| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00056/И |
| Дугаар | 313/ШШ2025/00159 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 313/ШШ2025/00159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүрэлбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад 1984 оноос 1993 онуудад хонь, ямаа маллаж улсад нийт 11 жил 06 сар ажилласан байна. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1989-1991 онуудын цалингийн цэсэд миний нэр бичигдээгүй мөн 1992-1993 онуудын малчны цалингийн бичилт архивд байхгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй байна. Иймд миний 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүрэлбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр өвөө, эмээ дээрээ нэг гэрт өссөн гэв. Т.******* нь 1984 онд Гурвантэс суманд 8 дугаар анги төгсөөд хөдөө илгээлтээр малчин болсон. Тэрнээс хойш Гурвантэс сумын Соёл хувьцаат компанид 1993 оныг дуустал малчин байсан. Тэгээд 2000 оноос хойш хувиараа хил гаалиар яваад мал маллахаа больсон. 2025 он гаргаад Нийгмийн даатгалын хэлтэс дээр очсон чинь хөдөлмөрийн дэвтэр доторх бичилтүүд нь зөрчилтэй байгаа учраас ажилласан жил чинь огт хүрэхгүй байна энийгээ шүүхээр тогтоолгоод ир тэгвэл тэтгэвэрт гарна гэсэн. Т.*******гийн ажилласан жил нь хүрэхгүй байгаа гэхдээ хувь тэнцүүлсэн гэдгээр тэтгэвэрт гарч болно гэж хэлсэн гэв.
Нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын Т.*******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Т.*******гаас Т.Хүрэлбатад 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Т.Хүрэлбатын иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын Т.Хүрэлбатын оршин суугаа хаягийн тодорхойлолт, Өмнөговь аймаг Гурвантэс сумын Соёл нэгдлийн Т.*******д олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 56 дугаартай 1989-1991 онуудын Д.Гомбын цалингийн лавлагаа, Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд хуваарилах тухай тушаал, Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8,10 дугаар анги төгсөгчдийг жилд хуваарилах тухай тушаал, Нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн түүхийн хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын Түрээсийн гэрээний тухай тогтоол, нэгдлийн малчидтай түрээсийн гэрээ хийх журмын хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, Үндэсний архивын Сан хөмрөг архивын лавлагаа
гэрч Н.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт болог лавлагаа, гэрч Н.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.*******, Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугийн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
2. Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0045 дугаартай *******ын ******* /РД: *******/ нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул 6 дугаар багийн Жаал-Уулын 2-34 тоот хаягт ам бүл 1-үүл оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам, өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов гэж бичигдсэн байдал,
3. Т.*******гаас Т.Хүрэлбатад 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл,
4. Т.*******гаас Т.Хүрэлбатад 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Т.Хүрэлбатын иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын Т.Хүрэлбатын оршин суугаа хаягийн тодорхойлолт,
5. Өмнөговь аймаг Гурвантэс сумын Соёл нэгдлийн Т.*******д олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 56 дугаартай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад 1989-1991 онуудад малчны ажил эрхэлж байсан Д.Гомбын цалингийн тодорхойлолт гэж бичигдсэн байдал,
6. Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8,10 дугаар анги төгсөгчдийг ажилд хуваарилах ба цэргийн албанд явагчдыг төлөөлөх тухай тушаал,
7. Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд хуваарилах тухай... Т.*******г ногоо тэжээлийн бригадад 1994 оны 07 дугаар сарын 01-ээс... тушаалын хуулбар,
8. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
9. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны 168 дугаартай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад 1985-1991 онуудад малчны ажил эрхэлж байсан Д.Гомбын цалингийн тодорхойлолт,
10. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны 169 дугаартай Өмнөговь аймгийн *******...1991 онд 407702 төгрөг, 1992 онд 585680 төгрөг, 1993 онд 456766 төгрөгийг тус тус нийгмийн даатгалын хэлтэст төлж байсан байна... гэж бичигдсэн лавлагааны хуулбар,
11. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн түүхийн хуулбар,
12. Гурвантэс сумын Соёл нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай Түрээсийн гэрээний тухай тогтоолын хуулбар,
13. Нэгдлийн малчидтай түрээсийн гэрээ хийх журмын хуулбар,
14. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00325 дугаартай шийдвэрийн хуулбар,
15. Гэрч Н.******* Т.******* Өмнөговь аймгийн Гурвантэс сумын сургуулийн 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. Яг хэдэн он гэдгийг санахгүй байна. Үүнээс хойш 1993 он хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад малчин байсан. Анх мал дээр гарахдаа аав *******, ээж ******* нарын хамт хөдөө мал маллаж эхэлсэн. Бог мал малладаг байсан. Голцуу ямаа малладаг байсан. Гурвантэс сум хонь цөөн байлаа гэх мэдүүлэг,
16. Гэрч Д.******* Т.******* нь 1984-1993 онд хаана ямар ажил эрхэлж байсан талаар мэдэхгүй. Би 1984 оноос хойш Гурвантэс суманд амьдраагүй. Даланзадгад руу шилжсэн. Гэхдээ Т.*******г танина. Ээж *******ын хамт мал маллан амьдардаг байсан. Хөдөө малчин байсан хүн байгаа юм гэх мэдүүлэг,
17. Н.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт болог лавлагаа, гэрч Н.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтууд болно
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгч Т.******* нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гурвантэс сумын *******-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******г 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гурвантэс сумын *******-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН