Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/510

 

 

 

 

 

  2024            05             01                                        2024/ДШМ/510          

 

 

Т.Б т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Н.Цэнгэлбаяр,

           шүүгдэгч Т.Б  /цахимаар/, түүний өмгөөлөгч Р.Булгамаа,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н ын өмгөөлөгч Х.О ,

           иргэний нэхэмжлэгч Ө.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э ,

           нарийн бичгийн дарга C.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх бүрэлдэхүүнд О.Жанчивнямбуу, шүүгч А.Алтанхуяг нарын хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, иргэний нэхэмжлэгч Ө.Э  нарын гаргасан гомдлуудаар Т.Б т холбогдох эрүүгийн 2305 00000 1930 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Т.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С ” нэртэй зочид буудлын гадна Ө.Э тэй маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокуророос: Т.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ыг 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Т.Б т оногдуулсан 11 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ын цагдан хоригдсон 133 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б аас гэм хор учруулсны төлбөрт 7.470.898 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-д, 8.851.488 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э-д тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх 82.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н ад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н  нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүү, иргэний нэхэмжлэгч Ө.Э , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н  нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүдэгч Т.Б аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 23,5 см урттай, ажлын хэсэг нь 9.5 см урт, мөнгөлөг өнгийн төмөр бариултай, эвхэгддэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Р.Булгамаа нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Т.Б  миний бие архи ууж согтуурсан явж байхдаа Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С ” нэртэй зочид буудлын гадна өөрийн найз ах Ө.Э-тэй тааралдан маргалдаж, улмаар түүний цээж нь тус газарт хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэндээ гүнээ харамсаж гэмшиж байна. Миний бие хохирогчтой хуурай ах дүүсийн дотно харилцаатай олон жил үерхэж явсан, урьд өмнө хэрэлдэж маргалдсан, таарамжгүй харилцаатай байгаагүй. Түүний амь насыг хохироох санаа, зорилго агуулж яваагүй. Архидан согтуурч өөрийн гэх ухаангүй байдлаас Ө.Э-н амь насыг хохироосондоо харамсан гэмшиж мөрдөн байцаалтад тусалж хэргийн талаар хэрхэн үйлдсэнээ үнэн зөвөөр мэдүүлсэн.

            Миний өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын нотлох баримтуудаар хөтөлбөргүйгээр нотлогдсон.

            Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан хэлэлцэж хуульд заасан үндэслэлээр дүгнэлт хийж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа болно.

            Шүүгдэгч миний бие хүнийг алах зорилгогүйгээр согтуурч явахдаа өөрийн хуучны танил найз ах Ө.Э-тэй тохиолдлын байдлаар тааралдаж шалтаг шалтгаангүйгээр түүний шаардлагыг эсэргүүцэн маргалдаж амь насыг нь хохироосон.

            Энэхүү гэмт хэргээ илчилж нэн даруй мэдүүлэг өгсөн, гэмт хэргийг илрүүлж тогтооход мөрдөн байцаагчид туслалцаа үзүүлж, хэргийн нөхцөл байдлуудыг тодруулсан мэдүүлгүүдийг үнэн зөв өгсөн.

            Хохирогч болон түүний ар гэрт учруулсан хохирлоо барагдуулж байгаа, миний гэмшиж байгаа байдал, хэргийн болон миний ар гэрийн нөхцөл байдал зэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д хамааруулан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг минь хөнгөрүүлэн багасгаж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Т.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргах тайлбаргүй...” гэв.

            Иргэний нэхэмжлэгч Ө.Э  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухайд: Үндсэн хууль бусад хуульд ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан. Талийгаачийн өвлөгч гэдэг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заагдсан субъектүүд бөгөөд тэд хохирогч, иргэний нэхэмжлэгч болох ёстой.

            Амь хохирогчийн хууль ёсны өвлөгч нь аав Д.Ө , ээж Г.С , гэрлэлтийн баталгаатай Э.Н , амь хохирогч Ө.Э-н төрсөн хүү Т, төрсөн хүү Д, Э.Н аас төрсөн охин А гэсэн 6 хүн байх бөгөөд эдгээр нь Иргэний хуулиар тэгш эрхтэй өвлөгч нар юм.

            Шүүх Э.Н аас бусад өвлөгч нарыг хохироолоо. Хохирогч байх ёстой Ө.Э-н ээж Г.С  мөрдөн байцаагчид хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргахад “та нар талийгаачийн ажил явдлаа бод, 49 хоногийг нь дуусгахаар чинь би таныг дуудна” гэж хэлсэн өрөөндөө дээрээ байдаггүй, оршуулгын зардлын материал, хохирогчоор тогтоолгох хүсэлтээ өгье гэж мессеж бичихэд хариу өгдөггүй, утсаа авдаггүй салгадаг байсан. Гэтэл нууцаар хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдгийг сонслоо.

            Амь хохирогчийн аав, ээжээс хүү нь ямар учир шалтгаанаас болж алуулсныг, хэргийн хэн үйлдсэн болохыг, хэргийг яаж мөрдөн шалгасныг Э.Н , түүний эгч, өмгөөлөгч О  нар санаатайгаар нууж, хавтаст хэрэгтэй танилцуулахгүй зугтаасан. /Д.Ө оос “та намайг хохирогч гээд бичиг хийгээд өгөөч” гэж гуйж аваад хэл сураггүй алга болсон/

            Шүүхэд иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлт өгөхөд 14 хоногийн дараа шүүгч танай хүсэлтийг хангахаас татгалзсан гэсэн хариуг шүүгчийн туслах н.Амгаланбат утсаар өгсөн ба татгалзсан шалтгаанаа бичгээр өгөхийг шаардаж 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойш шүүх дээр очиход “дөнгөж сая танай аав, ээжийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолоо” гэчхээд “бид танай хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 04-нд хангасан шүү” гэж он, сарыг санаатайгаар урагшлуулсныг бид Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргахад огт тоогоогүй, ямар ч арга хэмжээ аваагүйд энэ шүүхэд итгэх итгэлгүй болсон.

            Ингэж Э.Н , түүний эгч, өмгөөлөгч О , яллагдагчийн өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүх нэг тал болж амь хохирогчийн аав, ээжийг хэргийн оролцогч, хохирогч болгохгүй байх бүх хориг саадыг тавьж байсан.

            Монгол Улсын Эрүүгийн хэргийн шүүхийн практикт хүн амины хэргийг 49 хоногт багтааж шүүхэд шилжүүлсэн тохиолдол байдаггүй юм байна. Эдгээр үйлдэл нь хардах эхний үндэслэл болсон.

            Эхний хурал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н , түүний бэр эгч О  /хамаатнууд нь цагдаа болон давж заалдахын шүүхэд ажилдаг гэж Э.Н  өөрөө хэлсэн/, яллагдагч Т.Б , түүний өмгөөлөгч, прокурор, ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Н.Нямдаваа нар бүгд нэг тал, зөвхөн үнэнийг хүссэн амь хохирогчийн эцэг, эх, эгч нар гэсэн 2 тал болж шүүх хуралдаад хойшилсон.

            Э.Н  нь бидний хүү Ө.Э-тэй “Р ”-д ажиллаж байхдаа танилцаж, “гэр бүлтэй ажилчдын байранд хамт оръё” гэсэн Э.Н ын гуйлгаар гэрлэлтийн баталгаа бичүүлсэн байдаг. Тэд хурим хийдэггүй, өрх тусгаарлаж, нэг гэрт хамт амьдарч байгаагүй бөгөөд хоорондоо байнга хэрүүл маргаан хийдэг, 2 талд тусдаа амьдардаг байсан. Манай гэр бүл Э.Н ын аав, ээж, ах, дүүг нэг ч удаа хараагүй, таньдаггүй бөгөөд залуу хүмүүс өөрсдөө учраа ол, хүүхэд битгий өнчрүүл гэж хүүдээ сануулдаг байсан. Хүү минь зөвхөн Анударьтай уулзах гэж Дархан-Уул аймгаас Нармандахын аавын гэрт очиж, ирдэг байсан. Бидний хүү Ө.Э нь айлын ганц хүү байсан бөгөөд хадмын хаяанд толгой хорогдох эр хүн байгаагүй.

            Хэрэг гарахын урьд өдөр тэдний хооронд маргаан хийснээс болоод хүү минь гэрээс нь гарч явсан байх магадлалтай. Хүү минь өөрөөс нь байнга мөнгө нэхэж, дарамталж байсан Б т алуулж, бидэнд юу болсныг хэлж чадахгүй болсныг Э.Н , түүний бэр эгч О  нар овжин ашиглаж, яллагдагчид хөнгөн ял завших боломж олгож, яллагдагчийн өмгөөлөгчтэй нэг тал болж, хэргийг үнэн зөвөөр мөрдөж, шалгахад хохирогчийн талаас огт сэтгэл, зүтгэл гаргаагүй, аав, ээжийг нь хөдөө амьдардаг, хууль мэдэхгүйг нь далимдуулж, санаатайгаар хавтаст хэрэгтэй танилцуулахгүй худлаа ярьж, хэргийн оролцогч болохгүйн тулд саад хийж, зөвхөн Э.Н ад сэтгэл санааны хохирлын төлбөр гаргуулахын тулд улайран зүтгэсэн.

            Шүүхийн шийдвэрээр Т-г амь хохирогч Ө.Э-н хүүхэд мөн болохыг тогтоож, сар бүр хүүхдийн тэтгэлэг төлж, бусад байдлаар тэжээн тэтгэхэд оролцдог байсан.

            Гэтэл шүүх өвлөгч Ч.Т-д сэтгэл санааны хохирлын мөнгө төлөх ёсгүй, хохирол байхгүй, хохь нь гэж шийдвэрлэжээ.

            Мөн амь хохирогч Ө.Э нь өмнө нь хамт амьдарч байсан бүсгүйгээс төрсөн Д гэх хүүтэй бөгөөд Д нь хууль ёсны өвлөгч, хохирогч мөн. Өвөө Д.Ө  нь ач хүүдээ хурдан удмын даага бэлэглэж, эцэг үрийн холбоог нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

            Хуульд заасан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт тогтоосон 82.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан өв залгамжлагч 6 хүнд хуваагдах ёстой байхад шүүх ганц Э.Н ад өгөхөөр сонгон шийдсэн нь ялгаварласан гэж үзэхээр байна.

            Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагч Т.Б ыг “...Э.Н ыг танихгүй, шүүх хурал дээр анх удаа харсан гэв...” гэж бичсэн байх ба Т.Б ын мэдүүлэг, хэргийн үйл баримттай тохирч байна гэж дүгнэж хэргийг шийдвэрлэжээ.

            Гэтэл гэрч н.А  “чи манай авгайг яагаад байсан бэ” гэсэн мэдүүлэг, гэрч н.Б ийн “чи манай эхнэрийг яасан юм бэ гээд орилоод байхад нь би очоод хартал” гэсэн мэдүүлгүүд нь Т.Б , Э.Н  болон бусад гэрчийн мэдүүлэг, прокурорын дүгнэлт, шүүхийн тодорхойлох хэсэгт бичсэнтэй зөрчилдөж байна.

            Амь хохирогч Ө.Э-н оршуулах ажлын бүх зардлыг аав, ээж нь гаргасан ба зардлын тооцоог төрсөн эгч Э  хөтөлж гаргасан.

            Шүүх аав, ээж нь хүүгийнхээ шарилыг Улаанбаатараас Дархан-Уул аймагт авчирч, хөдөөлүүлэхэд гарсан бүхий л зардал, оршуулах ажилд хот, хөдөөнөөс ирсэн хамаатан садан, ажлын хамт олон, ангийн найз нөхөд зэрэг 200 гаруй хүнд буяны цайллага хийж зэд тараасан бүх зардлыг 8.851.488 төгрөг гэж тогтоогоод, оршуулах ажил хийгээгүй байж 350 хүнийг цайлж, буяны зэд тараасан гэж хуурамч баримт бүрдүүлж өгсөн Э.Н ыг 22.470.898 төгрөгийн оршуулгын зардал гаргасан гэж шийджээ.

            8.851.488 гэсэн үнийн дүнд шарилын хайрцаг, хөшөө чулуу, буршийн нүх ухах, хайс хашаа, буяны ажилд хэрэглэсэн шашны эд зүйл худалдан авсан зардал, 200 гаруй хүнд цайллага хийж, буяны зэд тараасан зардал, тээврийн зардал, өөд болоочийн хойдхыг даатгах, ард үлдэгсэд болон өөд болоочид зориулсан тусгай хурал, номыг оршуулахаас өмнө, оршуулах өдөр, оршуулгын дараа 7, 21, 49 дэх хоногууд дээр хөдөө гэрт нь тусгай хурал, ном хурсан лам нарт өгсөн мөнгө, өөд болооч хүүдээ 49 хоногийн турш хийдэд ном уншуулсан зардал, 49 хоногийн буяны ажлын зардал орсон гэж тогтоосон байна.

            Оршуулах ажил хийгээгүй Э.Н ад 22.470.898 гэсэн үнийн дүнд Э.Н ын гэр бүлээс Г.С д өгсөн 200.000 төгрөг, Улаанбаатараас Дарханд ирэхэд гаргасан зардал, дээр нь ...шүүх яаж тооцоод байгааг ойлгохгүй байна.

            Бид давж заалдах шатны хурлын дараа хүн амины хэргийг 49 хоногт багтаан шийддэг, хууль ёсны 6 өвлөгч нараас 4 өвлөгчийг ялгаварлан гадуурхсан, хүүгээ оршуулсан буяны ажлын зардлыг 8 сая төгрөг зарцуулсан гэж тооцоод, оршуулах ажил хийгээгүй этгээдэд 22 сая төгрөгийн зардал гаргасан гэж тооцсон, “миний эхнэрийг яасан бэ” гэж хэлээд, зодолдсоныг мушгин гуйвуулж, Бүгд Найрамдах Солонгос Улсад  ажиллаж байгаад мөнгөтэй ирсэн хүнийг эрхэлсэн ажилгүй, мөрийтэй тоглоомчин, рекэтчин нөхрөөс 500.000 төгрөг зээлээд, өгөхгүй гэж зодолдсон мэт болгосон талаар хэвлэлийн бага хурал хийлгэж, сошиал орчинд мэдээлэл хийх болно.

            Хэрэв шүүх нэр төрд халдсан гэж үзвэл анхан шатны шүүхэд бидний гаргасан хүсэлт, гомдол зэргийг уншиж үзээд шүүхээ өмөөрөөрэй.

            Иймд хууль ёсны өвлөгч, хохирогч нарыг дутуу тогтоосон, хохирогч нараас мэдүүлэг аваагүй, оршуулгын зардлыг буруу тогтоосон, Э.Н ын хуурамч бичиг баримтыг үндэслэн, хөндлөнгийн гэрч н.А , н.Б  нарын мэдүүлэг нь прокурорын дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсанаас огт өөр байгаа учир Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/127 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, хэргийг шударгаар шийдвэрлэх боломж олгож өгнө үү...” гэв.

            Иргэний нэхэмжлэгч Ө.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч буюу өв залгамжлагч гэж хэлэгддэг хүмүүс байдаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өв залгамжлагч нар тус хэргийн хохирогч нар байх ёстой. Иргэний нэхэмжлэгч нар эрүүгийн хэрэг гарсны дараа цагдаад очиж хохирогчоор тогтоогдъё гэхэд цагдаагаас амь хохирогчийн 49 хоногийг дуусгачхаад ир гэж хэлсэн байдаг. 49 дэх хоногийг дууссаны дараа хохирогчоор тогтоолгох тухай илэрхийлэхэд хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдэг хариу өгсөн. Иймээс хохирогчоор тогтоогдох боломжгүй болсон. Хэрэг шүүхэд шилжигдсэний дараа иргэний нэхэмжлэгчээр тогтоогдохоос өөр аргагүй байсан. Хохирогч болохын тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэе гэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хугацаа дууссан байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хугацаа хууль тусгагдаагүй байна. Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авдаггүй.

            ...Иргэний нэхэмжлэгчид шууд хамааралтай асуудлууд нь амь хохирогч буюу н.Э ийн өвд хамаарах хөрөнгүүд юм. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн картад 30,000,000 төгрөг болон гар утас байсан. Хэрэгт карт болон утас нь байхгүй, нотлох баримтыг яасан нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэн. Амь хохирогчийн карт, гар утсыг мөрдөгч Э.Н  гэдэг хүнд худалдсан гэж таамаглаж байна.

            ... Мөн хохирогч байх этгээдүүдээс мэдүүлэг авах ёстой байсан. Хохирогч байх этгээдүүд гэдэгт амь хохирогчийн эцэг Д.Ө , эх Г.С  нар болно. Хохирогч байх эрхийг хамт амьдарч байсан эсэх тухай шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н  болон амь хохирогч нар  хамт амьдарч байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Э.Н , амь хохирогч нар хамт амьдарч байгаагүй. Эдгээр хүмүүсийг хамт амьдарч байсан эсэхийг хууль ёсны хаягийн дагуу шалгах хэрэгтэй. Амь хохирогч Дархан-Уул аймагт, Э.Н  Улаанбаатар хотод оршин суух хаягтай. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтад ичнээ оршуулга гэдэг асуудал гарч ирдэг. Амь хохирогчийн бүх оршуулгын зардалд 8,000,000 төгрөг гарсан байдаг. Э.Н  тус оршуулгад оролцож 200,000 төгрөг өгсөн. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Э.Н  Улаанбаатар хотод 350 том хүн, 150 хүүхэд оролцуулсан ичнээ оршуулга хийж 22,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилдэг. Иймд Э.Н ын 22,000,000 төгрөгийн оршуулга хаана хийсэн тухайд шалгах шаардлагатай байна. Шүүхэд хуурамч нотлох баримт гаргах нь хууль зөрчсөн үйлдэл. Шүүхээс Э.Н ад их хэмжээний мөнгө олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүх ямар үндэслэлээр Э.Н ад их хэмжээний мөнгө олгохоор шийдвэрлэж байгааг, амь хохирогчийн бусад хүүхэд, эцэг, эхэд олгохгүй байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн шүүх иргэний хэргийг шийдвэрлэхийн тулд Иргэний хуулийг хэрэглэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд н.Б , н.А  нарын 2 гэрч мэдүүлсэн байдаг. Энэ гэрчүүд нь хэрэгт огт хамааралгүй, хөндлөнгийн гэрчүүд байдаг. Гэрч нар “чи миний эхнэрийг яасан гэнээ” гээд хоёр хүн хоорондоо маргасан тухай мэдүүлсэн байна. Гэтэл тус гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй, үнэлэхгүй байгаа нь буруу байна. 18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр прокурорт гомдол гаргасан. 22-ны өдөр прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай гомдол гаргаж байхад прокурорын зүгээс хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж хэлсэн нь буруу байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай шүүхэд асар олон хандсан, хийлгэх шаардлагатай байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н  давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...шүүгдэгч нь хэдийгээр хэргээ хүлээсэн ч хүний амь хөнөөчхөөд хэзээ ч биднээс уучлалт гуйж байгаагүй, мөн хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэзээ ч зөвлөлдөж байгаагүй. Анхан шатны шүүх хурал болохын өмнө оршуулгын зардалд нэхэмжилсэн мөнгөнөөс 15 сая төгрөгийг өгч байхдаа “гомдолгүй гэж бичээд өгөөч” гэж эхнэр болох Б  нь надаас гуйж байсан. Энэ үйлдлээс хүний амийг юм нь чинээ болохгүй байгаа нь харагдаж байна.

            Хохирогчийн ар гэрт хохирлоо барагдуулж байгаа гэж Т.Б  гомдолдоо худал бичсэнийг гайхаж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргаснаас хойш надтай шүүгдэгчийн талаас хэн нь ч холбогдож байгаагүй, тийм учраас би гэмт хэрэгтний эхнэр Б тай 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр утсаар холбогдон хохирлыг яаж барагдуулах талаар лавлахад энэ талаар ямар ч яриа өрнүүлээгүй бөгөөд харин ч энэ асуудал бидэнд хамаа байхгүй, бид салах гэж байгаа гэж хэлсэн.

            Энэ хандлага нь гэмт хэрэгтэн Б  нь хохирогч болон түүний ар гэр мөн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн, хохирлыг барагдуулах хүсэлгүй, мөн хийсэн хэрэгтээ гэмшээгүй байгааг нь тодорхой харагдаж байна. Мөн цаашлаад ял шийтгэлийн хугацааг багасгахыг ичгүүргүй хүсэж байгааг уншаад үнэхээр харамсаж байна.

            Тиймээс гэмт хэрэгтэн Б т хатуу дэглэмтэй хорих ангид ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү.

            ...иргэний нэхэмжлэгч Ө.Э гаргасан давж заалдах гомдолтой холбоотой хариу тайлбар гаргах нь

            Амь хохирогч Ө.Э  бид 2 2013 онд танилцаж, 2015 оны 9 дүгээр сарын 04-нд бидний дундаас охин Э.Анударь мэндэлсэн. Бид 2017 онд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр гэр бүлээ албан ёсоор баталгаажуулсан.

            Хань нөхрөө алдаад Дархан-уул аймагт аав, ээж, эмээгийнд нь ойрхон хөдөөлүүлээд буцах үед хадам аав Ө  надад хандаж “миний охин чи албан ёсны хохирогчоор өөрөө ороод шүүхийн асуудлыг хөөцөлдөөрэй, чи албан ёсны хохирогч учраас, би охин Э ийг энэ хэрэгт оролцуулахгүй, яагаад гэвэл энэ хэрэгт ямар ч хамааралгүй” гэж хэлсэн. Мөн хэлснээ баталгаажуулан “Э.Н ыг хохирогчоор тогтоох хүсэлтээ өөрийн гараар бичин баталгаажуулж мөрдөн байцаагчид шуудангаар илгээсэн байсан. Энэ хүсэлт нь хэргийн материалд хавсаргагдсан байгаа.

            Хадам аавын зөв, Э т талийгаач бид 2-н гэр бүлийн амьдрал ямар ч хамаа байхгүй, хөндлөнгөөс хүний амьдралыг шүүх эрх түүнд байхгүй. Би ямар нэгэн хууль бус зүйл хийгээгүй.

            Ажил явдлаас хойш би хадам аав Ө , хадам ээж С  болон Э  нартай байнга холбоотой байж утсаар ярьж байсан. Гэтэл хэд хоногийн дараагаас хадам аав Ө  нь утсаа авахаа больсон ба Ө.Э  намайг утсаар харааж загнаж дарамтлах болсон. Мөн мөрдөн байцаалтын ажиллагааг надаар задруулахыг оролдсон. Жишээ нь: “чи хэргийн материалтай одоо болтол танилцаагүй байгаа юм уу, алуурчдын нэрийг явуул”, “нэрсийг нь өгөөдөх, би тэд нарыг хүн хөлсөлж алуулна, одоо болтол нэрс явуулахгүй яасан арчаагүй юм би”, “чамайг болон хамаатнуудыг чинь бүгдийг нь ална” гэх мэтээр утсаар болон мессежээр дарамталж байсан.

            Талийгаачийнхаа хойд буяныг бодон эцэг, эхийг нь өнөөдрийг хүртэл хүндэтгэн, хүүгээ алдсан уй гашууг нь бодон энэ бүх хугацаанд ямар их гүтгэлэг, доромжлолыг нь тэсвэрлэн маргаан үүсгэхээс аль болох зайлс хийж өнөөдрийг хүрсэн.

            Талийгаач нэг бүсгүйтэй амьдрал зохиож байсан гэж өөрөөс нь сонсож байсан хэдий ч өөрөө тэр талаар яриад байдаггүй байсан.

            Алуурчин Т.Б  болон түүний эхнэрийг би анх удаа шүүхийн танхимд харсан. Талийгаачийн урьд амьдарч байсан 2 эмэгтэйг Т.Б  таньдаг байсныг үгүйсгэхгүй, учир нь Т.Б ын эхнэр Б  2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирлын мөнгөнөөс 15 сая төгрөгийг авчирч өгөх үедээ “талийгаач хэдэн жилийн өмнө манайд нэг бүсгүйтэй ирсэн тэр эмэгтэй нь урьд нь хамт амьдарч байсан юм билээ” гэж надад хэлсэн. Хэрэг гарсан өдөр талийгаач Б тай аль эхнэрийнх нь талаар ярьсныг би мэдэхгүй. Талийгаач надаас өмнө нь хоёр эмэгтэйтэй амьдарч байсан гэж Э  бичсэн байсан. Энэ бүхнээс харахад Э  нь талийгаачийн хүнд хэлдэггүй байсан хувийн амьдралыг нь эрээ цээргүй шүүх дээр дэлгэн, хүний хувийн амьдралыг үл хүндэтгэж байгааг хараад харамсаж байна. Э  нь талийгаачийн хууль ёсны охиныг мөн эрээ цээргүй доромжлон насанд хүрээгүй хүүхдийг шүүхэд дуудаж ирүүлэх талаар орилж хашхичиж байсан. Мөн шүүх хуралдаан дээр олны нүд нь дээр миний нүүр рүү нулимж байсан. Шүүх танхимд элдэв бусаар зан авир гаргасан нь түүнийг зөвхөн мөнгөний төлөө байгааг илтгэж байна. Талийгаачид хүндэтгэлгүй байгаад нь харамсаж байна. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н ын өмгөөлөгч Х.О  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Э.Н  нь миний нөхрийн төрсөн дүү. Амь хохирогч н.Э  бид 2 нэг айлын хүргэн, бэр болоод 10 жил болж байна. Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч амь хохирогч, Э.Н  нарыг хамтарч амьдарч байгаагүй гэж үндэслэлгүй зүйл ярьж байна. Э.Н  н.Ө  буюу хадам ааваасаа хохирогчоор тогтоох тухай албан ёсны бичгийг авсан. н.Эрдэнэдалай гэдэг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Миний дүүгийн 9 настай охин өнчин хоцорсон. Хуульд заасны дагуу амь хохирогчийн гэр бүлийн хүн хууль ёсны хохирогчоор тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ичнээ оршуулга гэх зүйл ярьж байна. Бид жам ёсны эрхтэй хүмүүс. Амь хохирогчийг хүндэтгэж түүний ах, дүү, найз, нөхөд, ажлын хамт олныг оролцуулан цайллага хийсэн. Анхан шатны шүүхэд амь хохирогчийн оршуулгын зардалд 23,470,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийг шүүх тооцож үзээд 22,470,000 төгрөг гаргуулах тухай шийдвэр гаргасан. Шүүгдэгчийн гэр бүлээс анхан шатны шүүх хуралдаан хийгдэхээс өмнө 15,000,000 төгрөгийг өгсөн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 5,000,000 өгсөн. Шүүгдэгчээс нийт 20,000,000 авсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол, төлбөр бүрэн төлсөн гэж байна. Одоогийн байдлаар 2,470,000 төгрөг төлөгдөөгүй. Тус хэрэг нь тохиолдлын шинжтэй болсон. Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч амь хохирогч шүүгдэгчийн нүүр рүү цохисон тухай ярьж байна. Хүнийг цохисны төлөө хүний амийг хохироож болохгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Цэнгэлбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Б ын өмгөөлөгч Р.Булгамаагаас шүүгдэгч Т.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг тохиолдлын шинжтэй үйлдсэн гэж тайлбарлаж байна. Тус хэрэг буудлын өрөөнөөс эхлэн үргэлжилж, улмаар буудлын гадна зодоон хийх явцдаа Т.Б  энгэрээсээ хутга гаргаж амь хохирогчийн цээж тус газар нэг удаа хутгалж алсан байдаг. Эдгээр үйл баримт хяналтын камерын бичлэг болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Прокурорын зүгээс хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хүний амь нас эрсэдсэн гэмт хэрэг нь хамгийн хүнд хохиролтой гэмт хэрэг. Шүүхээс гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулсан нь үндэслэлтэй, эрүүгийн хариуцлага тохирсон байна гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Ө.Э  нь шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Иргэний нэхэмжлэгч хэргийн үйл баримттай холбогдуулж нотлох болон няцаах үүрэг хүлээхгүй. Иргэний нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хүсэлт, гомдол гаргах байтал хэргийн үйл баримт, шүүх хуралдааны талаар гомдол гаргаж, хэрэгт хамааралгүй тайлбар хэлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Р.Булгамаа, иргэний нэхэмжлэгч Ө.Э  нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С ” нэртэй зочид буудлын гадна Ө.Э тэй маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-15 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-21 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 25-40 тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н ын “...нөхрийг маань бусдад хутгалуулж, нас барсан гэдгийг надад хэлсэн. Болсон хэргийн талаар сайн мэдэж байгаа зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 тал/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2680 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 119-123 тал/, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3426 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 134-173 тал/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3428 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 178-179 тал/, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 4876 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 184-185 тал/, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 4877 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 189-190 тал/, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3708 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 199-200 тал/, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3427 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 213-214 тал/, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 4878 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 219-220 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 869 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 225-226 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /2-р хх-ийн 61-77 тал/, иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /2-р хх-ийн 78-130 тал/,

гэрч Б.А-н  “...Билгээ Б  хоёр яагаад маргалдсан талаар мэдэхгүй байна, уг нь буудлын өрөөнд цуг ууж байхад юм яриад зүгээр л байсан буудлын гадаа тэр хоёр юм ярьж байгаад гэнэт Билгээ Б ын нүүр хэсэг рүү нэг удаа цохиод тэгээд маргаан болоод эхлэхээр нь Туугаа бид хоёр болиулсан. Б  хаанаас хутга гаргаж ирсэн талаар сайн мэдэхгүй байна, нэг мэдсэн Билгээ газар унасан байхад цус гараад Билгээгийн эргэн тойрны газар цус болчихсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 тал/,

гэрч Б-н  "...Б  нь Э ээс өмнө нь зээлсэн 500,000 төгрөгөө авъя гэж нэхээд тэр хоёрын дунд маргаан үүсэж, хоорондоо зодолдох гээд байхаар нь би тэр хоёрыг салгаад байж байтал Молор-Эрдэнэ, Баянжаргал хоёр явлаа гээд гараад явсан.

...Б  баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан чинь Алтансүх ах Б ын хутгыг гараас нь авахаар нь би сандарч, балмагдаад түц орж тамхи авчхаад, гараад иртэл Э  буудлын шатны урд газар хэвтчихсэн, Б , Алтансүх ах хоёр талийгаачийн дэргэд шатан дээр суучихсан байж байхаар нь би айсандаа тэд нар луу дөхөж очиж чадахгүй зогсож байтал цагдаа, эмнэлэг ирээд, цагдаа нар Э , Алтансүх ах хоёрыг аваад явчихаар нь би сандарч айсандаа Тэди орж танил Пагмадуламтай уулзаж, хамтдаа С  буудал дээр иртэл цагдаа нар манай өрөөнд үзлэг хийж байсан бөгөөд би болсон үйл явдлын талаар хэлтэл намайг барьж яваад, эрүүлжүүлэх байранд хийсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 тал/,

гэрч Т-н "...Тэгээд ороод авч орсон архиа тэд нартай хувааж уусан. Би тэгээд л нэлээн муудаад хэсэг унтсан. Ямар ч байсан өрөөнд хоёр эгч орж ирж байгаа харагдсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг авч явсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88 тал/,

гэрч Н-н "...Тэгээд тэр дөрөв гарснаас нь хойш удаагүй байхад манай дөрвөн давхрын үйлчлэгч эгч М нөгөө хэд чинь нэгнийгээ хутгалчихлаа, үүдэнд бөөн цус болсон байна гэж хэлсэн. Би тэгээд цагдаа болон 103 дуудсан. Би гарч яг болсон зүйлийг хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90 тал/,

гэрч Д-н “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний 17 цаг 35 минутын орчимд С  зочид буудлын урдуур найз Т-н хамт явж байхад С  зочид буудлын хаалга руу ордог шатны орчимд үл таних эрэгтэй хүн хутгалуулсан байдалтай ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд очиход хоёр цагдаагийн алба хаагч, 45-50 орчим настай согтуу нэг эрэгтэй шатны бариулаас гавлуулсан байдалтай зогсож байсан, хажууд нь мөн 45-50 орчим насны кепкэн малгайтай эрэгтэй цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, цагдаатай барьцалдаж авсан, тухайн үед цагдаа нар түргэн лүү дуудлага өгч байсан. Манай найз Т бид хоёр туслахаар очиж, Т нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж байсан эрэгтэйг цагдаагийн хамт гарыг нь ард нь гавлахад тусалсан. Тэгээд хүмүүсийг зайчилж, хэргийн газраас холдуулсан. Тэгээд би тухайн цагдаагийн алба хаагчид хаана ажилладаг гэдгээ хэлээд бие бүрэлдэхүүнээ дуудаж туслах уу гэж хэлээд хамгаалалтын албанаас тусламж гуйчхаад Т бид хоёр эмийн сан хайгаад Т зүүн тийшээ, би баруун тийшээ буюу Элбэг их дэлгүүрийн баруун талд Жаран гээд дэлгүүрийн нэг давхарт байдаг эмийн сан руу ороход 25-30 орчим настай нэг эмэгтэй байсан бөгөөд тухайн эмэгтэйгээс "С  зочид буудлын гадна хүн хутгалуулчихсан цус алдаад тогтохгүй байна, цусыг нь тогтоогоод өгөөч" гэхэд "Тэгэх боломжгүй, ганцаараа ажиллаж байна, гарах боломжгүй" гэдэг хариулт өгсөн. Тэгээд буцаад С  зочид буудлын хажууд ирэхэд амьсгаатай байсан, тэгээд тухайн газарт дахин хүмүүсийг холдуулж, зураг бичлэг хийхгүй байх талаар мэдэгдээд, автобусны буудлын хойд талаар явахыг шаардаж байх хооронд тэр хүний бие нь хөхрөөд, цус нь тунаж үлдээд, нүүр нь цайж хөхрөөд ерөнхийдөө нас барсан. Үүний дараа бол таваас арван минутын дараа түргэн ирээд нас барсан байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-96 тал/,

гэрч Д.А гийн “...С  зочид буудлаас 17 цаг өнгөрөөгөөд дөрвөн ах гарч ирээд хоорондоо муудалцаад байсан. Хар өнгийн ноосон цамцтай, кепкэн бараан өнгийн малгайтай, хар хөх өнгийн өмдтэй 167-170 см орчим өндөртэй, туранхай ах “чи манай авгайг яагаад байгаа юм” гэж орилоод хар хөх өнгийн өвдөг арай хүрэхгүй бөгс дөнгөж давсан урттай цув өмссөн 170 см орчим өндөртэй махлагдуу ахын хацар хэсэг рүү нь нэг удаа цохисон, хамт гарч ирсэн хоёр ах тэр хоёрыг салгах гээд байж байсан. Тэгтэл тэр цувтай ах гэнэт хутга гаргаж ирээд тэр бахираад байсан ахын цээж, хавирга хэсэг рүү нэг удаа дүрсэн, дүрсний дараа тэр ахаас цус нь аймаар их гараад байсан. Тэр ах хутгалчхаад хойшоо хоёр гурав алхаад С  буудлын шатан дээр очоод суусан. Би тухайн үед хутгалахыг нь хараад шууд цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99 тал/,

гэрч Б.Б ийн “...С  зочид буудлын ордог шатны хажууд дөрвөн эрэгтэй согтуу хүмүүс байгаад байсан бөгөөд тэр дунд байсан цэнхэр жинсэн өмдтэй, 165-170 см орчим өндөртэй надаас хэдэн насаар дүү эрэгтэй "манай эхнэрийг яасан юм гээд" орилоод байхаар нь би очоод хартал тухайн орилоод байсан эрэгтэйн нэг талын хавирганы доод хэсгээ дараад байсан. Тэр хэсгээс нь цус маш ихээр олгойдоод гараад байсан бөгөөд түүний хажууд зогсож байсан 180 см орчим өндөртэй цэнхэр куртиктэй, дунд зэргийн ахтай 50 гаран насны эрэгтэй нөгөө цус хэвлийгээс нь гараад байсан эрэгтэйн урдаас нь тэврээд байснаа нөгөө хэвлийгээс нь цус гарч байсан залууг С  буудлын үүдний шат руу түлхээд унагаасан бөгөөд тэр цус гараад байсан залуу унахдаа шатны чулуун гишгүүрийг духаараа мөргөөд унасан чинь нөгөө түлхсэн өндөр ах тэр залууг дээш нь харуулаад хэвтүүлсэн чинь тэр залуу газар хөдлөөд орилоод байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103 тал/,

гэрч Я.Б-н “...Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо ахуй үйлчилгээний дөрвөн замын уулзвар дээр хяналт шалгалтаар үүргээ биелүүлж байх үед 17:40 цагийн үед хажуу талаар явж байсан хүн ахуй үйлчилгээний урд талын автобусны буудал дээр хүмүүс муудалцаад хутга бариад маргалдаад байна гэж хэлэхээр нь би ганцаараа ахуй үйлчилгээний урд талын автобусны буудал дээр яваад очсон чинь нэг иргэн шатан дээр хажуу талаараа харсан цээж хэсгээс нь цус гарсан байдалтай, 180 см орчим өндөртэй, урт хар өнгийн пальтотой буурал үстэй хүн сууж байсан, хажуу талд нь хутга барьсан 40 гаран насны 160 см орчим өндөр намхан ах хутга барьсан байж байхаар нь хутгийг нь би түр хурааж авсан, тэр үед тэнд байсан бүх хүмүүс өндөр пальтотой ахыг наад хүн чинь хутгалсан гэж хэлээд байхаар нь би тэр ахыг гавлах гэх үед би хутгалсан үнэн, намайг аваад яв энэ хүнд эмнэлэг дуудаж өгөөрэй гэх зэрэг зүйл хэлж байсан. Би тэр ахын хоёр гарыг шаттай гавлаад түр саатуулаад байж байх үед хэв журмын хоёр алба хаагч ирээд тэр хоёр цагдаад хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109 тал/,

гэрч Н.Т-н  “...2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр С  зочид буудлын урд Дэмбэрэлдоржтой хамт алхаад явж байхад С  зочид буудлын урд газраар нил цус болчихсон хүн хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод харахад замын цагдаа болон эргүүлийн цагдаа нар оччихсон нэг хүнийг шатнаас гавлачихсан нөгөө нэг залуутай цагдаагийн алба хаагч ноцолдож байсан. Тэр үед би тухайн ноцолдож байсан иргэний цээж рүү нь тохойлдоод цагдаагийн алба хаагчид дэмжлэг үзүүлэн тухайн хүнийг цагдаагийн алба хаагч шатан дээр дарж хэвтүүлэн гавлаад эргүүлийн цагдаа нар тухайн хоёр гавтай залууг машин руугаа аваад явсан. Тэгээд би ойрхон Хүрмэн гээд эмийн сан руу ороод эмийн санчид нь хандан тэнд хүн цус алдаад байна анхан шатны тусламж үзүүлээд өгөөч гэтэл би тусалж чадахгүй гэж хэлээд хамт явахгүй байсан. Тэгэхээр нь би буцаад яваад очтол тухайн газарт байсан нэг залуугийн хажууд толгой дээр нь нэг хүн суучихсан тухайн газарт байсан залуугийн уруул нь хөхөрчихсөн амьсгаагүй болчихсон байсан. Уг нь намайг анх очиход амьсгаатай байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111 тал/,

гэрч Г.Б гийн “...нөхрийн дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь нөхрийн маань хуурай дүү Э  надтай ярьсан бөгөөд тухайн үед Э  намайг "балай авгай минь гударчихсан юм уу, унтаад байгаа юм уу?" гэхээр нь би гэртээ унтаж, амарч байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй. Би тухайн шөнөдөө гэртээ нөхрөө хүлээсэн боловч ирээгүй бөгөөд маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр цагдаагийн газар байгаа гэдгийг мэдээд, цагдаагийн газар ирж нөхөр Б тайгаа уулзахад тэрээр надад "би ганц хайртай дүү Э ийгээ алчихлаа, тэрний оронд би өөрөө үхчихгүй яав даа, нэг найз маань надад хутга бэлэглээд, тухайн хутгыг нь биедээ авч явж байгаад, хутгалчихлаа" гэсэн утгатай зүйлийг надад хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114 тал/,

шүүгдэгч Т.Б ын “...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад зүйлчлэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Э гэнэт над руу уурлаж чи муу ямар сүртэй юм, наад мөнгийг чинь өгөхгүй байсан ч яадаг юм гэж над руу орилоод байхаар нь би утасныхаа төлбөрийг төлмөөр байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд Э  над руу хүрч ирээд миний нүүр лүү гараараа 1-2 удаа цохиход нь миний толгой манарсан бөгөөд би цохиулснаасаа хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдсэн чинь би гартаа хутга барьчихсан зогсож байтал А над руу хүрч ирээд, миний гарт байсан хутгыг авахаар нь би Э  рүү хартал Э ийн цээж, гэдэс хавиас нь цус гарчихсан, буудлын шатны урд хажуу талаараа харсан байдалтай хэвтэж байхаар нь өөрийгөө хүн хутгалчихлаа гэдгээ мэдээд, цагдаа, эмнэлэг дуудъя гэж бодоод А-г ийг цагдаа, түргэн дууд гэж хэлээд дуудуулсан бөгөөд цагдаа нар ирээд намайг авч явсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236, 239-240 тал/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Т.Б ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С ” нэртэй зочид буудлын гадна Ө.Э тэй маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч Т.Б ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Б  болон түүний өмгөөлөгч Р.Булгамаа нар “...хохирол төлбөрөө барагдуулж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрийн нөхцөл байдлыг маань харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Ө.Э  “...хууль ёсны өвлөгч, хохирогч нарыг дутуу тогтоосон, хохирогч нараас мэдүүлэг аваагүй, оршуулгын зардлыг буруу тогтоосон, Э.Н ын хуурамч баримтыг үнэлсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар талд амь хохирогч Ө.Э-н эцэг Д.Ө оос 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н-г төлөөлөх болсныг зөвшөөрч байна” гэх утга бүхий тодорхойлолтыг гарган өгсөн ба тус тодорхойлолтын дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Э.Н ыг /1-р хх-ийн 70 тал/, анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно...” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр Ө.Э ийг тус тус тогтоожээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгчид 8.851.488 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба хохиролтой холбоотой заалтууд хууль зөрчөөгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.О  “...Шүүгдэгчээс нийт 20.000.000 төгрөг авсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол, төлбөр бүрэн төлсөн гэж байна. Одоогийн байдлаар 2.470.000 төгрөг төлөгдөөгүй...” гэж маргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүх хуралдааны үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэх баримтыг шүүхэд гарган өгсөн тул шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Р.Булгамаа нарын гаргасан “ял багасгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Т.Б т оногдуулсан 11 жилийн хорих ялыг багасгах 9 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн шүүх хуралдааны үеэр иргэний нэхэмжлэгч Ө.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  нараас “...шүүгдэгч Т.Б ын зураг, гэрч н.А-г , н.Баттулга нарын зураг, Ө.Э-н эрүүлжүүлэгдсэн тухай баримт хэрэгт шинээр орсон байна, хавтаст хэргээс нотлох баримтыг шинжлэн судлах...” тухай хүсэлт гаргасан ба давж заалдах шатны шүүх хавтаст хэргийг шинжлэн судлаад дээрх хүсэлтийг дагуу хавтаст хэрэгт гэрч нарын зураг, амь хохирогч Ө.Э-н эрүүлжүүлэгдэж байсан талаарх баримтууд хавтаст хэрэгт шинээр нэмэгдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Р.Булгамаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, иргэний нэхэмжлэгч Ө.Э ийн давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Т.Б  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ыг 9 жил 6 сарын /есөн жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Р.Булгамаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, иргэний нэхэмжлэгч Ө.Э ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                 Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                 Б.АРИУНХИШИГ