцаад авсан. Тэр хоёр цаашаа коридор луу явсан. Тэгтэл А.Очир орж ирээд намайг ташаад авахад Д.Идэрбаяр салгасан. Доороос хүмүүс гарч ирж бид нарыг салгасан. Коридорт Ж.Амарбаяр хэвтэж байхаар нь би Ж.Амарбаярыг татаж босгох хооронд А.Очир миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би бөгсөөрөө суусны ард Б.Бат-Орших намайг татаж босгоод зүгээр үү гэхээр нь зүгээр найзуудаа аваад яваарай гэж хэлсэн. Тэр цохилтоос болоод миний яс хугараагүй харин хөхөрсөн байсан. Би шат руу унаагүй. Тэгээд бид нар доошоо буугаад тооцоо хийж байтал Д.Идэрбаяр “ манай найзууд яваагүй байна, та нар хүлээж байгаад гараарай” гэхээр нь түр хүлээсэн. Гарч ирээд такси аваад багтахгүй болохоор нь Ж.Амарбаяр, С.Мөнхбат, И.Билэгмаа, Н.Алтанцэцэг бид хэд таксинд суусан. Х.Номин-Эрдэнэ, Дариймаа хоёр үлдсэн. Таксинд суугаад явах гэж байхад Ж.Амарбаяр Д.Идэрбаярыг “дараа уулзанаа” гэж хэлсэн. Ховд их сургуулийн таксины зогсоол дээр байж байтал араас Б.Батбаяр, А.Очир, М.Загдзүсэм, Д.Идэрбаяр нар ирсэн. Д.Идэрбаяр миний талын хаалгаар ирээд Ж.Амарбаяртай чи дараа уулзаж яах гэж байгаа юм бэ гэж ярилцсан. Ж.Амарбаяр “уучлаарай “ гэж хэлээд учраа ололцсон.Машины нөгөө талын хаалгаар Б.Батбаяр ирээд С.Мөнхбатыг татаж гаргах гэтэл өвөр дээр нь сууж байсан И.Билэгмаа гаргахгүй байсан. Тэгтэл удалгүй миний талын хаалгыг онгойлгож М.Загдзүсэм намайг татаж гаргаж ирээд өвдөглөөд унагаасан. Би дөрвөн хөллөөд босож чадахгүй байж байтал миний урд талд зогсож байсан А.Очир миний зүүн шанаа руу өшиглөчихөөд цааш эргэсэн. Би уначихаад дахиад босох гэтэл М.Загдзүсэм машины урд талын гэрэл дээр аваачиж байгаад миний зүүн шанаа руу нэг удаа өшиглөхөд Д.Идэрбаяр ирж салгасан.тэгээд намайг жолооч талын урд талын суудалд суулгасан.Тэр үед урд сууж байсан Н.Алтанцэцэг буусан. Удалгүй эргүүлийн цагдаа нар ирж бад нар цагдаагийн газарт очсон. Дараа нь миний хамарнаас цус гараад байсан учраас Н.Алтанцэцэг, И.Билэгмаа, С.Мөнхбат, Ж.Амарбаяр бид 5 эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд хамраа цэвэрлүүлж чихээс хийлгэсэн бөгөөд эмч намайг чиний хацар хонхойсон байна, рентгэн зураг авхуулах шаардлагатай гэсэн. Тэгээд ийм царайтай яаж гэртээ очих вэ гээд Ж.Амарбаяр, С.Мөнхбат, бид гурав буудалд орж хоносон. Маргааш нь эмнэлэг дээр очиж рентгэн зураг авхуулаад шанааны яс цөмрөлттэй байгааг анх мэдсэн. Цагдаагийн газар дээр байхад Ж.Амарбаяр, С.Мөнхбат хоёр Д.Идэрбаяртай холбоо барьж байсан. Тэгээд Д.Идэрбаяр ирээд гомдлоо авчих учир зүйгээ ольё гэсэн. Би мэдүүлэг өгчихөөд гараад иртэл А.Очир ах ирчихсэн байсан бөгөөд учир зүйгээ олоод салъя гээд би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед баяр болох гээд томографийн зураг авахгүй байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ач заяа эмнэлэг дээр компюьтер томографийн зураг авхуулсан.Уг зургаар шанааны ясны хугарал гарсан. Тэгээд би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Цагдаагийн агзар очиж гомдолтой гэж мэдүүлэг өгсөн. Гэмтлийн тасгийн их эмч Цэрэнбадам зүүн нүдний ухархайн яс зөрсөн байгаа учраас яаралтай эмчлүүлэхгүй бол нүдний хальс унагачих юм бол нүдний хараа муудна гэж хэлээд яаралтай яв гээд Гэмтэл согог судлалын төв эмнэлэг рүү бичиг хийж өгсөн.2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гарч 07-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ГССҮТ дээр очиж шанааны нум татуулах мэс засалд орсон. Тус төвд 5 хоног эмчлүүлээд дахин 1 сарын дараа очиж зураг авхуулсан. Тухайн үед таксины зогсоол дээр А.Очир анх намайг өшиглөсөн.Таксины зогсоол дээр байхад миний хамарнаас цус гарч эхэлсэн. Би хүнд гэмтлийг таксины зогсоол дээр зодуулахдаа авсан. А.Очир, М.Загдзүсэм нар надад хохирол төлсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.
Гэрч Б.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “...М.Загдзүсэм,А.Очир хоёр Б.Энхбаярыг өшиглөхийг хараагүй. Машины нөгөө талаар тойроод очиход Б.Энхбаярыг Д.Идэрбаяр босгоод хувцасных нь шороог гөвж байсан. Тухайн үед М.Загдзүсэм нарийн гудамжаар гүйж байсан...” гэв.
Гэрч Ж.Амарбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “...бааран дотор байхад Б.Энхбаярын зүүн нүд хөхөрсөн байсан. Хэн цохисныг хараагүй. Машины зогсоол дээр би машины арын суудалд сууж байсан. Б.Энхбаярыг А.Очир нэг удаа, М.Загдзүсэм нэг удаа өшиглөсөн ...” гэв.
Шүүх хуралдаанд шинжээч эмч мэдүүлэхдээ: Шанаа яс нэг удаагийн үйлчлэлээр цөмөрч болно. Гэхдээ гадны хүчний үйлчлэлээс нөлөөлж байгаа. Чамархайн ясны хугарал зэрэг олон гэмтэл байгаа. Эдгээр гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш үйлчлэлээр үүсэх боломжтой...”гэв.
Шүүгдэгч М.Загдзүсэмийн өмгөөлөгч Ж.Энхжаргал: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу эргэлзээгүй талаас нь үнэлж өгнө үү. М.Загдзүсэмийн хувьд гэм буруугүй гэж миний хувьд үзэж байна. Бүлэглэсэн үйлдэл батлагдан тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Очирын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч нарыг бүлэглэсэн гэж үзэж байгаа бол хэн гүйцэтгэгч, хэн хамжигч вэ гэдгийг тогтоох ёстой. Үүнийг шалгаж тогтоогоогүй. Иймд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч нар нь бүлэглэж зодоогүй, Б.Энхбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй гэж байгаа боловч энэ нь:
Гэрч Д.Идэрбаярын “ М.Загдзүсэм оюутны байрны дээд талын гудамжнаас гарч ирээд машины хажууд ирчихсэн зогсож байсан. Б.Энхбаяр машины хажууд уначихсан хажуу талаараа хэвтэж байсан.Би босгоход надад юм хэлээгүй. Дараа нь цагдаагийн гадаа танай найзууд намайг зодлоо чамайг бодоод зүгээр өнгөрлөө гэж хэлээд явсан..” 31х/гэх,
Гэрч Б.Батбаярын “...М.Загдзүсэм ирчихсэн машины цаад талын буюу баруун талын хаалгаар Б.Энхбаярыг буугаад ир гэж хэлж байсан би машины араар тойрч очиход Б.Энхбаяр хажуу талаараа уначихсан хувцас нь шороо болчихсон Идэрбаяр татаж босгож байсан.Юу болсон талаар асуухад танай найз нар цохичихлоо гэж хэлсэн тэр үед М.Загдзүсэм цааш эргээд нарийн гудмаар гүйж байсан...” гэх34х,
Гэрч С.Мөнхбатын “...Б.Энхбаярыг М.Загдзүсэм татаж буулгаад газар унагаагаад өшиглөж байсан. А.Очир бас өшиглөж байсан хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй.Өшиглөж байхад Баяраа ирж Б.Энхбаярыг татаж босгосон...” гэх /1хх-40х/,
Гэрч Ж.Амарбаярын “...М.Загдзүсэм Б.Энхбаярын талын хаалга онгойлгоод түүнийг татаж газар унагахад А.Очир нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд машины араар тойроод Батбаярын хажууд очсон. Б.Энхбаяр газар хэвтэж байхад М.Загдзүсэм ирээд шилэн хүзүүнээс нь татаж босгож байгаад нүүр хэсэг рүү нь өшиглөхөд Б.Энхбаяр газар унахад Баяраа гүйж очоод машинд суулгасан..” гэх /1хх-57х//1хх-43,2хх-40х/, Х.Номин-Эрдэнэ /1хх-33,2хх-39х/ Б.Батбаяр /2хх-75х/ И.Билэгмаа, С.Мөнхбат /1хх-42х/, Н.Алтанцэцэг, хохирогч Б.Энхбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн 13, 601 дугаартай дүгнэлт, шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-41,45х/ , гэрч Ж.Амарбаярын мэдүүлгийг шалгасан тэмдэглэл /хх 20-21, 241-242х/,бичгийн бусад баримтаар үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “ Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэжээ. Шүүгдэгч А.Очир нь анх хэрэг учрал гарсан баарны ОО-ын өрөөнд бусадтай маргалдаж улмаас зодоон гарч хохирогч Б.Энхбаяр шанаан тус газраа цохиулсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба улмаар таксинд суусан хүмүүсийг явуулахгүй өдөөн хатгаж, хүчээр татан буулгаж шууд санаатайгаар бүлэглэн зодож хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь үргэлжилсэн буюу 2 ба түүнээс дээш удаагийн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын үйлдлийн улмаас үүссэн шинэ гэмтэл байх бөгөөд үйл явдал хохирогчид учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Загдзүсэмийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас хохирогч Б.Энхбаярыг өшиглөсөн гэх үйлдлийг сэргээн дүрслэх талаар туршилт хийлгэх хүсэлтийн дагуу туршилтын ажиллагаа явуулсан боловч хэрэг учрал гарах үеийн үйл баримтыг сэргээн тогтоох боломжгүй байсан тул туршилтын ажиллагаанд ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Загдзүсэм,А.Очир нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-132-133/, хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.Энхбаярын “одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Загдзүсэмийн хувийн байдлын талаар гэрч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: М.Загдзүсэм нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлээд 2016 онд 1-р дунд сургуулийг төгсөөд Шинжлэх ухаан технологийн сургуулийн 1 дүгээр курсэд сурч байхад нь Герман улсад тэтгэлэгтэй суралцах санал ирээд хэлний бэлтгэлд хамрагдаад сүүлчийн шалгалтаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгөхөөр болоод Ховд аймагт өвөөтэйгөө уулзах гээд 10 хоног ирээд байж байх хугацаандаа хэрэгт холбогдсон. М.Загдзүсэм нь зорилго тэмүүлэлтэй,даруу төлөв зантай, ээж дүү нартай маш тусархуу,үндэсний бөх, сагсан бөмбөгөөр хичээллэдэг хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /1-р хх-79/
Шүүгдэгч М.Загдзүсэм нь 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 19 настай болох нь иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Очирын хувийн байдлын талаар гэрч Ч.Мөнхцоож мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: А.Очир нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд 2011 онд 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийг төгсөж, 2015 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн технологи инженер мэргэжлээр төгссөн. Одоо Ховд аймагт эхийн хамт амьдардаг. А.Очир нь хүний үгэнд оромтгой, илүү дутуу зангүй, даруу төлөв зантай, ээж эгч нартаа тусархуу, архи хэрэглэж байхыг нь би хараагүй гэх мэдүүлэг /1-р хх 80-р хуудас/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Дээрх гэмт хэрэг нь согтуурсан үеийн зүй бус харьцаанаас үүдэж хүн, хүнээ үл хүндэтгэсэн бүдүүлэг харьцаа, уламжлагдан ирсэн ах дүүгийн зан заншлыг үл тоомсорлосон, харьцааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөөс шалтгаалсан гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч М.Загдзүсэм, А.Очир нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч А.Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах, шүүгдэгч М.Загдзүсэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 21 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгаж оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн рентгэн зураг 7 ширхэг, Б.Энхбаярын амбулториор эмчлүүлэгчдийн карт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн компьютер томографийн хариу бүхий цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Энхбаярт буцаан олгох, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хуурч овогт Магсаржавын Загдзүсэм, Завар овогт Адилбишийн Очир нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хуурч овогт Магсаржавын Загдзүсэмд 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан нийт эдлэх ялыг 02 жил 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Завар овогт Адилбишийн Очирыг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Загдзүсэмд оногдуулсан 02 жил 06 сар, шүүгдэгч А.Очирт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримт хураагдаж ирсэн рентгэн зураг 7 ширхэг, хохирогч Б.Энхбаярын амбулториор эмчлүүлэгчдийн карт, гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн компьютер томографийн хариу бүхий цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Энхбаярт буцаан олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Загдзүсэм, А.Очир нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form