| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 182/2021/00051/И |
| Дугаар | 210/МА2021/01539 |
| Огноо | 2021-10-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2021/01539
| 2021 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2021/01539 |
М.Мнэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/01865 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Мхариуцагч ЧДЗДТГхолбогдуулан гаргасан ажилласан хугацааны цалин, амралтын мөнгө 1 837 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.М нь ЧДЗДТГ2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/207 тоот тушаалаар тус дүүргийн 17 дугаар хорооны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын төвийн сахиул, галчаар ажилд орсон. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр М.Мийг ажлаас халсан гэж мэдэгдэж, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гардуулсан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан. Өмгөөлөгч К.Снь дахин нэхэмжлэл гаргахгүйгээр хариуцагчтай тохиролцоно гэх үндэслэлээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. М.М нь 4 жилийн хугацаанд ээлжийн амралтын мөнгө авч байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн ажлаас халагдах хүртэлх хугацааны дутуу олгосон цалин буюу 2020 оны 3-5 дугаар сарын цалин 1 131 898 төгрөг, 2016-2020 оны ээлжийн амралтын мөнгө 705 992 төгрөг, нийт 1 837 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын төвийг түүхий нүүрсээр галладаг байсан. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор түүхий нүүрсийг ашиглахыг хориглосон тул 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс М.Мийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу ээлжийн амралтын хугацаанд тухайн жилдээ амрах, эсвэл олговор авах боломжтой байсан. Нөхөж олгох хуулийн зохицуулалт байхгүй. М.Мтэй холбогдох тооцоог хийж дуусгасан. Тэрээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байсан гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт зааснаар ЧДЗДТГхолбогдох 2020 оны 06 сарын 02-ны өдрийн Б/188 дугаар тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, хариуцагч ЧДЗДТГ 1 422 703 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 415 097 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 44 360 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ЧДЗДТГ тэмдэгтийн хураамж 37 713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мэд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнджавын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн тухайн саруудад ажиллаж байсан гэх тайлбарыг үндэслэн хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийг 2020 оны 3-5 саруудад ажиллаагүй тухай нотлох баримтыг хэрэгт шаардлага хангасан байдлаар өгсөн байхад үнэлж дүгнээгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч М.М хариуцагч ЧДЗДТГхолбогдуулан 2020 оны 3-5 дугаар сарын дутуу олгосон цалинд 1 131 898 төгрөг, 2016-2020 оны ээлжийн амралтын олговорт 705 992 төгрөг, нийт 1 837 800 төгрөг нэхэмжилж шаардлагын үндэслэлээ “... галчийн ажлыг хийгээгүй, сахиулын ажлаа хийж байсан тул 3 сарын цалингаа авна, 4 жилийн хугацаанд ээлжийн амралтын олговор авч байгаагүй ... ” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчтэй холбогдох тооцоог хийж дуусгасан, ээлжийн амралтын олговрыг нөхөн олгох хуулийн зохицуулалт байхгүй ...” гэж маргажээ.
Хариуцагч ЧДЗДТГ 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Мийг тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын төвийн сахиул, галчийн ажилд томилж, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар тус төвийн байрыг галлах шаардлагагүй болсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх199-200/
Нэхэмжлэгчид 2016-2020 онуудад цалин хөлс олгосон баримт, ажилд томилсон тушаал, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх6-7, 9/
Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байхын зэрэгцээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт заасныг баримтлан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. /хх11-12, 177-178/
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс галчийн ажил үүрэг дуусгавар болсон талаар мэдэгдэж, тэрээр уг өдрөөс хойш галчийн ажлыг хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Харин сахиулын ажлыг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй тул түүний сахиулаар ажилласан хугацааны цалин хөлс болон мөн хугацааны ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хэргийн 6-8 дугаар тал дахь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар 1 сард авах цалин хөлсийг түүний 2019 оны 12, 2020 оны 1, 2 дугаар сард авч байсан дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын цалинтай тэнцэх олговор 416 824 төгрөг, 2020 оны 3-5 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор нь 1 250 472 төгрөг байх боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд 1 131 898 төгрөг гаргуулах нь талуудын зарчимд нийцнэ. Шүүх нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны олговрыг гаргуулж, 2016-2019 оны олговор гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт нийцжээ.
Хэргийн 1 дүгээр хавтасны 201-208 дугаар тал дах төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, нийтлэг үйлчилгээний албаны дарга, хүний нөөц ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн нарын сар тутамд нэгтгэн гаргасан ажилчдын цагийн бүртгэлийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг сахиулын ажил эрхлээгүй гэж дүгнэх боломжгүй, уг баримтууд галчийн ажил үүргийг эрхэлсэн эсэхийг нотолсон баримт байж болох ч сахиулын ажлын ирцийг хангалттай нотлохгүй. Нэхэмжлэгч нь сахиулын ажлыг хийж гүйцэтгэж байсан гэж маргасан байхад түүний өдөр тутмын ажлын цагийг хэрхэн, ямар журмаар бүртгэдэг байсан нь тодорхойгүй, энэ талаарх анхан шатны баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийн “нэхэмжлэгчийг 2020 оны 3-5 дугаар сард ажиллаагүй талаар нотлох баримтыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгсөн байхад шүүх үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/01865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
А.МӨНХЗУЛ