Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2025/0926

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Э.Н******* /РД:СД97011910/,

Хариуцагч: Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******,

Маргааны төрөл: Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0629434 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан шийдвэрлэв.                                                       Шүүх хуралдаанднэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б*******, хариуцагч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь нар оролцов. 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:                                      

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0629434 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.                             

Хоёр.Маргааны үйл баримт:   

2.1.Хариуцагчаас Э.Н******* нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20-97 УНТ улсын дугаартай приус 30 маркын тээврийн хэрэгслээр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 ширхэг хөлдүү тарвага тээвэрлэн явсан гэх БНОГ-373 дугаартай гомдол мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.2.2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0629434 дугаартай шийтгэлийн хуудсаар “агнуурын бүс нутгаас бусад газарт амьтныг тээвэрлэсэн” гэх үндэслэлээр гомдол гаргагч Э.Н*******ийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгож, хохирол, нөхөн төлбөрт 3,280,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

2.3.Гомдол гаргагчаас дээрх 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 0629434 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав.Маргаж буй талуудын тайлбар:                                               

3.1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч тал тухайн үед тарвага агнах зөвшөөрөлтэй байсан. Хавтаст хэрэгт тарвага агнах зөвшөөрлийн бичиг, төлбөр төлсөн баримтуудыг бүрдүүлэн ирүүлсэн. Тус 4 тарвагыг тарвага агнах зөвшөөрөлтэй байсан аймаг буюу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Товх гэх газар Ц.Б*******, Ш.Г******* нар агнасан. Агнасан тарвагыг тухайн газарт нь Г.С*******ид бэлэглэн, Г.С******* нь Тосонцэнгэл суманд амьдардаг өөрийн аав болох Г*******тод бэлэглэж, улмаар Г*******тоос хүргэн Э.Н*******эд бэлэглэсэн. Хоёрдугаарт гомдол гаргагч Э.Н*******эд 3,280,000  төгрөгийн шийтгэл ногдуулсан. Гэвч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Э.Н******* нь тухайн тарвагыг агнаагүй, зөвшөөрөлтэй агнасан тарвагыг бэлэглэлийн журмаар авсан тул амьтны аймагт шууд санаатай байдлаар хохирол учруулаагүй. Үүнд шалтгаант холбоо байхгүй. Иймд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үндэслэлээр Э.Н*******эд 3,280,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу зөрчлийг зөвхөн холбогдогчийн мэдүүлгээр бус, бусад нотлох баримтаар тогтоох нь эрх бүхий албан тушаалтны үүрэг. Гэвч хариуцагчийн тайлбарт “зөрчилд холбогдогч Э.Н******* өөрөө нотлох баримт гаргаж өгөх эрхээсээ татгалзсан” гэж дурдсан. Гэтэл мэдүүлгээс харахад зөрчилд холбогдогчид нотлох баримт гаргах хугацаа олгоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг буруу явуулсан” гэжээ.

3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт Ц.Б*******, Ш.Г******* нарын ахуйн зориулалттай тарвага агнах эрхийн бичиг авагдсан. Энэ 2 хүн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд амьдардаг гэж бичсэн байгаа. Тухайн тарвага агнах зөвшөөрөлтэй газар нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум байна. Эдгээр 3 сум нь газар зүйн байршлын хувьд зэрэгцээ оршдог. Дээрх зэргэлдээ сумын хүмүүсийн 2 нь тарвага агнах зөвшөөрөл аваад, тарвагаа зохих ёсны дагуу агнаж, тухайн тарваганы түүхий махыг Г.С*******ид бэлэглэсэн. Амьтны тухай хуульд бэлэглэж болохгүй гэдэг зохицуулалт байхгүй, бэлэглэж болно. Харин тээвэрлэхдээ улсын байцаагчийн дурдсан зөвшөөрлийн асуудал хөндөгдөхийг үгүйсгэхгүй. Улсын байцаагчийн зүгээс агнуурын бүс нутгаас бусад газар тээвэрлэсэн гэдэг үндэслэлээр 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бол гомдол гаргагчаас маргах эсэхийг мэдэхгүй байна. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад уг тарвагыг Э.Н******* хориглосон арга хэрэгслээр агнасан, хэмжээ хэтрүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдоогүй. Эрх бүхий байгууллагаас ахуйн зориулалтаар тарвагыг барих, агнах зөвшөөрлийг олгож байгаа нь амьтны тоо толгойг зохицуулах зорилготой. Үүнийг зохицуулах үүднээс иргэдэд ахуйн зориулалтаар агнах эрхийн зөвшөөрлийн бичиг олгоход, уг зөвшөөрлийн дагуу агнасан тарвагыг Э.Н******* хүлээж аваад тээвэрлэсэн үйлдэл нь амьтны аймагт хохирол учруулж байгаа гэм буруутай үйлдэл биш. Хэрэв зөвшөөрлийн дагуу агнасан тарвагыг тээвэрлэж байгаа үйлдлийг амьтны аймагт хохирол учруулж байна гэж үзвэл, хууль тогтоогчоос гаргасан зөвшөөрөл олгож байгаа үйлдэл болон дээрх үйлдэл өөр хоорондоо зөрчилдөнө. Иймд тухайн бэлэглэлийн журмаар, зохих ёсны зөвшөөрөлтэй агнасан тарвагыг тээвэрлэсэн үйлдэл нь амьтны аймагт хохирол учруулж байгаа үйлдэл биш. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Амьтны аймагт хохирол учруулж байгаа гэм буруутай үйлдлийг өмгөөлөгчийн зүгээс агнах зөвшөөрөл өгөөд тус зөвшөөрлийн хугацаа дуусчихсан, агнуурын бүсээс бусад газар өөр арга хэрэгслээр барьсан, агнасан үйлдлийг ойлгоно гэж үзэж байна. Агнах  зөвшөөрөлгүй явж байгаа этгээд тарвага агнавал тухайн амьтны аймагт хохирол учирч байна. Хэрэв амьтны аймагт хохирол учирч байгаа гэж үзсэн бол тухайн тарвагыг зохих зөвшөөрөлгүйгээр хэн агнасан тухайн хүн хариуцлага хүлээнэ. Гэхдээ гомдол гаргагчийн зүгээс уг тарваганы зөвшөөрөлтэй холбоотой баримтыг гаргаад өгчихсөн. Тухайн баримтуудыг улсын байцаагчаас нөхөж авсан гэж хардаж байна. Гэхдээ 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр төлсөн баримтаас зөвшөөрлийн гэрчилгээ авсан буюу нөхөж аваагүй гэдэг нь тодорхой харагдана. Нийслэлийн байгаль орчны улсын байцаагчаас Э.Н*******эд шийтгэл оногдуулсан 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0629434 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохирохгүй байна. Учир нь нэмэгдүүлээд экологид хохирол учруулсан гэж дүгнэсэн. Хэрэв экологид хохирол учруулсан гэж үзэж байгаа бол хэн, ямар байдлаар хохирол учруулсан гэдгийг зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагааны явцад тогтоож, үүний үндсэн дээр уг 3,280,000 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулна. Тухайн тээвэрлэсэн үйлдэлд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж болно. Харин экологид хохирол учруулж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Түүхий тарвага зөвшөөрөлгүйгээр тээвэрлэснээр Э.Н******* экологид шууд хохирол учруулсан гэх дүгнэлт гаргахад  хангалттай нотлох баримт болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Н******* зөвшөөрөлгүйгээр тарвага агнасан, барьсан гэх мэдүүлэг өгөөгүй, бэлэглэлийн замаар хүлээж авсан байна. Иймд уг шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байх тул хууль бус захиргааны актад тооцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.3.Хариуцагч Б.Э******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч талаас тарвага агнах зөвшөөрөлтэй байсан гэж тайлбарласан. Гэвч тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хувьд зөрчилд холбогдогч иргэн Э.Н*******ийг Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Уг заалт нь тарвага, зурам болон тэдгээрийн гаралтай эд зүйлийг хот, тосгон руу оруулахыг хориглосон зохицуулалт юм. Хоёрдугаарт, тарвагыг агнахад агнах зөвшөөрөл, худалдах, худалдан авахад гарал үүслийн тодорхойлолт шаардлагатай. Энэ тодорхойлолтыг тухайн амьтан аль аймгаас ирж байгааг агнах зөвшөөрөлд үндэслэн байгаль хамгаалагч бичдэг. Агнах зөвшөөрлийн бичиг болон гарал үүслийн тодорхойлолт тухайн агнасан тарвагатайгаа хамт байсны үндсэн дээр тус тарвагыг зөвшөөрлийн дагуу агнагдсан болохыг гэрчилнэ. Гэтэл зөрчилд холбогдогчийн хадам аав агнах зөвшөөрөлгүй, гарал үүслийн тодорхойлолтгүй тарвагыг Улаанбаатар хот руу явуулж, Э.Н******* нь мэдсээр байж Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. Э.Н******* Улаанбаатар хотод тарвагыг хүлээн авч тээвэрлэж явах үедээ цагдаагийн байгууллагад саатуулагдсан бөгөөд ямар ч зөвшөөрлийн бичиг, тодорхойлолтгүй байсан нь тогтоогдсон. Уг үйлдэл нь Амьтны тухай хуулийн хэд хэдэн заалтыг, тухайлбал 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Цагдаагийн байгууллага хэрэг илрүүлэхдээ холбогдох тэмдэглэл үйлдсэн. Мөн Зоонозын өвчин судлалын төв дуудаж ажилласан бөгөөд уг ажиллагааны тэмдэглэл үйлдсэн. Үүний дараа зөрчилд холбогдогчийг дуудан мэдүүлэг авч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үү, эсвэл зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагаанд шилжүүлэх үү гэдгийг танилцуулсан. Зөрчилд холбогдогчоос зөрчлийн хэрэг нээвэл хадам аав агнасан гэх асуудал үүснэ гэдгийг ойлгож байсан. Мөн Завхан аймагт 2025 онд ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрөл олгоогүй. Байгаль орчин, уур амьсгалын хөгжлийн яамнаас тухайн жилд тарвага агнахыг хориглосон. Иймд тээвэрлэгдэж байсан тарваганууд дагалдах баримтгүй, тухайн аймгаас агнах зөвшөөрөл олгоогүй зэрэг нь нотлох баримтын үндэслэл болно. Иймд Амьтны тухай хууль зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авахдаа эрх, үүргийг танилцуулан, хууль зүйн туслалцаа авах эсэх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч болохыг тодруулсан. Зөрчилд холбогдогчийн зүгээс мэдүүлэг өгч, зөрчлийг хүлээн зөвшөөрч зөрчлийг шийдвэрлэсэн. Холбогдогчийн зүгээс гаргаж ирсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын байгаль хамгаалагчаас олгосон агнах зөвшөөрөл нь тарвагатайгаа хамт байх ёстой. Гэтэл тээвэрлэж байх үед баримтууд байгаагүй. Шийтгэлийн хуудас тавигдсаны дараа ямар нэгэн байдлаар нөхөж авсан, эсвэл өөр тарваганы баримтыг авчирч үзүүлсэн байх өндөр магадлалтай. Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчилд холбогдогчтой хамтран явуулах үед уг бичиг байгаагүй. Мөн нөхөн төлбөрийг хууль зөрчиж оногдуулсан үндэслэлийн тухайд гомдол гаргагч Э.Н******* Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д заасныг зөрчсөн. Тухайн процесст амьтны аймагт хохирол учруулсан. Хуульд заасны дагуу агнах зөвшөөрөл, тодорхойлолт нөхөн төлбөрийг Амьтны тухай хууль болон холбогдох заалтуудын дагуу тооцдог. Холбогдогч нь Амьтны тухай хуулийн 11.9 дэх хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул агнах зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолт байхгүй тул хохирол, нөхөн төлбөрийг ногдуулна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “агнуурын бүс нутгаас бусад газар ан амьтныг тээвэрлэсэн бол хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, торгох шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу шийтгэл ногдуулсан. Гомдол гаргагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг буруу явуулсан гэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан. Зөрчилд холбогдогчийн мэдүүлэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүчтэй нотлох баримт. Тухайн зөрчлийг илрүүлсэн цагдаагийн тэмдэглэл, цагдаагийн бичиг баримт хурааж авсан тэмдэглэл, Зоонозын өвчин судлалын албан хаагчийн тэмдэглэл, мөрдөгчийн мэдүүлэг, мөн яамны Завхан аймагт тарвага агнах зөвшөөрөл олгоогүй зэрэг нотлох баримтууд байгаа. Иймд нотлох баримтыг хангалттай цуглуулсан. Зөрчилд холбогдогчтой хамтран, холбогдогчийн санал хүсэлтээр тухайн ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.                                                                   

2.Хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******аас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт  шалган нэвтрүүлэх цэгээр гомдол гаргагч Э.Н******* нь 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 20-97 УНТ улсын дугаартай приус 30 маркын тээврийн хэрэгслээр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 ширхэг хөлдүү тарвага тээвэрлэн явсан гэх БНОГ-373 дугаартай гомдол мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

3.Улмаар хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0629434 дугаартай шийтгэлийн хуудсаар “агнуурын бүс нутгаас бусад газарт амьтныг тээвэрлэсэн” болох нь холбогдогчийн мэдүүлэг, тайлбараар нотлогдсон үндэслэлээр гомдол гаргагч Э.Н*******ийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгож, хохирол, нөхөн төлбөрт 3,280,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

4.Гомдол гаргагч нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт  шалган нэвтрүүлэх цэгээр 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 20-97 УНТ улсын дугаартай приус 30 маркын тээврийн хэрэгслээр 4 ширхэг хөлдүү тарвага тээвэрлэн явсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, Зооноз өмчин судлалын үндэсний төвийн дуудлагад үйлчилсэн тэмдэглэл, гомдол гаргагчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

5.Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/896 дугаар тушаалаар ахуйн зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг баталсан бөгөөд уг тушаалын хавсралтаас үзвэл Завхан аймагт агнах барих тарваганы тоо батлаагүй, харин Хөвсгөл аймагт тарвага агнах барих тоог 200 ширхэг байхаар тогтоожээ.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух хаягтай Ц.Б*******, Ш.Ганжамъяан нарт тус тус олгосон Монгол тарвага 3 ширхэгийг агнах 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0009573, 0009574 дугаартай Ахуйн зориулалтаар ан амьтан ангах/барих эрхийн бичгийг гомдол гаргагчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20-97 УНТ улсын дугаартай приус 30 маркын тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт  шалган нэвтрүүлэх цэгээр тээвэрлэн явсан 4 ширхэг хөлдүү тарваганд олгосон ахуйн зориулалтаар ан агнахад олгосон зөвшөөрөл гэж үзэх үндэслэлгүй байна.

7.Учир нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан “Ц.Б******* нь 3 ширхэг монгол тарвагыг зөвшөөрөлд заасан хугацаанд агнаж, улмаар тухайн газраа танил дүү болох Г.С*******ид бэлэглэн, Г.С******* нь Д.Г*******тод бэлэглэж, Д.Г*******тоос Улаанбаатар хот руу хүргэн болох Э.Н******* рүү явуулсан” гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

8.Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно” гэж заасан.

9.Гомдол гаргагчийн Э.Н*******ийн шүүхэд гаргаж өгсөн  2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зооноз өмчин судлалын үндэсний төвийн дуудлагад үйлчилсэн тэмдэглэлд “Сорьц материалын газар үүсэл” хэсэгт “Завхан аймаг Тосонцэнгэл” гэж тэмдэглэсэн, гомдол гаргагчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэгт “Зөвшөөрөл байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Бэлгийн замаар авсан. Хэн өгсөн нь мэдэхгүй байна. Завханаас идэштэй хамт ирсэн, ирснийх нь дараа мэдсэн, ...Манай хадам аав ээж идэж явуулсан. Тэгээд Эмээлтэд ирсэн хойно хүн бэлэглэсэн 4 тарвага байгаа гэж хэлсэн” зэргээс үзвэл тээвэрлэн явсан 4 ширхэг хөлдүү тарвагыг Завхан аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэн ирсэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд уг тарвагуудыг Байгаль хамгаалагчаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух хаягтай Ц.Б*******, Ш.Ганжамъяан нарт тус тус олгосон 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0009573, 0009574 дугаартай Ахуйн зориулалтаар ан амьтан ангах/барих эрхийн бичгийг үндэслэн Ц.Б******* агнасан, улмаар Ц.Б*******аас Г.С*******ид, Г.С*******оос Д.Г*******тод бэлэглэж, Д.Г*******тоос Улаанбаатар хот руу гомдол гаргагч Э.Н*******эд хүргүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлохдохгүй байна.

10.Иймд хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас  2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0629434 дугаартай шийтгэлийн хуудсаар Э.Н*******ийн агнуурын бүс нутгаас бусад газарт амьтныг тээвэрлэн явсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дүгээр зүйлийн 4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 300,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

11.Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан, гомдол гаргагчаас 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан мэдүүлэгтээ агнуурын бүс нутгаас бусад газарт амьтны түүхий мах тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

12.Харин хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 4 ширхэг тарваганы хохирол, нөхөн төлбөрт 3,280,000 төгрөгийг тогтоож, гомдол гаргагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

13.Учир нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.4-т “Ан амьтан агнах эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, түүнчлэн зөвшөөрөлгүй ан амьтан агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдуулна” гэж заасныг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол ... учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...” гэж заасантай системчлэн тайлбарлавал, ан амьтныг агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр болон зохих зөвшөөрөлгүйгээр агнасан буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага ногдуулж, хохирол нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тээвэрлэсэн тохиолдолд тээвэрлэн явсан тухай этгээдийн тээвэрлэсэн үйлдлийг агнасантай адилтан үзэж хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

14.Хэрэв хариуцагч гомдол гаргагчаас 4 ширхэг тарваганы хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах зүйтэй гэж үзвэл тухайн 4 ширхэг тарвагыг гомдол гаргагч Э.Н******* ан амьтан агнах эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр, түүнчлэн ан амьтныг агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр агнасан гэх үйл баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоох үүрэгтэй.

15.Гэвч хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч нь тухайн 4 ширхэг тарвагыг агнасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд түүний тээвэрлэсэн үйлдэлд 3.280.000 төгрөгийг хохирол нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

16.Иймд маргаан бүхий Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0629434 дугаартай шийтгэлийн хуудсын 2 дахь заалтад заасан хохирол, нөхөн төлбөрт 3,280,000 төгрөг ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, Э.Н*******эд 300,000 төгрөгийн торгууль оногдуулсан хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

17.Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан, гомдол гаргагчаас “Ц.Б*******аас Г.С*******ид, Г.С*******оос Д.Г*******тод бэлэглэж, Д.Г*******тоос Улаанбаатар хот руу гомдол гаргагч Б.Н*******эд хүргүүлсэн” гэж тайлбарлах бөгөөд хариуцагч хяналтын улсын байцаагчаас “агнуурын бүс нутгаас бусад газарт амьтныг тээвэрлэсэн” үйлдэлд шийтгэл оногдуулсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй тул ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдсан эсэх талаарх үйл баримтад шүүх дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэж байна.

18.Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.Н*******ийн гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э*******ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0629434 дугаартай шийтгэлийн хуудсын  2 дахь заалтад заасан хохирол, нөхөн төлбөрт 3,280,000 төгрөг ногдуулсан хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ГАНЗОРИГ