Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 313/ШШ2025/00156

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 10 дугаар баг

Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Гурвантэс сум

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие Ж.*******той 2019 оноос хойш хамтран амьдарч байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдарч байх хугацаанд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүү М.******* одоо 4 настай, 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүү М.Мөнх-******* одоо 3 настай тус тус мэндэлсэн. Бид 2019 оноос хойш өөрсдийн гэсэн амьдрах гэр, оронгүй байсан болохоор заримдаа Улаанбаатар хотод байдаг манай ээжийнд заримдаа суманд байдаг эхнэрийн аав, ээжийнд амьдардаг байсан. Миний хувьд эхнэр, 2 хүү маань байгаа учраас боломжоороо ажил хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа залгуулсаар ирсэн бөгөөд 2023 оны 04 сард би банкнаас зээл аваад 04 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн төв дээр гэр барьж амьдарч эхэлсэн.

Тусдаа гараад эхний 4 сар бид аз жаргалтай байсан боловч удалгүй баг багаар эхнэр надтай хэрүүл хийж, ямар ч шалтгаангүй уурлах бухимдах зэргээр ааш зан нь хувирсан. Би 2023 оны 12 сард зам тээврийн осолд орсон түүнээс хойш Ж.******* хүүхдүүдийг аваад сум руу аав ээжийндээ очсон. Миний хувьд гэр бүлийн амьжиргаагаа зохицуулж хүүхдүүд маань хүртэл надад сайн байсан. Бидний гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Ж.******* намайг эртнээс хуурч, өөр хүмүүстэй харилцдаг сүүлд нэг залууг нь мэдэхэд харилцдаг уулздаг хамт хонож байсан талаараа Ж.******* өөрөө надад хэлсэн үүнийгээ ч үгүйсгэдэггүй юм. Миний хүүхдүүд одоо Ж.Солонгын аав, ээжтэй байгаа бөгөөд 09 дүгээр сарын 01-ний өдөр болоход миний бие хүүхдүүдийнхээ хичээл сурлагын бүх зүйлийг бэлдэж өгөөд цэцэрлэгт нь оруулж өгсөн.

Иймд Ж.******* бид хоёрын хувьд цаашид хамт амьдрах боломжгүй болсон учир бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн асрамжийг надад тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******той ярилцсан. Цаашид ямар ч байсан гэрлэлтээ цуцлуулъя, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоё гэсэн. Миний хувьд эвлэрэх хүсэлтэй байгаа. Хугацаа өгсөн боловч ажил төрөл гээд уулзах боломж гараагүй. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзъя гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг төлөхгүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН