Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/536

 

 

 

 

 

 

  2024           05             08                                       2024/ДШМ/536

 

 

Б.Х т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Б.Оргилболд,

           шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,

           нарийн бичгийн дарга  Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Х д холбогдох эрүүгийн 2209 01243 0679 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Х  нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий боловсролын    сургууль дээр “11а” ангийн сурагчидтай маргалдах явцдаа насанд хүрээгүй хохирогч Д.У ын биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос: Б.Х ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

                   Шүүгдэгч Б.Х ийн өмгөөлөгч Ц.Батзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.   зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн нөхцөл байдлууд тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж хуульчилсан.

                    Энэхүү хуульд заасан нөхцөл байдал тогтоогдсоор атал анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, үгүйсгэсэн тухайн үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагаагүйд гомдолтой байна.

                   Анхан шатны шүүх “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ийнхүү мэтгэлцсэн байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Д.У ын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн харьцангуй тогтвортой мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч М.Х-ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.М гийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Д ын мэдүүлэг, гэрч Ч.О ын мэдүүлэг, гэрч Б.Б гийн мэдүүлэг, гэрч Л.Б ы мэдүүлэг, гэрч Б.Э ын мэдүүлэг зэргээр няцаагдаж байна. Иймд хэрэгт авагдсан болон шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.У ын биед хүндэвтэр хохирол учирсан гэж үзлээ” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тодруулбал, шүүх хохирогч Д.У ын мэдүүлэг харьцангуй тогтвортой гэж дүгнэдэг. Гэтэл хохирогч Д.У  нь өөрт хэн хохирол учруулсан талаар өөр өөрөөр мэдүүлдэг. Ингэхдээ 1-т “хэн нь мэдэгдэхгүй хэн нэгэн хүн цохисон” гэж, 2-т А.Б  алгадсан” гэж , 3-т “Б.Х  баруун хүзүү, дагз руу цохисон” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлгээс дүгнэвэл шүүгдэгчээс өөр хүмүүс биед нь халдсан талаар мэдүүлдэг. Эдгээр зөрүүтэй мэдүүлгүүдээс аль хэсгийг нь дүгнэлтийн үндэслэлээ болгосон талаар болон бусад хэсгийг нь хэрхэн үгүйсгэж байгаа талаараа шүүх шийдвэртээ заагаагүй.

                   Шүүх М.Х , Т.М , М.Д Ч.О , Б.Б , Л.Б , Б.Э  нарын мэдүүлгээр өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна гэдэг. Гэтэл уг гэрч нарын мэдүүлгийн аль хэсэг нь өмгөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн няцааж байгаа талаар шүүхийн шийдвэрт огтхон ч дүгнэлт хийгээгүй.

                   Яллах дүгнэлтэд зааснаар нийтдээ 18 баримтыг яллах үндэслэлээ болгосон. Яллах дүгнэлтийн үндэслэл болгосон мэдүүлгүүдээс хохирогч болон 4 гэрч нь Х хохирогчид гэмтэл учруулсан гэж, шүүгдэгч болон 4 гэрч нь Э хохирогчид гэмтэл учруулсан гэж, бусад гэрчүүд хэн учруулсан талаар мэдэхгүй гэх мэдүүлгүүдийг өгсөн.

                   Гэтэл шүүх хохирогч болон 4 гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон атлаа шүүгдэгч болон түүний мэдүүлгийг бататгасан, хохирогчид Э гэмтэл учруулсан талаар мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагаагүй.

                   Сургууль дээр болсон зодоон, хохирогчид гэмтэл учруулсан нөхцөл байдлын тухайд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогчид Х ганцаараа гэмтэл учруулсан, хохирогчид Э ганцаараа гэмтэл учруулсан, хохирогчид Б , Б  нар гэмтэл учруулсан, 12а, 12г ангийн 5-6 хүүхэд зодоонд оролцсон буюу хохирогчид бүгд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл бүхий баримтууд авагддаг.

                   Гэтэл эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдлуудаас зөвхөн хохирогчид Х гэмтэл учруулсан гэж дүгнэлт хийхдээ бусад нөхцөл байдлыг хэрхэн үгүйсгэж байгаагаа шүүхийн шийдвэрт заагаагүй.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохоор хуульчилсан тул уг асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн гэм буруугүйд тооцох зарчим бүхий заалтыг шүүх хэрэглэх ёстой байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

                   Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрчийн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч учруулсан болох эргэлзээтэй байхад шүүх дээр дурдсан хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

                   Хохирогч “Х баруун хүзүү, дагз руу цохисон” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч баруун дагз, хүзүү хойд хэсэг рүү цохисон цохилтоос шинжээчийн дүгнэлтэд заасан хүндэвтэр гэмтэл учрахгүй гэж тодорхой мэдүүлдэг. Энэ тохиолдолд хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход эргэлзээтэй.

                   Шинжээч олон удаагийн үйлчлэлээр гэмтэл үүсэх боломжтой гэж дүгнэлтээ бичгээр гаргасан атлаа, шүүхийн хэлэлцүүлэгт нэг удаагийн ч цохилтоор үүсэх боломжтой гэж мэдүүлдэг. Энэ тохиолдолд хохирогчийн мэдүүлэгт дурдагдаад байгаа хэн нь мэдэгдэхгүй нэг хүний нэг удаагийн цохилт, А.Б ы алгадалт зэргээс уг гэмтэл учрах боломжтой бөгөөд хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан гэдэгт мөн л эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр заасан бөгөөд уг асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж хуульчилсан.  

                   Энэхүү хуулийн шаардлагыг шүүхийн шийдвэр хангаагүй бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байгаа болно.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар 2.3-т "шүүх тухайн нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн өмгөөлөгчийн саналын үндэслэлийг няцаан үгүйсгэсэн үндэслэл"-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах ёстой атал өмгөөлөгч миний дүгнэлт, саналыг огт няцааж үгүйсгээгүйд гомдолтой байна.

                   Өмгөөлөгч миний бие дараах санал дүгнэлтийг шүүхэд гаргасан. “Шинжээчийн дүгнэлтэд Д.У ын биед учирсан гэмтэл нь ямар учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу хүндэвтэр гэмтэлд хамаарч байгаа талаар огт тайлбарлаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэж үзэх нөхцөл байдлыг бий болгож байна, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т "гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан" бол гэж заасан. Журмын энэхүү заалтыг баримтлан Д.У ын биед учирсан гэмтэл нь хүндэвтэр гэмтэл гэж дүгнэж байгаа бол ямар, ямар гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах гэмтэлд хамаардаг талаар, Д.У ын биед учирсан гэмтэл нь яагаад энэхүү шалгуурт багтаж байгаа талаар шинжээчийн дүгнэлтэд заавал дүгнэж, тусгах ёстой. Хэрэв ийм байдлаар үндэслэлээ заагаагүй бол тухайн дүгнэлтийг үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй. Шинжээч хууль зүйн болон эрүүл мэндийн шинжлэх ухааны талаас үндэслэл бүхий дүгнэлт гаргах ёстой атал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ асуудалд бүрэлдэхүүнтэй шинжээч нар дахин дүгнэлт хийхдээ анхаарч заавал дүгнэлт хийх ёстой гэж шүүхэд санал дүгнэлтээ хэлсэн.

            Мөн хохирогч Д.У  мэдүүлэгтээ "...Миний бие гэмтэл учруулсан гэх хүмүүсээр эмчилгээ хийлгүүлэх хүсэлтэй байна" гэж, гэрч Б.Батбаатар мэдүүлэгтээ “...12а, 12г ангийн 5-6 хүүхэд нийлж зодсон" гэж тус тус мэдүүлсэн бөгөөд энэхүү асуудлыг заавал шалгаж тодруулах, Д.У ыг зодсон бүх хүүхдийг олж тогтоож, үйлдэл оролцоог шалгах ажиллагааг хийлгэх хүсэлтийг гаргасан.

            Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т "гэмт хэргийг хэн үйлдсэн" болохыг эргэлзээгүйгээр нотолж тогтоох зайлшгүй шаардлагатай. Гэтэл энэхүү баримтуудаас үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээд байгаа.

            Мөн гэрч М.Х , Э.Б , А.Б , Б.Э , Б.Б  нарын мэдүүлгээр хохирогчийг Г.Э зодсон талаар мэдүүлэг хэрэгт авагдсаар атал энэхүү мэдүүлгүүдэд дүгнэлт өгч, шалгаж тодруулах зайлшгүй шаардлага байгаа талаар шүүхэд санал дүгнэлтээ гаргасан болно. Иймд Б.Х т холбогдох хэргийг бүрэн хянаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 05 дугаар сарын 07-ний өдөр    сургууль дээр зохиогдсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр 2 анги зодолдож, зодоон даамжрахаас сэргийлж салгах гэж очсон өөрийн ангийнхны дунд би очсон ба очиход аль хэдийн зодоон эхэлсэн, хохирогч өөр хүнд цохиулсан байсан ч гэсэн тэр олон хүүхдүүдээс сонгогдон хэрэгт гүтгэгдэж улмаар анхан шатны шүүхээс буруутан болж тооцогдлоо.

Тухайн үед тэнд байсан гэрчүүд хэлж тайлбарласаар байтал,    сургуулийн захиргаа сургуулийн нэр төр хамгаалах нэрээр хэнд цохиулснаа мэдэхгүй гэж ярьж байсан хохирогчид Х миний биеийг цохисон болгож тайлбарлан хэргийг хурдан намжаах гэсэн зорилгоор хохирогчийн ангийхан зохион байгуулж хуурамч гүтгэлэг зохион намайг хэлмэгдүүллээ. Энэ хэргийг нарийн нягтлан үзэж дөнгөж амьдралд хөл тавьж буй миний ирээдүйг бодож үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж өргөдөл гаргаж байна. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байр суурьтай байна. ...” гэв.

Прокурор Б.Оргилболд давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн тухайд, хохирогч Б.У , шүүгдэгч Б.Х , сэжигтнээр мэдүүлэг авсан Э нар хэрэг болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, үйл баримтыг ухамсарлах боломжтой, хэвийн байсан бөгөөд 1 дүгээр ангиасаа хамт суралцсан тул хэн хэнийгээ зааж мэдүүлэх бүрэн боломжтой. Хохирогч мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.Х ийг нэр заан мэдүүлсэн. Мөн гэрч У, М , д, Ч, О нар хохирогчийг Б.Х  зодсон талаар мэдүүлсэн. Эдгээрийн мэдүүлгийг баталгаажуулж багш Эрдэнэбаяр нь мэдүүлэг өгсөн. Тодруулбал, багш Э нь хэрэг болсон цаг тухайд нь гүйж очсон бөгөөд түүнийг очиход хохирогчийг Б.Х  зодсон талаар гэрчилсэн хүүхдүүд байсан гэдэг. Тиймээс Э Б.У ыг зодсон болох нь тогтоогдоогүй, харин Б.Х  хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон. ...Тухайн үед шүүгдэгч нь арзгар гуталтай пүүзтэй байсан бөгөөд хохирогчийг хаалга, хана хоёрын завсар хавчуулж хавтгай гадаргуу дээр олон удаа дэвссэн нөхцөл гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Үүнтэй холбогдуулан шинжээчээс асуухад хавтгай гадаргуу дээр цохигдох үед хүндэвтэр гэмтэл үүсэх бүрэн боломжтой гэсэн хариултыг өгсөн. Шүүгдэгч Б.Х ийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Х  болон түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Х  нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий боловсролын    сургууль дээр “11а” ангийн сурагчидтай маргалдах явцдаа насанд хүрээгүй хохирогч Д.У ын толгойн ар дагз хэсэг рүү цохих, толгой хэсэг рүү 3-4 удаа дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь зүүн дээд доод зовхи, шанаа хацрын цус хуралт, зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.У ын “...зодоон эхэлсэн намайг гарахад хэнийг нь мэдэхгүй байна хацар руу цохисон. Тэгээд би Б  гээд хүүхдийг заамдаж байтал Х миний толгойн ар дагз хэсэг рүү цохиж би ухаан алдаад уначихсан. Нэг мэдэхэд ангидаа хэвтэж байсан. Миний хажууд М Х, Д, Д нар зогсож байсан. Намайг Х толгойн дээрээс 4-5 удаа дэвссэн, Э гэх хүүхэд миний дээрээс өшиглөсөн гэж хэлсэн, миний хажууд А байсан ба болсон явдлыг харсан...” /1-р хх-ийн 31 тал/, ...Б.Х  намайг зодсон, хөл бөмбөгийн шипилкээр миний толгой хэсэг рүү дэвссэн. Э миний нуруу хэсэгт 1 удаа жийсэн гэдгээ хэлсэн...” /1-р хх-ийн 33 тал/,

гэрч М.Х-н “...ангийн хаалганы ард Ууганбаярыг 12а ангийн сурагч Х гэх хүүхэд газарт унагаачихсан толгой хэсэг рүү нь дэвссэн байдалтай байсан. Х-г ангийн баньд нар боль гээд салгаж байсан. Би Х-н царайг хараад танина...” /1-р хх-ийн 35 тал/

гэрч Т.М-н “...намайг хажууд нь очиход 12а ангийн Х У-г газарт унагасан байдалтай толгой дээрээс нь дэвсэж байсан. Тэгээд зодооныг тэнд байсан хүмүүс салгасан...” /1-р хх-ийн 39 тал/,

гэрч М.Д ын “...У гарсан, араас нь Д гарсан, араас нь би гарсан. Намайг гарахад У хаалганы араар унасан байдалтай байсан ба дээрээс нь Х нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 3-4 удаа дэвссэн ба Х-г түлхээд өөрийн ангийн Е гэх хүүхэдтэй хамт У-г оруулсан...” /1-р хх-ийн 98 тал/,

гэрч А.Ч-н “...бөөнөөрөө зогсчихсон байсан болохоор хэрхэн яаж зодоон болсныг тод дүрсэлж чадахгүй байна. Хамгийн тод нь Х У-г дэвсээд байхад хүмүүс болиулах гээд болихгүй ангийн хаалганы бариулаас баричхаад дэвсээд байсан...” /1-р хх-ийн 105 тал/,

гэрч М.Т-н “...11а ангийн Ууганбаяр болон 2 хүүхэд гарч ирсэн хэн нэгэн нь Б ыг цохисон ба зодоон эхэлсэн. Намайг тухайн зодоон руу очиход хүүхдүүд бүгдээрээ зодолдож байсан. Хальт харахад У газарт хэвтэж байсан. Э нь хүүхдийн дээр гараад зодож байсан, ямар хүүхэд гэдгийг нь сайн мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 77 тал/,

гэрч Ж.П “...хамгийн тод нь Х У-г дэвсээд байхад нь хүмүүс болиулах гэхэд болихгүй байсан. Хөлбөмбөгийн шипилктэй гутлаараа 2-3 удаа дэвссэн...” /1-р хх-ийн 105 тал/,

гэрч Б.Э ын “...зодоон болж буй үйл явдлыг миний бие хараагүй, намайг тодруулж асуухад Ууганбаярыг Х зодчихлоо гэсэн зүйл ярьж байсан...” /1-р хх-ийн 228 тал/,

иргэний хариуцагч Н.Ц-н “...манай сургуулийн зүгээс иргэний хариуцагчаар уг хэрэгт татагдахад татгалзах зүйлгүй. Ууганбаярт хохирол барагдуулахад манай сургуулийн зүгээс татгалзах зүйлгүй...” /1-р хх-ийн 219-220 тал/,

сэжигтэн Г.Э-н “...би нэг хүүхдэд дарагдаад өндийж чадахгүй байсан. Тэр хүүхдийг босгох гэж гар хэсэгт нь нэг удаа цохисон. У-г хэн яаж цохисон талаар хараагүй, харах боломж байгаагүй. У-г зодооны үеэр хаана байсан талаар мэдэхгүй байна. Зодоон дууссаны дараа Х “миний цохисон хүүхэд сэрсэн үү” гэж тэнд байсан хүүхдүүдээс асууж байсан. 12а ангийнхан намайг гүтгээд байна. Яриагаа нийлүүлсэн байна...” /1-р хх-ийн 152 тал/,

 “...Д.У ын биед зүүн дээд доод зовхи, шанаа хацрын цус хуралт, зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6767 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 118-119 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 176 тал/, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Х , Г.Э нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 234-238 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Х ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Х ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна.

Шүүгдэгч Б.Х  “...хэргийг хурдан намжаах гэсэн зорилгоор хохирогчийн ангийхныг зохион байгуулж хуурамч гүтгэлэг зохиож намайг хэлмэгдүүллээ. Энэ хэргийг нарийн нягтлан үзэж дөнгөж амьдралд хөл тавьж буй миний ирээдүйг бодож үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа “...шүүгдэгчээс өөр хүмүүс хохирогчийн биед нь халдсан талаар мэдүүлдэг. Эдгээр зөрүүтэй мэдүүлгүүдээс аль хэсгийг нь дүгнэлтийн үндэслэлээ болгосон талаар болон бусад хэсгийг нь хэрхэн үгүйсгэж байгаа талаараа шүүх шийдвэртээ заагаагүй., ... хохирогчид Б.Э гэмтэл учруулсан талаар мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагаагүй., ...гэрч М.Х , Э.Б , А.Б , Б.Э , Б.Б  нарын мэдүүлгээр хохирогчийг Б.Э зодсон талаар мэдүүлэг хэрэгт авагдсан ба үүнийг шалгаж тодруулах ажиллагаа хийгдээгүй. Иймд Б.Х т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлэхэд, хохирогч Д.У ын “...Х миний толгойн ар дагз хэсэг рүү цохиж би ухаан алдаад уначихсан. ...Намайг Х толгойн дээрээс 4-5 удаа дэвссэн. ...хөл бөмбөгийн шипилкээр миний толгой хэсэг рүү дэвссэн. Э миний нуруу хэсэгт 1 удаа жийсэн гэдгээ хэлсэн...”, гэрч М.Х-н “...ангийн хаалганы ард У-г 12а ангийн сурагч Х гэх хүүхэд газарт унагаачихсан толгой хэсэг рүү нь дэвссэн байдалтай байсан...”, гэрч Т.М-н “...намайг хажууд нь очиход 12а ангийн Х У-г газарт унагасан байдалтай толгой дээрээс нь дэвсэж байсан. ...”, гэрч М.Д ын “...Намайг гарахад Ууганбаяр хаалганы араар унасан байдалтай байсан ба дээрээс нь Х нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 3-4 удаа дэвссэн ба Х-г түлхээд өөрийн ангийн Е гэх хүүхэдтэй хамт У-г оруулсан. ...”, гэрч А.Ч “...Хамгийн тод нь Х Уу-г дэвсээд байхад хүмүүс болиулах гээд болихгүй ангийн хаалганы бариулаас баричхаад дэвсээд байсан...”, гэрч Ж.П-н “...хамгийн тод нь Х У-г дэвсээд байхад нь хүмүүс болиулах гэхэд болихгүй байсан. Хөлбөмбөгийн шипилктэй гутлаараа 2-3 удаа дэвссэн...”, гэрч Б.Э ын “...зодоон болж буй үйл явдлыг миний бие хараагүй, намайг тодруулж асуухад Ууганбаярыг Х зодчихлоо гэсэн зүйл ярьж байсан...”, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6767 дугаартай “...Д.У ын биед зүүн дээд доод зовхи, шанаа хацрын цус хуралт, зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал үүсжээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Х  нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий боловсролын    сургууль дээр “11а” ангийн сурагчидтай маргалдах явцдаа насанд хүрээгүй хохирогч Д.У ын толгойн ар дагз хэсэг рүү цохих, толгой хэсэг рүү 3-4 удаа дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь зүүн дээд доод зовхи, шанаа хацрын цус хуралт, зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Б.Х ээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогчийн эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийж  шүүгдэгч Б.Х ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ДАРЬСҮРЭН

 

                                   ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА

 

                                   ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ