| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2018/0030/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/35 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/35
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Л.М,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Ш.Б,
хохирогч М.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шгийн Бт холбогдох эрүүгийн 1817000180021 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Шгийн Бт /РД:ЕД78031576/ Дорноговь аймгийн Иххэт суманд 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг-д оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эгч, хүргэн анхын хамт амьдардаг, урьд 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 212 500 төгрөгөөр торгох ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551,1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Ш.Б нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр баг, “Улаан худаг” гэх газарт нутаглах иргэн М.Оы гэр дээр байсан шуудайтай ямаа, үхрийн /борцолсон/ нийт 44,1 кг махыг машин механизм ашиглан хулгайлж 180 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
1. Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батэй гадаа таараад та нэг ямаа өгчих би хавар нэг ишигтэй ямаа өгье гэж асуухад Ба тэг гэсэн. Бид хоёр энэ ярианы дараа гадаа нэг шил юм уугаад сууж байхад Баа гэж хүн ирээд гурвуулаа болж хөдөө явж ямаа авахаар такси зогсоох гэтэл Баа Бө гэдэг таньдаг жолооч байгаа гээд түүнтэй уулзаад 10 000 төгрөгийн хөлс өгөхөөр тохироод хөдөө Гын гэрт очсон. Би гэр дээр байсан ууттай махыг машины арын багаажинд хийсэн. Ирээд Баагийн байшинд авчирч тавьсан. Гадуур Баа бид хоёр зах зээлийн үнээс хямд зарах гээд зах дээгүүр явахад хүн олдохгүй байхаар нь түүхий эдийн зах орсон. Чандмань дэлгүүрийн урд зогсож байхад Гын эхнэр ирээд намайг чи мах авсан уу гээд асуусан би Баагийн байшинд байгаа гээд гаргаж өгсөн. Цагдаад өгнө гэхээр нь би зугтсан. Багээс ямаа авахаар хөдөө явсан. Тухайн үед бие засаж байгаад махыг хараад аваад машины ард хийсэн. Баа хорооны хажууд хүнтэй юм яриад байж байсан. Г Ба нар ямаандаа явсан байсан. Жолооч бие засаж байсан гэв.
2. Хохирогч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б гэдэг хүн манай хөдөө гэрт очсон байсан. Би 3 хүүхдээ хараад төв дээр байдаг. Тухайн өдөр түүхий эдийн зах дээр малын арьс шир өгөх гээд байж байхад Б нь Баа гэх хүнтэй мах авах уу гээд явж байсан. Удалгүй манай нөхөр залгаад би мал дээрээс сая орж ирлээ. Ба гэрээсээ ямаа аваад явлаа хамт ирсэн хүмүүс нь гэр дээр байсан мах авсан бололтой алга болчихлоо хайгаад олоод асуу гэсэн. Би сая саахалтын хүн явж байсан болохоор тэр хүн байх гэж бодоод түүхий эд авах газрын хашаанаас гарахад Чандмань дэлгүүрийн урд Баа, Б нар хамт явж байсан. Би очоод чи манай махыг авсан байна, махаа авъя гэхэд эхэндээ хэлэхгүй байсан. Тэгээд за за би авсан юм Баагийн байшинд тавьсан гаргаад өгье гэж хэлсэн тэгээд махаа авсан. Шуудайнд ямаа, үхрийн мах байсан. Махаа жинлэж үзэхэд 44 кг болсон. Мах бүрэн олдсон учраас хохирол төлбөр байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 20-иор махаа борцлоод бэлтгээд шуудайнд хийгээд гэр дээр тавьсан байсан. Махыг жинлэж тавьсан зүйл байхгүй, яснаас нь шулаад л жижиглээд тавьсан байсан. Сүүлд цагдаа дээр ирээд жинлэж үзсэн. Махыг ямаа, үхрээр нь салгаж жинлээгүй. Шуудайнд жижиг бярууны өвчүү, хаа хоёрын мах, гурван ямаа зөвхөн цул мах байсан гэв.
3. Гэрч Ц.Бө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын байрандаа байж байтал Баа хоёр залуутай халамцуу ирээд төмөр замын баруун тал руу хөдөө айлд очоод нэг ямаа аваад ирье, хөлсөнд нь 10.000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө 30-60 УБИ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай Баа, Ба, Б нарыг аваад Чойроос баруун тийш 10 орчим км газарт хөдөө айлд очсон. Би тэр гурваас Бааг л танина. Нөгөө Ба, Б нарыг танихгүй. Тэнд 2 гэр байсан бөгөөд нэг гэр нь Багийн гэр юм шиг байсан. Нөгөө гэрийн Гтай Ба мотоциклиор малдаа явсан. Би автомашинаасаа буугаад малын хорооны зүүн тал руу явж бие зассан. Тэр үед Баа гэрээс нь нилээн зайтай нэг танихгүй хүнтэй юм яриад зогсож байсан. Би эргэж автомашиндаа ирэхэд Б миний автомашины арын тээшинд хүрэн бор өнгийн шуудайтай зүйл хийсэн байсан. Б намайг малдаа явъя гэхээр нь би Бааг дуудаад бид гурав Ба араас явсан. Тэгсэн Ба, айлынхаа Г гэж хүнтэй цуг нэг ямаа барьчихсан байхаар нь ямааг арын суудал, урд суудал хоёрын голд хийгээд Ба, Баа, Б бид дөрөв Чойр луу буцсан. Замдаа нөгөө гурав ямаагаа зарна гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь 50 000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би тэр ямааг нь авъя гэж тохироод Чойрт ирээд Баг ямаатай нь цуг гэрийнхээ хажууд буулгаад мөнгийг нь авч өгөхөөр Баа, Б хоёртой АТМ ороод 50 000 төгрөг аваад Бт өгөхөд Б явж ирсэн унааны зардал гээд надад 10 000 төгрөгийг нь буцааж өгсөн. Б нь Баад шуудайтай зүйлээ танай гэрт оруулаад тавъя гэж хэлээд Баагийн гэрт нь очсон. Ба, Баа, Б нар бүгд л архи уусан байсан. Тийм их согтуу байгаагүй. Би тэр шуудайтай зүйлийн талаар асуугаагүй. Учир нь Ба гэж хүн нь өөрийнхөө гэрт очоод ямаа авч, надад зарсан. Тэгээд авч ирсэн зүйлийг нь өөрсдийнх нь зүйл гэж бодсон. Хулгайн зүйл гэж санаанд ороогүй. Тэр хүмүүс гэртээ очиж мал авсан учраас би хулгай хийнэ гэж яаж санахав дээ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 59-62 хуудас/
4. Гэрч Л.Баа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр архи уучихсан “Хас” дэлгүүрийн хажууд явж байхад Ба, Б хоёр архи уугаад зогсож байсан. Би тэр хоёр дээр очоод ууж байсан архинаас нь хамт уусан. Тэгсэн Б, Багээс ямаа авахаар болсон гээд бид гурав унаа хайж яваад Бөтай таараад хөдөө яваад ямаа аваад ирье 10 000 төгрөг өгье гэхэд Бө зөвшөөрсөн. Ба, Б бид гурав Бөын жижиг автомашинтай Багийн хөдөө гэр лүү явсан. Ба, Б хоёр Багийн хажуу айлд орж уулзаад Ба тэр айлын Г гэх хүнтэй мотоцикльтой ямаандаа явсан. Намайг хорооны тэнд байхад Б Гын гэр дээр байсан шуудайтай борцолсон махыг хулгайлаад Бөын автомашины арын багаажинд хийсэн юм билээ. Тухайн үедээ би мэдээгүй. Чойрт ирээд Б миний малын мах байгаа юм. Танай гэрт түр үлдээе гэсэн. Бын хөдөө гэр нь Ба, Г нарын гэртээ саахалт айл болохоор би итгэсэн. Бид нарын авч ирсэн ямааг Бө 50 000 төгрөгөөр худалдаж аваад хөлсөндөө буцааж 10 000 төгрөгийг нь өгсөн. Б намайг шуудайтай борцолсон мах заралцаад өгчих гэхээр нь би хамт яваад зах дээр хүмүүсээс мах авах уу гэж асуусан боловч авах хүн олдоогүй. “Чандмань” дэлгүүрийн тийшээ очиход нэг эмэгтэй Быг дуудаад аваад явсан. Тэр хүн сүүлд ярихад шуудайтай махны эзэн нь байсан юм билээ. Бид нар уг шуудайтай махнаас огт зараагүй. Би Быг хулгай хийсэн гэж огт мэдээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 64-66 хуудас/
5. Гэрч М.Ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Манай саахалт айлын Б Чойрт 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр надтай таараад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум яваад ирье мотоциклио өгөөч гэсэн. Миний мотоцикль засварт байсан учраас би өгөх боломжгүй гэж хэлсэн. Б 0.75 литрийн “Ерөөл” архи аваад бид хоёр “Хас” дэлгүүрийн орчим уугаад зогсож байхад Баа ирсэн. Б надаас нэг ямаа өгчих хавар ишигтэй ямаа өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Бын эгчийнх нь гэр манай хөдөө гэртэй ойрхон байдаг. Баа, Б бид гурав архиа ууж дуусгаад тэд нар нэг суудлын автомашин олсон. Жолооч нь Бө гэсэн би танихгүй. Уг автомашинтай Баа, Б бид гурав манай хөдөө гэр буюу Сүмбэр сумын 4 дүгээр баг “Улаан худаг” гэх газар очоод манай айлын хүн Гын гэрт Б бид хоёр орсон. Манай хонь, ямаа Гын хонь, ямаатай хамт байдаг. Би Гт хэлэхдээ Бт нэг ямаа өгөх гэж ирлээ, хоёулаа малд яваад ирье гээд Гын мотоцикльтой хөдөө ямаандаа явсан. Г бид хоёрын араас Бө, Баа, Б нар ирсэн. Тэгээд автомашины арын суудлын урд талд Бт өгсөн миний ямааг ачаад Чойр луу явсан. Ирээд намайг ямаатай цуг “Хас” дэлгүүрийн хойд талын байшингийн үүдэнд буулгаад Баа, Б нар жолоочтой цуг яваад буцаж ирээд Б тэр хөдөө явсан Бө гэх жолоочид ямааг зарсан. Энэ хэрэгт би ямар ч хамаагүй. Бын гуйлтаар хөдөө гэртээ очиж ямаа авч өгсөн. Харин мах хулгайлсан талаар нь мэдээгүй. Автомашины багаажинд нь хүрэн өнгийн шуудайтай борцолсон мах байсан талаар би мэдээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 67-68 хуудас/
6. Гэрч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Намайг хөдөө гэртээ ганцаараа байхад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай хажуу айлын Ба 2-3 залуутай ирсэн. Тэдний нэг нь манай саахалт айлын Б байсан. Жолоочоос нь бусад нь архи уусан болтой харагдсан. Ба надтай уулзаад хүнд нэг ямаа өгөх юм гэхээр нь би мотоцикльтойгоо Баг аваад хөдөө мал дээрээ очсон. Манай мал Багийн малтай цуг байдаг. Б, жолооч, Баа нар манай гэрийн гадаа үлдсэн. Ба бид хоёр нэг ямаа бариад байж байтал араас автомашинтай Б нар ирсэн. Багийн барьсан ямааг машиндаа ачиж аваад тэд нар бүгдээрээ Чойр явлаа гээд явсан. Би гэртээ очсон чинь манай гэр дээр байсан шуудайтай мах алга болсон байсан. Ба, Б нарыг ирэхээс өмнө байсан мах, тэд нарыг явсны дараа алга болсон болохоор би тэд нарыг аваад явчихлаа гэж бодсон. Тэр үед манай эхнэр О Чойрт хүүхдүүдээ хараад байж байсан болохоор би эхнэртэйгээ утсаар яриад сая Б, Ба нар ирээд явлаа. Тэгсэн гэр дээр байсан мах алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр Бтай уулзахад би авсан юмаа гээд гаргаж өгсөн байна лээ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 72-73 хуудас/
7. Гэрч Н.Ган мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Манай Шинэ өрнөх бүтээмж ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 30-60 УБИ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг Л.Баа гэх хүний 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр барьцаанд тавиад манай компаний нэр дээр шилжүүлсэн байна. Зээл нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусч өр төлбөргүй болсон. Зээлдэгч нь машинаа өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй манай компанийн нэр дээр байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 74 хуудас/
8. Гэрч Л.Баа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Приус-20 маркийн 30-60 УБИ улсын дугаартай автомашиныг 2015 оны 09 сард Бө гэх хүн 9 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би автомашинаа зарахдаа “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-ний нэр дээр барьцаалаад 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2 500 000 төгрөгний зээл авсан байсан. Бө гэж хүн манай ахтай нэг ангийн найзууд учраас худалдан авах гэрээ хийлгүйгээр автомашинаа аваад явсан. Би “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-иас авсан зээлээ 2016 оны 06 сард төлөөд дуусгасан. Одоо 30-60 УБИ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин Бө гэж хүний өмч байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 82 хуудас/
9. Гэрч Ж.Цог мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б нь манай ээж Шгийн Аы дүү нь байгаа юм. Манай өвөө Ш Б ахыг багад нь өргөж авсан гэсэн. Б нь Сүмбэр сумын 4 дүгээр багт хөдөө манай ээж А, аав Жамган нартай цуг мал малладаг. 2018 оны 01 сараас одоог хүртэл манайд байх хугацаандаа архи огт уугаагүй. Ерөнхий боловсролын сургуулийг Дорноговь аймгийн Иххэт суманд төгссөн гэж ярьдаг. Улаанбаатар хотод танхайн хэрэг үйлдээд шоронд хоригдож байхыг нь мэднэ” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 75-76 хуудас/
10. Гэрч Ш.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Бын эгч нь байгаа юм. Манай аав Ш, Мө гэж Иххэт сумын эмэгтэйгээс хүү Быг нь 1 ой хүрээгүй байхад нь өргөж аваад Ш гэж овоглож байсан. Түүнээс хойш Б бид хоёр төрсөн эгч дүүс болсон. Б нь 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн. Бага наснаасаа хөдөө манай аав Штэй мал дээр байдаг байсан. Ерөнхий боловсролын сургуулийг 6 дугаар анги төгсөөд 7 дугаар ангиасаа гарч байсан. 1996-1997 оны хооронд Улаанбаатар хотод холбооны 013-р ангид цэргийн алба хаасан. Б дээр үед улаан паспорт авч байсан бөгөөд тэгэхэд Ш овогтой байсан. Дараа нь иргэний цахим үнэмлэх гарахад огт авч байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 77-78 хуудас/
11. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 10-14 хуудас/
12. Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлтүүд / х.х-ийн 23, 84 хуудас/
13. 30-60 УБИ улсын дугаартай Приүс 20 маркийн автомашиныг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл / х.х-ийн 49 хуудас/
14. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд / х.х-ийн 88-100 хуудас/
Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, “Улаан худаг” гэх газарт нутаглах М.Оы гэр дээр байсан шуудайтай ямаа, үхрийн нийт 44,1 кг нойтон борцолохоор шуудайнд хийсэн махыг авч 30-60 УБИ улсын дугаартай Приус-20 маркийн Ц.Бөын автомашины багаажинд нууж хулгайлан 180 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэнд Ш.Бын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт “хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” гэж заасан. Өөрөөр хэлбэл машин механизм ашиглана гэдэг нь бусдыг эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлан үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт ашигласныг машин механизм ашигласан гэж үзэхгүй болно.
Иймд шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Бт холбогдох эрүүгийн 1817000180021 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Быг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Быг цагаатгах үндэслэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
- Гэрч Ц.Бө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын байрандаа байж байтал Баа хоёр залуутай халамцуу ирээд төмөр замын баруун тал руу хөдөө айлд очоод нэг ямаа аваад ирье, хөлсөнд нь 10.000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө 30-60 УБИ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай Баа, Ба, Б нарыг аваад Чойроос баруун тийш 10 орчим км газарт хөдөө айлд очсон. Гтай Ба мотоциклиор малдаа явсан. Би автомашинаасаа буугаад малын хорооны зүүн тал руу явж бие зассан. Тэр үед Баа гэрээс нь нилээн зайтай нэг танихгүй хүнтэй юм яриад зогсож байсан. Би эргэж автомашиндаа ирэхэд Б миний автомашины арын тээшинд хүрэн бор өнгийн шуудайтай зүйл хийсэн байсан. Б намайг малдаа явъя гэхээр нь би Бааг дуудаад бид гурав Багийн араас явсан. Тэгсэн Ба, айлынхаа Г гэж хүнтэй цуг нэг ямаа барьчихсан байхаар нь ямааг арын суудал, урд суудал хоёрын голд хийгээд буцсан. Замдаа нөгөө гурав ямаагаа зарна гэхээр нь АТМ ороод 50 000 төгрөг аваад Бт өгөхөд Б явж ирсэн унааны зардал гээд надад 10 000 төгрөгийг нь буцааж өгсөн. Авч ирсэн зүйлийг нь өөрсдийнх нь зүйл гэж бодсон. Хулгайн зүйл гэж санаанд ороогүй” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Л.Баа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б, Багээс ямаа авахаар болсон гээд бид гурав унаа хайж яваад Бөтай таараад хөдөө яваад ямаа аваад ирье 10 000 төгрөг өгье гэхэд Бө зөвшөөрсөн. Ба, Б бид гурав Бөын жижиг автомашинтай Багийн хөдөө гэр лүү явсан. Ба тэр айлын Г гэх хүнтэй мотоцикльтой ямаандаа явсан. Намайг хорооны тэнд байхад Б Гын гэр дээр байсан шуудайтай борцолсон махыг хулгайлаад Бөын автомашины арын багаажинд хийсэн юм билээ. Бид нарын авч ирсэн ямааг Бө 50 000 төгрөгөөр худалдаж аваад хөлсөндөө буцааж 10 000 төгрөгийг нь өгсөн. Би Быг хулгай хийсэн гэж огт мэдээгүй” гэсэн мэдүүлэг,
- Гэрч М.Ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б надаас нэг ямаа өгчих хавар ишигтэй ямаа өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Баа, Б бид гурав архиа ууж дуусгаад тэд нар нэг суудлын автомашин олсон. Уг автомашинтай Баа, Б бид гурав манай хөдөө гэр буюу Сүмбэр сумын 4 дүгээр баг “Улаан худаг” гэх газар очсон. Манай хонь, ямаа Гын хонь, ямаатай хамт байдаг. Би Гт хэлэхдээ Бт нэг ямаа өгөх гэж ирлээ, хоёулаа малд яваад ирье гээд Гын мотоцикльтой хөдөө ямаандаа явсан. Г бид хоёрын араас Бө, Баа, Б нар ирсэн. Тэгээд автомашины арын суудлын урд талд Бт өгсөн миний ямааг ачаад Чойр луу явсан. Бө гэх жолоочид ямааг зарсан. Бын гуйлтаар хөдөө гэртээ очиж ямаа авч өгсөн. Харин мах хулгайлсан талаар нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ба надтай уулзаад хүнд нэг ямаа өгөх юм гэхээр нь би мотоцикльтойгоо Баг аваад хөдөө мал дээрээ очсон. Манай мал Багийн малтай цуг байдаг. Б, жолооч, Баа нар манай гэрийн гадаа үлдсэн. Ба бид хоёр нэг ямаа бариад байж байтал араас автомашинтай Б нар ирсэн. Багийн барьсан ямааг машиндаа ачиж аваад тэд нар бүгдээрээ Чойр явлаа гээд явсан. Би гэртээ очсон чинь манай гэр дээр байсан шуудайтай мах алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно.
Дээр дурдсан гэрч нарын мэдүүлгийг дүгнэн үзэхэд: 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Ш.Б нь М.Багээс нэг ямаа зээлээр авч хавар нь ишигтэй ямаа өгөхөөр тохиролцсон ба уг ямаагаа М.Багийн хөдөө гэрээс авахаар Ц.Бөад хөлсөнд 10 000 төгрөг өгөхөөр тохиролцон түүний 30-60 УБИ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай хохирогч М.Оы гэрт очиж Ч.Г, М.Ба нарыг малдаа явсан хугацаанд шүүгдэгч Ш.Б нь Ц.Бө, Л.Баа нарт мэдэгдэлгүйгээр гэр дээр байсан шуудайтай махыг Приус-20 маркийн автомашины багаажинд нууж хулгайлсан болох нь нотлогдож байна.
Мөн хулгайд алдсан 1 шуудай ямаа, үхрийн нийт 44.1 кг мах байсан ба үнэлгээг нь нийт 180 000 төгрөгөөр тогтоосон. Энэ нь Эрүүгийн хуулинд заасан тайлбарт: “17.1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан байна.
Шүүгдэгч Ш.Бын 1 шуудай ямаа, үхрийн нийт 44.1 кг мах хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд үхэр, ямааны махны хэмжээг тогтоосон байдал нь эргэлзээтэй байгаа боловч 44.1 кг махыг үхрийн мах байсан гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээний буюу 300 000 төгрөгийн хохиролд хүрэхгүй болно.
Гэхдээ Ш.Бт Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт холбогдох 1817000180021 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Тоёота Приус 20 маркийн 30-60 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шгийн Бт холбогдох эрүүгийн 1817000180021 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Быг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт холбогдох 1817000180021 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Тоёота Приус 20 маркийн 30-60 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.