| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06281/И |
| Дугаар | 001/ХТ2016/01415 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2016/01415
Ү.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04891 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1742 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Ү.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т.Лайлаад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн гомдлыг үндэслэн,
Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Казакстан Улсын иргэн Т.Лайлаа нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Англи Улсын виз мэдүүлэхэд 10 000 000 төгрөгийн хэрэг байна, удахгүй виз мэдүүлсний дараа буцаагаад өгнө гэж туслахыг хүссэн. Олон удаа гуйсан учир би итгээд 10 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Т.Лайлаагийн Хаан банкны 5064222322 тоот дансанд ХХБ-наас шилжүүлэн өгсөн. Гэтэл Т.Лайлаа надаас авсан мөнгөө өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн үед миний хадгаламжид мөнгө байгаа боловч хугацаатай хийчихсэн учраас хугацаанаас нь өмнө авч болохгүй байна гэж Т.Лайлаад хэлэхэд надад хадгаламж барьцаалсан зээл авч болдог гэсэн бөгөөд би түүнийг нь зөвшөөрөөд банкнаас 30 000 000 төгрөг авч өгсөн. Үүнээс 20 000 000 төгрөгийг нь Т.Лайлаагийн хадгаламжийн данс руу шилжүүлж, үлдсэн 10 000 000 төгрөгийг харилцах данс руу нь шилжүүлсэн. Т.Лайлаа надаас зээлсэн мөнгөнөөс 20 000 000 төгрөгийг буцааж өгсөн учир би шүүхэд өгөөгүй үлдсэн 10 000 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. Миний хадгаламжид байсан мөнгийг барьцаалж, надаас Т.Лайлаа мөнгө зээлсэн атлаа Т.Эрмек гэдэг хүнд мөнгө өгөх учиргүй. Т.Эрмек бид хоёрын гэр бүл салалтын асуудал энд ямар ч хамаагүй. Ү.Оюунчимэг гэдэг хүнээс мөнгө зээлсэн бол Ү.Оюунчимэгт л зээлээ төлөх ёстой. Тийм учраас Т.Лайлаагаас зээлийн үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Лайлаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ү.Оюунчимэгээс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг биш 30 000 000 төгрөг авсан гэдэг нь үнэн. Надаас нэхэмжлээд байгаа 10 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ах Т.Эрмект гаргаж өгсөн. Ү.Оюунчимэгт 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөгийг буцаан өгч, хамт Худалдаа хөгжлийн банкинд тушаасан болно. Би Ү.Оюунчимэгээс зээлсэн мөнгийг өөрт нь өгч болох эсэхийг ахаасаа асуухад “Ү.Оюунчимэгийн дансанд байгаа бүх мөнгө миний мөнгө, зүгээр түүний хадгаламжинд байдаг юм” гэж хэлсэн. Тиймээс би Т.Эрмек ахад 11 000 000 төгрөг өгсөн. Т.Эрмек бол одоогоор Ү.Оюунчимэгийн албан ёсны нөхөр нь бөгөөд энэ бол цэвэр гэр бүлийн маргаан юм. Ү.Оюунчимэг амьдралдаа ажил хийж үзээгүй хүн. Бүх гэр бүлийнх нь мөнгө бол миний ах Т.Эрмек олдог байсан, зөвхөн Ү.Оюунчимэгийн дансанд байсан мөнгө учраас би Т.Эрмек ахад мөнгийг өгсөн болно. Тэгэхээр Ү.Оюунчимэг хадгаламжид байгаа мөнгөө хаанаас яаж бий болгосон мөнгө вэ гэдгээ нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардаж байна. Т.Эрмек ахын данснаас 90 000 000 төгрөг шилжсэн гэдгийг би баттай хэлж чадна. Одоо тэдний гэр бүл салах шатандаа Хан-Уул дүүргийн шүүхэд явж байгаа болохоор Ү.Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04891 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн /ИҮД:0190379/ Тажбекед овогтой Лайлаагаас 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хатигин овогт Үнэнбаярын Оюунчимэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1742 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаарсарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04891 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч Т.Лайлаа нь 2015.10.08-ны өдөр өөрийн төрсөн ах Т.Эрмекэд “30 000 000 төгрөгний хэрэг гарлаа түр өгөөч гэтэл миний мөнгө эхнэр Ү.Оюунчимэгийн дансанд байгаа саяхан хадгаламж болгоод өөрийн данснаасаа эхнэрийн данс руу шилжүүлсэн би хэлье эгчид чинь” гэж харилцан тохиролцож энэ тухай Ү.Оюунчимэгт ах Т.Эрмек хэлж тухайн мөнгийг авч өгсөн. Ингээд 2015.10.08 өдөр өөрийн төрсөн ахын эхнэр Ү.Оюунчимэгийн данснаас 30 000 000 төгрөг аваад байж байтал 2015.10.13-ны өдөр ах Т.Эрмек “надад мөнгөний хэрэг гарлаа ахаасаа авсан мөнгө өгөх боломж байна уу” гэж хэлэхэд тухайн өдөр миний дансанд 10 000 000 төгрөг, бэлэн 1 000 000 төгрөг нийт 11 000 000 төгрөгийг ах Т.Эрмекэд өгч энэ тухай Ү.Оюунчимэгт хэлсэн бөгөөд 2015.10.22-ны өдөр 20 000 000 төгрөг төлөлт хийж тухайн зээлийн гэрээний харилцаа дууссан бөгөөд тухайн зээлтэй холбоотой ямар ч маргаан байхгүй байсан. Гэтэл 2016.07 сард нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь хариуцагч Т.Лайлаагийн ах Т.Эрмекээс “гэр бүл цуцлуулах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гарган Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Одоо чиний ах Т.Эрмекээс би гэр бүлээ цуцлууллаа миний данснаас мөнгө гарсан тул чи надад одоо 10 000 000 төгрөг төл төлөхгүй бол шүүхэд өглөө” гэж хариуцагч Т.Лайлаад хэлсэн. Тухайн үед 11 000 000 төгрөг өгөхөд буцааж аваад өөрсдийн гэр бүлдээ хэрэглэсэн атлаа одоо ахаас нь салах болохоороо эргүүлж өөрөө аваагүй мэтээр нэхэмжилсэн нь хууль зүйн хувьд ч хувь хүний хувьд байж боломгүй бөгөөд үндсэндээ нэг үүргийг хоёр удаа гүйцэтгэхийг шаардсан, энэхүү шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Баянгол дүүргийн 102/ШШ2016/04891 тоот шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дахь заалт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан бөгөөд ИХШХШТухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дах заалт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” мөн хуулийн 7.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй” гэж заасны дагуу Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь Англи улсын иргэн бөгөөд тухайн нэхэмжлэлээ өөрийн улсын хэл дээр бичиж албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулагдсан байх хуулийн шаардлагыг хангаж байж шүүх хүлээн авах боломжтой бөгөөд тус хэрэгт нэхэмжлэгч Монгол хэл мэддэг тухай баримт авагдаагүй нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зориг мөн эсэх нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь хариуцагч БНКазакстан улсын иргэн Т.Лайлааг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл хариуцагч нь БНКазакстан улсын иргэн байхад нэхэмжлэлийг Монгол хэлээр гаргаж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд нь Монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй талаар ИХШХШТХ-н 7.2 заасан журамд нийцээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулагдсан нэхэмжлэлийг давхар гарган өгөх, хариуцагч БНКУ-н иргэн Т.Лайлаа нь Монгол хэлээр харилцааны түвшинд л ойлгодог Монголоор унших, бичих чадвар байхгүй байсаар байхад Монголоор нэхэмжлэл гаргаж түүнд гардуулан өгч, хариу тайлбар мэдүүлэгийг Монголоор шаардан авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн хариуцагч БНКУ-н иргэн Т.Лайлаа нь Монгол хэл мэддэггүй байхад 2016.07.21-ний өдөр /хх-6, 8, 9, 10, 19/ хуудаст хариуцагчийн хариу тайлбар, мэдүүлэг болон зохигчдод эрх, үүрэг, хэрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт, дээр гарын үсэг зуруулахдаа эрх үүргийг тодорхой тайлбарлаж өгөөгүй ИХШХШТХ-н 25, 26, 38, 67.1.4, 72.2, 76.2, 77.8, 86.2, 100.3, 100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг, заалтыг тайлбарлахдаа албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар дамжуулан танилцуулах атал мэргэжлийн үг хэллэг сайн мэдэхгүй мөн уншиж бичих чадвар муу гэсээр байтал гарын үсэг заавал зурах ёстой мэтээр зуруулсан. Учир нь хариуцагч нь гадаад улсын иргэн мөн болох нь нэхэмжлэл, нэхэмжлэл гардуулсан баримт, Монгол Улсад оршин суух үнэмлэхээр тогтоогдсоор байтал ИХШХШТХ-н 7 дугаар зүйлийн 7.3 “Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй” гэж заасныг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба шүүхэд зохигчдоос ирүүлсэн бүх нотлох баримтыг шүүх хуралдаан болохоос өмнө нөгөө этгээдэд орчуулж танилцуулсан байх үүргийг шүүх хүлээх ёстой бөгөөд орчуулагч хэлмэрчийн зардал нь тус хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдах тухай Монгол Улсын Дээд шүүхийн ИХШХШТХ-н тайлбарт тусгасан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу юу шаардаад байгаа, ямар захирамж, хуульд заасан ямар ажиллагаа хийгдэж байгаа, тухайн хэрэг маргаанд ямар эрх үүрэгтэйгээр оролцож байгаа тухай ямар ч ойлголтгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Мөн өөрийн эрх, үүрэгтэйгээ бүрэн танилцаагүй, ямар эрх үүрэгтэй тус хуралд оролцох өөрийн эрх, үүргээ ямар замаар яаж хэрэгжүүлэх тухай ойлголт бүрэн байгаагүй, гэрчийг яаж оролцуулах, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, нотлох баримтын шаардлага ямар байх талаар ойлгоогүй байсантай холбоотой тус шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь ИХШХШТХ-н 44 зүйлд заасан шаардлага хангаагүй байсаар байтал шүүх хүлээж авч үнэлээгүй. Өөрөөр хэлбэл ИХШХШТХ-н 44 зүйлд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг зохигчдоос хүлээн авсан энэхүү нотлох баримт нь шаардлага хангаагүй бол нотлох чадвараа алдах тухай тайлбарлаж өгөөгүй ба ИХШХШТХ-н 38.9 заасан нотлох баримт нь нотлох чадвараа алдсан хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах тухай шүүгчийн захирамж гаргаагүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04891 дугаартай шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: Хариуцагч Т.Лайлаа нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 20 000 000 төгрөг тохирсон хугацаанд зээлдэгчид буцаан шилжүүлсэн боловч үлдэгдэл 10 000 000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна, харин нэхэмжлэгчийн нөхөр Т.Эрмек гэгчид 11 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Т.Лайлаагаас иргэн Т.Эрмекг 11 000 000 төгрөгийг төлсөн тухай 2016.08.12-ны өдөр “Мөнгө хүлээлцсэн баримт” үйлдсэн боловч уг төлбөр тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хийгдсэн эсэх нь тогтоогдохгүй байна энэ талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байх тул Т.Лайлааг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч Т.Лайлаа нь тус хэрэгт ямар эрх, үүрэгтэй оролцох тухай ямар ч ойлголт байгаагүй, ах Т.Эрмекийг гэрчээр оролцуулах, тухайн зээлсэн мөнгийг ах Т.Эрмекийн зөвшөөрлөөр Ү.Оюунчимэгээс авсан, тухайн зээлсэн мөнгөний эх үүсвэр нь ахынхан мөнгө байсан, талаар өөрийн хэмжээнд илэрхийлэх гэж оролдсон боловч тус шүүх хүлээж авч үнэлээгүй. ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу 2016.08.12-ны өдрийн “Мөнгө хүлээлцсэн баримт”-аар энэхүү Т.Эрмект гүйцэтгээд байгаа үүрэг нь ямар үүргийг гүйцэтгээд байгаа?, энэ тухай Ү.Оюунчимэг мэдсэн, мэдэх боломжтой байсан эсэх?, тухайн зээлийн гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл мөн эсэх?, түүний хууль ёсны нөхөр Т.Эрмекээс энэ тухай тайлбар авах, энэхүү зээлийн гэрээнд Т.Эрмек ямар хамааралтай эсэх? талаар үнэлээгүй буюу ИХШХШТХ-н 38 дугаар зүйлийн 36.9 “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу маргаан бүхий үйл баримтыг хариуцагч хэлээд, дурьдаад байхад хэрэгт зайлшгүй шаардлагатай маргааны гол зүйл болж буй эдгээр үйл баримтыг тодруулах зайлшгүй шаардлагатай байсан. Мөн энэхүү хэргийн материалын /хх-34/ хуудаст шүүх хуралдааны тэмдэглэлд: Даргалагчаас: Та Монгол хэл дээр бүрэн гүйцэт ойлгох уу? Хариуцагч: Ойлгоно. Дээрх хурлын тэмдэглэлд шүүх хуралдааны даргалагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж илтэд нэхэмжлэгч талын эрх ашгийг хангаж шүүх хуралдааныг явуулсан байна.Үүнд: ИХШХШТХ-н 7 дугаар зүйлийн 7.2 “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд Монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй” гэжээ. Хариуцагч Монгол хэл мэддэг эсэх нь тогтоогдохгүй байхад Монголоор ойлгох уу? гэж асууж тус шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Тухайн улсын хэлийг мэдэх гэдэг ойлголт нь тус хэлийг бүрэн дүүрэн мэдэх буюу уншиж, бичих өөрийн хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлэх мэдлэг чадвар эзэмшсэн түүнийг нотлох баримт байгаа эсэхийг тодруулах явдал юм. Харин Монгол хэлийг ойлгох гэдэг ойлголт нь харьцангуй явцуу ойлголт бөгөөд хууль ёсоор оршин сууж байгаагийн хувьд тус улсын хэлийг ахуйн хэрэглээний түвшинд эзэмшсэн бөгөөд өөрийгөө бүрэн дүүрэн, гүйцэт илэрхийлэх дадал зуршил эзэмшээгүй ба тухайн улсын хэлийг мэдэх мөн ойлгох гэдэг ойлголт нь 2 өөр агуулга бүхий ойлголт юм. Мөн даргалагч нь ИХШХШТХ-н 7.2 заасан эрхтэй талаар тайлбарлан өгөөгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Мэтгэлцэх эрхээр хангаагүй, хэргийн нотлох баримтыг үндэслэн үйл баримтыг тодруулаагүй” гэсэн агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг хариуцагч Т.Лайлаагаас зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасанд, анхан шатны шүүх хүлээн авч хариуцагчид холбогдуулан иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах, эрх үүргийг тайлбарлан таниулах, хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаан биечлэн оролцуулах эрхээр нь бүрэн хангасан нь хэрэгт авагдсан холбогдох ажиллагааны баримтаар тогтоогджээ.
Хариуцагч Т.Лайлаа нь Монгол улсын иргэн байсан хожим иргэншлээ солиулж Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн болсон байх ба тэрээр нэхэмжлэлийг хүлээн авч Монгол хэл дээр тайлбараа гаргаж улмаар, шүүх хуралдаан дээр Монгол хэл дээр бүрэн гүйцэт ойлгож ярьдаг гэдгээ зөвшөөрсөн нь тэмдэглэлд тусгагджээ. Түүнчлэн нэхэмжлэгч Ү.Оюунчимэгийг гадаад улсын иргэн байхад түүний нэхэмжлэлийг Монгол хэл дээр хүлээн авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл гэж хариуцагч тайлбарласан нь хуулийн үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэл дээр явуулах зарчмыг тодорхойлж, хуулийн 7.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч Монгол хэл мэдэхгүй бол орчуулагчаар дамжуулан түүний эрхийг хэрэгжүүлэхийг зохицуулжээ. Харин гадаад улсын иргэн Монгол хэл мэддэг тохиолдолд орчуулагчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар хориглоогүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ү.Оюунчимэгийн хувьд гадаад улсын иргэн болох талаар хэрэгт баримт авагдаагүй тэрээр нэхэмжлэлээ Монгол хэл дээр гаргаж Улаанбаатар хотод оршин суудаг хаяг бүртгэлээ тусгасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.Лайлаа нь Ү.Оюунчимэгээс 30 000 000 төгрөг зээлээр авч 20 000 000 төгрөгийг буцаан төлсөн талаар талууд маргаагүй ба үлдэх 10 000 000 төгрөгийг Эрмект өгсөн гэж хариуцагч тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ.
Хариуцагч нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр төлбөрийг бусдад төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан хэргийн нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргааны харилцаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтыг сонгон хэрэглэсэн зөв болжээ.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04891 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1742 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР