Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 123/ШШ2025/0071

 

 

 

 

   2025     08         14

              123/ШШ2025/0071

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

            Гуравдагч этгээд:*******,*******,******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, гуравдагч этгээд******* (цахимаар),******* (цахимаар),******* (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч *******аас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолын*******,*******,******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].

1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор буюу “шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30  хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаанд шүүхэд хандсан байна.

Хоёр. Нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний нэхэмжлэлийн шаардлага нэн тодорхой буюу ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх"-ыг хориглоно гэж хоёрдмол утгагүйгээр тодорхойлсон. Гэтэл бүрэн эрх нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид ИТХ гэх/-ын шийдвэрээр хүлээн зөвшөөрөгдсөн*******,*******, мөн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Батсүмбэр сумын ИТХ-ын шийдвэрээр бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн******* нарыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан Төв аймгийн ИТХ-ны Анхдугаар хуралдааны 01 тоот тогтоолоор давхар аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчсөн, миний эрх, хууль ёсны эрх ашгийг мөн зөрчсөн гэж би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь суманд, аймагт зэрэг нэр дэвшиж болох ч нэгэнт сонгогдсоны дараа аль нэг шатны хурлын төлөөлөгчийг сонгож цаашид ажиллах эрх нь нээлттэйг нэхэмжлэгч би ойлгож байна. Аймаг, сумдын ИТХ-ын хуралдсан цаг хугацаа, гаргасан шийдвэрүүдийн огноог харьцуулахад аймгийн ИТХ-ын 01 тоот тогтоол хууль зөрчсөн нь хангалттай нотлогдоно гэж би үзэж байна. ... Гэтэл нэр бүхий этгээдүүд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх"-ыг хориглоно гэснийг зөрчсөн, энэ зөрчлийг хэлж сануулсаар атал аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар тэднийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр давхардуулан хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасан нь миний баримталдаг зарчим, хандлага, ёс зүйтэй зөрчилдөж байгаа болно. Аймгийн ИТХ хууль бус шийдвэр гаргаснаараа нэхэмжлэгчийн аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн эрх, үүргийг хэвийн хэрэгжүүлж ажиллах нөхцөлийг алдагдуулж ... байна. ... Миний бие Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд ээлжит 9 дүгээр сонгуулийн үр дүнгээр, аймгийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож ажиллаж байна. ... Миний хууль ёсны эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа талаар хэлэхэд тухайн нөхцөл байдалд сонгуулийн үр дүнгээр 20 ба 21 гэсэн мандатууд бий болсон. Энэ хүчний харьцаанаас шалтгаалан гуравдагч этгээдүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд давхар сонгогдохыг хориглох заалтыг зөрчсөнтэй холбоотой ирцийн асуудал гарч байна. Хэрвээ хууль зөрчөөгүй байсан бол 18 суудал манай намаас, 20 суудал тухайн намаас сонгогдсон нэр дэвшигч нарын хувьд үүсэх боломжтой байсан. Үүнээс улбаалан бид олонхын зарчмын болон хурлын дэгт заасан журмын үндсэн дээр нэр дэвших боломжтой байсан. Бид намынхаа дотоодод хурлын бүтэц, зөвлөл, хороод болон нэр дэвших асуудлыг хэлэлцсэн. Миний хувьд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн. Мөн намын дотоод зохицуулалттай холбоотой асуудлуудыг тодорхой хэмжээнд тохиролцсон. Ирцийн асуудлаас үүдэн гуравдагч этгээдүүд оролцож, ирцийг 51 хувьд хүргэснээр хурлын шийдвэрийг ганцаараа гаргах боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Тиймээс миний нэр дэвших, сонгогдох эрх зөрчигдсөн, хууль ёсны эрх ашиг маань хөндөгдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Мөн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагаа хэрэгжиж байгаа хэдий ч тодорхой хязгаарлагдмал нөхцөлд хэрэгжиж байна. Хурлын бүтэц болох зөвлөл, хороод болон намын бүлэг байгуулахгүйн улмаас аймаг, орон нутгийн бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийн бие даасан шийдвэрүүд хэрэгжих боломжгүй болсон. Иймээс миний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна гэв.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож буй гурван гуравдагч этгээд нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар сонгогдож, эрхийг нь бүрэн хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсны дараа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцож, бүрэн эрхийг нь зөвшөөрсөн тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь 2024 оны сонгуулиас хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр шатны төлөөлөгчийг зэрэг сонгохыг хориглосон байдаг. ... Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.8-д зааснаар нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх, шийдвэр гаргахад хамтын зарчмыг баримтлах зэрэг зарчмуудыг зөрчсөн байна. ... Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь тухайн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарснаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болох ёстой байтал уг заалтыг зөрчсөн байна. Ийм хууль бус акт гарсан тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байгаа бөгөөд энэ хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. ... өмнөх нэхэмжлэлийн шаардлага нь тухайн маргаантай 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын №01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагатай байсан. Харин одоогийн шаардлага нь зөвхөн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн агуулга өөр тул өмнөх асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй. Энэ бол тусдаа асуудал юм. Өмнө нь №01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч тухайн тогтоолын хавсралтаар баталсан 40 хүний дотор нэхэмжлэгч ******* багтсан тул өөрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг хүчингүй болгуулах нь эрх ашигт нь хохиролтой. Тиймээс зөвхөн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага тусдаа гаргасан. ... гуравдагч этгээдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь түүний сонгох, сонгогдох эрхийг шууд зөрчсөн байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 7.5-д олонхийн санал авсан нам Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвших эрхтэй гэж заасан. Гэвч уг гурван төлөөлөгчийн эрхийг баталснаар намын төлөөллийн харьцаа өөрчлөгдсөн, олонхийн эрх зөрчигдсөн тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шалтгаант холбоо үүсээгүй. Иймд дээрх бүх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй  гэв.

Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Өлзийбатын Машбаяр, Одончимэдийн Мягмарсүрэн нар нь Эрдэнэсант сумын Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 07. Алтанхуягийн Эрдэнэбат нь Батсүмбэр сумын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн болно. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т “Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно”, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 40.1.2-т "Өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх" заалтууд нь хоорондоо зөрчилдөж байна. Хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж байгааг Төв аймгийн Сонгуулийн хороо болон сумдын сонгуулийн хороо мэдсээр байж нэр дэвшигч нарыг давхар нэр дэвшүүлэн бүртгэж, өрсөлдөх боломжийг бий болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар иргэн******* нь Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан бөгөөд цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, цэцийн дүгнэлт өнөөдрийн байдлаар гараагүй байна. ... Түүнчлэн дээрх 3 төлөөлөгч нь давхар сонгогдсоноор нэхэмжлэгч *******ын ямар эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь тодорхойгүй байна. Харин аймгийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгч *******ын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр дүгээр тогтоолыг батлан гаргасан болно. ... Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ******* нь өөрөө хуралдаа сайн дураараа суухгүй байгаа бөгөөд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон даргын зүгээс тухайн төлөөлөгчийг хуралд суулгахгүй байх талаар ямар нэгэн хориглолт, хязгаарлалт тавьж, шийдвэр гаргаж эрхийг нь зөрчөөгүй. Мөн хуулийн 53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно”, 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасан. ... Иймд аймгийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хуралдаанд санал хэлэх, санал хураалгах, аймгийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өөрийн нэрийг болон бусад Төлөөлөгчийн нэр дэвшүүлэх асуудал нь аймгийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Төлөөлөгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэм, дэгээр зохицуулсан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал юм. ... Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төлөөлөгч *******ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцох, санал хэлэх, санал хураалгах, иргэдийг төлөөлөх эрх, үүргийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд бусад этгээд нь дээрх асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нь өмнө нь татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн процесс юм. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна. ... Хэрэгт цугларсан материалуудаас харахад уг гурван гуравдагч этгээд нь сумын Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “хоёр шатны төлөөлөгчийг зэрэг ажиллуулахгүй” гэж хууль тогтоогч заасан байдаг тул сумын Иргэдийн Төлөөлөгчөөсөө татгалзах хүсэлт гаргаж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хүнийг төлөөлөгч биш гэж чөлөөлсөн тогтоол гаргасан. Үүний дараа эдгээр хүмүүс аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс энэ нөхцөлд хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. ... Ер нь нэхэмжлэгч нь өөрөө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Иймд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл 01 дугаартай тогтоолоор гурван хүний бүрэн эрхийг баталснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа гэх үндэслэл нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. ... Гэтэл гуравдагч этгээдийн асуудлаас болоод нэхэмжлэгчийн сонгох, сонгогдох эрхэд ямар нэгэн хязгаарлалтад орох, Сонгуулийн хороо бүртгэхгүй байх, сонгогчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохгүй байх нөхцөл үүсээгүй. Тиймээс нэхэмжлэгчийн сонгогдох эрх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвших эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвших эрх нь улс төрийн шийдвэрлэлттэй холбоотой асуудал бөгөөд шүүхээр зохицуулах зүйл биш. Олонхын саналд үндэслэн нэр дэвших эрх нь улс төрийн арга хэмжээний үр дүнд шийдэгдэх бөгөөд шүүхээс энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломжгүй. Иймд дээрх бүх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. ... Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 41 мандаттай бөгөөд нэхэмжлэгч өөрөө ярьсны дагуу Ардчилсан намаас 21, Ардын намаас 20 мандат гарсан. Энэхүү нөхцөлд гурван хүнийг хассанаар Ардчилсан намын төлөөлөл 18 болж, Иргэдийн хурлын даргад нэр дэвшсэн тохиолдолд 20 хүн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хурлын даргад нэр дэвших, санал хураах асуудал нь хурлын олонхийн шийдвэрээс хамаардаг бөгөөд шууд маргаан үүсэх боломжгүй. Анхдугаар хуралдаанд бүлэг, хороо байгуулах боломж байсан ч зарим төлөөлөгчид өөрсдөө орхиж, процесс хэрэгжүүлээгүй. ... Иймд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ дээрх хууль, нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

4.1. Гуравдагч этгээд Ө.Машбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр иргэнээс гомдол гаргаж уг маргаан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.2. Гуравдагч этгээд О.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр иргэнээс гомдол гаргаж уг маргаан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.3. Гуравдагч этгээд А.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт дээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан  үүсгэж эцэслэж шийдвэрлэгдээгүй байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ... Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгох, сонгогдох эрхээ эдлээд хоёуланд нь сонгогдсон Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэнтэй холбоотой аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлээд явж байя гэж хүсэлтээ өгсөн. 78 хувийн саналаар дэмжигдсэн. Хууль зөрчсөн асуудал байхгүй... хэрвээ эцэслэн шийдвэрлэгдээд аль нэгэнд нь байх ёстой гэх юм бол аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллахаа сонгоно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ын Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр тогтоолын*******,*******,******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс: “Миний хууль ёсны эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа талаар хэлэхэд сонгуулийн үр дүнгээр 20 ба 21 гэсэн мандатууд бий болсон. Энэ хүчний харьцаанаас шалтгаалан гуравдагч этгээдүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд давхар сонгогдохыг хориглох заалтыг зөрчсөнтэй холбоотой ирцийн асуудал гарсан. Хэрвээ хууль зөрчөөгүй байсан бол нөгөө намаас 18 суудал, манай намаас 20 суудал авна. Үүнээс улбаалан бид олонхын зарчмын болон хурлын дэгт заасан журмын үндсэн дээр би хурлын даргад нэр дэвших боломжтой байсан. Намын дотоод зохицуулалттай холбоотой асуудлуудыг тодорхой хэмжээнд тохиролцсон. Ирцийн асуудлаас үүдэн гуравдагч этгээдүүд оролцож, ирцийг 51 хувьд хүргэснээр хурлын шийдвэрийг нөгөө нам дангаараа гаргах боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Тиймээс миний нэр дэвших, сонгогдох эрх зөрчигдсөн, хууль ёсны эрх ашиг маань хөндөгдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Мөн гуравдагч этгээдүүд нь тодорхой хугацааны дараа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр татгалзсан нь нотлох баримтаар батлагдаж байна. Энэ нь нэгжийн тухай хуулийн заалтыг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн ч тухайн тогтоолд холбогдох заалтыг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй тул уг хуулийн үйлчлэл хүчин төгөлдөр байна. Иймд шүүхийн бүрэн эрхийн хүрээнд, энэ хуулийн заалт хүчинтэй учраас шүүх шийдвэрээ зөв гаргах байх гэж найдаж байна гэж,                                                                                                                                    

          3. Хариуцагчаас: “Нэхэмжлэгч нь Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дугаартай тогтоолтой холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж, өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ...” гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нь өмнө нь татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн процесс юм.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасанд холбогдуулан Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн байгаа. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 41 мандаттай бөгөөд нэхэмжлэгч өөрөө ярьсны дагуу Ардчилсан намаас 21, Ардын намаас 20 мандат гарсан. Энэхүү нөхцөлд гурван хүнийг хассанаар Ардчилсан намын төлөөлөл 18 болж, Иргэдийн хурлын даргад нэр дэвшсэн тохиолдолд Монгол ардын намаас 20 хүн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Ер нь нэхэмжлэгч нь өөрөө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Иймд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл 01 дугаартай тогтоолоор гурван хүний бүрэн эрхийг баталснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа гэх үндэслэл нь нотлогдохгүй байна” гэж

4. Гуравдагч этгээд нарын зүгээс “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр маргаан үүсэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. ... хуульд заасан сонгох, сонгогдох эрхийн дагуу 2 шатны сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон.  ... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дугаартай тогтоол гарч, үүнийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлтээ гарган, сумын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн. Аль шатны хурлын төлөөлөгч байхаа сонгох эрхийн хүрээнд сонголтоо хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,

5. Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар тогтоолоор[2]*******,******* нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн.

6. Үүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дугаартай тогтоолоор[3] аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болсон, улмаар Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолоор[4]*******,******* нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөс чөлөөлсөн байна.

7. Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар тогтоолоор[5] 1-т*******, 1-т тойрогт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрчээ.

8. Үүний дараа мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дугаартай тогтоолоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болсон, улмаар Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолоор[6], Алтанхуягийн Эрдэнэбатын гаргасан өргөдлийн дагуу 2024 оны 10 дугаар 31-ний өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээс чөлөөлсөн байна.

9. Маргааны үйл баримтаас үзвэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх”-ийг тодорхойлсон бөгөөд энэ зүйлийн 6.5-д “Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно” гэж заасны дагуу энэ хэргийн гуравдагч этгээд болох Ө.Машбаяр,*******,******* нар нь сумын болон аймгийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж, улмаар давхар сонгогдсон байх ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тодорхойлсон бөгөөд энэ зүйлийн  40.1.2-т “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх” гэж заасан тул нэгэнт сонгогдсон эрхийн үүднээс аль  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нь төлөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх нь сонгуулиар сонгогдсон этгээдийн эрх болох учир сонгогдсон шатныхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орж, нөхцөл байдалтай танилцах, улмаар сонголтоо хийж, энэ талаарх баримтаа үндэслэн нөгөө иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Тодруулж хэлбэл, гуравдагч этгээд Ө.Машбаяр,*******,******* нар нь хувь хүн, иргэний хувьд улс төрийн намд харьяалагдах, улмаар нэр дэвшин сонгуульд оролцох эрхийн хүрээнд сонгуульд өрсөлдөн сонгогдсон байх боловч, сонгогдсон үр дүнгээр хувь хүн, намаа төлөөлөхөөс гадна сонгогч нараа төлөөлөх чиг үүргийн үүднээс аймгийн Хурлын Төлөөлөгч байхыг сонгосон буюу тус хурлын тогтоолыг гаргуулсны үндсэн дээр нөгөө Хурлын Төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Энд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд тус тус оролцсон, тус хуралд хүсэлтээ гаргах, эндээс аль хуралд Төлөөлөгчөөр ажиллах сонголтоо хийсэн гэх үндэслэл нь тодорхойлогдож байна. Улмаар хоёр шатны сонгуульд зэрэг нэр дэвшиж, хоёр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч болсон бол сонгогч иргэдийн сонголтод хүндэтгэлтэй хандах үүднээс сонгож төлөөлөгчийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах Хурлын баталгаажуулсан баримтыг гаргуулсны үндсэн дээр нөгөө хуралдаа хүсэлт гаргасан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Маргаан бүхий акт гарснаас хойш гуравдагч этгээдүүд нь давхар өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байж болохгүй асуудлыг шийдвэрлэж, хуульд нийцүүлэн давхардлыг арилгасан үйл баримт байх тул хуульд нийцүүлэн зөвтгөсөн байдлаар маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл тогтоогдож байна.

10. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 зүйлийн  40.1.2-т “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх”-ыг хориглосон заалтад холбогдуулан иргэдээс Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, улмаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр 27-ны өдрийн 155 дүгээр тогтоолоор маргаан үүссэн байх ба энэ тогтоол гарснаас хойш Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор  хэргийн гуравдагч этгээд болох А.Эрдэнэбатыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, дахин баталгаажуулсан нь энэ маргаан бүхий актыг хянан шийдвэрлэхэд шууд хамаарах үндэслэл болохооргүй, тусдаа Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэгдэх ажиллагаанаас үндэслэсэн тусдаа актад хамаарах асуудал гэж үзэхээр байна. 

11. Мөн маргаан бүхий актын холбогдох хэсгээр 3 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр хурлын төлөөлөгчдийн улс төрийн намын харьяаллын төлөөллийн харьцаа өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн хувьд Хурлын дарга болох байсан эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн гэх үндэслэл гаргах бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д “аймгийн хүн амын тоо нь 90001-ээс дээш бол 41” гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоо 41 төлөөлөгч байхаар хуульчилсан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд уг бүрэлдэхүүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгч гэж ойлгоно” гэж, 46 дугаар зүйлийн 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн “Ардчилсан намаас 28 төлөөлөгч, Монгол ардын намаас 20 төлөөлөгч болж, олонх болсон 20 төлөөлөгчөөс миний бие хурлын дарга болох байсан” гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, тус хурал нь нийт 41 төлөөлөгчтэй байх ба энэ нийт төлөөлөгчийн олонх нь буюу 21 ба түүнээс дээш төлөөлөгч оролцсоноор хурал хүчинтэй тул нэхэмжлэгчийн “манай намын 20 төлөөлөгч нь  нөгөө намын 18 төлөөлөгчөөс олонх болж, олонхоос хурлын дарга болох байсан, энэ эрх зөрчигдсөн”  гэсэн ба дээрх тоон үзүүлэлтээр 20 төлөөлөгч нь дангаар шийдвэр гаргах ирц хүрэхгүй байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч шууд тус Хурлын дарга болох байсан нь нөхцөл байдал тогтоогдохгүй, улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасан учир тус хурлын ирц бүрдэж хуралдах, цаашлаад нууц санал хураалтын үр дүнгээр нэхэмжлэгч даргаар сонгогдох зэрэг нь дараа дараагийн үр дүнгээр тодорхойлогдох тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн  Хурлын дарга болох байсан эрх нь шууд зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Хариуцагч талаас “... нэхэмжлэгч 01 тоот тогтоолд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд одоо уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй болсон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгазах нөхцөл үүссэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах тухай зохицуулалт бий.  Уг үүрэг, нэхэмжлэлийн баримт хэрэгт хавсрагдан ирсэн байгаа бөгөөд өмнөх нэхэмжлэлийн шаардлага нь тухайн маргаантай 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын №01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагатай байсан. Харин одоогийн шаардлага нь зөвхөн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн агуулга өөр нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь ******* нарын нэр бүхий 20 төлөөлөгчөөс Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 01 болон өөр бусад тогтоолуудыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан, мөн ******* нь энэхүү 01 тоот тогтоолд холбогдох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дангаар гаргасан, тус шүүхэд  хоёр өөр шүүгч дээр хоёр тусдаа захиргааны хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан хэргийн нэг маргаан бүхий актын хувьд давхцал бий болсон байна. Харин нэгэнт нэг нэхэмжлэгчийн нэг актад хамаарах, өөр өөр үндэслэлийн агуулгаар тодорхойлогдох хоёр захиргааны хэрэг хянагдаж байгаа нөхцөл байдал бий болсны дараа нэхэмжлэгч ******* нь дээрх нэр бүхий 20 иргэнээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах татгалзлыг шүүхэд гаргаснаар, тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0031 дугаар “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар[7] 20  иргэний нэхэмжлэлтэй хэргээс нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үүнээс шүүхэд давхардсан шаардлагатай хоёр хэрэг нэг болж зөвтгөгджээ.

Иймд нэхэмжлэгчийн дээрх маргаанаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж буруутгах үндэслэлгүй, харин давхардсан нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нэг болсон байх бөгөөд энэхүү маргаж буй актад холбогдох шаардлага  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ...” гэж зааснаар татгалзал гаргасны дараа дахин нэхэмжлэл гаргасан бус өмнө нь уг татгалзлыг гаргахаас өмнө гаргасан нэхэмжлэл бүхий маргааны байх тул татгалзал гаргасан этгээд дахин нэхэмжлэл гаргасан гэж үзэх, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

Дээрхээс маргаан бүхий актын холбогдох хэсэг нь, орон нутгийн 2 шатны сонгуульд хуульд заасан эрхийн хүрээнд нэр дэвшин сонгогдсон нэр бүхий 3 иргэний сонгуулийн үр дүнгээр маргаангүй бөгөөд тухайн хуралд нэр дэвшсэн тойргоосоо хамгийн олон санал авч сонгогдсон этгээдийн хувьд оролцсон, төлөөлөгчийн эрхээ баталгаажуулсан байдлаар маргаан бүхий актыг дүгнэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар төлөөлөгч нь хууль зөрчиж, давхар өөр шатны хурлын төлөөлөгч болсон гэж үзэж болох хэдий ч уг заалт нь төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглосон заалт бөгөөд тэдгээр төлөөлөгчид нь зөрчлөө арилган өөр шатны Хурлын Төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн байх тул тухайн төлөөлөгч нарыг энэхүү маргаан бүхий актаар баталгаажсан хуралд төлөөлөгч байх ёсгүй, эхлэн баталгаажсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөл хэрэгжүүлэх ёстой гэж шүүхээс иргэний сонгох, сонгогдох, улмаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан 2 шатны сонгуульд нэр дэвшсэн эрхийг хязгаарлан шийдвэрлэх боломжгүй тул гуравдагч этгээд нарын холбогдох хуульд нийцэн ажиллах, сонголтоо хийх үүднээс хуралд оролцсон нь, мөн хариуцагчаас тухайн шатны сонгуульд өрсөлдсөн тойргоосоо хамгийн олон санал авсан этгээдийг эрхийг баталгаажуулан шийдвэрлэсэн зэрэг нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй, мөн гуравдагч этгээд нарын дээрх үйлдэл, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дэх хэсэгт “Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 46 дугаар зүйлийн 46.7, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолын*******,*******,******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР

 

[1] 1 хавтас хэргийн 1-3 тал

[2] 2 хавтас хэргийн 19-20 тал

[3] 2 хавтас хэргийн 16-18 тал

[4] 2 хавтас хэргийн 22 тал

[5] 2 хавтас хэргийн 11 тал

[6] 2 хавтас хэргийн 13 тал

[7] 2 хавтас хэргийн 46-48 тал