| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2218001580256 |
| Дугаар | 2024/ДШМ/43 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 24.6.1., 24.6.2.3., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/43
Г.Ууганбаяр, К.Марина, “Буянт Царам” ХХК
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор К.Нанжинханд
Шүүгдэгч Г.Ууганбаяр, К.Марина, тэдгээрийн өмгөөлөгч А.Золжаргал /цахим/, Л.Цуурай
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Золжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч Г.Ууганбаяр, К.Марина нарт холбогдох 2218001580256 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч хуулийн этгээд:
Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан шийдвэрийн огноо, дугаар: 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай компанийн дүрмийн дагуу үүсгэн байгуулагдсан, Гэрчилгээ, регистрийн дугаар: 3737829 регистр дугаартай, 1311006002 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай,
Төрөл: Компани,
Үйл ажиллагааны чиглэл: жимс, жимсгэнэ тариалах, ойн нөхөн сэргээлт, арчлах хамгаалах, гадаад дотоод худалдаа,
/0000719 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчдын 1 дүгээр баг Өвөр гахайт гэх газарт 9002 га талбай бүхий ойн санг эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10 жилийн хугацаагаар олгосон,
2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр СЭА0016293 дугаартай ойд арчилгаа цэвэрлэгээ хийх эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 жилийн хугацаагаар сунгасан/
Албан ёсны хаяг: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангай 178 тоот
Үйл ажиллагаа явуулж байгаа байршил: Сэлэнгэ аймгийн Мандал сум Хуулийн этгээдийн оноосон нэр: “ Буянт Царам” хязгаарлагдмал хариуцлагатай компани, /хууль ёсны төлөөлөгч Кулпара Марина/
2. Шүүгдэгч
Монгол улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, тоотод оршин суух хаягтай,
Урьд: Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 346 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Ууганбаярыг цагаатгаж шийдвэрлэсэн,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,
- Шүүгдэгч хуулийн этгээд 3737829 регистрийн дугаартай “ Буянт Царам” ХХК нь 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадат уул” гэх газарт 387.12 м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй буюу хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт,
- Шүүгдэгч К.Марина нь “ Буянт Царам” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 Дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадат уул” гэх газарт 387.12 м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгүүлсэн буюу хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Г.Ууганбаяр нь “Эрүүгийн 221800158 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Д.Баасандорж, Ц.Эрдэнэбат, Б.Ганбат нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Г.Ууганбаяр, К.Марина, “Буянт Царам” ХХК нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3, 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч хуулийн этгээд “ Буянт царам” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Наямаан овогт Кулпарагийн Маринаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрчид хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ Буянт царам” ХХК, Наямаан овогт Кулпарагийн Марина, Боржигон овогт Ганболдын Ууганбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч К.Маринад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Ууганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ Буянт царам” ХХК-д 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000/хорин сая/төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ Буянт царам” ХХК-ийн “ойн санг гэрээгээр эзэмших, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” эрхийг 2 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч хуулийн этгээд Буянт царам” ХХК, шүүгдэгч К.Марина нараас нийт 1,174,397,365 /нэг тэрбум нэг зуун далан дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга гурван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, 1,157,807,465 /нэг тэрбум нэг зуун тавин долоон сая найман зуун долоон мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сан /Төрийн сан 100900013040 тоот данс/-д, 16,589,900 /арван зургаан сая таван зуун наян есөн мянга есөн зуу/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын нөөц сан /Төрийн сан 100190255403 тоот данс/-д тус тус төлүүлж,
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай, Г.Болдбаярын өмчлөлийн улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэ болон Т-55 маркийн гинжит тракторын үнэ болох нийт 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгийг шүүгдэгч хуулийн этгээд “Буянт царам” ХХК-иас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сан /Төрийн сан 100900013040 тоот данс/-д оруулж,
шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дансны хуулга бүхий 4 ширхэг си ди, бичлэг бүхий 1 ширхэг флаш диск, нууц ажиллагааны бичлэг бүхий 1 ширхэг си ди, нууц ажиллагааны материал 1 хавтас зэргийг уг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, хэрэгт хураасан Б.Ганбатын өмчлөлийн 56-09 СБА улсын дугаартай, Ц.Эрдэнэбатын өмчлөлийн 37-31 УАХ улсын дугаартай, Г.Болдбаярын өмчлөлийн 49-08 ТӨХ улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслүүд болон Т-55 маркийн гинжит тракторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өмчлөгч нарт буцаан олгож Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 110 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай" зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч хуулийн этгээд “ Буянт царам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч К.Маринад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдолдоо:
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол гэмт хэрэг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж тус тус заасан байхад Ц.Эрдэнэбат, Б.Ганбат, Т.Адъяадорж, Д.Баасандорж нарын үйлдлийг шалгалгүй орхигдуулсан.
Энэ талаар анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих бүрэн шалгаж тогтоох, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-д заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зөрчлүүдийг арилгах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны дагуу хийж гүйцэтгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад байцаалтад буцаах шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгөх санал, хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Шүүхээс хэт нэг талыг барьж зөвхөн миний үйлчлүүлэгч К.Маринаг Эрүүгийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:
Шинжилгээ хийлгэх ажиллагаа болон шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг тогтоолгох мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хэргийн оролцогч “ Буянт царам” ХХК, Г.Ууганбаяр, К.Марина нарт танилцуулаагүй /1 дүгээр хавтаст хэргийн 171 хуудас/ байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна” гэж заасныг зөрчиж, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг хангаагүй байна.
2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д “Шинжилгээний объектын талаарх мэдээлэл", мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Тодруулбал, Шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол буюу шийдвэрт шинжээчийн мэдэлд зөвхөн Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан модны хожуулын мэдээллийг хүргүүлсэн байдаг бөгөөд харин эд мөрийн баримтаар хураагдсан 488ш модыг шинжээчийн мэдэлд шилжүүлээгүй байна.
Гэтэл 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Эд мөрийн баримтаар хураагдсан Шарын гол сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн гадна байрлуулсан мод, модон бүтээгдэхүүнд хэмжилт тооллогыг хийж дүгнэлт гаргалаа” гэсэн байна. /1 хавтаст хэргийн 176 хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь "шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтлан гэсэн байдаг.
Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргах ажиллагаанд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг авч хэрэгт хавсаргаагүй, мөн зүйлийн хэсэгт зааснаар Шинжилгээ хийх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг ёстой атал Шинжээчид худал дүгнэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулаагүй /1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал/ байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Шинжилгээ хийх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, шинжилгээ хийлгэх талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг ноцтой зөрчсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.1.6, 18.1.7-д заасан шаардлагыг хангаагүй байх тул 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцох боломжгүй юм.
Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хууль зөрчиж цуглуулсан талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан байдаг.
Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 86-111 тал, 195-198 талд авагдсан 488 ш гуалинг ойгоос Шарын гол сум руу тээвэрлэсэн зардлын талаарх баримтууд нь бүгд эх хувиараа биш хуулбар бөгөөд хэрэв эх хувиар нь авах боломжгүй бол мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах журмыг мөрдөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй юм.
Үзлэг хийх ажиллагааны зөрчлийн талаар:
Эрүүгийн 2218001580256 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хийсэн байдаг бөгөөд үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн тэмдэглэлд тусгагдсан огноо нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр буюу Хэргийн газарт үзлэг хийхээс 5 хоногийн өмнө авсан зураг болж таарч байна. Үүнээс үзэхэд хэргийн газарт хэзээ үзлэг хийсэн нь ойлгомжгүй бөгөөд уг үзлэгийн явцыг хуульд заасан журмын дагуу дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлж аваагүй учир нотлох баримтад тооцох боломжгүй байна.
Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээрх хэрэгт авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх талаар хүсэлт гаргасан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үүнийг хэрхэн үгүйсгэсэн, няцаасан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Гэмт хэргийг гардан үйлдсэн Д.Баасандорж, Ц.Эрдэнэбат, Б.Ганбат, Т.Адъяадорж, Ч.Ариунбаяр, Ж.Отгонбаатар, Э.Цог-Эрдэнэ, Л.Гантулга, Л.Ганхуяг нарыг гэрчээр байцааж, энэ хууль бус баримтуудаар миний үйлчлүүлэгч нарыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлийг тайлбарласан 2023 оны 16 дугаартай тогтоолын 1.1-д “Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ...зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох мэдүүлэг ажиллагааг явуулна”, 3-д “Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан", мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан "эргэлзэх үндэслэл"-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн байна.
Гэтэл энэхүү хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг нь хууль зөрчиж цуглуулсан баримтууд болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон байхад эдгээр баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож миний үйлчлүүлэгч “Буянт царам” ХХК, ”К.Марина нарыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг.
Гэвч анхан шатны шүүхээс эрүүгийн 2218001580256 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогчийн эрхийг зөрчсөн, нотлох баримт цуглуулах эдлэх ажиллагааг холбогдох хууль журмын дагуу явуулаагүй зөрчил байсаар байтал хэт нэг талыг барьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч “Буянт царам” ХХК-нд холбогдох Эрүүгийн хуулийн 24.6 зүйлийн 3 дахь хэсэгт заасан, шүүгдэгч К.Маринад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Золжаргал тайлбартаа:
... Миний үйлчлүүлэгч К.Маринаг “Буянт Царам” ХХК-н захирлаар ажиллаж байхдаа хууль бусаар бусдаар мод бэлтгэсэн хэрэгт ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.” гэж заасан. К.Маринагийн хувьд мод бэлтгэсэн Баасандорж, Эрдэнэбат, Ганбат, Адъяадорж, Ариунбаяр, Отгонбаяр, Цог-Эрдэнэ, Гантулга, Ганхуяг эдгээр хүмүүстэй уулзаж хаанаас хэрхэн мод бэлтгэх талаар зааж зөвлөсөн, уулзаж урьдчилан тохирсон нөхцөл байдал байхгүй. К.Марина нь бензин шатахуун, тос шилжүүлсэн байдаг. Тэрнээс хаанаас мод бэлтгэх талаар зааж чиглүүлээгүй. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн “Буянт царам” ХХК-г буруутгасан нь буруу гэж үзэж байна. Модыг бэлтгэхээр явсан жолооч нарын хувьд зөвхөн мод бэлтгэлтэй холбоотой биш өмнө нь дараа нь ч компаниас зээлээр шатахуун тос аваад модонд явдаг байсан. Байнгын харилцаатай хүмүүс байсан. Мод бэлтгэх үйлдэл хууль ёсны байсан уу, зөвшөөрөл өгсөн үү, үгүй юу гэдэг дээр анхаарч үзнэ үү хэмээн анхан шатны шүүхэд санал гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Эрдэнэбат, Ганбат, Адъяадорж нарын хувьд Хонгор сумаас мод бэлтгэж байгаа нь хууль бус гэдгийг ухамсарлаж ойлгож байсан гэдэг нь гэрчээр өгсөн мэдүүлгээр харагддаг. Мод бэлтгэхээр явж байх замд машины мөр гарсан, өөр машин явж байгааг харсан энэ нөхцөл байдлаас харахад өөрсдийнх нь үйлдэл хууль бус гэдгийг ойлгож байсан хүсэж үйлдсэн. Эдгээр хүмүүс мод бэлтгэж компанид зараад ашиг олох зорилгоор өөрсдийнхөө ахуйн хэрэгцээнд зориулж модыг бэлтгэсэн байхад эдгээр хүмүүсийг шалгаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Хэрэгт хохирол төлбөр тооцсон шинжилгээ хийх ажиллагааг хууль бус гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжилгээг тусгай мэдлэг бүхий шинжээч хийнэ гэж заасан. Тусгай мэдлэг бүхий шинжээч хийсэн үү, үгүй юу. Хэрэгт 20 дугаартай шинжээчийн дүгнэлт байдаг. Шүүх шинжилгээний тухай хуульд нийцүүлж дүгнэлт гаргасан уу. Шүүх шинжилгээний тухай хуульд “шүүх шинжилгээний байгууллагаас гадуур байгууллагаар шинжилгээ хийлгэх тохиолдолд мөн хуулийн 10.2-т заасан шинжээчийн байгууллага, тусгай мэдлэг чадварыг нотолсон баримтыг хэрэгт хавсаргана” гэж заасан. Хэрэгт ийм зүйл байхгүй. Тэмдэглэлээс нь харахад Булган гээд шинжээч байгаль орчны менежмент гэх мэргэжилтэй хүн байгаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийг төгссөн хүн. Хөдөө аж ахуйн их сургуулийг Агро экологийн сургууль төгссөн ойн инженер хүн дүгнэлт гаргах ёстой. Байгаль орчны менежмент гэвэл эдийн засгийнхаа сургуулийг төгссөн эдийн засагч хүн дүгнэлт гаргаж байгааг тусгай мэдлэгтэй хүн гэж үзэхгүй. Шинжээчийн дүгнэлтийн хувьд Шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан агуулгад дараах зүйл тусгана гэж заасан. Шинжилгээний явц, үр дүн тэмдэглэнэ гэсэн боловч энэ нөхцөл байдал байхгүй. Тэгэхээр энэ мод амьдрах чадвартай мод байсан эсэх, яг ямар мод байсан, хэдэн хувийн чийгшилтэй байсан, өвчлөлтэй байсан уу, тухайн газар нутгийн түймэрт өртөж байсан эсэхийг нарийвчлан тогтоох. Энэ явцыг шинжээчийн дүгнэлтэд тусгах ёстой MNS2724701978, MNS23792010 гэсэн стандартууд байдаг. Энэ стандартын дагуу багаж хэрэгсэл ашиглаж Шүүх шинжилгээний хүрээлэн дээр энэ дүгнэлтийг гаргадаг. Гэтэл шинжээч нь тусгай мэдлэг байхгүй. Хоёрдугаарт энэ стандартыг бариагүй. Багаж хэрэгсэл байхгүй дүгнэлт гаргасан. Хохирол тогтоосон модон дээр дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг хууль ёсных биш гэж үзэж байгаа. Мөн өмнөх хурал дээр нотлох баримтаар хасуулах хүсэлтээ ч хэлж байсан. Шинжилгээ хийх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй. Эдгээр хүмүүстэй холбоотой асуудлыг шийдэхэд К.Марина, “Буянт царам” ХХК-нд шинжилгээ хийх явцыг танилцуулах ёстой. Энэ хэрэгт хохирол төлбөрийн асуудал гарвал, шинжилгээ хийх байгууллага нь хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт гаргахад чадвартай эсэхэд ямар нэгэн санал хүсэлт аваагүй. Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар тооцохгүй гэж үзэж байгаа. Хэрэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд байдаг. Энэ нь бас нотлох баримтын шаардлага хангахгүй. Хэрэгт гэрчээр оролцсон Баасандорж, Адъяадорж, Ариунбаяр, Отгонбаяр, Гантулга, Ганхуяг нарын мэдүүлгүүд үг үсгийн зөрүүгүй бүгд ижил байгаа. Улсын дээд шүүхийн тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5-г тайлбарласан байгаа. Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг нотлохын тулд хэргийн бусад оролцогчийн садан төрөл, найз нөхөд, нүдний хараа сонсгол гэх мэт энэ байдлуудыг харгалзаж үзнэ гэж заасан. Гэтэл энэ хүмүүс янз бүрийн насны, янз бүрийн мэдлэг боловсролтой хүмүүс. Энэ мэдүүлгүүдийг үнэн зөв гэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна. Яг адилхан хуулаад тавьчихсан юм шиг зөвхөн гарын үсэг нь өөр. Эдгээр хүмүүсийг сэжиглэх илт үндэслэл байна. Гэрчийн мэдүүлэг авсан нь буруу, хууль зөрчсөн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд 2023 оны 11 сард шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад журмын хашаанаас гаргаад явуулсан. Энэ машин одоо байхгүй. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийг нотлох баримт хуурамчаар үйлдэх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн талаарх хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан. Энэ талаар шалгаж байгаа. Хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг гарсан байдлыг хөтөлбөргүй тогтоох нь хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурорын үүрэг. Энэ хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Бодитой нөхцөл байдлыг тогтоож, шударгаар эрүүгийн хариуцлага оногдуулах талаар шийдэж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн хүн нь ял завшаад яваад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийн бодит байдлыг тогтоож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд зөндөө байна. Эдгээр зөрчлүүдийг засаж нотлох баримтыг хууль ёсны дагуу цуглуулж энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг маань хүлээж аваагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд миний үйлчлүүлэгчийг хууль бус баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. 106 дугаартай шийтгэх тогтоолоор К.Марина, “Буян царам” ХХК, Г.Ууганбаяр нарт шийтгэл оногдуулах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:
...А.Золжаргал өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. К.Марина, Г.Ууганбаяр нар нь гэр бүлийн хүмүүс. Компани нь К.Маринагийн нэр дээр байдаг. К.Марина санхүүг нь хариуцаж, тооцоог нь хийдэг. Гэтэл К.Маринаг компанийн өмнөөс хууль бусаар мод бэлтгэсэн гэж шийтгэж байгаа асуудал нь бодит байдалтай нийцэхгүй байна. К.Марина уул руу явж үзээгүй. Ямар ч юм байдгийг мэдэхгүй. Хэдэн литр шатахуун хэрэгтэй байна түүнийг нь тооцоод өгчихдөг. Эдгээр жолооч нарын зарим нэг нь энэ компанид мод авчирч өгдөг байсан. “Буянт царам” ХХК-с цагаан сар болох гэж байна гээд мөнгө төгрөг зээлсэн. Тэрийгээ дарахын тулд мод авчирч өгөх, зарим нь ч гэрээтэй ийм нөхцөл байдлаар ажилласан. Эдгээр хүмүүс хууль бусаар мод бэлтгэхийг мэдээгүй гэж ярьдаг. Энэ шиг мэдэхгүй юм байхгүй. Өмнө нь энэ компанид мод авчирч зөөж өгч байсан хүмүүс ялангуяа Хонгор сум, Мандал сумын зааг ялгааг ч мэдэхгүй мод бэлдсэн гээд байгаа. Гэтэл эдгээр хүмүүс Мандал сумын газар нутаг аль нь Хонгор сумын газар нутаг аль нь вэ гэдгийг сайн мэдэхээр хүмүүс. К.Маринааг хууль бусаар мод бэлтгэсэн гэж шийтгэсэн нь үндэслэл муутай. Бүгдээрээ энэ хэрэгт оролцоод бүр зугтаасан байгаа. Прокурорын тогтоол, шүүхийн тогтоол гараад машин журмын хашаанд ордог. Гэтэл журмын хашаанд нэг ч машин байхгүй. Өглөө нь ороод шөнөдөө гараад явчихдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхэд анхан шатны шүүх хурал болохоос өмнө мөрдөн байцаалтын шатанд Зам мөрдөгчид машин гараад Баруунхараад явж байна гээд бичлэг хийгээд үзүүлсэн. Журмын хашаанаас жолооч нар шууд аваад явчихдаг байсан. Одоо ч бичлэг нь энэ хүмүүст байж байгаа. Энэ хэрэгт гэм буруутай хүмүүс нь тооцогдсонгүй гэж А.Золжаргал өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор К.Нанжинханд дүгнэлтдээ:
... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. Эд мөрийн баримтыг хадгалах шилжүүлэх, шийдвэрлэх журам гэж байгаа. Энэ журмаараа шат шатандаа хянаад мөрдөн шалгах ажиллагаандаа мөрдөгч, шүүхийн шатанд шүүх хариуцаад явдаг. Журмаараа л явсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргахад “Хавцгай аргалант” ХХК-н байранд эд мөрийн баримт байсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч “Буянт царам” ХХК, К.Марина нарын өмгөөлөгч А.Золжаргалын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хэрэгждэг билээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
- Прокуророос шүүгдэгч “Буянт Царам” ХХК –ийг 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадат уул” гэх газарт 387.12 м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй буюу хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
- Шүүгдэгч К.Марина нь “Буянт Царам” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 Дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадат уул” гэх газарт 387.12 м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгүүлсэн буюу хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- Шүүгдэгч Г.Ууганбаяр нь “Эрүүгийн 221800158 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Д.Баасандорж, Ц.Эрдэнэбат, Б.Ганбат нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлтэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 488 ширхэг гуалин мод нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан Б.Ганбатын өмчлөлийн 56-09 СБА улсын дугаартай, Ц.Эрдэнэбатын өмчлөлийн 37-31 УАХ улсын дугаартай, Г.Болдбаярын өмчлөлийн 49-08 ТӨХ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслүүд нь Хавцгайн Аргалант ХХК-ны тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд, Т-55 маркийн гинжит трактор нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд тус тус хадгалагдаж байгаа болно гэжээ.
Дээрх эд мөрийн баримт болох 488 ширхэг гуалин модыг мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон /1-р хх-н 80/ байх ба Б.Ганбатын өмчлөлийн 56-09 СБА улсын Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, Ц.Эрдэнэбатын өмчлөлийн 37-31 УАХ улсын дугаартай Зил 131 тээврийн хэрэгсэл, Г.Болдбаярын өмчлөлийн 49-27 СЭА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, Т.Адъяадоржийн эзэмшлийн Т-55 маркийн гинжит трактор зэргийг мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн санал “эд мөрийн баримтыг хураан авах тухай”-аар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хураан авч шийдвэрлэжээ. /1-р хх-н 82, 87/
Хэрэгт авагдсан эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлээр 56-09 СБА улсын дугаартай Зил 131 автомашин, 37-31 УАХ улсын дугаартай автомашинууд болон гинжит трактор Т-55 нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мандал сум дундын Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт саатуулагдсан /1-р хх-н 83-84, 88/ гэснээс өөрөөр тухайн хураан авсан эд мөрийн баримт болон хөрөнгийн талаар мэдээлэл агуулсан нотлох баримт байхгүй байна.
Дээрх эд мөрийн баримтаар хураан авсан авсан тээврийн хэрэгслүүдийг мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт хамгаалалтыг хариуцна гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүйгээс гадна хавтаст хэрэгт хураан авсан эд мөрийн баримт, хөрөнгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, эд мөрийн баримтыг хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсарган гэсэн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслүүдийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл...хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүйгээс тээврийн хэрэгслүүд түр саатуулах байрнаас гарсан, замын хөдөлгөөнд оролцож яваа талаар анхан шатны шүүх хуралдаанд гомдол, тайлбар гарган мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх өмгөөлөгч нарын гаргасан “эд мөрийн баримт байхгүй” талаарх үндэслэлийг няцааж дүгнэлт хийгээгүй, хэрэг шийдвэрлэхэд эд мөрийн байгаа эсэхэд анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд тооцогдоно.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохоос гадна хэрэгт эд мөрийн баримтаар болон хураагдан ирсэн хөрөнгө, түүний нотлох баримтыг бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүргээ биелүүлээгүй болохыг дараах тайлбар нотолж байна. Үүнд:
Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын тайлбар...” Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд 2023 оны 11 сард шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад журмын хашаанаас гаргаад явуулсан. Энэ машин одоо байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгслүүдийг хурааж авсан. Хурааж аваад Хавцгайн Аргалант ХХК-н журмын хашаанд шилжүүлсэн. Шилжүүлснээс хойш прокурор болон мөрдөгчөөс түүнийг гаргах талаар ямар нэгэн шийдвэр гарахгүй явсаар байгаад шүүхэд хэрэг шилжсэн. ...Шүүхэд шилжсэний дараа энэ машин гарчихсан явж байна гэдэг асуудал өмгөөлөгч нараас яригдсан. Энийг тусдаа шалгах асуудал үнэхээр эрх бүхий албан тушаалтан юм уу, мөрдөгч ямар нэгэн шийдвэргүйгээр журмын хашаанаас машиныг гаргасан асуудал байвал тусдаа шийдэгдэх асуудал гээд тэрийг тусдаа шалгуулаад явж байгаа байх гэж ойлгож байгаа. Тусад нь гомдлоо өгөөд мөрдөн шалгах байгууллагаар шалгуулаад явна гэж анхан шатны шүүх хурал дээр ярьж байсан. Сүүлд машин гаргасан гэсэн асуудал анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй давж заалдах гомдол гаргачихсан байх хугацаанд Хавцгайн Аргалант ХХК-н ажилтнуудаас шийтгэх тогтоол барьж очоод авсан асуудал яригддаг. Эд мөрийн баримтыг хадгалах шилжүүлэх, шийдвэрлэх журам гэж байгаа. Энэ журмаараа шат шатандаа хянаад мөрдөн шалгах ажиллагаандаа мөрдөгч, шүүхийн шатанд шүүх хариуцаад явдаг. Журмаараа л явсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргахад Хавцгайн Аргалант ХХК-н байранд эд мөрийн баримт байсан” гэв.
Өмгөөлөгч Л.Цуурай...” Прокурорын тогтоол, шүүхийн тогтоол гараад машин журмын хашаанд ордог. Гэтэл журмын хашаанд нэг ч машин байхгүй. Өглөө нь ороод шөнөдөө гараад явчихдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхэд анхан шатны шүүх хурал болохоос өмнө мөрдөн байцаалтын шатанд Зам мөрдөгчид машин гараад Баруунхараад явж байна гээд бичлэг хийгээд үзүүлсэн. Журмын хашаанаас жолооч нар шууд аваад явчихдаг байсан. Одоо ч бичлэг нь энэ хүмүүст байж байгаа” гэв.
Өмгөөлөгч А.Золжаргал “...Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 649 дугаартай Доржханд прокурорын гэмт хэргийн шинжгүй байна гэсэн тогтоолыг өгсөн. Эд мөрийн баримт өгч явуулсан асуудал нь шүүхийн ажилтны сахилга хариуцлагатай холбоотой гэсэн. Тэгэхээр эд мөрийн баримт байхгүй. 11 сард алга болчихсон. Анхан шатны шүүх хурал болоход хэлсэн. Эд мөрийн баримт байхгүй. Нотлох баримтаар гаргаж өгье. Гаргаж өгсөн гомдол нь энэ гээд өгсөн. Машин гарч явсан бичлэгийг флашанд хуулбарлаад нотлох баримтаар анхан шатны шүүх хурал дээр өгсөн. Прокурор өмнө нь гаргаж байх нь яадаг юм бэ гэдэг. Би анхан шатны шүүх хурал болоход өмгөөлөгчөөр орсон. Бидний хувьд аль ч шатанд хүсэлт, гомдлоо гаргах эрхтэй” гэв.
Иймээс Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул өмгөөлөгч А.Золжаргалын давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.
3. Шүүгдэгч “Буянт царам” ХХК, К.Марина нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ууганбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ