| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00077/И |
| Дугаар | 313/ШШ2025/00160 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 313/ШШ2025/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 1989 оноос 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ч.*******тай гэр бүл болон 2 хүүхдийн аав ээж, 5 зээгийн эмээ өвөө болон 35 жил Өмнөговь аймагтаа сайхан амьдарсан билээ. Өмнөговь аймгийн барилгын салбарт хамт ажиллаж байхдаа 1989 онд хамтын амьдралаа эхлүүлж нөхөр минь 2010 онд, миний бие 2016 оноос өндөр насны тэтгэвэртээ гарч 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үр ач нараа тойруулан дутагдах гачигдах юмгүй сайхан амьдарчээ. Гэтэл нөхөр минь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өвчний учир насан эцэслэсэн юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан Тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн нэг нь нас барвал тэтгэврийн 20 хувийг ханийнх нь тэтгэвэрт нэмж олгоно гэсэн заалт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Энд эхнэр нөхөр нь гэрлэлтийн баталгаатай байх ёстой гэсэн хуулийн заалттай. З.******* би энэ заалтад хамрагдах гэтэл бид хоёр амьдралынхаа 35 жилийн энэ урт хугацааг хамт өнгөрүүлсэн боловч гэр бүлээ батлуулаагүй явжээ. Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнээс зөвлөгөө авахад Хэрвээ хамтын амьдралтай байснаа баталгаажуулбал дээрх заалтад хамрагдах боломж байгаа гэсэн хариу өгсөн учир *******гийн ******* намайг *******ы *******тай 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нийгмийн даатгалын тэтгэврийн тухай хуулийн тэтгэвэр өвлөгдөх гэсэн заалтын дагуу нэхэмжлэл гаргасан. *******ы *******тай 35 жил хамт амьдарсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Өвгөн маань 2024 онд өөд болсон. 35 хил гэр бүлээ хууль ёсоор батлуулаагүй хамт амьдарсан байна лээ. Тэгээд Нийгмийн даатгалд өргөдөл өгөх гэсэн боловч заавал гэрлэлтийн баталгаатай байх ёстой гэхдээ хамт амьдарсан 35 жилээ шүүхээр тогтоолгоод ирвэл болно гэсэн. Тэгээд би нэхэмжлэл гаргасан. 1984 онд анх регистрийн дугаар олгож эхлэхэд би оюутан байсан. Тэгээд оршин суугаа газраар нь олгосон. Би тэгэхэд Сүхбаатар дүүрэгт оюутны байранд байдаг байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн регистрийн дугаартай ер нь бол Өмнөговь аймгийнх гэв.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолтууд, Ч.*******, Б.*******, Б.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ч. хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03-08/1123, 03-08/1101, 03-08/1107, 03-08/1122 дугаартай архивын лавлагааны хуулбар,
гэрч Ж., Д. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Ж., Д. нарын гараар бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж., Д. нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.******* нь 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал нөхөр Ч.*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолтууд,
2. 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн *******, 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн ******* нарын төрсний бүртгэлийн лавлагаанд: Эцэг: Ч.*******, Эх: З.******* гэжээ.
3. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-08/1123 дугаартай 1989 оны хүн ам тооллогын лавлагаанд ...өрхийн тэргүүлэгч: *******ы *******, 33 настай, эрэгтэй; дүү: *******ы , 21 настай, эмэгтэй... архивын лавлагааны хуулбарт гэж бичигджээ
4. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1062 дугаартай 2000 оны хүн ам тооллогын лавлагаанд ...өрхийн тэргүүлэгч: *******ы *******, 1955 оны 04 сард төрсөн, 44 настай, эрэгтэй; хадам эх: ын Охин, 1916 оны 4 дүгээр сард төрсөн, 83 настай, эмэгтэй; охин: *******, 1990 оны 1 дүгээр сард төрсөн, 9 настай, эмэгтэй; охин: *******, 1991 оны 8 дугаар сард төрсөн, 8 настай, эмэгтэй; эхнэр: *******гийн *******, 1961 оны 1 дүгээр сард төрсөн, 38 настай, эмэгтэй... архивын лавлагааны хуулбарт гэж бичигджээ,
5. Ч. хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар
6. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1062 дугаартай 2010 оны хүн ам тооллогын лавлагаанд ...өрхийн тэргүүлэгч: *******ы ******* 1955 оны 04 сард төрсөн 55 настай, хадам эх ын Охин 1916 оны 3 дугаар сард төрсөн 94 настай, охин ******* 1991 оны 8 дугаар сард төрсөн 19 настай, эхнэр *******гийн ******* 1961 оны 1 дүгээр сард төрсөн 49 настай... архивын лавлагааны хуулбарт гэж бичигджээ.
7. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1062 дугаартай 2010 оны хүн ам тооллогын лавлагаанд ...өрхийн тэргүүлэгч: *******ы ******* 1955 оны 04 сард төрсөн 64 настай, охин ******* 1990 оны 1 дүгээр сард төрсөн 30 настай, охин ******* 1991 оны 8 дугаар сард төрсөн 29 настай, эхнэр *******гийн ******* 1961 оны 1 дүгээр сард төрсөн 59 настай... архивын лавлагааны хуулбарт гэж бичигджээ.
8. Гэрч Ж.ын З.******* нь 1988 онд би хүүхдүүдээ дадлагажуулахаар Барилга угсралтын конторт ирэхэд Ч.******* тус конторт ажиллаж байсан. Тэгээд би 2009 онд Баяндалай сумаас одоогийн Политехник коллежид багшилж эхэлсэн. Тэгэхэд З.******* тус коллежид ажиллаж байсан. 2009 онд ирэхэд З.*******, Ч.******* нар эхнэр, нөхөр хамт амьдарч байсан ба Ч.*******г өөд болох хүртэл нь хамт амьдарсан. Сая нөхөр Ч.******* нь 2024 оны 06 сард өөд болсон гэсэн мэдүүлэг,
9. Гэрч Д.ийн Би 1977 онд Ноён сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 9г ангид элсэж суралцсан. Тэгэхэд З.******* тус ангид хамт суралцаж эхэлсэн. 1979 онд сургуулиа төгсөөд илгээлтээр ангиараа аймгийн Барилга угсралтын конторт нормчноор 3 ажиллаад оюутан болж дээд сургуульд З.******* 1986 онд механик инженерээр төгсөж ирээд Барилга угсралтын конторын үйлдвэр баазад үргэлжлүүлэн ажилласан. Тэгэхэд Ч.******* уг баазад ажиллаж байсан. Энэ 2 хүн 1986 онд анх танилцаж, найзлаад 1989 оноос нэг гэрт амьдарч эхэлсэн. Найр хийгээд манай ангийнхан, ажлынхан очиж байсан. Яг хэдэн сар байсныг санахгүй. Нөхөр Ч.******* нь 2024 оны 05, 06 сар хавьцаа өөд болсон. Өөд болох хүртэл нь хамт амьдарсан гэсэн мэдүүлэг,
10. Гэрч Ж., Д. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч З.******* нь 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Ч.*******тай хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Ч.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН