Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/575

 

 

 

 

 

  2024           05             16                                       2024/ДШМ/575

 

Б.Б д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Б.Эрдэнэбаяр /томилолтоор/,

           шүүгдэгч Б.Б  /цахимаар/, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,  

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалсан шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б д холбогдох эрүүгийн 2305 00000 1342 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ф ” нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд хохирогч Г.Б ын хэвлий тус газар нь 1 удаа хутгалж биед нь хэвлийд хүйсийн зүүн талаар нэвтэрч нарийн гэдэс, чамархайг нэвт гэмтээж хатгагдсан шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокуророос: Б.Б-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 10 см урттай, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Б  нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

                   Шүүдэгч Б.Б-н  өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б  нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа, гэм буруугийн талаар ямар ч маргаан байхгүй, төрийн хуулийн зүйл ангид зааснаар шүүхээс ял шийтгэл хүлээлгэсний дагуу шударгаар шийтгэлээ эдлэхэд ямар ч байдлаар гомдол саналгүй байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд зөвхөн ялын хувьд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хугацааны хувьд 6 жилийн хорих ялыг 3 жил 6 сарын ялыг биечлэн эдлүүлэхээр хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

                   Шүүгдэгч Б.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

                   Прокурор Б.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн талаараа үнэн зөв тогтвортой мэдүүлж байсан. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогчоос давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол, саналгүй гэх хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсгийг зориуд бэлтгэсэн зүйл байхгүй. Тухайн үед төрсөн эгчтэйгээ маргалдсан байсан бөгөөд сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан нь нөлөөлсөн гэж үзэж байна. Бусдад төлөх төлбөргүй, гэмшсэн байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар  шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б-н  хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.     

 

Шүүгдэгч Б.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ф ” нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд хохирогч Г.Б ын хэвлий тус газар нь 1 удаа хутгалж, хэвлийд хүйсийн зүүн талаар нэвтэрч нарийн гэдэс, чамархайг нэвт гэмтээж хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх 3-10 тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны
өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7221 дугаартай “...Г.Б ын биед хэвлийд хүйсийн зүүн талаар нэвтэрч нарийн гэдэс
чацархайг нэвт гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 30-31 тал/,

хохирогч Г.Б ын “...Б  миний гэдэсний зүүн талд
сууж байгаад босох үедээ зүүн тал руу хутгалсан. ...Шалтгааныг би мэдээгүй. Х  гэж найзтайгаа ойр зуур юм яриад байж байсан гэнэт намайг хутгалсан. ...нэг төө хэрээний жижиг бор шаргал өнгийн иштэй байсан. Манай найз Х  буюу А ын хутга байж магадгүй. ...” /хх 18-19 тал/,

гэрч Б.М гийн “...Б  юм уу, Х  хоёроос гарч ирсэн хутга байхаа Б  эгч Х  барьж байх үед нь булааж аваад хажууд нь зогсож байсан Б ын гэдсэнд хутгаараа зүүн гараараа нэг удаа дүрсэн. ...” /хх 21 тал/,

гэрч Х.А ын “...М гийн хоёр эгчийн арай залуухан өндөр охин нь ширээн дээр байсан хутгийг аваад манай найз Баяраа буюу Б ын гэдэс хүйсийн хавьд нь нэг удаа зоосон. ..." /хх 28 тал/,

Б.Б-н  ялдагдагчаар өгсөн “...Б  гэж залуу чаддаг юм бол намайг хутгал би гомдолгүй гээд байхаар нь би гэдсэнд нь 1 удаа хутгаараа хүрсэн чинь тэр залуу ямар нэгэн зүйл хэлээгүй гэдэснээс нь жоохон цус гараад тэгсэн чинь Б  зүгээр, зүгээр гээд тэрүүгээр яваад байсан. ...Би тухайн үед болсон асуудлаа муухан л санаж байгаа. Миний буруу, би гэм буруугаа ухамсарлаж байна. Би тэр асуудлаас хойш
болсон асуудалдаа маш ихээр харамсаж сэтгэл санаагаар унасан. Маш их
харамсаж байгаа. ...” гэх мэдүүлгүүд /хх 52-53, 114 тал/
зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Б-н  хохирогч Г.Б ыг хутгалж, түүний эрүүл мэндэд нь “...хэвлийн хөндийд нэвтэрсэн нарийн гэдэс чацархайг нэвт гэмтээсэн хатгагдсан шарх...” учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх шинжийг агуулсан бөгөөд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялыг 6 жилийн хугацаагаар оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, учруулсан гэм хор, хэр хэмжээнд нь тохирсон хүнд биш ял байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй тул ял хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангахаар шийдвэрлэв.

 

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-н  шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Болор-Эрдэнийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н  2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 66 /жаран зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

 

                                         ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

                                         ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ